С.Баярцогт: Бид
Дэлхийн банк санхүүгийн хүнд нөхцөл байдалтай холбогдуулан оны өмнөхөн батлагдсан Монгол Улсын 2009 оны төсөвт тодотгол хийх шаардлагатай гэж зарим гишүүн үзэж байгаа. Энэ оны улсын төсөвт зөвхөн "Эрдэнэт" үйлдвэрээс 118 тэрбум тэрбум төгрөгийн орлого орохоор тооцсон ч зэсийн үнийн уналтаас шалтгаалан гурав дахин хумигдах болоод байна. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд С.Баярцогтоос зарим зүйлийг лавласан юм.
-Монгол Улсын төсвийн байдал одоогоор ямар байгаа вэ. Төсвийн алдагдлыг Эрсдэлийн сангаас нөхнө гэдэг оновчтой шийдвэр биш гэсэн шүүмжлэл гарсаар байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Өнгөрсөн оны байдлаар авч үзвэл гааль, татвараас бүрддэг орлого ойролцоогоор 90 орчим хувьтай байна. Тиймээс төсвийн алдагдал 113 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байгаа. Үүнийг Эрсдэлийн сангаас нөхөх зайлшгүй шаардлагатай. Гол үндэслэл нь зэсийн үнэ гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа шүү дээ. Түүнээс гадна, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор импортын бараа материал болон үйлдвэрлэлийн хүндрэлүүд байгаа учир орлого багассан.
-Тэгэхээр төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага бий гэж ойлгож болох уу. Энэ асуудлаар Засгийн газар ойрын хугацаанд санал оруулж ирэх үү?
- Бид энэ асуудлыг судалж байгаа ерөнхийдөө “Эрдэнэт” үйлдвэрийн байдлыг анхаарч байна. "Эрдэнэт"-д 100 тэрбум төгрөгийн ногдол ашиг, дээр нь гэнэтийн ашгийн татвар 18 тэрбум төгрөгийн орлого орж ирнэ гэж тооцсон. Харин зэсийн үнэ доогуур байвал "Эрдэнэт" үйлдвэрээс төсөвт орох ашиг, мөн татварын асуудалд тодорхой хэмжээний өөрчлөлт гарах байх.
Мөн бидний тооцож байсан нефть бүтээгдэхүүний орлого гурав дахин буух тооцоо харагдаад байгаа.Тиймээс одоогийн байдлаар нефть, "Эрдэнэт"хоёр дээр тусгайлсан судалгаа хийж байгаа юм. Нөгөө талаас орлого нэмэх, татварын бааз суурийг өргөжүүлэх судалгаа хийж эхэлсэн. Ойрын хугацаанд энэхүү судалгааны дүнгээ Засгийн газарт танилцуулж, санал оруулна.
-Энэ онд нийгмийн халамж ямархуу байх, цалин хөлс хэзээ нэмэгдэх бол гэсэн хүлээлт иргэдийн дунд байна?
-Цалингийн хувьд инфляцийн зорилтот түвшинд хүрсний дараа төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр дамжуулан цаг хугацааны хувьд ижил биш байдлаар нэмэгдүүлнэ. Инфляци 2009 онд буурах хандлагатай байгаа. Тэтгэврийн тухайд мөн л инфляцийн зорилтот түвшинд хүрч байж нөлөөллийг нь тооцон нэмэгдүүлнэ.
-Хямралын нөхцөл байдалд орсон энэ үед төсвийн байгууллагын санхүүжилт цаг хугацаандаа хийгдэж. цалин тэтгэвэр хугацаандаа тавигдахад саадгүй гэж ойлгож болох уу?
-Би хариуцлагатай хэлье, цалин тэтгэвэр тэтгэмж, урсгал санхүүжилт, хөрөнгө оруулалтын асуудал дээр төсвийн хувьд ямар нэгэн хүндрэл гарахгүй. Арван жилийн өмнөхийг бодвол Монгол Улс нөөц эх үүсвэртэй болсон. Хөгжлийн сан, олон улсын валютын сан зэрэг боломжит эх үүсвэр байна. Тэгэхээр хүндрэл гарахгүй.
-Банкнуудад мөнгө байршуулах журам гарсан. Журмаа хэрэгжүүлэх ажил хэзээ эхлэх вэ?
-Журмыг бух банканд хүргүүлсэн. Журмын дагуу арилжааны банкнууд Монголбанканд хандах ёстой. Яагаад гэвэл бүх банкийг мэдэж байгаа хамгийн том хяналт тавьдаг инститүцын хувьд энэ банканд хэдий хэмжээний хөрөнгө байршуулж болох вэ гэдгийг судлаад Сангийн яаманд мэдээлэх ёстой. Харин үүнийг нь Сангийн яам хянаж үзээд Засгийн газарт оруулж шийдүүлнэ. Одоогоор Монголбанкны зүгээс бидэнд ямар нэгэн асуудал оруулж ирээгүй.