2008.10.30

С.Баярцогт: Засгийн газар банкуудаас мөнгөө татвал эрсдлийн сангаас нөхөж байршуулна

Хоёр дэд сайдтай байлаа гээд үрэлгэн зарлага болохгүй"
Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унаж даяаршсан хямрал манай улсад нөлөөлж эхэллээ.

Банк санхүүгийн салбар ч энэ донсолгоонд тэсч үлдэх эсэх нь эргэлзээтэй байгаа. Засгийн газар арилжааны банкуудад байршуулсан мөнгөө авбал зарим жижиг банк дампуурах эрсдэлийг эдийн засагчид үгүйсгэхгүй байна. Сангийн сайд С.Баярцогттой ярилцлаа.

-Зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр унасаар байна. Үүнээс болж мөнөөх хишиг, хувь хүртээх амлалт боломжгүй болох биш үү?
-Зэсийн үнэ унасан учир бид 2009 оны төсвийн төсөлд өөрчлөлт хийх шаардлагатай боллоо. 68 хувийн татварт суурилсан Монгол Улсыг хөгжүүлэх сангийн төсөв буурч хүүхэд, гэр бүлд олгох мөнгө ч багасна гэсэн үг. Харин "Эх орны хишиг"-ийг төсвөөс биш, томоохон ордуудыг ашигласны дараа олгоно. Мэдээж, энэ мөнгийг шууд бэлнээр иргэдэд олговол инфляц үлэмж өснө. Бид өмнө нь хэрэгжсэн халамжийн хөтөлбөрийг бүгдийг эргэн харахаар шийдсэн. Тэр бүхнээс боломжтой, оновчтой хувилбарыг нь авч, ашиггүйг нь танана. Ингэвэл энэ мөнгийг олгох боломжтой.

-Дэлхийн эдийн засаг хямарчихаад байхад Монголын Засгийн газар мөнгө амлаад суух нь эдийн засгийн тэнцвэртэй байдлыг алдагдуулна гэж зарим хүн үздэг. Дэлхийн банкныхан Засгийн газарт энэ тухай ямар зөвлөмж өгөв?
-Заавал гадаадынхны зөвлөснөөр биш улстөрчид, шийдвэр гаргагчид бодит байдлыг ойлгож байгаа. Санхүүгийн хямрал, зэсийн үнэ, өндөр инфляц бидэнд эргэцүүлж бодох, амлалтуудаа эргэж харах боломж олгож байна.

-Зарим яаманд хоёр дэд сайдтай байх тухай яригдах боллоо. Энэ нь төсвийг танана гэхээсээ үрэлгэн зарлага гэж харагдах юм?
-Бид бүгдийг нь танана гэж хэлээгүй. Төрийн байгууллага үйлчилгээгээ иргэдэд хүргэж чаддаг зөв бүтцийг заавал байлгах ёстой. Хэмнэж болохыг нь хасч, болохгүйг нь үлдээнэ.

-Дэлхийн эдийн засгийн хямрал банк, санхүүгийн салбараар гол төлөв дамжиж байна. Манай банкуудын өнөөгийн байдал ямар байна вэ?
-Манай арилжааны банкуудын өнөөгийн байдал хангалттай сайн байгаа. Гэхдээ болзошгүй эрсдэлээс хамгаалах төлөвлөгөөтэй байх ёстой. Санхүүгийн эрсдэлээс гарах хангалттай мөнгөтэй байх учиртай.

-Одоо тэр төлөвлөгөө, эрсдэлээс хамгаалах мөнгө бий юу?
-Бидэнд хангалттай валютын нөөц байна. Эрсдэлийн санд ч мөнгө байгаа. Бид санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн хуулиудын жагсаалтыг гаргасан.

-Засгийн газар хэчнээн төгрөгийн хөрөнгөө арилжааны банкуудад байрлуулдаг юм бэ?
-Төрийн сангийн тодорхой хэмжээний эх үүсвэрүүдийг бид арилжааны банкуудад байрлуулдаг. Одоогийн байдлаар 76 тэрбум төгрөг банкуудад байгаа. Төрийн сан төрийн албаны санхүүжилтийг түргэн хийж байх ёстой. Тэгээд ч бид ашгаа бодох учиртай. Хөрөнгөө өөртөө байлгаад байвал ямар ч ашиггүй. Монголбанкинд байрлуулвал маш бага хүү бодогддог. Бид арилжааны банкуудын дунд тендер зарлаж, хамгийн өндөр хүү амласанд нь мөнгөө түр байлгадаг. Хугацаа нь 1-3 cap. Арилжааны банкуудад энэ мөнгө тийм ч их дарамт учруулахгүй. Төрийн санд эх үүсвэр байвал бид банкуудад мөнгөө байлгасаар л байна. Энэ бол олон улсын санхүүгийн хямралтай тийм их холбоогүй.

-Засгийн газар банкуудаас мөнгөө ирэх сард авна гэж эх сурвалжууд өгүүлж байна. Манай банкуудад мөнгөний хомсдол бий болсон учраас Төрийн сан мөнгөө татчихвал дампуурч ч мэднэ гэж зарим эдийн засагч ярьж байна?
-Бид мөнгөө банкнаас заавал авна гэхгүй. Шаардлагатай бол авч л таарна. Засгийн газар хөрөнгөө авчихвал банкуудын мөнгө тодорхой хэмжээгээр багасах нь тодорхой. Одоогоор төсвийн байдал сайн байгаа учир энэ мөнгийг заавал авах шаардлагагүй.

-Банкуудын ихэнх нь зээлээ зогсоосон. Засаг мөнгөө авчихвал хүнд байдал үүсэх нь гэж эдийн засагчид сануулж байна?
-Бид мөнгөө авна гэвэл эрсдэлийн сангаасаа банкуудад хөрөнгө байршуулах хангалттай бололцоо бий. Тиймээс Засгийн газар мөнгөө авлаа гээд тэр нь банкуудад хүндрэл учруулахгүй.

-Дэлхийн санхүүгийн хямралаас Монголын эдийн засгийг аварч үлдэх бололцоо бий гэдэгт Та итгэж байгаа юм уу?
-Манай санхүүгийн систем банкинд суурилдаг. Гадаадын улсуудынх үнэт цаасанд тогтож байна. Тэндэхийн хямрал ихээр гүнзгийрлээ. Харин манай улс хүмүүсийн хадгаламж, зээлээр баталгаажиж байгаа тул хариуцлагатай. Шалгуур, үзүүлэлт нь сайн байгаа, найдвартай. Зээлийн хэмжээ багассан ч өмнө нь өгөгдсөн зээл нь маш их байгаа.

-Олон улсын зах зээл дээр түүхий эдийн үнэ уналаа. Зэсийн ханш буурснаар дэлхийн хямрал манай улсад нөлөөлж байгаа. Сөрөг нөлөөг нь багасгах боломж бий юу?
-Хятадын эрэлт буурахгүй л бол манай зэс борлуулалттай байна. Дэлхийн хямрал хэзээ дуусна, тэр цагт Монголын эдийн засаг өснө.

-Эдийн засгийн бааз суурийг өргөтгөх ямар алхам хийж байна вэ?
-Ирэх дөрвөн жилд нийт хөрөнгө оруулалтын 30 хувийг төсвөөс, 30 хувийг хувийн хэвшлээс, үлдсэн 30 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаас, 5-7 хувийг нь гадаадын зээл тусламжаас гаргахаар төлөвлөж байна. Ингэснээр эдийн засгийн бүтэц олширно шүү дээ.

Ж.Цогзолмаа

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.