С.Баярцогт: Валютын нөөц багасах тусам эдийн засаг эмзэг болдог
УИХ-ын Төсвийн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураасан юм. Засгийн газраас санаачилсан уг хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогтоос тодруулсан юм.
-Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгийг заавал Төрийн сангаар дамжуулах нь ямар давуу талтай вэ?
-Одоогоор 450 орчим тэрбум төгрөгийг Монголбанканд байршуулаад байна. Үүний давуу тал нь Төрийн сан орлогогүй болсон нөхцөлд сангийн хөрөнгөөс нөхөх боломжтой. Харин орлоготой болохоороо буцааж өгнө. Өөрөөр хэлбэл, эдийн засагт зээл өгөх чадварыг хөрвөх чадвар гэж хэлдэг. Үүнийг зөвөөр ойлгох хэрэгтэй.
Мөн төсвийн алдагдлыг нөхнө гэдэг бүр өөр ойлголт. Юу гэвэл огт орлого орж ирэхгүй байгаа нөхцөлд одоо байгаа мөнгийг орлого гэж тооцоод ашиглана гэсэн үг. Энэ гурван ойлголтыг гишүүд өөр өөрөөр ойлгоод байна.
-Тэгвэл зарим гишүүн хардаад байгаа нь буруу ойлгосноос болсон гэж та хэлэх гээд байна уу?
-Төрийн сангийн дансаар 2,6 триллион төгрөг эргэлдэж байгаа. Үүнийг хариуцуулж даатгасан хэрнээ нэмээд 300 тэрбум төгрөг гүйлгээнд гаргая гэхээр хардаад байж болохгүй биз дээ. Цаана эргэлдэж байгаа мөнгө чинь үүнээс бараг 10 дахин их байна. Логикийн хувьд буруу. Нөгөөтэйгүүр, энэ чинь өөрөө нэгдсэн төсөв шүү дээ. Хөгжлийн сангийн болон улсын төсвийн мөнгө нийлээд Монгол Улсын нэгдсэн төсөв бүрдэнэ. Тиймээс захиран зарцуулах мөнгөний менежмент хийх нь зөв. Миний бодлоор мэдээлэл бүх хүнд тэгш биш байгаа болохоор хардлага үүсээд байна. Мэдээлэл гишүүдэд жигд хүрвэл ойлголцоход ч амар.
-Цаашид арилжааны банкнуудыг дэмжих чиглэлээр ямар нэг байдлаар зохицуулалт хийнэ гэсэн үг үү. Төрийн санд байршуулсны дараа ямар зохицуулалт хийх вэ?
-Төрийн санд байршуулсны дараа төрийн сангийн чөлөөт үлдэгдэл их байвал байршуулах боломж нээгдэнэ. Одоо ч бид төрийн сангийн чөлөөт үлдэгдэл 76 тэрбум төгрөгийг банкуудад байршуулсан.
-Засгийн газраас санаачилсан энэ хууль УИХ-аар батлагдвал хамгийн түрүүнд юу хийх вэ. Ямар боломж нээгдэх вэ?
-Төрийн сангийн 76 тэрбумаа татаж аваад, зөрүүлээд Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 76 тэрбум төгрөгөө хийгээд банкнуудыг хөрвөх чадвараа гүйцэтгэхэд хүндрүүлэхгүй байх тал дээр дэмжлэг үзүүлэх саналтай байна. Угаасаа журмын дагуу нэгээс гурван сарын хугацаанд байрлах ёстой мөнгө. Цаашид бусад чөлөөт үлдэгдлийг нь яаж захиран зарцуулах вэ гэхээр Засгийн газрын тогтоолоор шийднэ.
-Захиран зарцуулах асуудлыг зөвхөн Сангийн сайд шийдэх үү?
-Үгүй. Төрийн сангийн чөлөөт үлдэгдлийг л Сангийн сайд шийддэг. Харин Монгол Улсыг хөгжүүлэх сангийн чөлөөт үлдэгдлийг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор, Засгийн газар, Монголбанкны хооронд байгуулсан журмаар зохицуулна.
-Одоогоор арилжааны банкнууд ямар байдалтай байгаа талаар Сангийн яаманд мэдээлэл ирсэн үү. Үнэхээр банкуудад байдал хүндэрч байна уу?
-Хөрвөх чадварын хүндрэл байнга гардаг. Зээл өгөх, олголт хийх гээд. Энэ нь хөрвөх чадварын асуудал. Харин банк төлбөр түргэн гүйцэтгэх чадвараа алдвал дампуурлын ирмэгт байна гэсэн үг. Иргэн хадгалуулсан мөнгөө авахад өгч чадахгүй байвал шүү дээ. Монголбанкнаас бидэнд өгсөн бүх мэдээллээр ихэнх банк шалгуурыг давж байгаа. Ямар хүндрэл байна вэ гэхээр хөрвөх чадвар буюу зээл олголтын хүндрэл гарч байна.
-Яагаад ийм хүндрэл гарч байгаа юм бэ?
-Манай бизнес, бизнесийн орлого нь улирлын чанартай. Гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ унасан. Эдийн засаг ерөнхийдөө зогсонги байдалд орсон учраас орлого бага, их хэмжээний зээлийн төлбөрүүд орж ирэх хугацаа болоогүй. Тиймээс хүндрэл гарч байна. Нөгөө талаас банкнуудын өөрийн хөрөнгө, гаргасан зээлийн хоорондын харьцаа нь ихэссэн учраас тодорхой хэмжээгээр зээлээ багасгах зарчим баримталж байна.
-Эрсдэлийн сангийн мөнгийг ямар нөхцөлд ашиглах ёстой вэ?
-Санхүүгийн хувьд хүндэрсэн, төсөв алдагдалтай үед ашиглана. Өнөөдрийнх шиг дэлхий нийтээрээ санхүүгийн хямралд орсон, тэр нь манайд нөлөөлсөн ийм нөхцөлд л ашиглах ёстой. Тиймээс эрсдэлийн сан нэртэй.
-Ойрын үед ам.долларын ханш өсөөд байгаа нь юутай холбоотой вэ. Энэ талаар Монголбанк ямар мэдээлэл өгч байна, цаашид яах вэ?
-Бид валютын ханшийг тогтвортой барих хэрэгтэй. Үүнийг төрийн мөнгөний бодлогоор зохицуулдаг. Тиймээс Сангийн яамны баримтлах байр суурь гэвэл хэрэглэгч, үйлдвэрлэгчдэд тайван байлгах, эдийн засгаа тогтвортой байлгахын тулд валютын ханшийг тогтвортой барих ёстой. Үүний тулд зарцуулалтад анхаарах, валютын орлогыг нэмэгдүүлэх. Валютын орлого байхгүй нөхцөлд нөөц рүү ордог. Тэгэх тусам тухайн улсын эдийн засаг эмзэг болдог. Импортоор ихэнх бараа материалаа авдаг учраас тэр.
-Энэ талаар төр ямар бодлого баримтлах ёстой вэ?
-Гадагш импортолж болдог, хатуу валют оруулж ирдэг үйлдвэрлэлийг дэмжиж, мөнгөний урсгалыг сайжруулах хэрэгтэй. Валютын нөөц тогтвортой, өндөр байвал мөнгөний бодлогын зохицуулалт хийгээд валютын ханшийг барих боломжтой.
-Одоогоор манай гадаад валютын нөөц хэр байна. Хангалтгүй болоод л ханш өсөөд байгаа юм биш үү?
-Харьцангуй өндөр, боломжтой төвшинд байгаа. Ойролцоогоор 600 сая орчим. Тиймээс бодлогын зохицуулалт хийх бүрэн боломжтой. Нөөцийн хувьд мэдээж эрэлт нийлүүлэлтээс шалтгаална. Одоогоор улирлын чанартай хүндрэл үүсээд байгаа ч ерөнхий дүнгээрээ баланс барина. Харин ч манайд эерэг гарах боломжтой.