2008.12.09

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Синьхуа агентлагт ярилцлага өглөө

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга У.Бангуогийн урилгаар энэ сарын 10-15-ны өдрүүдэд  БНХАУ-д албан ёсны айлчлал хийх гэж байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл БНХАУ-ын Синьхуа агентлагийн сурвалжлагчдыг өөрсдийнх нь хүсэлтээр Төрийн ордонд баасан гарагт хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл БНХАУ-д хийх гэж буй албан ёсны айлчлалынхаа талаар Синьхуа агентлагийн сурвалжлагчийн тавьсан асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө. УИХ-ын дарга энэхүү ярилцлагадаа "Монгол Улсын төр, засаг Монгол, Хятадын улс төр, худалдаа, эдийн засаг, соёл боловсрол, эрүүлийг хамгаалах, хүмүүнлэгийн бүх салбарт харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх чиг шугамыг тууштай баримталж, түүний бодит үр өгөөжийг улам сайжруулахад түлхүү анхаарна. Монгол Улсын хөгжил дэвшлийг түргэтгэх нөхцөл боломж нэмэгдэжбайгаа өнөөгийн нөхцөлд хөрш зэргэлдээх БНХАУ-ын эдийн засгийн хурдацтай хөгжил нь бидэнд эерэг таатай сайхан нөлөө үзүүлж байна. Нөгөө талаар Монгол Улсын ашигт малтмалын баялаг нөөцийг ашиглахад бидэнд хамгийн ойр дөт зах зээл бол Хятад Улс юм. Энэ утгаараа монголын уул уурхайн салбарт байгаль орчинд хор нөлөөгүй шинэ техник, дэвшилтэт технологи нэвтрүүлэн үр ашигтай хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах боломж хятадын талд нээлттэй байгаа. Дэд бүтэц, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг Монгол, Хятадын эдийн засгийн харилцааны тэргүүлэх чиглэл гэж үзэж байна. Эдгээр салбарын хамтын ажиллагаа нь өргөн хүрээнд олон чиглэлээр хөгжих бололцоотой" гэжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.