Солирын бороо
2009.12.10

Солирын бороо

Д.Рэнцэнтавхай
/Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойд зориулав/

Саяхан Хятадад солирын бороо оржээ. Байгаль сансарын үзэгдэл болохоор гайхалтай байлгүй яах вэ? Харин 7-р сарын 1 гэхээр хотын төвд солирын бороо орчихсон юм шиг бөөн юм болцгоов. “Тунгус”-ийн солир унаад баахан цагдаа дараад алчихвуу яав? Солир хараахан биш гэнэ, цагдаа ч үхээгүй юм байх. Солир бол бас л дээрээс хурдтай бууж ирдэг чулуу. Гэхдээ сансарын чулуу. Харин 7-р сарын 1 –ний “солир” бол манай Монгол залуусын шидсэн чулуун мөндөр байлаа. Тэд цагдаа руу биш, өнгөрсөн бурангуй дэглэм, ядуурал хоцрогдол, хулгай хуйвалдаан, хорон санаат хоёр нүүртэн лүү чулуу шидсэн юм. Залуус маань манж хятадын шунахай худалдаачид, тэдэнтэй нийлсэн урвагч ноёдод ташуурын амт үзүүлж явсан эцэг өвгөдийнхөө хойч үе гэдгээ харуулж, дарлаад байвал Монгол хүн далайсан гараа буцаахгүй шүү, дахин боссон ч чадна гэдгээ харууллаа. Тэдний маань тэсвэр тэвчээр барагдсаны буруутан нь хэн бэ? Ху намын хулгайч нар.

Харин Ху нам яав? Цусан зам татуулсан түүхээ цэвэрлэж чадаагүй энэ нам бас дахиад Монгол хүний аминд хүрлээ. Эрх чөлөөгөө нэхсэн Монгол хүнийг эрх чөлөөний хулгайч энэ нам ямар их үзэн ядна вэ? Нөгөө талаас Монголын залуусыг эрх мэдэл, элдэв шоу, тарган цагаан байраараа татах гэж оролддог энэ намыг тэд үнэндээ дутуугүй үзэн яддаг нь тодорхой харагдав биш үү? Харсаар байтал шатаагаад хаячихлаа. Тэр өдрүүдэд “нам засаг” руугаа гар далайж зүрхэлсэн танхай балмадуудыг хамгийн хатуу чангаар шийтгэхийг шаардсан дугаар хорооны иргэд, соёл урлагийн зүтгэлтэнгүүд, рок попын одод дуу хоолойгоо нийлүүлж байсныг санаж байгаа биз таминь? Нам засагтаа морь нохой шиг үнэнчээ харуулах ямар их сайхан “шанс” гарч ирэв дээ? Идэр насандаа хурган дарга бөгөөд До яамны “дохиур” явсан нэгэн настайвтар номенклатурын гэрт бүр “харин ч цөөхөн хүн буудсан байна! бүгдийг нь өрлөж алах юмсан, удирдагчдыг нь олны өмнө цаазаар аваачих хэрэгтэй” гэсэн яриа гарч, эргэн тойрондоо их дэмжлэг авч байсан гэнэлээ. Яг 50-иад оны Хойд Солонгос шиг. Ёстой цусанд дурлана гэж энэ байх. “Залхаан цээрлүүлэхийг шаардсан дугаар хорооны иргэдийн удаа дараагийн шаардлага хүсэлтийг хүлээн авсан” нам засгийн удирдагчид холбогдох жанжин шугамыг “холбогдох” байгууллагуудад өгчээ гэдэг нь илэрхий. Ингээд “МАХН-ны машин” машиндаж, машиндсан махаар бууз хийхийн адил юм боллоо.

Цагдаагийн зодуур даалгүй хэргээ хүлээсэн хүүхэд залуусыг “шүүхийн танхим” гэх Ху намын гал тогоонд авчиран, таташ хийж, эрүүгийн хууль гэх хавтгайлсан гурилаар чимхэж боогоод, шоронгийн жигнүүр дээр бөндийтэл нь шидэж, бах таваа хангав. 30/40-өөд онд олон мянган монгол хүний цусыг орос вампируудтай нийлж ханатлаа сорсон Ху намынхан сая нэг санаа амрав. Яруу алдарт нам дайснаа дарж дархан цолоо мандууллаа. Яагаад гэвэл ялагдашгүй. Ялагдашгүй учраас яллах эрхтэй гэнэ. Эрх чөлөөтэй Монгол хүн эд нарт хэрэггүй. Энэ өдрүүдэд бид бас нэг бузар булай юмыг үзэж харлаа. Хүний эрхийг хамгаал гэж байгуулсан Хүний эрхийн комисс нь хүний эрхийн хулгайч нар байж. МГИМО-г дүүргээд, Харвард төгссөн гэх Мөнх-Оргилын комисс байжээ. Ийм амьтан яаж тэр сургуулийн нэрийг барьж чадаж байгааг гайхмаар! Хөөрхий сураад л байдаг сураад л байдаг сурсан юмгүй ирсэн нөхөр байж.

Солир яагаад унав? Бидний үеийнхэн өнгөрсөн зууны 70-80-аад оны Улаанбаатарыг санаж байгаа. Үнэндээ хоёр өөр Улаанбаатар энх тайвнаар зэрэгцэн оршиж байлаа. Энх тайван ч гэж дээ. Тухайн үед монгол хүн толгой өндийлгөвөл АК-47 гэдэг орос мангасын хоол болох нь тодорхой байв. Тэгж өндийх байтугай нам засгийн буянд жаргаж байгаа гэж үнэнээсээ боддог хүмүүс олон байсан биз. Нэг талд нь эгэл жирийн Монголчуудын Улаанбаатар. Хөр цас, хүйтэн мөсөн дээр худгийн усанд дугаарласан хүүхэд хөгшид. Таван жилийн гавшгайчийн тэмдэг, толгой цувдай, картын бараа, шагийн архитай Монголчууд. Ёлкоор дэлгүүрт гардаг “яавлаг мандрийн”-д хууртсан ядуу хоосон гэр хорооллын хүүхдүүдэд хийх ажил мундахгүй, , усаа авна түлээгээ хагална, хог шороогоо цэвэрлэнэ, бас тэгээд хичээлээ хийнэ. Байсхийгээд “коммунист субботник” гээч үнэ төлбөргүй албадан цэвэрлэгээнд гарна. Троллейбусны шугамны нүх ухнаа гэсэн ухсан, 500-ийн дэнжид бэлгийн хороолол барина та нар энд сайхан амьдарч магадгүй, замыг цэвэрлэ хавтан хуул гэсэн хуулсан, хуурсан, тоосгон заводод аваар гарсан шороо ухаж гарга гэсэн гаргасан, зун намар Борнуурт очиж зэрлэг зулгаа, ногоо хураа гэсэн хураасан. Бас тэгээд өвс түүж, лаа чүдэнз , хөвөнтэй хувцас, нэмнээ бэлдэж, хөдөөгийн ардад илгээнэ гэнэ, шил сав, өөхөн тос, цуглуулж , шилдэг тэргүүний хамт олон болохоор уралдана. Хичээлээ хийж, тоглох цагаас нь хумсалж газар шорооны ажилд ачих мөртлөө бас гэр оронд нь ч дэл сул юм байлгадаггүй байж дээ.Аав ээж ах эгч нар нь “хөдөлмөрчид” гэдэг нэгдсэн нэртэй, өглөө оройд автобусны буудал дээр хөлдөж үхэн алдана. Ямар нэг жагсаал цуглаан болов уу гэмээр зам дагуу эгнэн зоссон олон хүний цуваа хоёр буудлын хооронд нийлчихдэг байсан даа. Хөдөлмөрчин хүн унаагаа хүлээж байгаа нь тэр. Буудлаас өнгөрч буюу наана зогсвол хөдөлмөрчид социалист овсгоо гарган, зөрүүд автобусыг номхотгохоор богинын зайд уралддаг. Багтахгүй бол зүүгдэнэ. Ажлаас хожигдвол асуудал үүснэ. Юун хувийн машин. Машин авах мөнгө байтугай мах аваад, чанаж идэх эрхгүй байлаа бид. Малчин заяагаа орхиод хот бараадсан 1950-60-аад оны дотоодын шилжин суурьшигчид нийслэлийн гэр хорооллыг бүрдүүлж байлаа.

Ганц төлөгний мэдэлгүй, нэгдлийн мал маллаж “жаргах”-аас хотын захад очиж өөрийн эрхээр зовохыг илүүд үзсэн тэр хүмүүст тасардаг ч гэсэн тог цахилгаан, хүлээлгэдэг ч гэсэн нийтийн унаа, зөөврийн ус, хүүхдийн сургууль соёл ойрхон, хавьгүй дээр байлгүй яах вэ? Эзгүй хээр, чоно мэт тэнэж явснаас. Амьдралын стандартын газар тэнгэр шиг ялгааг коммунистууд овжин ашиглаж, хөөрхий хөдөлмөрчдийг хагас нүүдэлчин амьжиргаанд нь дасган, хүлцэнгүй дуугай байлгаж ирсэн. Дуугарах ч арга хаа байлаа. Тэр үед Монголын радио телевизээр бид гэр хорооллын тухай ганц нэвтрүүлэг гарч байхыг хараагүй. Хориотой сэдэв. Харин цоо шинэ үйтэн хуйран дээлтэй эмэгтэйг үхэр саалгаж, мөн торгон дээлтэй малчин эрээр өвс бухалдуулан, малчид хөдөлмөрчид мал сүргээ өсгөөд, жаргалын дээдэд хүргэсэн МАХнамдаа бараг амиа тавьчихаж байгаа шахуу юм яриулдаг байж билээ. Гэтэл тэр их жаргалтай хүмүүс нь Ардчилал гаравуу үгүй юу бөөн бөөнөөрөө хот суурин луу нүүсэн.

Нөгөө талд нь коммунист номенклатур гэж өөр сортын арай цөөн нөхөд бүхий байшингийн Улан-Батор байх. Хэдэн хүн энэ намын нэр барьж, улсын дээр суучихаад, хамаг юмаа Орос руу зөөж, хариуд нь өөрсддөө эрх ямба, эд хөрөнгө буюу бэлгийн хорооллоос бэлэн сууц, Хар тэнгисийн элсэн дээр тарвалзах нэг удаагийн урилга “почоонк” олж авдаг, хүүхэддээ болбол Зүүн Европын орнуудад, болохгүй бол “Сэсээр” улсад сэхүүн зантнуудын аль нэг мөрөөдлийн сургууль жишээ нь МГИМО-д оруулах мэх сүвэгчилдаг. Бие биендээ байрны ордероор найр тавьж суудаг байлаа. Малчин гаралтайгаа гайхуулдаг МАХН-ын дарга нар, авгай хүүхэдтэйгээ Их тэнгэр, дөч тавин мянгатынхаа дулаан байранд суучихаад, махнаас гарснаа зарлаагүйг бодоход малчин монголтой дөхөж очих өөр юмгүй нэг тийм орос зөвлөлтөрхүү монгол эрлийзүүд болсон байв. Аргагүй ч юмуу? Коммунист хүнд эх орон байх ёсгүй гэж эд нарын багш их Ленин сургадаг байвдаа. Цонхоо нээдэггүй болоод ч юм уу гэр орон нь хүртэл нэг тийм ялзарсан өндөгний үнэртэй. Нэгнийх нь гэрт орос авгай тархидаж суух, нөгөөдөхийн гэрт орос сургууль төгссөн охид хөвгүүд нь монголоор ярьж чаддаггүй.

Осолдохгүй Монгол нэртэй хүмүүс. Эх орныхоо мөнгөөр гадаадад сурч байж Монгол гэж хэлэхээсээ ичдэг байсан гээд боддоо! Тэдэнд өөрсдийн Улаанбаатар, өөрсдийн дуу хуур, өөрсдийн хүсэл шунал байсан. Эрх танхил тэр эрхмүүд төгсөж ирээд нөгөө л ээж аавын ярьж хэлж оруулж өгдөг төвийн хэдэн яам тамгандаа ажилд орох бөгөөд том дарга болсон хойноо ч хотын захад хашаан дотор айл гэр байдаг, тэнд уг нь өөртэй нь адилхан Монгол хүмүүс амьдардаг гэдгийг сонирхдог ч үгүй, тэд нараас юу ч авах билээ , бүх юмаа Зөвлөлт ахаас асуудаг, даргын хүүхэд миний унаа тусдаа, дэлгүүүр тусдаа иддэг хоол манжин лууван болохоор сонирхоод ч яах , эрх биш зуслан орох замдаа л хар машины цонхоор нэг хардаг байсан биз. Нам засагтаа хязгааргүй үнэнч хөдөлмөрийн сэхээтнүүд нь байрны оочерт насаараа оочирлоно. Харин том даргын үр сад бол насанд хүрэв үү үгүй юу бүрэн тавилгатай шинэ байрны түлхүүр гарддаг байж билээ. Ер нь хоёр өөр Улаанбаатар яахын аррагүй байсан юм даа.

Энэ өдрүүдэд ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн баяр болно. Юу өөрчлөгдөв? 20 жилийн өмнө гудамжинд явсан ардчилалын алтан хараацайнуудыгаа ямар ч байсан бүдүүн дарга нар болохыг бид харлаа. Автобусанд алалцаж, арын хаалгаар авгайдаа гутал авдаг байсан Ху намын эрчүүд эд хөрөнгөний амтанд орж, их хурлын эрхэм гишүүд болон мөнхөрч , албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдсан хэвээр, албаны хар тэрэгнээс манийгаа харах ч үгүй, төсвийн цоорхойгоор юм гулгуулах гэж байхад юун энэ хоосон ядуустай мантай. Хорин жилд хүүхэд төрж, өсөөд эрийн цээнд хүрч эхнэр хүүхэдтэй болох хугацаа. Дэнжийн мянгын Дорж гуайн ач хүү хорьж болдоггүй хорин насыг хүрч айл гэр боллоо. Таван жилийн гавшгайч, социалист хөдөлмөрийн бригадын гишүүн, шинийг санаачилагч явсан Дорж гуай хурим байтугай цайллага хийх мөнгөгүй тул ач хүү нь авгайтайгаа өвөөгийн хашааны хойд буланд өвлийн амбаарт нам жим төвхнөж билээ. Жил өнгөрлөө. Залуу хос үрийн зулай үнэрлэх цаг иржээ. Залуу гэр бүлийн анхны үр болж төрөх Ардчилсан Монголын шинэ иргэнийг юу хүлээж байна вэ? За яах вэ засгийн хишиг, шинэ гэрэлсний мөнгө шинэ хүний гээд хэдэн төгрөг аав ээж нь авдаг биз. Аав нь гадагшаа явахаас өөр аргагүй, бодоод бодоод бодийн шийр дөрөв болсон хүн. Учир нь харийн нутагт хар ажил хийж, байрны мөнгө босгохгүй л бол түүний өвөө эмээ, аав ээжийн насаа элээсэн Дэнжийн мянгын энэ л утаатай жалганд хогтой хорооныхоо үнс тоос болсон хашаанд бас насаараа сууна гэхээр ичмээр, гомдмоор, уур хүрмээр. 90-ээд онд наймаанд явсан залуугийн эцэг, ээжээс нь салж, архинд орж, нэлээд хэдэн жилийн өмнө Оросын нутагт хүний гарт амь үрэгдсэн. Залуугийн ээж, шинэ хүний эмээ бага ангийн багш, энэ хавийн хамгийн ядуучуудын нэг. Харин залуу ганц өрөө ч хамаагүй шил толь болсон шинэхэн байранд орж эхнэр хүүхэдтэйгээ эр хүн шиг амьдрахыг хүсдэг, хэнээс ч дутахгүй байж чадна гэж өөртөө итгэдэг. Хүн баян тансаг биш гэхэд цэвэр, дулаан баймаар байна шүү дээ. Эхнэртээ ч ингэж амалсан. Залуу Солонгосын визээ хүлээж, хоол болтол шийр зугаа гэдэг шиг хүний “Верна” барьж, таксинд явдаг. Хөдөөнөөс ирсэн эхнэр нь ажил хайж, аргаа бараад, Нарантуул дээр спирт зарж зогсдог ба орой нь хадамын гэрээс ирсэн хар цагаан зурагтаар савангийн дуурь үзэж санаа сэтгэлээ хуурна. Залуу эх гэдсэн дэх хүүхдийнхээ ирээдүйг бодохоор яав ч тайван суух аргагүй. Нүүрсний угаарт хар багаасаа хордлоготой, нүүрээ угаах усгүй, ханиалгасаар байгаад тамирдсан, хиртэй гараа сарвайн хоол нэхэн уйлах хажуу айлын эмзэг бүлгийн жаалууд нүдэнд нь харагдана. Хойд ууланд гал түймэр гарчихвуу гэмээр гадаа суунаглаж байгаа их утааг гараараа ганц сэвээд арилгаж чадахгүй болохоор дотор нь харанхуйлна.

Харин тэдний гэрээс тавхан километрийн зайд хүрч очвоос харь оронд очиход л ийм байдаг байх гэмээр залууд санагдана. Талбайн хажууд явж байсан түүнийг онгоц буугаад ирэв үү гэмээр дуутай том том жип дайрчих шахан өнгөрлөө. Харанхуй сүүдэр цонхтой хар голдуу машин дотор жолоо барьж байгаа эрхэмүүдийн царай яравгар, уруул даравгар, нүд бөлцгөр бөгөөд зам дээр ундааны хоосон сав, унаагүй явган монгол хоёрын ялгааг бараг олж харах шинжгүй хурдтай явдаг юм. Улсын сангаас хулгайлсан мөнгө ийнхүү Ланд Круизер-200 гэдэг гаргуун сайхан унаа болчихоод сүнгэнэж байгааг хажуу айлын ахын ярианаас мань эр гадарладаг болсон. Энэ машины нэг дугуй нь түүний сарын орлогтой тэнцэх шахуу үнэтэй. Нэг нь Ланд хулгайлчихаад хурим найр хийж явдаг харин өөрөө хүний машинаас арван цаасны дугуй мултлаад авчихвал шоронд орно. Эгнэн зоссон машинуудаас хоргой торго халхгар дээл малгай болсон эмэгтэй эрэгтэй хүмүүс, хар костюмтай ганган залуучууд, олон өнгийн гоёмсог даашинзтай охид бүсгүйчүүд гарч хөшөө рүү алхана. Төсвийн тэрбумтан аавын царай муутай ч баян инжтэй бүсгүй, түүний дур ба хайрыг булааж, улмаар улсын нөөцийн газрын ашигтай орон тоон дээр тавигдсан нэгэн азтай залуу хоёрын нижгэр хурим болж байгаа нь энэ. 90 онд анх зах зээлд орж, эцэг өвгөдөөс удамтай ясны овсгоо, сэжиг бүхий наймаагаар бизнесээ эхлүүлж, дараа нь Ганцад морилох шахсан ч МАХН-д хандив өргөж байж мултраад, засгийн албанд ажилладаг нэртэй ч наагуур цаагуур гүйж, тендерийн будлиан, нөөцийн газар цагаан будаа, төсвийн газар жип шахаж хөлжсөн Лю овогт Буяндалай хоёр жилийн өмнө авсан алтны лицензээ ашигтай арилжиж, айдгүйгээ авдрандаа хийсэн. Гуч гарч яваа том охиноо хадамд гаргаж хөлтэй найр хийе гэж шийдсэн нь энэ. Хүргэн хүү харин 25 гарч яваа. Нас бага, цус шингэн, дуулгавартай, хамгийн гол нь А намын нөлөөтэй нэгэн боосын хүү учир варианттай гэж байгаа. Засаг солигдвол шүү дээ. Буяндалайгийн 4 онд яаруу сандруу сонгуулийн өмнө босгож, харин өнгөрсөн жилээс супер засвар хийж өргөтгөсөн зочид буудал зоогийн газрын комплексд нь хуримын хүндэт зочид морилж, хөл хөнгөн хүргэн хүү угтан мэндчилнэ. Ху намын томчууд, их хурлын эрхэм гишүүд, яам агентлагт удсан хадам аавын баруун гарууд, А намын ч гэмээр мэр сэр эрхэмүүд байдгаараа тосон царайлж, усан нүдлэх нь холгүй тэврэлдэнэ. Эдгээр хүмүүсийн хооронд ямар аугаа их ашиг хонжоогоор зангидагдсан ган бат нөхөрлөл байгааг төвөггүй олж харж болно. Тэд яагаад ч юм наймын тоог ихэд бэлэгшээх бөгөөд гар утас, ганган машины номерт найм найм наяан найм байх нь өвөрмөц. Залуу хүргэний найзууд болох зүүний ардчилсан социалист холбооны залуу гишүүд хар костюм цасан цагаан цамц, голдуу улаан өнгийн торгон зангиагаар жигдрэн гангарчээ. Тэд нам засгийн удирдагчид, энэ цагийн эзэд, “манай намын” бахархал болсон бизнес улс төрийн бийлэгжүү эрчүүдийг бялдуучлан инээсэн, атаархан тэчъяадсан харцаар харж, бушуухан ийм мундаг болж, УИХ-ын чуулган дээр улаан зангиа, нүдний шил, ухаантай царай гарган, пиджакаа тайлж тавиад сонин уншиж суухсан гэж мөрөөднө. Нэрэлхүү хүргэн, тооцоотой хадам хоёр гарсан зардлаа хэд нугалах хуримын ёслолоо хөтлөх ажлыг ялдам сайхан үгийг усны урсгал мэт урсгахын авъяас, урин тачаангуйн хос эрдэмтэй бөгөөд ялгуун том намд тал өгдөгөөрөө алдартай урлагийн элит гэх гэр бүлээс гаралтай нэгэн бүсгүйд даатгажээ. Гагцхүү Ху намын найран дээр л байж болох, эрүүл хүн бол яаж тэсдэг юм гэмээр зусар бялдуу магтаал үг урссаар, хуримын хүндэт зочид таатай сайхан идэж уусны дараа, залуу хосод баяр хүргэж гарын бэлэг гардуулах ёслолд эгнэн жагслаа. Яг үнэндээ Буяндалай босс болон түүний алсаас нь дэмждэг гэх бүс нутгийн бүлэгт багтддаг гэдгээ харуулах, улмаар өдөр ирэх тусам хүчирхэгжиж байгаа баян тарган бүлгийн дэргэдэх хөлөөвт дагаар орох хүсэл эрмэлзлэлээ илэрхийлэх ажиллагаа эхлэнэ дээ. Хөлөөв бяраар илүү гэдэгт эргэлзэх хэрэггүй бөгөөд тэгээд ч Буяндалайг Бээжин Шанхайгаас бэлтэй том найз нар нь дэмжиж байгаа гэнэ гэсэн яриа сэм таржээ.

2008 оны 6-р сарын 30. Сонгуулийн тэр өдөр Дэнжийн мянгад суудаг Дорж гуайн ач залуу ямар их баяр хөөртэй байв. Амьдралдаа анх удаа өвөө, ээж, эхнэртэйгээ сонгууль гэдэг юмыг өгч үзлээ. 2004 онд тэр насанд хүрээгүй байсан юм. Анд нөхдийн яриа хөөрөө, ардчилалыг дэмждэг хажуу айлын ахын “Чингэлтэй цэнхэр” гэх үгийг бодоод, ирээдүй бүрхэг ахуй амьдрал, эхнэрийн царай, эцгийг нь буудсан тухай өвөөгийн яриа, энэ бүхэн түүнд хаана саналаа өгөхөө сайн бодож, шийдэхэд хангалттай байсан юм. Ноднин намар талбай дээр хар машин жагсааж, хурим хийж явсан үе тэнгийн залуугийн бардам царайг бас санав. Ингээд тэр саналаа өгсөн. Эх орон, улс гэр, улс төр гэдэг зүйлийг тэр анх удаа өөрийн амьдралтай холбож насанд хүрсэн хүний нухацтай шийдвэр гаргаж “Ардчилал ялна” гэсэн бодлоор тэр саналаа өгсөн. Үнэндээ ардчилсан намаас дэвшсэн хүнийг сайн танихгүй ч залуу өөрийн сонголтоо хийсэн байлаа. Олон хүний ярианаас өөрийнх нь хийсэн сонголт зөвдөж, маргааш өглөө ялалтын баяртай уулзана гэсэн амттай бодлоор тэр унтсан юм. Харин гэтэл өглөө нь МАХНам ялалтаа тэмдэглэж байдаг байгаа. Хүчээр хөгжөөх ТВ –ийн дэлгэц дүүрэн “Ху-гийн баяр хөөр” дунд хар жип хөлөглөн хуримаа хийж явсан нөгөө баян тарган залуугийн бардам царай хэд хэд гарчээ. Ху намын цагаа олоогүй эртэдсэн баяр хөөр тэдэнд саналаа өгөөгүй хүн болгонд басамжлал доромжлол, өдөөн хатгалт болж очсон юм. Мань эр талбай дээр залуучууд цуглаж байхад гэртээ сууж чадсангүй. Сонгуулийн будлианыг эсэргүүцсэн цуглаан жагсаалд оролцохоор жирэмсэн эхнэрээ орхиод талбай руу гарсан.

Ийм л дүр зураг гарч байна . Дорж гуайн ач хүү, Буяндалай боосын эрх охины хэнз нөхөр хоёр залуугийн хувь заяа хаашаа хэрхэн өрнөх бол. Тааж ядах юмгүй. Жагсаалд явсан залуу намын байр шатаасан хэргээр онц хүнд хэргийн ял үүрч, арай гэж өршөөлөөр суллагдсан, Айж гайхсан тэр залуу хорьхон насандаа шоронд ял аваад орохдоо хүн өөрийн гэсэн бодолтой байж болохгүй юм байна, үзэл бодлоо сонголтоо хамгаалбал хууль шүүхийн нэрээр ху нам алдаг, барьдаг юм байна гэсэн бодолтой үлдэнэ. Ху нам сонгуульд ялсан учраас Ху намын боосын хүргэн нөөцийн газартаа улам бэхжсээр нөлөө бүхий хадамтайгаа дөрөө хоршуулан яваа. Гэхдээ нэгэн өдөр тэр авилга албан тушаалын хэргээр шоронд морилоход хадам аав нь хамгаалах болов уу яах бол? Хоёр залуугийн түүх ойлгомжтой бөгөөд сургамжтай. Тэдэнд уг нь бие биенээс ялгагдах , дээд тэнгэрээс заяатай төрсөн юмуу ертөнцийн эзний хүү гэсэн эрх дарх хэнд нь ч алга. Энэ хоёр заавал шоронд орж байж эн тэнцүү эрх, ижил ор дэвсгэртэй идэх хоол нь нэг болох ёстой гэж үү? Нэгэн цаг үед нэг голын эрэгт амьдарч байгаа Монголын залуусын амьдрал газар тэнгэр шиг ялгаатай байхад, ажилгүй амьдралгүй, маргаашдаа итгэлгүй уурсаж хорссон олон залуус гадаа гудамжинд гарч ирсэнд хоолыг нь булааж идэж байгаа Ху намын хувалзнууд солирын бороо орчихсон юм шиг гайхах хэрэг байна уу? Олон арван жил хот, аймгийн төвд суурьшсан гээд өнөөдөр 21-р зуун гарчихаад байхад хотын захын “хөдөлмөрчид” ийн амьдралд ямар чанарын, зарчмын гэх өөрчлөлт гарсан бэ? Утаа тортог, унааны, ус хог тээврийн гацаа, хүйтэн нойтон болоход түлээ түлш ховор, өвчин эмгэгт баригдахад эмч эмнэлэг хол. Өөрсдөө паалантай суултуур, зөөлөн буйданд дасаж, сүрхий эмзэг өгзөгтэй болсон коммунистууд далан жил дарлахдаа гэр хорооллын хөдөлмөрчдөө хүн шиг бие засах газартай ч болгоод өгчихсөнгүй. Тэгээд үүнийгээ өөрчлөх гээд сонгуулиа өгөхөөр булааж луйвардаад авчихна, буцааж авъя гэхээр буудаад алчихаж байна. Учир нь тэд бол коммунистуудын хувьд дураараа нүүж ирчихээд тав тух алдуулж байгаа, хүрээ соёл мэддэггүй, хөдөөнийхөн, хүн биш хөдөлмөрчид.

Энэ оронд Монгол хүн тайван амгалан, аз жаргалтай хэм тэгш жаргах цаг хэзээ ирэх вэ? Хамгийн гол нь хэдхэн хүний шунал, тэрэн дээр нь оршин тогтдог ганцхан намын төлөө бусад нь амьдарч байгаа юм шиг болжээ. Эмгэнэлт явдал гараасай гэж хэн ч муу ёрлож уриалж дуудаагүй. Энх тайвнаар зэрэгцэн орших хоёр Улаанбаатар, хоёр Монголын хооронд хууль шүүхээр далайлгасан ганц талын давуу эрх, галт зэвсгийн хүчээр тогтоосон гал зогсоох хэлэлцээ, эмзэг эрх тэгш бус байна. Ардчилал , хүний эрхийн хоосон уриа , эв нэгдлийн тухай зусар үгээр ард түмнээ хуурсаар байвал дахиад солирын бороо орохгүй гэж хэн ч хэлж чадахгүй.

2009.12.10
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.