2008.12.16

Ноос, ноолууран бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлнэ

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга, Монголын ноос ноолуурын холбооны тэргүүн Д.Ганхуяг болон УИХ-ын гишүүн, Монголын ноос ноолуурын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Сэдванчиг нар "Монголын ноолууран бүтээгдэхүүний баталгаажуулалтын тогтолцоог бий болгох, түүний чанарын түвшнийг дээшлүүлэх, Япон улсын зах зээлд борлуулах Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх" төслийг хэрэгжүүлэх зорилгоор Японы Эдийн засаг худалдааны яамны нэхмэлийн хэлтсийн орлогч дарга Ё.Осуми тэргүүтэй Японы энэ салбарын Төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол Улс мал аж ахуйн гаралтай түүхий эдийг бүрэн эцсийн бүтээгдэхүүн болгодоггүйгээс үнэ нь байнга хэлбэлзэн, доошилж энэ нь Монголын малчдын амьжиргаанд хүндээр туссаар байгаа талаар хоёр тал мэдээлэл солилцсон байна. Мөн энэ чиглэлд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас түүхий эдийн биржийн тухай хуулийн төсөл өргөн барих гэж байгаа тухай болон Өмнөд хөршийн дэлхийн зах зээлд борлуулж буй ноолууран бүтээгдэхүүн хольцтой байдгаас нэр хүнд нь сайнгүй байгаа тухай ярилцлаа. Төслийн туйлын зорилго бол Монголын мал аж ахуйн гаралтай түүхий эд, ноос ноолуураар бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түүнчлэн дэлхийн зах зээлд Монгол брэндийг бий болгосноор ноос ноолууран түүхий эдийн үнэ болон малчдын орлогыг тогтворжуулах асуудал юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.