2008.12.09

С.Баярцогт: Энэ бол зохицуулалт хийх боломж бүрдүүлэх арга

Сангийн сайд С.Баярцогтоос уг асуудлаар тодруулга авлаа.

-Монгол Улсыг хөгжүүлэх сангийн /МУХС/ хөрөнгийг Төрийн санд байршуулснаар ямар үр дүн гарах юм бэ?

-МУХС-гийн хөрөнгийг хүүхдийн мөнгө, хөрөнгө оруулалт, Эрсдэлийн сан гэсэн гурван зүйлд зарцуулдаг. Эрсдэлийн сангийн хөрөнгийг бид ашигладаггүй. Тиймээс Төрийн санд байршуулчихвал орлого нь орж ирэх болоогүй нөхцөлд тэндээс мөнгө аваад, орлого ороод ирэхээр буцаагаад хийх гэх мэтээр зохицуулалт хийх боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл, иргэдийн хадгаламжийн мөнгө, бусад төлбөрөө банкууд хурдан хугацаанд өгч барагдуулах боломжийг хангаж байна. Бас ашигладаггүй мөнгөө өндөр хүүтэйгээр байршуулах юм. Жишээлбэл, хүмүүсийн цалинг өгөх гэтэл надад мөнгө байдаггүй, гэтэл МУХС-нд мөнгө байгаад байдаг. Би тэндээс аваад цалинг нь өгчихөж болохоор. Тэгвэл тус сангийн мөнгийг Төрийн санд байршуулснаар ийм зохицуулалт хийх боломжтой болно гэсэн үг.

Гишүүд төлбөр түргэн төлөх чадвар /хадгаламжийн мөнгө болоод бусад төлбөрийг гаргаж өгөх/, хөрвөх чадвар /зээл өгөх чадвар/, төсвийн алдагдлыг нөхөх гэсэн гурван ойлголтыг холиод байна. Огт орлого орж ирэхгүй нөхцөлд Төрийн сангийн хөрөнгийг ашиглавал төсвийн алдагдал болно.

-Таны үүрэг, эрх мэдэл нэмэгдлээ гэх бодол зарим гишүүнд төрөх шиг боллоо…

-Төрийн санд 2.6 триллион төгрөг эргэлддэг. Үүн дээр Эрсдэлийн сангийн 300 тэрбум төгрөгийг нэмж байршуулах гэхээр хардаад байх юм. Энэ бүхэн мэдээлэл тэгш биш байгаатай л холбоотой. Тэнд үүнээс 10 дахин их мөнгө байгаа шүү дээ. Би нэг хүнд 10 мянган төгрөгөө өгчхөөд дараа нь 1000 төгрөг нэмэхдээ санаа зовоод байгаатай л адил шүү дээ. МУХС-гийн хөрөнгийг Төрийн санд байршуулчихвал захиран зарцуулах эрх нь Засгийн газарт очиж байгаа юм.

-МУХС-гийн Эрсдэлийн сангийн мөнгийг Төрийн санд байршуулсны дараа ямар арга хэмжээ авах вэ?

-Төрийн сангийн чөлөөт үлдэгдэл 30 тэрбум төгрөгөөс багагүй байгаа нөхцөлд арилжааны банкнуудад мөнгө байршуулах боломжтой. Энэ хуулийг УИХ баталбал арилжааны банкнуудад байршуулсан Төрийн сангийн үлдэгдэл 76 тэрбум төгрөгийг татаж аваад, оронд нь МУХС-гаас ийм хэмжээний хөрөнгийг тэнд байршуулах бодолтой байна. Тэдний хөрвөх чадварыг алдагдуулахгүйн тулд шүү дээ.

-Одоо арилжааны банкнуудын нөхцөл байдал ямар байна вэ?

-Тэдэнд хөрвөх чадварын буюу зээл олгох тал дээр хүндрэл байгаа. Харин банкнууд төлбөр түргэн гүйцэтгэх чадвараа алдах юм бол дампуурахад ойр болж байна гэсэн үг. Монголбанкны мэдээлснээр манай арилжааны банкнуудад ийм аюул байхгүй.

-Эрсдэлийн сангийн бүх хөрөнгийг Төрийн санд байршуулах уу?

-Тэгнэ. Эрсдэлийн сангийн мөнгийг одоогийнх шиг санхүүгийн хямрал болсон үед ашиглах учиртай.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.