2008.11.23

Б.Бат-Эрдэнэ: Би тансаг хэрэглээнээс татгалзлаа

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ангийнхандаа хандаж уриалга гаргав. Зөвхөн зарлага гэхгүйгээр өөрсдийн хэрэглээг хумьж, ард түмэндээ үлгэр дуурайл үзүүлье гэхэд нь төсөв хэлэлцэж байсан УИХ-ын гишүүд алга ташиж баяр хүргэлээ. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ч түүний уриалгыг дэмжиж, УИХ-ын гишүүд автобусаар явж болохгүй гэсэн хууль байхгүй шүү хэмээв. Б.Бат-Эрдэнэ гишүүнийг энэ удаагийнхаа зочноор урилаа.

-Том дарга нар бодож үзмээр уриалга та гаргалаа. Танай ангийнхан алга ташиж баяр хүргэсэн бол спикер “автобусаар явсан ч яадаг юм” гэлээ. Цагаа болохоор саналыг тань дэмжих болов уу.

-Дэмжих байх аа. Бусдадаа үлгэр дуурайл үзүүлэх чинь их чухал шүү дээ. Гэр бүлд аав, ээж, эгч, ах нь, нийгэмдээ төр, засгийн өндөр албан тушаалтнууд нь сайны үлгэр үзүүлэх хэрэгтэй. ДНБ-ий бараг 40-өөд хувийг зардал эзэлж байна. Төрийн албан хаагчдын тоо бараг 140-өөд мянгад хүрлээ. Дарга нар төсвийн хөрөнгөөр тансаглаж байна. Зардал бууруулъя гэдэг ч олигтой багассангүй. Хэчнээн сайхан ярьсан ч үр дүнд хүрэхгүй байна. Тийм учраас ард  түмний итгэлийг хүлээсэн төрийн түшээгийнхээ хувьд бид, өөрсдөө зардлаа хэмнэж нийгэмд үлгэр дуурайл үзүүлэх хэрэгтэй.

Зөвхөн төсвийн хөрөнгө гэхгүйгээр өөрсдийнхөө хувийн тансаг хэрэглээг ч багасгая гэсэн санал гаргасан юм. Ухаалаг хэрэглээгээр бусдыг дагуулахад буруу юу байх вэ. Бизнес хийж байгаад улс төрд орсон чинээлэг хүмүүс, насаараа төрийн ажил хийгээд цулайсан хүмүүс ч бидний дунд бий. Хүн ардын маань нэлээд хэсэг нь ядуу, нэн ядуу байхад нэг хэсэг нь тансаглаад байж таарахгүй. Ухаалаг хэрэглээг л бий болгоё гэсэн юм, би. Хамгийн баян хүмүүс төрд байдаг юм шиг ээ. Ордны гадаа хамгийн үнэтэй, тансаг машинууд эгнээстэй шүү дээ.

-Намайг өглөө ажилдаа ирэхэд л харагддаг юм. Бээлийнхэн чинээ жаахан охин үнэтэй Landcruser машинаа байрлуулах гээд жолоогоо дийлэхгүй байгаа юм. Яах гэж тэгж тансагладаг юм бол

Төрийн албан хаагч болсон юм чинь үнэтэй машин унаж, тансаглах ёстой гэсэн ойлголт байх шиг байна.

-Та бусдыгаа уриаллаа. Өөрөө ямар хэрэглээнээс татгалзах гэж байна вэ?

-Өмсөж зүүх хувцас, ярих утас, унах машинаасаа эхлээд үлгэр үзүүлье гэж бодож байгаа. Сайд, дарга нар гээд төрийн албаны бүх албан тушаалтан тансаг хэрэглээнээсээ татгалзаарай гэж уриалах байна.
Манайханд нэг буруу жишиг бий. Төрийн албан хаагч байж хувийн хэвшлийнхтэй адилхан хэрэглээтэй байх гэдэг. Тийм байж таарахгүй. Бидний авдаг цалин, эдэлдэг эрх бүгд хэмжээтэй байх ёстой. Хүүхдийг нь сургуульд сурах нөхцөлөөр, тэтгэвэрт гарахад нь амьдрах бололцоог хангах баталгааг төрөөс бий болгосон байх ёстой. УИХ-ын гишүүдийн хангамжтай холбоотой асуудлаар би байнга цөөнх болдог.

-Дэд сайд, орлогч дарга нарын орон тоо хэрэгтэй юү?

-Орон тоог багасгах л хэрэгтэй. Дэд сайд, орлогч дарга нар хэрэггүй шүү дээ. Бодит баялаг бүтээдэг зах зээлээ харин өргөжүүлдэг байх хэрэгтэй.
Төрийн алба хаадаг хэрнээ бизнесмэнүүдээс хэд дахин илүү хэрэглээтэй, тансаг албан тушаалтан олон байгаа нь нууц биш шүү дээ. Энэ бүхний цаана өнөө айхтар авилга гээч чинь байдаг. Төрд ажиллаж байгаа л бол даруу, зөв зохистой хэрэглээтэй байх ёстой гэсэн үнэлэмжийг нийгэмд бий болгох хэрэгтэй.

-Олны танил, УИХ-ын гишүүн, монголчуудын хүндэтгэдэг дархан аварга хүн бусдыг уриалан дуудах нь үр дүнтэй байдаг шиг. “Хэрлэнгийн хөдөө арал” хөдөлгөөнийг та удирдаж зохион байгуулсан байх аа. Тэмцлийн үр дүн гарсан уу?

-Нутгийнхаа “Хэрлэнгийн хөдөө арал” хөдөлгөөнийхөнтэй хамтраад тэмцсэн, үр дүнгээ өгсөн гэж боддог. “Та чинь УИХ-ын гишүүн байж ийм хүмүүстэй нийлээд байхдаа яадаг юм. Ингэж доошоо орж болохгүй” гэж олон хүн хэлж байсан. Гэхдээ бид зөв зүйлийн төлөө явсан. Олон түмэнд танигдсан, нийгэмд байр сууриа олсон хүмүүс сайны үлгэр үзүүлж чадвал нийгэмд их өгөөжтэй шүү дээ. Сайныг дагавал сарны гэрэл гэдэг.
Би бизнес эрхэлж, спортоор хичээллэж байхдаа ч монгол бөхийн өв уламжлалыг сэргээх талаар зорьж ажиллаж байсан маань үр дүнгээ өгсөн гэж санадаг юм.
Хэрлэнгийн хөдөө арал бол Монголын их хаад хаан ширээнд сууж, тахилын шүтээн нь байсан газар. Гэтэл тэр газрын дор байгаа баялгийн төлөө Хөдөө арлыг ухаж төнхөх гэсэн. Аймгийн удирдлагууд лиценз олгосон. Газрын тосны Хэрэг эрхлэх газрынхан нефтийн хайгуул хийх эрхийг Канадын нэг компанид бас өгсөн. Энэ бүхний эсрэг “Хэрлэнгийн хөдөө арал” хөдөлгөөнийхөн тэмцсэн, үр дүнд хүрсэн. Монголчуудын оршин тогтнох үндэс нь газар нутаг, ард түмний бүрэн бүтэн байдал. Харамсалтай нь манай төр энэ бодлогоос хол байна. Өвөг дээдсийнхээ бидэнд үлдээсэн баялаг сургаалыг өвлөн хэрэгжүүлэх нь чухал байна.

-Хэрлэн мөрнийг говь руу салаалж урсгах тухай яриа гарсан нь таныг их бухимдуулж байсныг санаж байна.

-Хэрлэн мөрний эх ундарга  маш хүнд нөхцөлд байгаа. Үнэхээр л шаардлага байгаа бол эхээс бус адгаас нь салаалах ажлаа хийж болно. Зүгээр л говийн зэс, алтны шороо угаах зорилгоор Хэрлэн мөрнийг салаална гэвэл бид хэзээ ч зөвшөөрөхгүй. Тайширын УЦС-ыг сана даа. Усны эх ундарга нь байхгүй болсноос өчнөөн өртгөөр босгосон тэр том станц ажиллахгүй л байна шүү дээ. Хэрлэнг салаалбал тийм л зүйл болно.

-Та нутгийнхаа оюутнуудтай хамтраад “Бурхан халдун” вэб сайт нээсэн байв уу?

-МУИС-ийн залуу багш Түвшинжаргал оюутнуудаа удирдаад вэб сайт нээсэн. Бид хэлэлцээд монголчуудын шүтээн болсон Бурхан халдун хайрханаар нэрлэсэн. Хэнтий аймагтай холбоотой бүхий л мэдээллийг эндээс авч болно.

-Чингис хааны нутгаар аялахаар бол энэ вэб сайтаас хангалттай мэдээлэл авч болох нь ээ?

-Бололгүй яах вэ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.