С.Баярцогт: Нийгмийн халамжид зарцуулж байгаа зардал их байна гэсэн
УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогттой ярилцлаа.
-Монгол Улсын 2009 оны төсөв алдагдалтай батлагдсан. Ойрын хугацаанд төсвийг дахин шинэчилж УИХ-д өргөн барих гэж байгаа гэдэг үнэн үү?
-Агентлагийн бүтцийг ярьж байхад төсөв батлагдсан. Одоо агентлагуудыг ажиллуулахын тулд төсвийг зайлшгүй шинэчлэн батлах ёстой. Тэнд зэсийн болон бусад ашигт малтмалын хуулиар прогноз хийж байгаа. Хэрэв бидний тооцож байснаас бага гарвал заавал орлого талдаа өөрчлөлт хийгдэнэ. Энэ нь зарлагадаа өөрчлөлт хийнэ гэсэн үг. Манай төсөв чинь зургаан хувийн алдагдалтай.
Тэгэхээр энэ том алдагдал орлого талдаа багасахаар алдагдал их хэмжээгээр ихэснэ. Мөн Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн сан, Дэлхийн банканд санхүү эдийн засгийн хямралтай үед Монгол Улсад тодорхой хэмжээний программын дэмжлэг үзүүлэх ёстой гэсэн асуудлыг тавьсан. Ингээд Олон улсын валютын сангаас хэд хэдэн удаа ажлын хэсэг ирж ажилласан. Үндсэн ажлын хэсэг энэ сарын сүүлээр ирэх ёстой.
-Манай улсын төсөв алдагдалтай батлагдсаныг ажлын хэсгийнхэн юу гэж байх юм?
-Улс орнууд санхүүгийн хямралаас гарахдаа төсвөө алдагдалтай баталж хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, үйлдвэрлэлээ босгох тал дээр ажилладаг. Гэтэл танай улсын хувьд алдагдал бидний тооцоолж байснаас их байна гэсэн. Мөн танай улсын нийгмийн халамжид зарцуулж байгаа зардал их байна. Энэ зардалдаа өөрчлөлт хийх ёстой гэсэн зөвлөгөөг гадны мэргэжилтнүүд өгч байгаа.
Ийм үндсэн шалтгаанаар төсвийг дахин шинэчилж өргөн барих талаар ярьж байна. Бидний тооцоолж байгаагаар ирэх хоёрдугаар сарын эхний долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэх бололцоотой гэж үзэж байгаа. Хэрэв Засгийн газартай асуудлаа шийдэж ойлгуулах юм бол УИХ-д өргөн барина гэсэн бодолтой байна.
-УИХ-ын намрын чуулган удахгүй завсарлах гэж байгаа биз дээ?
-Бидний ойлгож байгаагаар УИХ хоёрдугаар сарын 10-даар ээлжит бус чуулган зарлах ёстой. Энэ үеэр 2-3 асуудал хэлэлцэх байх. Оюутолгой, Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хоёр талаасаа амжилттай хэрэгжвэл гэрээг батлах ёстой. Мөн төсвийн тодотгол ярих ёстой байгаа. Үүнээс гадна Засгийн газраас боловсруулж байгаа хямралыг даван туулах, үүнээс урьдчилан сэргийлсэн цогц хөтөлбөрийг танилцуулна.
-Төсвийн тодотголтой холбогдуулан мөнгөний бодлогод өөрчлөлт орох болов уу?
-Мөнгөний бодлогод өөрчлөлт орох асуудлыг Монголбанк оруулж ирэх ёстой. Бид хямралыг даван туулах эсвэл хямралаас урьдчилан сэргийлэх хөтөлбөрөө боловсруулсныхаа дараа үндсэн чиглэлийнхээ өөрчлөлтийг хийнэ. Ер нь Засгийн газар мөрийн хөтөлбөрөө баталж үндсэн чиглэлээ баталсны дараагаар урьд өмнө нь үзэгдэж байгаагүй эдийн засгийн хямралын асуудал хөндөгдөнө.
Учир нь дэлхий нийтийг хамраад байгаа хямралд улс орон болгон өөрийнхөө хөтөлбөрийг боловсруулаж байгаа нь өмнөх Засгийн газрын баталсан мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлийнхээ хүрээнд хийж, хэрэгжүүлбэл энэ хямралыг даван туулж чадахгүй гэдэг нь ойлгомжтой.
Тэгэхээр үүнээс арай өөр, өвөрмөц бидний ярьдгаар стандартын бус шийдвэрүүдийг гаргаж хэрэгжүүлэх ёстой. Иймд Засгийн газар хөтөлбөрөө гаргасны дараа үндсэн чиглэл буюу Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн тодорхой зүйл заалтад өөрчлөлт орно. Ер нь харж байхад дэлхийн төлөвлөгөө боловсруулаад түүнийгээ маш бага хугацаанд олон өөрчилж байна. Тухайлбал, АНУ-ын Засгийн газар үндсэн бодлогодоо гурав, ОХУ өөрсдийн бодлогодоо хоёр дахь удаагаа өөрчлөлт хийлээ. Тэгэхээр хямрал улс орнуудын тооцож байснаас илүү хурдан, өргөн хүрээг хамарсан.
-Онцгой албан татвар нэмэгдсэнээр шатахууны үнэ буурна гэж байгаа. Гэтэл бодит байдал дээр үнэ нэмэгдэх юм биш үү?
-Онцгой албан татвар, нэмэгдсэн өргийн албан татварыг шатахуунд тавих эрх нь Засгийн газарт байдаг. Тэгэхээр өнөөдөр онцгой албан татвар тавьдаг хэмжээний хязгаарыг өргөн болгож байна. Хуучин 0-48 байдаг байсан бол одоо 0-148 хүртэл хязгаарыг нэмэгдүүллээ. Энэ нь татвар, жижиглэнгийн, дэлхийн зах зээлийн гэсэн гурван үнийн зохицуулалтын үр дүнд жижиглэнгийн үнэ харьцангуй тогтвортой байх нь чухал. Тиймээс өнөөдөр 48 байсан хязгаарыг 148 болгоно гэдэг бол татварыг шууд 148 болгоно гэсэн зүйл биш. Манайд нефть бүтээгдэхүүний үнэ сарын өмнө ойлгомжтой байдаг. Яагаад гэвэл нефть импортлогч компаниуд сарын өмнө захиалгаа хийдэг болохоор үнэ нь тодорхой. Харин ганц тодорхой бус зүйл нь тухайн үед тохирсон ам.доллар, төгрөгийн ханш харьцангуй тогтвортой байх юм бол татварын бодлогод зохицуулалт хийх боломжтой.