Эрхэм гишүүд хуралдаандаа согтуу ирэхгүй хэмээн бие биедээ ам өчгөө өгчээ
2009.11.13

Эрхэм гишүүд хуралдаандаа согтуу ирэхгүй хэмээн бие биедээ ам өчгөө өгчээ

Матар бол загас

Австралийн парламент 2006 оны наймдугаар сарын 17-нд «матар бол загас» гэсэн мэдэгдэл хийж, дэлхийг гайхшруулав. Учир нь тус улсын Хөдөө аж ахуйн сайд «Матарыг загас болговол бид загас, загасан бүтээгдэхүүн, түүний дотор матар, хавч хэлбэртэн, сам хорхойн экспортод хяналт тавих ажиллагааг хялбарчилна» хэмээн парламентаа ятгаж чадсан байна. Монголоор өгүүлбэл баавгайг үнэг гэж тооцвол ангийн арьсны экспортод тавих хяналт сайжрах юм байх. Ийнхүү австраличууд матраас болоод загас агнуур, хөдөө аж ахуйн болон мод бэлтгэлийн гэсэн гурван хуулиндаа өөрчлөлт оруулжээ. Нэгэнт гурван хууль байгаа юм чинь матрыг гурван янзаар тодорхойлж яагаад болохгүй гэж. Тэгэхээр матар бол загас төдийгүй бас лууван, мод ч байж болох нь.

Компьютер ч хориотой

Бутаны Үндэсний хурал өнгөрсөн зун хөгжил дэвшлийн хаалгыг хаав. Шинэ хуулиар депутатууд хуралдааны танхимд зөөврийн компьютер авч ирэх эрхгүй болжээ. Учир нь спикер «Чухал асуудлыг хэлэлцэх үеэр депутатууд эротик зураг үзэж, компьютер тоглоом тоглох вий» хэмээн эмээж байна. Ийм баримт ч бий. Норвегийн парламентчид 2003 онд Афганистанд явуулах цэргийн ажиллагааны тухай хэлэлцэж байтал Консервативнамын нэгэн депутат асуудалд хэт автав бололтой гэнэт зөөврийн компьютер дээрээ «Metalion» тоглож гарлаа. Танхимд хаа сайгүй байдаг камерт бичигдсэн энэ бичлэг үдэш нь Норвегийн иргэдэд хүрэв. Мэдээж дайтах хорхойтой депутатын улстөрийн карьер дашийн шог болжээ. Уг нь бодит Кабул хотыг буудсанаас компьютерын байг сансраас лазерын их буугаар оносон нь дээр баймаар.

Сэр, Та шизонтой биш биз

Их Британы Парламент 2008 онд депутатуудын дунд нэргүй асуулга явуулав. Тэдний 26 хувь нь сэтгэцийн хямратайгаа хүлээн зөвшөөрсөн ба харин нийгэм сөргөөр хүлээж авахаас эмээгээд энэ тухайгаа ил тод зарладаггүй ХЭМЭЭСЭН талаар The Тimes бичжээ. Их Британи улс сэтгэцийн өвчтэй хүмүүсийг парламетад суухыг хуулиар хориглодог билээ. Харин одоо энэ улсын эрх баригчид «Шударга бус хуулиа өөрчлөе. XVI зуунд сэтгэцийн хямрал эмчлэгддэгийг мэддэггүй байсан» хэмээн санал дэвшүүлжээ. Их Британийн парламентын доод танхимын депутатууд хэнийг тэнэг, хэнийг галзуу, солиотой гэх талаар маргалдсаар хуулийг сайжруулах төслөө цааш тавив. Иймээс одоо тэд бие биеэ тэр 26 хувьд багтсан байх вий гэж сэжигтэй хардаг болжээ.

Ув улаан гишүүд

Японы парламентын доод танхимын депутатууд 2005 онд архины талаар тусгай тогтоол гаргажээ. Эрхэм гишүүд хуралдаандаа согтуу ирэхгүй хэмээн бие биедээ ам өчгөө өгч ард түмнээ баярлуулсан нь энэ аж. Учир нь сөрөг хучин болох Японы Ардчилсан намын депутатууд«Либерал ардчилсан намын хэсэг депутатууд, түүний дотор одоогийн болон экс Ерөнхий сайд нар хуралдаандаа улаан царайтай ирлээ» гэж буруутгажээ. Хариуд нь Либерал ардчилагчид «Юу ярьж байгаа юм, бид харин ч өнөөдөр нэг грамм ч спирт уугаагүй» хэмээн уурласан байна. Ингээд парламентчид удаан маргалдаж, дараа нь хэвлэлээр хэрэлдсэний эцэст арай гэж зөвшилцөлд хүрэв. Талууд хэнийг ч шийтгэхгүй, гэхдээ үүнээс хойш хуралдааны өмнө уухгүй гэж тохиролцон, дээрх тогтоолыг гаргасан гэнэ.

Ам сөргөсөн ч ходоод үгүй

Казахстаны депутатууд эрүүл ухаанаа уландаа гишгих шиг болж, дэлхийд шивш-гээ тарилаа. Хоёрдугаар сарын 23-ны өдөр тус улсын Доод танхимын залуу депутат бусад гишүүдэд баярын мэнд дэвшүүлсэн биш бөөн дуулиан үүсгэв. Учир нь энэ өдөр бол ЗХУ-ын (одоо ОХУ) цэргийн баярын өдөр билээ. Иймээс үндсэрхэг үзэлт депутатууд «Харь орны цэргийн баярыг дурс-лаа» хэмээн уурлан бухимдаж гарчээ. Гэвч энэ зөрчилдөөн дороо арилав. Яагаад гэвэл бүгд байнгын хороод руу-гаа яаран таран одов. Тэнд парламентын эмэг-тэй гишүүд хэдийн ширээ засаж, эрчүүддээ баярын бэлэг бэлдсэн байжээ. Хачирхалтай нь хэн ч найрын ширээнд бойкот зарласангүй. Эх оронч үзэл нь сайхан бүсгүйчүүд, сайн даруулга харахаар алга болдог бололтой.

Порно сайтын депутатууд

Украин улсад сонгуулийн хар РR арай дэндлээ. «Зарим депутатыг хүүхдийн «Артек» зусланд хүүхдүүдийг хүчиндсэн гэж буруутгаад удаагүй байтал «Бүс нутгийн нам»-ын лидер В.Ф.Януковичийг бүлэг хүчин үйлдсэн гэж цуурах болов. Мөрдөн байцаалт нэг бол эдгээр баримтыг үгүйсгэж, «Хамгийн их худлаа ярьдаг үе бол сонгууль ба сексийн өмнө, мөн
загасчилж ирсний дараа» гэдгийг батлах байх. Эсвэл тус улсын Дээд Рада (парламент) гишүүдээ зөвхөн интернэтийн порно сайтуудаас сонгодог нь тогтоогдох бололтой.
Ер нь Украины сайтууд дээр «Украины депутат гэдэг бол албан тушаал биш ердөө циркчин гэсэн үг. Гэхдээ инээдмийн гэхээсээ эмгэнэлтэй байх нь элбэг» гэж бичиж байна

Евро парламент дэндүү садар

Европын Холбооны парламент ч онцгойров. 2009 оны есдүгээр сард тус парламент «Литов улсын насанд хүрээгүйчүүдийг хамгаалах хууль нь цөөнхийн эрхийг зөрч-сөн бөгөөд иргэдийг үндэслэлгүй шийтгэх нөхцөл бүрдүүллээ» хэмээн шүүмжиллээ. Уг нь энэ хуулиар 18 хүрээгүй хүүхдүүдийн хооронд үүссэн гомо, бисексуаль, полигами харилцааг сурталчлахыг хориглосон юм байна. Европын Холбооны парламентчид бүгд бэлгийн гаж чиг хандлагатай баймааргүй юм даа.

Хотын мэр л порно үзэг

Латвийн Лиепа хотын депутат Стен Лоренс эрхэм гишүүдийн ёс зүйн хуулийн төсөлтэй танилцаад залруулга нэмэхийг хүсчээ. Лоренс «Парламентчид гомо байж болохгүй. Мөн гудамжинд буюу олон нийтийн жорлонд бие засч болохгүй. Хуралдааны танхимд өмхий хий гаргаж үл болно. Өдөрт таван граммаас илүү архи амсахыг хориглоё.

Бас долоо хоногт нэгээс олон удаа энгэр зөрүүлж болохгүй. Порно кино үзэх эрхийг зөвхөн Лиепагийн захиргаанд өгье» гэх зэрэг олон санаа дэвшүүлсэн байна. Хэрэв Латвийн эрхэм гишүүдэд хошин шогийн дусал ч болов мэдрэмж байдаг бол энэ залруулгыг батлах нь дамжиггүй. Учир нь Стен Лоренс өөрөө орон нутгийн рок од бөгөөд дэндүү чөлөөт авир төрхөөрөө алдартай нэгэн гэнэ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.