Г.Баярсайхан: Манайханд улс төрийн зориг дутаад байна
-Ардчилал хөгжсөн аль ч улсад Парламентын гишүүдийн Ёс зүйн дүрэм гэж байдаг юм билээ. Түүнд ёс зүйн дэд хороо хяналт тавьж ажилладаг. Гэтэл манай Парламент ийн ажиллахаас бэргээд байгаа юм шиг санагддаг...
-Парламентын гишүүний дагаж мөрдөх ёстой "Үндсэн хууль" нь ёс зүйн дүрэм юм. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмтэй болох асуудлаар Монголын Парламент удаан хугацаанд ярилцсаны эцэст энэ УИХ-ын үед дүрэм батлагдлаа. Парламентын хариуцлагыг нэмэгдүүлж, төлөвшүүлэх, тунгалаг төрийг бий болгоход гишүүн нь ёс зүйтэй, ноён нуруутай байхад дүрэм нөлөө үзүүлэх ёстой. Америкийн Конгресс, Сенат200 гаруй жилийн түүхтэй ч Ёс зүйн дүрмийн хэм хэмжээг байнга боловсронгуй болгож ирсэн байдаг юм.
Ёс зүйн дэд хороог дүрэмтэй болгохыг яаравчлуулахыг Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах бүрт шаардаж байгаа ч одоогоор дэмжлэг авч чадаагүй байна. Арав гаруй жил ярьж байгаа энэ дүрмийг гишүүд маань улс төрийн зориг гаргаад батлаад өгөөсэй гэж хүсдэг.
-Ойрын үед батлагдах найдлага байна уу.
-Улс төрийн зориг л гаргах хэрэгтэй. Дүрэм батлагдсанаар УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдах зүйл ер гарахгүй. Гишүүдийн хариуцлагыг өндөржүүлэх, ухамсартай байх, тэдний ёс зүйг дээшлүүлэх л зорилготой шүү дээ.
-Гишүүдээс дэмжлэг авахгүй байгаагийн шалтгаан юу вэ. Эрх ашиг нь хөндөгдөж магадгүй учраас болгоомжлоод байгаа юм болов уу.
-Ашиг сонирхлын зөрчил дэлхийн аль ч Парламентад байдаг. УИХ-д ч түүний илрэлүүд бий. Өөрийн бизнест ашигтай хууль гаргах, түүнтэй холбоотой Ажлын хэсгийг ахлах явдал байдгийг үгүйсгэхгүй. Магадгүй, түүнийхээ ч төлөө цааргалаад байж мэдэх л юм. Дүрмээ батлаад өгвөл сонирхлын зөрчил гаргуулахгүйн төлөө Дэд хорооны даргын хувьд хичээж ажиллах болно.
Ёс зүйн дэд хорооны дүрмийн төслөөс
- Гишүүдийн ёс зүйтэй холбоотой мэдээллийн талаар иргэн, байгууллага, албан тушаалтнаас тайлбар, тодруулга авах,
- Гишүүнд холбогдох ёс зүйн асуудлыг хорооны хаалттай хуралдаанаар хэлэлцэж болох бөгөөд гаргасан дүгнэлт, шийдвэр нь олон нийтэд ил тод, нээлттэй байна.
- Дэд хороо нь ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэх тухай асуудлыг хуралдаанаар хэлэлцээд өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргаж, дүгнэлтээ УИХ-ын нэгдсэн хуралдаанд оруулна.
- Дэд хороо нь холбогдох ёс зүйн зөрчлийн шинж байдал, үр дагавар, хор уршиг, анх буюу давтан үйлдсэн зэргийг харгалзан хариуцлага хүлээлгэнэ.
- Зөрчилд дараах арга хэмжээ оногдуулахаар бол дэд хороо тогтоол гаргана.
- Зөвлөмж гаргаж, УИХ-ын гишүүнд бичгээр хүргүүлэх,
- Дахин зөрчил гаргавал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр үг хэлэхийг тодорхой хугацаагаар хориглох,
- Чуулганы нэгдсэн хуралдааны танхимд орж ирэхийг хориглох,
- Сарын үндсэн цалинг гурван cap хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, Тойргийн сонгогчдод нь мэдээлэх, гишүүн нь хууль тогтоомж зөрчин бусдаас бэлэг, урамшуулал, шан харамж авсан, томилолт, аяллын зардлаа хэтрүүлсэн буюу бусдаар төлүүлсэн, тусгай эрх, хөнгөлөлт, эдэлсэн нь нотлогдсон бол дэд хороо тэдгээрийг буцаалгах буюу хуульд заасан журмын дагуу үнийг нь нөхөн төлүүлэх арга хэмжээ авна.