Н.Энхболд: Амьдралаа дүгнэх үе ирэхэд нүүр улайхааргүй амьдарсан байх юмсан
УИХ-ын дэд дарга Н.Энхболдтой их ажлынх нь завсар зайгаар цөөн хором ярилцсанаа хүргэе.
-УИХ-ын даргыг эзгүй үед та чуулганыг удирдаж байгаа. “Ангийн дарга” байх хэцүү байна уу?
-УИХ-ын гишүүд бүгд л өөр өөрийн гэсэн онцлогтой, үзэл бодолтой, байр суурьтай. Тиймээс удирдах гэсэн ойлголтын хувьд бол амаргүй улс. Харин хурал зохион байгуулах талаасаа бол тийм ч хэцүү ажил биш. Яагаад гэвэл, хурлыг зохион байгуулж, явуулах дэг журам гэж бий. Энэ дэгийг нь сайн сахиулж явах нь УИХ-ын даргын гол үүрэг. Түүнээс биш УИХ-ын даргад эсвэл тухайн үед хурал удирдаж буй дэд даргад гишүүдээс илүү эрх мэдэл байхгүй. Хурлыг үр дүнтэй, эмх цэгцтэй удирдан явуулахыг би хичээж байна. Товчоор хэлэхэд, хурлын зохион байгуулагч юм даа.
-Та олон алба давхар хашдаг, ажил ихтэй хүн. Заримдаа жирийн л “контор”-ын ажилтан хийгээд явах юмсан гэж бодогддог үе байдаг уу?
-Ер нь хааяа тэгж бодогддог шүү. Бид нарын хашиж байгаа ажил маань их хариуцлагатай. Гаднаас нь харахад их амархан л харагддаг байх. УИХ-ын гишүүн бүр ямар нэг юманд санал өгөхдөө заавал дотроо бодож тунгаана шүү дээ. Хэцүү, маргаантай, ойлгохгүй, мэдэхгүй юм гарна. УИХ-ын удирдлагад ажиллаж байгаа хүний хувьд надад бэрхшээлтэй үе бас тулгардаг аа.
Сургууль төгссөнөөсөө хойш дандаа удирдах ажил хийж явлаа. Тэгэхээр жирийн ажилтан бол дээдэх шатныхаа хүмүүстэй харьцуулахад хариуцлага багатай л гэсэн үг юм уу даа. Хүн л юм чинь надад тэгж бодогддог үе байдаг. Гэхдээ УИХ-ын гишүүн бид энэ замыг өөрсдөө сонгосон тул аливаа бэрхшээлийг даван туулах чадвартай байх ёстой гэж боддог.
-Таны амьдралын зорилго юу вэ гэсэн асуултад товчхон хариулт өгөөч гэвэл...
-Цөөн үгээр илэрхийлэхэд хэцүү л юм. Гэхдээ аливаа хүн бурхнаас заяагдсан гэдэг утгаараа ямар нэгэн зорилготойгоор энэ дэлхийд илгээгдсэн байж таараа. Гэхдээ “Энэ хүн муу юм хийгээсэй, амьдрал нь муу яваасай” гэсэн хувь заяатайгаар төрдөггүй байх. Тийм учраас хүн болж төрсөн л юм чинь бусдад хэрэгтэй байх юмсан, сайн сайхан амьдрах юмсан гэж явах ёстой болов уу. Мэдээж хэрэг, хүнтэй дайсагналцаад явахыг боддоггүй байх.
-Нөгөө талаар үүнийг таны баримталж явдаг зарчим гэж ойлгож болох уу. Таныг өөрийн гэсэн байр сууриндаа бат зогсдог хүн гэж хүмүүс үнэлдэг юм билээ.
-Ер нь тэгж ойлгож болно. Нөгөө талаар бас нэмж хэлэх юм байна. Хэзээ нэгэн цагт өөрийнхөө амьдралыг дүгнэх үе ирэхэд нүүр улайхааргүй амьдарсан байх юмсан гэж бодож явдаг. Улааныг харж улалзаж, шарыг харж шарвалзаж, хэн нэгэнтэй наалдаад явах нь тийм ч сайн хэрэг биш байх. Дотно сайхан нөхөрлөлгүй яах вэ. Гэхдээ ялангуяа төр болон улс төрд ажиллаж байгаа хүмүүс юмны голчийг, зарчмыг нь олж олон түмний эрх ашигт нийцсэн зөв байр суурийг эрхэмлэж, итгэл үнэмшилтэй болсон зүйлдээ л тууштай байх хэрэгтэй. Байр сууриа олон дахин сольсноороо өөрсдөд нь ч, хийж байгаа ажилд нь ч тус болдоггүй гэдэг нь харагддаг л даа.
-Та олны итгэлийг хүлээж явдаг цөөн гишүүний нэг. Тийм ч учраас УИХ-д гурав дахь удаагаа сонгогдсон болов уу. Дөрөв дөх удаагаа өрсөлдөх үү?
-Миний нас яагаа ч үгүй байна гэж бодож явдаг шүү (инээв). Тэр утгаараа хийх ажил их байна. Надад эзэмшсэн боловсрол байна. Амьдралынхаа хугацаанд олсон туршлага байна.
-Та олон төрлийн хоббитой хүн юм билээ. Дуртай зүйлдээ цаг гаргаж чадаж байна уу. Хамгийн сүүлд хэзээ бүтэн хоног амарсан бэ?
-Хүн аль болох ажил амралтаа зохицуулж байх хэрэгтэй л дээ. Миний хувьд долоо хоногийн турш өдөр шөнөгүй ажилладаг гэж худлаа хэлэхгүй. Үр хүүхэд, эхнэртээ аль болох цаг гаргахыг хичээдэг. Хамгийн сүүлд Хандгайтад нээгдсэн цанын шинэ баазад бүтэн өдөр өнжсөн юм байна.
-Таныг ачтай болсон гэж сонссон. Та хэр халамжтай өвөө вэ?
-Их гайгүй халамжтай өвөө гэж бодож явдаг шүү (инээв). Энэ талаар манай эхнэрээс юм уу, ач охиноос минь асуух нь зөв байх. Гэхдээ ач охин маань дөнгөж л ой өнгөрч байна. Тэгэхээр арай мэдрээгүй л байгаа байх даа. Хэлд орсон хойно нь асуувал “Манай өвөө их сайн шүү” гэж хэлэх болов уу хэмээн найдаж байна. Би ер нь ойр дотныхоо болон гэр бүлийнхээ хүмүүсийг сэтгэл санааны болон бусад ямар нэгэн байдлаар хүнд байдалд оруулахгүй юмсан гэж бодож явдаг. Хамгийн нандигнаж, эрхэмлэж, юм юмнаас хол байлгах юмсан гэж бодож явдаг зүйл бол миний гэр бүлийн амьдрал юм. Хүүхэддээ гар хүрч үзээгүй, бие биендээ хатуу муухай үг хэлж үзээгүй тийм л гэр бүл. Эцэг эх маань ингэж хүмүүжүүлсэн. Тийм ч учраас би энэ чанарыг ялангуяа эрэгтэй хүн бүрт байх ёстой хамгийн гол чанаруудын нэг гэж бодож явдаг.
-Нууц биш бол, танд өнөөдөр бизнес бий юу?
-Байхгүй ээ. Яг үнэнийг хэлэхэд, манай эхнэр өнөөдөр надаас илүү цалин хангамжтай, компанийн захирал хийдэг. Дээр нь хүүхдүүд маань гадагшаа явчихсан байгаа. Гэхдээ тэд байсан ч бид хоёрын цалин болдог юм аа. Манайх бол Монголын дундаж нэгэн гэр бүл. Нэг нь хувийн байгууллагад, нөгөө нь төрийн албанд зүтгээд, болж л байна.
-Та Завхан аймагт төрсөн боловч Төв аймгийн Нутгийн зөвлөлийн дарга юм билээ.
-Би Зуунмод хотын Нутгийн зөвлөлийн дарга. Намайг бага байхад аав ээж маань Төв аймаг руу нүүсэн. Тиймээс миний ухамсарт амьдрал Төв аймагт өнгөрсөн. Энэ аймаг бол намайг өсгөсөн, хүн болгосон газар. Надад хүнд үнэлэгдэх ямар нэгэн чанар байдаг бол үүнийг би төв аймагчуудаас олж авсан гэж ойлгож болно.
-Та хүний ямар чанарыг эрхэмлэдэг вэ?
-Хүн хүнээрээ, нэг зангаараа, аливаад тууштай, үнэнч байх ёстой гэж боддог.
-Жаахан улстөржсөн асуулт тавья. Ерөнхий сайдын “мест”-нд таны нэр яригдаж байсан. Хэрэв танд санал болгосон бол та хийх байсан уу?
-Төрийн өндөр албан тушаалыг хэн нэгэн нь санал тавиад дангаараа шийдчихдэг асуудал биш л дээ. Тийм санал байсан. Энэ талаар санал солилцож байсан зүйлүүд ч бий. Олон хүчин зүйл нөлөөлдөг. Гэхдээ... ямар ч гэсэн их л сайн бодох л байсан байх.
-Тэгвэл ирээдүйд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодол бий юу?
-Ийм шууд асуудалд хариулахад эрт байна даа. Дотроо бодолтой хүн ч гэсэн өдийд ярьж байх үе биш л дээ.
-Зав гаргаж ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.
-Танай сонинд ч бас мянга дахь дугаар гаргаж байгааг тохиолдуулан баяр хүргэж, ажлын амжилт хүсье. Өнөөдөр чөлөөт хэвлэлүүдэд алхам алхмаар гэгээ орж байгаа гэдгийг дотор нь ажиллаж байсны хүний хувьд би мэддэг юм.