Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд сонгогчидтойгоо онлайн ярилцлага хийв
2009.12.14

Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд сонгогчидтойгоо онлайн ярилцлага хийв

УИХ-ын Тамгын газраас 14 дэх удаагаа зохион байгуулж буй өнөөдрийн онлайн ярилцлагад Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, С.Баярцогт нар оролцож, "Сэлэнгэ аймгийн 2010 оны төсөв, үндсэн чиглэл" сэдвээр санал солилцож, сонгогчдынхоо асуултад хариуллаа.

Онлайн ярилцлагыг нээж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж үг хэлсэн бөгөөд О.Чулуунбат гишүүн хүндэтгэх шалтгааны улмаас оролцох боломжгүйдээ хүлцэл өчсөнийг мэдээллээ. Дараа нь орон нутгийнхаа нөхцөл байдлыг танилцуулахыг урьж тус аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга О.Буянтогтох-д микрофоноо шилжүүлсэн юм. О.Буянтогтох дарга аймгийнхаа ургац хураалтын амжилт ололт дүүрэн мэдээг гишүүддээ илтгэсний зэрэгцээ тус аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил болон мал өвөлжилтийн талаар одоохондоо хүндрэл учраагүй болохыг хэлж байв. Тус аймаг улсын хэмжээний үр тарианы ургацын 60 хувь, төмс, хүнсний ногооны ургацын 50 хувийг хураан авсан амжилттайгаар Атрын 50 жилийн ойгоо угтсан аж. Энэ жил Сэлэнгэ аймгаас Ардчилсан хувьсгалын анхдагч Улсын баатар Э.Бат-Үүл гишүүн, Атрын хөдөлмөрийн баатар Ш.Мардаан, Гавьяат эдийн засагч Д.Тангад нарын алдар цуутнууд төрсний зэрэгцээ тус аймгийг Сүхбаатарын одонгоор шагнасан баярт үйл явдал тохиогоод байгаа билээ.

Онлайн ярилцлагаар Сэлэнгэ аймгийг жишиг аймаг болгон хөгжүүлнэ хэмээн хэлсэн Ерөнхий сайдын үг олонтаа дурдагдсан бөгөөд энэ тал дээр Э.Бат-Үүл гишүүн мал аж ахуй, газар тариалан, үйлдвэржилттэй холбоотой хэд хэдэн чухал саналуудыг хэлж, орон нутгийн удирдлагууд болон иргэд санаачлагатай ажиллахыг уриаллаа.


Харин Сангийн сайд С.Баярцогтын хувьд орон нутгийн удирдлагуудын асуултад голлон хариулж, төсвийн хөрөнгө оруулалт, түүний эргэн тойронд үүсээд байсан үл ойлголцлын ээдрээг тайлж өгсөн юм.


Орон нутгийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцож, нээлттэйгээр санал бодлоо солилцож чадсан өнөөдрийн онлайн ярилцлагын ач холбогдлыг оролцогч талууд өндрөөр үнэлж, ийм ярилцлагыг ойр ойрхон зохион байгуулж, харилцан мэдээлэл солилцож байх нь зөв юм гэж байлаа.

Өнөөдрийн онлайн ярилцлагад Сэлэнгэ аймгийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл, төрийн бус байгууллагынхан, хэвлэл мэдээллийнхэн болон УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, С.Баярцогт нар, Тамгын газрын ЕНБД Ц.Шаравдорж, Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтсийн дарга Б.Золбаяр, холбогдох ажилтнууд оролцож, телевиз, сонин, радио, гэрэл зургийн сурвалжлагчид сурвалжиллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.