2008.11.18

Шадар сайд М.Энхболд Бээжинд айлчлалаа

Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын дарга нар уулзлаа

Монгол улсын  Шадар сайд М.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 14-17-ны өдрүүдэд БНХАУ-д ажлын айлчлал хийлээ. Энэ үеэр Шадар сайд бөгөөд Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын Монголын талын дарга М.Энхболд болон Хятадын талын дарга Чэн Жиен нар Бээжин хотноо уулзжээ.Хоёр улсын засгийн газар хоорондын комисс байгуулагдаад 60 жилийнхээ ойтой золгож байна.

Шинжаан Уйгарын өөртөө засах оронтой хиллэдэг манай баруун бүсийн аймгуудын хил дагуу баригдаж байгаа 750 гаруй км замд зээлийн хөрөнгийн 50 гаруй сая ам долларыг зарцуулна

Комиссыг ойр ойрхон хуралдуулж, төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэхэд идэвх санаачлагтай ажиллана гэдэгт талууд санал нэгдлээ. Мөн хүлээгдэж байгаа ажлыг түргэтгэх талаар санал солилцсон байна. Тухайлбал Хятадын засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр олгох 300 сая ам долларын асуудал 2003 оноос хойш бүх түвшинд яригдсан ч тодорхой үр дүнд хүрээгүй байгаа юм.Иймээс манай тал энэ хөрөнгийг ямар салбарт зарцуулахаа шинэчлэн төлөвлөж, их хурлаар батлуулах гэж байгаа. Хэрвээ батлагдвал иргэдээ орон сууцаар хангах, барилгын материалын үйлдвэрлэл, дэд бүтцийг сайжруулах, Замын-Үүд боомтын дэд бүтцийг сайжруулах, дамжин өнгөрөх, бараа сэлгэн ачих, төмөр замын байгууллагын хүчин чадлыг сайжруулах зэрэгт зарцуулах юм.

Үүний зэрэгцээ Шинжаан Уйгарын өөртөө засах оронтой хиллэдэг манай баруун бүсийн аймгуудын хил дагуу баригдаж байгаа 750 гаруй км замд зээлийн хөрөнгийн 50 гаруй сая ам долларыг зарцуулах гэж байгааг Шадар сайд М.Энхболд хэлсэн байна. Хятадын Засгийн газар нэгэнт амласан зээлээ ойрын хугацаанд үр дүнтэй салбарт, тухайлбал Монголын  Засгийн газрын төлөвлөж байгаа дээрх 5 чиглэлд олгох байр суурьтай байгаагаа Хятадын талын дарга Чэн Жиөн илэрхийлжээ. Дэлхий нийтийг хамраад байгаа санхүү, эдийн засгийн хямралыг даван туулахын тулд Монгол улс энэ хөнгөлөлттэй зээлээс зарцуулж болохыг ч тэмдэглэсэн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.