Ардчилал бидэнд юу авчирав
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
-Тэр үеэс хойш 20 жил болжээ. Өнөөдрийн өндөрлөгөөс эргээд нэг харахад энэ хугацаанд асар олон зүйлийг өөрчилж, шинээр бий болгож чадсан байна. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжихдээ харьцангуй бага эрсдэлтэйгээр шилжиж чадсан гэж боддог. 20 жилийн өмнөөс тэмцэж, олж авсан хамгийн том ололт бол хүний эрх, эрх чөлөө. Энэ бүгд биеллээ олж, мөрөөдөл байсан зүйл бодит болсонд баярлаж явдаг. Анх ардчилал, зах зээлийн эдийн засаг, хүний эрхийн талаар үг дуугарахаар Хувьсгалт намыг тахин шүтдэг нөхөд хөрөнгөтний үзэл суртал ярилаа, сурталчиллаа гээд л загнаж, дарамталдаг байсан. Гэтэл өнөөдөр ардчиллыг үхэн хатан эсэргүүцэж, дарж байсан МАХН нийгмийн ардчилал нэртэй хөдөлгөөн өрнүүлээд явж байна. Энэ бол ардчилал Монгол Улсад бий болсны илэрхийлэл. Ололт амжилтын талаар яриад байвал дуусахгүй.