Н.Энхболд: Эв эеэ эрхэмлэж, шинэ боломжуудыг бүрэн дүүрэн ашиглая
Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө,
Эрхэм хүндэт Ерөнхий сайд аа,
УИХ-ын эрхэм гишүүд, Засгийн газрын гишүүд ээ,
Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Монгол Улс ардчилал, зах зээлийн харилцаанд эргэлт буцалтгүй шилжин орж, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах зорилгоо хэрэгжүүлж буй энэ цаг үед ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж байна.
Монголчууд бид ардчилсан ёс, ардчиллын үзэл санааны баялаг их уламжлалтай ард түмэн билээ. Энэхүү уламжлалын оюун санааны төвлөрсөн илэрхийлэл нь үндэсний эх оронч үзэл, дэвшилт үндэсний ардчилсан үзэл санаа юм.
1980-аад оны сүүлийн хагаст дэлхий ертөнцөд хүйтэн дайн үндсэндээ дуусч аюулгүй байдал, геостратеги, хүчний болоод оршин тогтнохуйн тухай үзэл баримтлал, байр суурийн уламжлалт бодлогод ихээхэн өөрчлөлт орж эхэлсэн юм. Тухайн үеийн дэлхий нийтийн эерэг нааштай ийм нөхцөл байдал Монгол Улсад ч нөлөөлж байлаа. Эрх барьж байсан МАХН энэ үйл явцыг соргогоор ажиглаж нийгэм, улс төр, эдийн засгийн бодлогодоо өөрчлөлт хийж эхэлсэн түүхэн баримтууд хуучраагүй байна.
Нийгэм бүхэлдээ өөрчлөлт, шинэчлэлтийн агаараар амьсгалж эхэлсэн тэр үед үүсч бий болсон улс төрийн шинэ хүчнүүд, намууд ардчиллын үйл явцад түүхэн үүрэг гүйцэтгэсэн.
Чухамхүү Монголын ард түмний хүсэл эрмэлзэл, төр засгийн ухаалаг, хүлээцтэй, нуруутай байр суурь, шинэ тутам улс төрийн хүчнүүдийн иргэний эр зориг, итгэл тэмүүлэл огтлолцсон тэр хөрсөн дээр ардчиллын үр унаж соёолсон юм.
Монголын ард түмэн, тухайн үеийн эрх баригчид, шинээр төрсөн улс төрийн хүчнүүд хамтран улс төр, эдийн засгийн өөрчлөлтийг аливаа хүчирхийлэлгүй, тайван замаар нэгэн зэрэг өрнүүлсэн нь өөр олон оронд давтагдаагүй, эв эеэ эрхэмлэж ирсэн монголчуудын хувьд түүхэн сургамжтай үйл явдал байлаа.
Үүний хүчинд бид тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжлийн баталгаагаа бэхжүүлж дэлхий нийттэй нүүр бардам хөл нийлүүлж алхах болсон юм.
Ардчилсан өөрчлөлтийн эхэн үед 1990-1992 онд төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын эрхэм гишүүд олон түмнийхээ идэвхтэй оролцоо, дэмжлэгтэйгээр шинэ Үндсэн хуулийг боловсруулан баталж, хэрэгжүүлж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Энэхүү Ардчилсан шинэ Үндсэн хуулийн тулгуур үзэл санааг Монголын төрт ёс, хууль цааз, улс төр, нийгмийн сэтгэлгээний их өв сангаас салган ойлгохын аргагүй. Мөн шинэ Үндсэн хуулиар баталгаажин өрнөсөн ардчилсан үйл явцыг ч Монголын хөлгөн их түүхээс, бүр наад зах нь ХХ зууны эхнээс гараагаа авсан ардчилсан шинжтэй өөрчлөлтийн алдаа оноотой шинэхэн түүхээс ч бас ангид ухаарах аргагүй юм. Түүхэн сонголтын нарийн эгзэгтэй тэр л үеэс үндэс суурь нь тавигдсан ардчилал, хүний эрх, парламентат ёсны ээдрээ, нугачаатай замд тохиосон завхрал, гажуудлыг арилгаж, тасалдаж мартагдсаныг залган шинэ түүхэн нөхцөлд сэргээн хөгжүүлсэн явдал нь монголчууд бидний түүхэн ололт, ахмад, дунд, залуу үеийнхний тууштай бодлогын үр дүн билээ.
Ардчилсан өөрчлөлт, шинэчлэлтийн гол үр дүн, манай цаашдын хөгжлийн үндэс болсон шинэ Үндсэн хууль ХХ зууны сүүлийн хагаст дэлхий дахинд өрнөсөн их өөрчлөлтийн үзэл санааг угтан тосч, хүн төрөлхтний түгээмэл үнэт зүйлс болох нийгмийн баримжаатай ардчиллын суурь үнэлэмжүүдийг эх орноо ардчиллын замаар хөгжүүлэх үзэл баримтлал болгон баталгаажуулснаараа орчин үеийн эх оронч үзлийн шинэ агуулга, Монголын ард түмний ардчилсан үзэл санааны дээд үнэлэмж болж чадсан юм.
Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хүндэтгэж хэрэгжүүлэх, төрийн эрх мэдлийг тэнцвэртэй хуваарилан эрх зүйт төр, парламентат ёс, сонгуулийн ардчиллыг хөгжүүлэх, олон намын оролцоо бүхий улс төрийн тогтолцоог төлөвшүүлэх, тэгш боломж, ил тод байдал, шударга өрсөлдөөнийг дэмжих, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн эрх чөлөөг хангах, нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх, олон тулгуурт нээлттэй гадаад бодлогыг хэрэгжүүлэх зэрэг орчин үеийн либераль ардчиллын үндсэн үнэт зүйлс Үндсэн хуулинд бүрэн баталгаажиж, эдүгээ Монгол Улсын ардчилсан хөгжлийн дүр төрх, цаашдын ирээдүйг тодорхойлж байна.
Өөрчлөлт, шинэчлэл үргэлжилж, нийгэм, улс орон эрчимтэй хөгжлийн замд орж, дэвшил хөгжлийн шинэ шинэ боломжууд нээгдэж байна.
Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж байдаггүй.
Нийтлэг эрх ашгийн үүднээс эв эеэ урьд өмнөхөөс илүүтэй эрхэмлэж дээрх шинэ боломжуудыг бүрэн дүүрэн ашиглах нь ардчилал, хөгжил дэвшилд өнөөгийн бидний оруулах гол хувь нэмэр байх болно.
Мөнх эргэлдэх амьдралын хүрд дор Монгол Улс маань цэцэглэн хөгжихийн өлзийтэй ерөөлийн хамт, Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн баярын мэндчилгээг Та бүхэнд хүргэе.
Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойд зориулсан Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн чуулганы хуралдаан нээснийг мэдэгдье.