2009.12.10

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн жигүүрийн ерөнхий зохицуулагч болжээ

МАХН-ын "Уламжлал-шинэчлэл, Ардчилал-шударга ёс" жигүүрийн Ерөнхий зохицуулагчаар УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнг гишүүдийн 100 хувийн саналаар сонгожээ.

Жигүүрийн зохицуулагч М.Далайхүүгийн оронд МАХН-ын Бага хурлын гишүүн Н.Удвал, дэд зохицуулагчаар УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир, нийслэлийн Чингэлтэй дүүргийн МАХН-ын 90 дүгээр үүрийн тэргүүлэгч гишүүн Б.Батсайхан, Баянзүрх дүүргийн МАХН-ын хорооны гишүүн Д.Батжаргал, Баянгол дүүргийн наймдугаар үүрийн дарга Л.Гэрэлням, Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын хорооны дэд дарга Г.Бямбасүрэн, Хэнтийн аймгийн Хэрлэн сумын 15 дугаар үүрийн гишүүн Б,Туяа нарын долоон гишүүнийг сонгосон байна. Жигүүрийн Зохицуулах зөвлөлийг 25 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, хяналтын зөвлөлийн гишүүнээр С.Батчулуун, Н.Цэрэндорж, Г.Ариунбилэг нарыг сонгожээ.

МАХН-ын "Уламжлал-шинэчлэл, Ардчилал-шударга ёс" жигүүрийн Ерөнхий зохицуулагч Ц.Даваасүрэн МАХН-д жигүүр байх шаардлага урьдын адил чухал байгааг тэмдэглэж, жигүүрийн үйл ажиллагааны зорилтыг цаг үеийн шаардлагатай нийцүүлэн тодорхойлж, намын гишүүд дэмжигчдэд хүргэж, намын дэргэдэх олон нийтийн байгууллагуудтай хамтран ажиллах, цар хүрээгээ өргөжүүлэх, намын ХХY их хурлын шийдвэрийн хэрэгжилтэд үнэлгээ дүгнэлт өгч хэрэгжилтийг эрчимжүүлэх, олон нийтийн дунд намын рейтингийг өсгөх ажилд үйл ажиллагаагаа чиглүүлэх, жигүүрт намын гишүүд дэмжигчдээс хаяглаж ирүүлсэн санал хүсэлтийг судлан үзэж, барагдуулах арга хэмжээ авах зэрэг үүрэг даалгаврыг жигүүрийн зохицуулагчдад өгсөн байна.

Намын дотоод ардчиллын илэрхийлэл, бүтцийн байгууллага болох МАХН-ын "Уламжлал-шинэчлэл, Ардчилал-шударга ёс" жигүүрийг хэсэг гишүүн 2005 оны эхээр байгуулж байв. Тэд МАХН-ын Удирдах зөвлөлд 14 зүйл санал тавьж Бага хурал, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг хоёр жил тутамд ротациар сэлгэх зарчим баримтлахаар болжээ. Энэ удаагийн ротацийн сонгууль жигүүрийн хувьд хоёр дахь нь юм байна. МАХН-ын сонгуульт ажилд ротацийн зарчмыг хэрэгжүүлж эхэлснээрээ жигүүр нам дотроо улс төрийн шинэ зарчмыг нэвтрүүлсэн гэж үзжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.