2009.01.30

Д.Ганхуяг: Өмнөх жилийнх нь орлогын 2-10 хувиар торгох зэрэг өөрчлөлтийг оруулахаар тусгасан

УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай уулзаж ярилцлаа.

-Таныг өрсөлдөөнийг тухай хуулийн төслийг өргөн барьсан гэж сонслоо. Өмнө нь уг хуулийн төслийн талаар яригдаж байсан..?

-Надаас гадна Р.Амаржаргал, Д.Арвин, Ц.Баярсайхан, Д.Балдан-Очир, С.Бямбацогт, Г.Занданшатар, Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарын гишүүд өнгөрсөн долоо хоногт Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн шинэчилсэн найруулга болох Өрсөлдөөний тухай хуулийн төслөөр Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн. Өмнө нь 2008 оны нэгдүгээр сард Ц.Шаравдорж, Р.Амаржаргал, бид уг хуулийн төслийг Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барьсан боловч, сонгуулиас болоод хэлэлцэж амжаагүй. Тэгээд холбогдох хуулийн дагуу шинэ УИХ, Засгийн газар бүрдсэн тул хэлэлцүүлгийн шатанд байсан уг хуулийн төсөл буцаагдсан. Удахгүй УИХ-ын удирдлагад дээрх хуулийн төслийг өргөн барина. Өмнө нь Засгийн газар энэ төслийг хэлэлцээд хууль санаачлагчдад ирүүлж байсан саналын ихэнхийг нь тусгасан. Тиймээс Засгийн газар энэ төслийг хурдан хэлэлцэж саналаа ирүүлэх тусмаа хамтын зорилго хурдан биелнэ гэж үзэж байна. Нэлээд өргөн харилцааг зохицуулах хууль учраас олон нийтийн саналыг ч авах шаардлагатай. Тэгээд ч хаврын чуулганаар баталчихмаар байна.

-Энэ хуулийн төсөл одоо мөрдөгдөж байгаа хуулиас юугаараа ялгаатай вэ?

-Гол нь шударга өрсөлдөөнийг хөхүүлэн дэмжих, шударга бус өрсөлдөөнийг хязгаарлах, зогсоох, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, энэ хуулийг зөрчигчидтэй тооцох захиргааны хариуцлагын хэмжээг дахин хууль зөрчихгүй байхад хөшүүрэг болохуйцаар нэмэгдүүлэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, хариуцлага тооцох байгууллагыг Хорооны зохион байгуулалттай болгож хараат бусаар бие дааж ажиллах, хариуцлагаа өөрөө үүрч чаддаг байх зэрэг зарчмын олон өөрчлөлтүүдийг оруулсан. Өнөөгийн олон улсын хандлага ч ийм байгаа. Одоо мөрдөж байгаа Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль нь 1993 онд батлагдсан юм. өнөөгийн нөхцөл байдал өөрчлөгдөж, нийгэм, эдийн засгийн харилцааг шинэ хуулиар зохицуулахыг шаардаж байна. Тухайлбал, шударга бус өрсөлдөөнийг зохицуулах чадамжтай, дээр нь шударга өрсөлдөөнийг хөхүүлэн дэмжих, хэрэглэгч болон зах зээлийг хамгаалах зэргийг дурдаж болно. Эдгээр харилцааг зохицуулах зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан.

-Хуулийн төслийн зарчмын чанартай зохицуулалтыг тодруулна уу?

-Тухайлбал,ноёрхох үйл ажиллагаа гэсэн "давамгай байдлаа буруугаар ашиглаж өрсөлдөгчөө зах зээлд нэвтрэх, зах зээлээс гарахад саад учруулах, өрсөлдөөнийг болон хэрэглэгчийг хясан боогдуулах" гэсэн шинэ нэр томьёог оруулж ийм үйл ажиллагаа явуулах боломжтой аж ахуй эрхлэгчдийг давамгай байдалтай, зүй ёсны монополь байдалтай гэж тус тусад нь ангилж авч үзсэн.
Зүй ёсны монополь байдалтай аж ахуйн нэгж гэж "Тухайн бараа бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлэлт хийж байгаа нэг этгээд байхад л нийгмийн дундаж зардал хамгийн бага байх боломжтой байх нөхцөлийг хангах" этгээдийг хэлдэг л дээ. Тэгээд энэ зүй ёсны монополь аж ахуйн нэгждээ холбогдох төрийн байгууллагын зүгээс зах зээлд нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүний тоо хэмжээний өөрчлөлтийн талаар хүчин чадалтай нь уялдуулан болон бодит зардлыг нь харгалзан тухайн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчид борлуулах үнийн өөрчлөлтийг хянан зөвшөөрөл олгох зэрэг зохицуулалтыг хийнэ.

Тэгээд эдгээр аж ахуйн нэгжүүдийн зохиомлоор барааны хомсдол бий болгож үнийг өсгөх зорилгоор өөрийн барааны үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах, бараа бүтээгдэхүүний үнийг үндэслэлгүйгээр нэмэх, бараа бүтээгдэхүүний үнийг хуйвалдан хэлцэн тохирох, зах зээлийг нутаг дэвсгэр, үйлдвэрлэл, үйлчилгээ, борлуулалт, барааны нэр, төрөл, хэрэглэгчээр хуваарилах, уралдаант шалгаруулалт, дуудлага худалдаа болон тендерт бараа бүтээгдэхүүний үнэ болон бусад нөхцөл, шалгуурыг урьдчилан тохиролцох зэрэг өрсөлдөөнд харш олон үйл ажиллагааг хориглохоор хуулийн төсөлд заасан. Хэрэв ийм хэлбэрийн хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдвол томоохон захиргааны хариуцлага, торгууль оногдуулахаар болсон. Иймд энэ хууль батлагдваас зүй бус монопольчлол хумигдаж хэрэглэгчдийн эрх бодитой хамгаалагдана гэж үзэж байна.

-Одоогийн Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах Засгийн газрын харьяа агентлагийг өөрчилж хороо болгон УИХ-ын харьяа болгохоор хуулийн төсөлд тусгасан гэж сонссон..?

-Тийм. Өөрөөр хэлбэл, статус нь дээшилж байна гэж ойлгож болно. Ер нь олон нийтийн болон хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах талдаа УИХ-ын гишүүд илүү анхааралтай ажилладаг, ажиллах ч ёстой гэсэн судалгаа байдаг. Хэдийгээр УИХ-ын гаргасан хууль, шийдвэрийг Засгийн газар биелүүлэх ёстой ч, УИХ-д өөрт нь гаргасан шийдвэртээ хяналт тавих, байнга боловсронгуй болгох үүрэг бий. Үүнээс өөр хороо нь хамтын шийдвэр гаргадгаараа онцлогтой.зах зээлийн өрсөлдөөний зохицуулалт нь аж ахуй эрхлэгчдийн хувийн өмч, бизнесийн нэр хүнд, ашиг орлогын асуудалтай шууд холбогддог гэдэг утгаараа маш үнэн бодит, хуульд нийцсэн, шийдвэрийг шаарддаг. Хамтын удирдлагын шийдвэр нь олон нийтэд нээлттэй ил, тод байдгаараа давуу талтай. Ингэснээр хороо хараат бусаар, бие дааж ажиллах боломжтой болно. Мэдээж олон улсын жишиг ч ийм байгаа. Тэгээд сая барьсан хуулийн төсөлдөө өмнө нь Засгийн газраас ирүүлсэн саналыг харгалзан Өрсөлдөөний зохицуулах хорооны есөн гишүүний тавыг Засгийн газраас, хорооны дарга орсон дөрвөн гишүүнийг УИХ-аас нэрийг нь дэвшүүлж УИХ батлахаар болсон. Энэ утгаараа хороо чанга, хяналттай нэлээд эрх мэдэлтэй, хариуцлага өндөртэй байгууллага болно гэж бодож байна. Мөн хорооны дарга, гишүүд, байцаагчдын аюулгүй байдал, эрх зүйн баталгааг нарийвчилж тусгасан.

-Одоогийн хуульд үгсэн хуйвалдаж үнэ хөөрөгдсөн аж ахуйн нэгж, компанийг 250 мянган төгрөгөөр торгохоор заасан нь амьдралд нийцэхгүй байна гэсэн шүүмжлэлд өртдөг. Үүнийг өөрчилсөн үү?

-Өөрчилсөн. Энэ хууль батлагдсанаас хойш 15 жил өнгөрсөн тул хуулийн хэрэглээ хоцрогдох нь мэдээж. Одоогийн хуулиар уг хуулийг зөрчвөл эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол аж ахуй нэгжийг дээд тал нь 250 мянган төгрөг, ажилтан, албан тушаалтанд 60 мянган төгрөгийн торгууль ногдуулахаар байгаа. Асар их өргөн хэрэглээний бүтээгдэхүүн борлуулдаг давамгай байдалтай аж, ахуй нэгжид өмнөх хариуцлага ямар ч нөлөө үзүүлэхгүй л дээ. Иймд эдгээр нийгэмд тулгамдсан асуудлыг шийдэх зорилтын үүднээс өргөн барьсан хуулийн төсөлд олон улсын жишигт нийцэхүйц байдлаар захиргааны хариуцлагыг нэмэгдүүлсэн. Тухайлбал энэ хуулийг зөрчсөн аж ахуй нэгжийг хийсэн үйлдэл, хэрэглэгчийг хохироосон хэмжээ зэргээс нь хамааруулан өмнөх жилийнх нь орлогын 2-10 хувиар торгож, хууль бусаар олсон орлогыг нь хураах, хариуцлага алдсан аж ахуйн нэгжийн ажилтан, холбогдох төрийн байгууллагын албан тушаалтныг үйлдлээс нь хамааруулан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгохоор заасан.  

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.