2008.10.28

Д.Тэрбишдавга: Намайг ерөнхийлөгч биш Дэдвийн Тэрбишдавга гэдэг

-Монголбанкны ажлын хэсгийн ахлагч боллоо. Өнгөрсөн жил 6 хувьд инфляцийг барина гэсэн үгэндээ хүрсэнгүйд төв банк буруутай юу?

-Төр засгийн урт, дунд, богино хугацааны засгийн газрын бодлого байж л улс орон хөгжинө шүү дээ. Аливаа асуудалд гоё чамин яриагаар биш бодлоготой хандах нь чухал. Өнгөрсөн жил монголбанк төрийн мөнгөний бодлогыг УИХ-аар оруулж ирэхдээ зургаан хувиар барина гэж байсан. Төрөөс 2009 онд баримтлах мөнгөний бодлогын талаар ярилцах үеэр ЭЗБХ-ны гишүүд нэлээд шүүмжлэлтэй хандаж 2008 онд зургаан хувьтай байх ёстойгоос 34 орчим хувьтай боллоо. Амаласан зүйл маань яагаад ингэж олон дахин өсчхөв гэдэг асуудлыг судлаад дүн шинжилгээ хийсэн. Энэ жил 12 хувьдаа барина гэсэндээ байж өмнөх алдаа дутагдлаа засаж залруулахад анхаарч ЭЗБХ- оос ажлын хэсэг гаргаад Монголбанканд шалгалт хийхээсээ илүү ажлын үйл явцтай танилцлаа. Төрөөс баримтлах мөнгөний бодлого ялангуяа инфляцитай холбоотой асуудлаар тодруулах тодорхой удирдамжтай ажиллаж байна. Мөн манай нэртэй эдийн засагчдаас бүрдсэн 3-4 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчдийн баг ажиллаж ерөнхийдөө ажил байдалтай нь танилцаад дууслаа.

-Ашиг сонирхлын зөрчилтэй томилгоонууд сүүлийн үед манайд газар авсан. Жишээ нь Монголбанктай холбогдуулан ярихад ерөнхийлөгч нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг, хувийн банк ажиллуулдаг. Төрийн албан тушаалд иймэрхүү ашиг сонирхлын зөрчилтэй нөхдүүдийг ажиллуулж болж байгаа юм уу. Таны бодлыг сонирхвол?

-Ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг дээр хоёр талаас нь хандах хэрэгтэй. Ашиг сонирхлын зөрчилтэй гарч ирсэн хүмүүс түүнийгээ даван туулах чадвар байна уу гэдэг чинь нэг асуудал. Ерөнхийдөө төрийн албанд ашиг сонирхлын зөрчил байж болохгүй. Гэхдээ тангараг өргөсөн төрийн түшээ болчхоод салбарынхаа ажлыг хариуцаж байгаа хүмүүс алба, ажил хоёроо ялгадаг чадвар хүмүүжилтэй байх хэрэгтэй. Ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс ч байна. Ашиг сонирхлын зөрчилгүй мөртлөө төрийн тодорхой албан тушаалд очоод өөрийн ашиг сонирхолд зохицуулсан хууль гаргах, үйл ажиллагаа явуулж байгаа зүйл ч байдаг. Хэдийгээр ашиг сонирхлын зөрчилгүй нэгэн компани удирдаж байгаад сайд болчихлоо гэхэд тэрийг нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж л ярьж бичдэг шүү дээ. Тэгэхээр үүнийг ялгаж салгаж байгаасай. Өнөөдөр ард түмнийхээ итгэл найдварыг өвөрлөжтөрийн түшээ болсон л бол улс орны эрх ашиг гэдгийг нэн түрүүн бодох ёстой.

-Улс төрч болгон ард түмний эрх ашиг гэж ярьцгаадаг. Гэхдээ энэ үг тийм ч итгэл үнэмшил муутай санагддаг?

-Ард түмний эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ярьдаг хүмүүсийг худлаа гэж бодож байж болохыг үгүйсгэхгүй. Үнэхээрийн ард түмэн монгол улсын эрх ашиг гэж заавал ч үгүй байх ёстой. Ард түмэн чамайг сонгосон бол ард түмний төлөөлөл дуу хоолой болох ёстой. Ард түмэн төрөө сонгодог. Гүүгээр дамжуулж ард түмэн төрд оролцож байна. Ард түмний эрх ашиг тэр дундаа монгол улсын эрх ашиг гэдгийг хамгийн түрүүн тавьж бодох ёстой. Ашиг сонирхолоо хамгийн түрүүн тавьдаг төрийн түшээд, албан хаагч байж болохгүй. Тиймучраас асуудлыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.

-Тийм улс төрчид танай намд ч бас АН-д ч байгаа биз дээ?

- Үгүйсгэхгүй ээ. Тухайлбал татварын өршөөлийн хуулийг гаргахад миний бие тодорхой эсэргүүцэж байсан хүний нэг. Зарим нь өршөөгдөж байхад татвараа шударгаар төлдөг жижиг дунд үйлдвэрлэгчдэд татварын өршөөл үзүүлэхгүй байгаа нь маш буруу үйлдэл. Магадгүй УИХ-д сууж байсан нөхдүүдийн компаниуд татварын өршөөлд орсныг үгүйсгэхгүй. Тиймээс л татварын өршөөлийн хуулийг шүүмжилсэн. Саяхан ноолуурт 30,4 тэрбум төгрөг өгөх асуудал гарлаа. Үүнийг дэмжиж байгаа гишүүдийн цаана хувийн ноолуурын үйлдвэртэй ч хүмүүс бий. Гэхдээ төрийн түшээ нэг ангийнханаа буруутгаад бусад руу дайрах биш түүнийхээ оронд өөрсдөө шудрага зарчимтай хуулиа дээдлэн ажиллах ёстой. Тэгвэл өнөөдөр монголд малын хулгайн асуудал нэлээн хөндөгдөж байна. Тэр хуулийг санаачлагч гишүүдийн нэг нь би. Энэ хуулийг гаргах ёстой. Өнөөдөр энэ хуулийг маш их эсэргүүцэж байгаа хүмүүс онлайн гэдэг үгнээс цэрвээд байна. Малын хулгай гэдэг хүний оюун санааны , зан заншлын хулгай. Хүнс хөдөө аж ахуйн салбар хариуцсан сайд байсны хувьд мэдээллийн сүлжээ чипс оруулах юмсан гэж зүтгэж судалгаа хүртэл хийж байсан. Оюутан цагаасаа малыг ээмэгжүүлэх тамгажуулах бүртгэлжүүлэх тал дээр хийж байсан судалгаа надад бий. Миний оюутан цагаас хойш олон жил боллоо. Ялангуяа бэлчээрийн мал аж ахуйтай манайх шиг газарт их чухал. Хүнээ тоолж чадахгүй байж малаа тоолох гэлээ гэж шүүмжилж байна. Хүнээ тоолж чадахгүй буруугаа мал тоолох руу харьцуулж болохгүй шүү дээ. Хүнээ тоолох асуудлыг хариуцсан агентлаг газрууд хийж чадахгүй бол тэр хүмүүстэй л хариуцлага тооцох хэрэгтэй.

-УИХ-ын гишүүдийн ямар нэгэн хуулийн төсөл өргөн барьсны ард дандаа лобби байдаг. Түүнийг дагаад тодорхой хэмжээний бизнес явагддаг. Нөгөө талаар малыг онлайн бүртгэлд оруулахад шаардагдах тоног төхөөрөмж гээд л төрийн мөнгийг үр дүнгүй зарцуулах ажил явагдана гэсэн шүүмжлэл гаргаад байгаа шүү дээ?

-Тухайлбал 30,4 тэрбум төгрөгийг хүнд өгөх хэрэгтэй юу аль эсвэл малын хулгайг зогсоохын тулд өгөх үү гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Тухайлбал бод малыг чипст оруулахад 8-9 тэрбум төгрөг хэрэгтэй байгаа. Хамгийн түрүүн хурдан хөлтэй малыг нь эхэлж оруулаад дараа нь аажимдаа хонь ямаа ч гэдэг юм уу оруулаад байж болно. Эхний удаа сүлжээнд бүртгээд оруулсны дараа тодорхой хэмжээний нядалж байхад шинээр төллөж байгаад нь чипс суулгах хэрэгтэй болж байгаа юм л даа. ХХАА-н салбар дээр цөм сүрэг, удмын санд малын тарилга туулгад зориулсан мөнгө гэхчилэн зардлуудтай хослуулаад вакцинжуулах юм бол чипс үнэхээр олон талын ач холбогдолтой. Мэдээж тэрийг хийхийн тулд хэн нэ-гэн хүн компьютер тоног төхөөрөмж оруулж ирнэ. Түүнийг тендэрт оруулах хэрэгтэй. Хамгийн гол нь хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдэх юм бол маш олон компаниуд хаа сайгүй чипс хийж байгаа. Үүнийг сайд байхдаа судлуулж байсан болохоор сайн мэднэ. Малын үүлдэр угсаа, эрүүл мэнд, хүнсний үйлдвэр талаас нь олон талын ач холбогдолтой. Үнэхээрийн боломжтой бөгөөд хийж болох асуудал даа.

-Нэг жишээ дурьдахад төрийн холбооны 26 бас 92-той дугаартай утсыг гадны компанийн лоббигоор манай нэгэн сайд оруулан ирсэн гэдэг. Тэгэхээр энэ зүтгүүлээд байгаа хуулийн ард ямар нэгэн зүйл байж болзошгүй гэдэг хардлага яах ч аргагүй төрж байгаа юм л даа?

-Манайхан их хардлагаар амьдарцгаах юм. Бас ч хардах ч үндэстэй юм билээ. Ер нь тендэр тэр дундаа дунд албан тушаалтны авлигын асуудал бодит нүүрлээд байгаа зүйл л дээ. Хүнс хөдөө аж ахуйн сайдаар ажил-лаж байхдаа ямар нэгэн авлига хээл хахууль авсан хүний талаар мэдээлэл ирэх юм бол шууд ажлаас хална гэдэг шаардлага тавьдаг байсан. Гэхдээ хэт хардаад байх юм бол ажил явахгүй. Ашигт малтмалын хуулийг хэдэн жилийн өмнө гаргачихсан бол зэсийг үнэтэй байхад монголчууд валютийн нөөц сантай байх байсан. Одоо хүртэл ашигт малтмалынхаа тухай хуулийг гаргаж чадахгүй бие биенээ хардаад явж байна шүү дээ. Аливаа зүйлийг олон талаас нь судлаад шинжлэх ухааны үндэслэлтэй улс ардын аж ахуйд хэрэгтэй эцсийн үр дүн нь тодорхой юман дээр хардах сэрдэхээс айгаад хэрэггүй. Үнэхээр хариуцаж байгаа хүмүүс буруу зөрүү юм хийвэл хууль хяналтын байгууллага хариуцлага тооцох хэрэгтэй. Дахин хэлэхэд хүний сэтгэлзүй, нийгэм эдийн засаг, хүнсний аюулгүй байдал талаас нь бодоод үзэхэд үнэхээр туршаад хэрэгжүүлэх хэрэгтэй. Явцын дүнд үр дүн өгөхөөргүй буруу юм бол засаж залруулж болно.

-Та анхнаасаа хамтарсан Засгийн газрын эсрэг байр суурьтай байсан. Шинээр бүрэлдэх засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн агентлагуудын талаар ямар бодолтой явж байна вэ?

Үндсэн хуулинд тодорхой заалт бий. Хууль дээдлэх үүднээс асуудлыг авч үзээч гэж ярьсан. Нө-гөө талаас ард түмэн үнэмлэхүй   саналаа   МАХН-д
өгсөн учраас дангаараа засгийн газар байгуулж үр дүнгийг нь харъя. Бусад намууд шүүмжлэлтэй хандаж хяналт тавьж ажиллаач гэдгийг ард түмэн сонгочихсон. Энэ сонголтыг зөвшөөрөөгүй Хамтарсан Засгийн газар байгуулсан. Гэхдээ олонхиороо шийдсэн учраас хүндэлж байна. Эцсийн үр дүнг л харах ёстой. Хамтарсан Засгийн газраас ард түмэн их юм хүлээж байгаа. Эхнээсээ хамтарсан засгийн газрын орон тоог батлуулаад эхлээд буруу гэдгийг хэлсэн. Шадар сайдын орон тоо хоёр байдаг манайхаас өөр улс орон бараг байхгүй л дээ. Шадар сайд буюу ерөн-хий сайдын орлогч гэдэг нь ерөнхий сайд байхгүйд орлодог албан тушаал болохоос хоёр шадар сайдын орон тоог батлаад эхнээсээ нөгөө хумих бодлого зөрчиж эхэлсэн. Тиймээс энэ засгийн газрын зөв зүйтэйг нь дэмжиж буруу зөрүүг нь хэлж байх ёстой. Хяналтгүй боллоо гээд алга ташаад байж болохгүй. Ямар нэг талаар ярьсан ярианаасаа ухрах нийгэмд нэг зүйл ярьчихаад өөр зүйл хийж болохгүй л дээ. МАХН-ын 25 дугаар их хурлын дараа орон тооны асуудлыг зөндөө ярьсан. Гэтэл одоо дэд сайдуудын орон тоо батлагдах нь. Тэр ч байтугай зарим яамдуудад хоёр ч дэд сайдын асуудлыг ярьж байна. Орон тооны асуудал дэд сайд төрийн нарийн бичгийн дарга агентлагуудын асуудлыг 65-41-ээр бууруулсан гэсэн тоо орж ирж байна. Тэр дундаа Үндэсний хөгжлийн газар, цөмийн энергийн газар, соёл урлагийн газар, гэр бүлийн хөгжлийг эрхлэх га-зар гэх мэтчилэнгээр олон агентлагууд нэмэгдсэн байна.

-Хамтарсан Засгийн газарт ажиллаж байхад ямар саад бэрхшээл гардаг байсан бэ?

-Миний ажилласан хоёр ч хамтарсан Засгийн газарт ажиллахад амаргүй байсан. Тэр үед Хамтарсан засгийн газар байгуулах гарцаагүй шаардлага  гарсан.  Ард түмэн ойролцоогоор 50/50 санал өгсөн. Нэгэнтээ ард түмний сонголт учраас хамтраад засгийн газар байгуулж ажиллахаас өөр гарцгүй байсан. Зарим нөхцөлд үгсэж хамтарч ажиллах зүйл байсан. Санал нийлэхгүй зүйл ч байдаг. Гэхдээ л өнгөрсөн Засгийн газрынүед аль аль тал дээр нь сөрөг хүчний шүүмжлэх байр сууринууд байсан. Ялангуяа сөрөг хүчний хяналт тавих байр суурь нэлээн амаргүй байсан.

-Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулахад таны тэргүүтэй МАХН-ын 10 сайд танхимын зарчимаа зөрчиж огцрох өргөдлөө өгч байсан. Энэ нь улс төрийн шийдлээр хийгдсэн тоглолт байсан уу?

-Улс төрийн шийдэл гэхээсээ ил үү тэр үед тодорхой хэмжээгээр хамтарсан засгийн газарт АН-тай санал тохирохгүй зүйл гардаг байсан. Гэхдээ би зарчмыг эхлээд дээдэлж дараа нь улс төрийн шийдвэр гэж ярьдаг хүн. Мэдээж хамтраад ажиллахад амаргүй, олон зүйл тохиолдсон нь бодит үнэн. Ийм үед хамтраад ажиллаж байхад амаргүй учраас өөрийн намын бүлэг, удирдах зөвлөл дээр янз янзын чиглэлээр ярилцсаны үндсэн дээр хамтрах боломжгүй гээд гарын үсэг зурж Засгийн газрыг огцруулсан.

-Хамтарсан засгийн газрын тэргүүнүүдийнхээ талаар юу хэлэх вэ. Жишээ нь Ц.Элбэгдоржийн хувьд хэтэрхий их ярьдаг хийдэггүй хүн гэдэг ч юм уу?

-Өөрийгөө удирдуулж нэг кабинетад ажиллачихаад М.Энхболд, Ц.Элбэгдорж нарын талаар олон зүйл яриад байх нь тааламжтай биш. Аливаа хүн давуу сул талтай. Ажил хэрэгч шинж чанараараа ч тэр юм уу, улс ардын аж ахуйн салбарт
ажиллаж үзээгүй улстөрч гэдэг агуулгаараа Ц.Элбэгдорж олонд хийсэн зү-лээ таниулах талаараа илүү. М.Энхболдын хувьд ажлаа таниулахаасаа илүү хийх гэж оролддог. Гэхдээ давуу сул талыг нь энд чухалчилж ярьмааргүй байна. Хамтарч бүтээн байгуулах гэж явахад сайн, муу гэж маргалдах зүйл олон байсныг үгүйсгэхгүй.

-Ингэхэд та Ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэг үү?

-Черчилль "Төгс төгөлдөр гэж хэлээгүй. Гэхдээ үүнээс илүү засаглалын хэлбэр хараахан олдоогүй байна" парламентыг тодорхойлж хэлсэн байдаг. Миний хувьд монголын ард түмэнд сайхан амьдрах засаглал хэрэгтэй. Боломж байна. Ерөнхийлөгчийн засаглал гэхээр нэг хүний дарангуйлал тогтоно. Гэтэл АНУ, Солонгос гээд ерөнхийлөгчийн мөртлөө ардчилсан засаглалтай улс орнууд байдаг. Одоогийн байдлаар тэр засаглал нь илүү гэдэгтээ биш хамгийн гол нь өөрсдийн зан заншилд тохирсон байх нь чухал. Магадгүй Ардчилал нэрийн дор анархизм явдаг гэдгийг 7 дугаар сарын 1-ний үйл явдал харууллаа. УИХ дээр байгаа гишүүд янз бүрээр дуудуулаад явж байна. Тэгэхээр засаглалыг солино гэхээс илүү хариуцлагын тогтолцоог бий болгох хэрэгтэй. Дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй гэж төр засгийн албан тушаалтнууд тун хариуцлагатай хуулийг дээдэлдэг байх ёстой. Хуулийн дээд улс төрийн зохицол гэж байж болохгүй хуулинд тохирсон улс төрийн яриа хөөрөө байж болно.

-Таныг Ерөнхийлөгчийн талыг баримтлагч гэдэг. Тэр ч утгаараа Хамтарсан Засгийн газрыг унагаах санаа цухалзуулах болсон гэж ярьцгаах боллоо?

-Засаглал унагаана гэж яриагүй харин засаглалаа буруу байгуулчихлаа, гэхдээ та нар сайн ажиллаарай гэж хэлсэн. Сайн ажиллахын тулд дан магтаад хяналтгүй байх ёсгүй. Буруу юм хийж байвал шүүмжилж зөвийгнь дэмжих естои гэдэг байр суурьтай байгаа. Тэ-гээд ч намайг Дэндэвийн Тэрбишдагва гэдэг болохоос Ерөнхийлөгчийн Тэрбишдагва гэдэггүй. Яагаад тэгж хардаад байдгийг ойлгодоггүй юм. Тухайлбал М. Энхболдыг анх гарч ирж байхад запуу, тэгээд ч туршлагатай учраас намын дарга болох ёстой гэж дэмжиж байсан. Тэр үед М.Энхболдын хүн гээд баахан ярьсан.
Би намын дарга Ерөнхий сайд хоёрын албан тушаалыг салгах байр суурьтай байдаг. Сонгуулийн өмнө Ерөнхий сайд намынхаа даргыг давхар хийгээд явахад амаргүй үе байсан. С.Баяр гэдэг хүн намынхаа ажлыг сайн хийх ёстой. М.Энхболд Засгийн газрын тэргүүнээ хийх ёстой гэсэн байр суурьтай байсан. Тэгээд С.Баярыг намын дарга болгоно гээд "Элсний-13" гэж нэрлэгдээд гарын үсэг зураад явж байхад С.Баярыг дэмжлээ гэсэн. Одоо болохоор хамтарсан Засгийн газрыг хууль зөрчиж байгуулсан талаар ярихаар нь Н.Энхбаярын талын хүн гээд л үе үеэр нь миний хоч солигдоод байгаа юм. Би Монгол улсынхаа эрх ашиг хөгжил цэцэглэлтийг дээдийн дээдэд тавьдаг. Тиймээс аливаа нэг хүнийх гэхээсээ илүү монголын эрх ашигт нийцсэн бодлогыг дэмжиж хууль дээдлэхгүй болгоныг эсэргүүцэж шүүмжилнэ. С.Баяр, М.Энхболд, Н.Энхбаяр гээд аль алийг нь хүндэлж явдаг.

-Анх таныг улс төрд Н.Энхбаяр гэдэг хүн гаргаж ирсэн биз дээ. Өөрөөр хэлбэл 2000 онд дэд сайдын албан ту-шаалд томилж байсан санагдана?

-Намайг ерөнхийлөгчийн хүн гээд байгааг ойлгохгүй байна. 2000 онд бидний хэсэг залуучуудыг дэд сайдад томилоход Н.Энхбаяр намын дарга байсан. Тэр үед намын шинэ залуу боловсон хүчин гэж гаргаж ирсэн итгэл найдварыг тэр үеийн намын дарга байснаар нь Н.Энхбаяртай холбодог. Гэхдээ Удирдах зөвлөлийн ч юм уу намын даргын бодлогоор гаргаж ирсэн хүмүүс нь одоо ч гэсэн УИХ-ын гишүүн, сайд хийгээд л явж байна. Ер нь намын боловсон хүчин залуу дунд ахмад үе ингэж гин-жин уялдаатай байдаг. Тэр агуулгаараа 2000 онд улс төрд орсноор нь холбон тайлбарладаг юм уу. Бүү мэд. Тэр үеийн бүх дэд сайдуудыг Н.Энхбаярын хүн гэх байх л даа. Зарчмын хувьд дахин хэ-лэхэд Н.Энхбаярын МАХН-д байгуулсан гавъяаг нь үнэлэх хэрэгтэй. МАХН-ыг залуу хүний хувьд сайн муугаараа хэлүүлээд энэ зэрэгтэй болгосонд баярлаж талархах хэрэгтэй. Тэгэхгүй үнэнийг хэлэхгүйгээр муулах хэрэггүй л дээ. Нууцгүй хэлэхэд нэг хэсэг үед Н.Энхбаярын хүн гэж хэлүүлэхийг мөрөөдөж байсан үе манайханд байсан. Одоо болохоор зугатаагаад ичээд байх юм. Би Н.Энхбаярын хүн гэхээсээ илүү хүндэтгэж явдаг гэж хэлмээр байна. Монгол улсад энэ хүний санаачилж хийсэн зүйлүүдийг зөв зүйтэй юм их хийсэн гэж дүгнэдэг. 2000 онд маш хүнд Засгийн газрыг хүлээж аваад ямар ч байсан монгол улсын эдийн засгийн хямрал уналтыг зогсоож байсан. Харамсалтай нь энэ нь дараа үед л мэдрэгдэх байх. Ингээд ярихаар дахиад Ерөнхийлөгчийг магтлаа гэх байх. Гэхдээ бодит үнэнийг хэлж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.