Хүүхдэдээ баяжихыг заадаг шигээ хүн байх ухаанд сургах ёстой
Бид хүүхдээ наймаа хийх, баяжих ухаанд сургаж чаддаг. Харин амьдралд хамгийн чухал хүн байх, эх оронч үзэл суулгахаа мартжээ. Тэгвэл баянхонгорчууд анх удаа хүүхдээ хүн байх эрхэм чанарт санаа тавьж, хөтөлбөр боловсруулан хүүхдүүдэд ханджээ. Тус аймгийн Боловсрол соёлын газрынхан, Нийгмийн халамжийнхан, дунд сургуулийн багш гээд хүүхдийн төлөө ажилладаг бүх байгууллагын төлөөлөгч нийлсэн 40-өөд хүн Улаанбаатарт энэ ажлаар хүрэлцэн иржээ. Тэднийг нутаг буцахаас нь өмнө “Хүүхэд хамгаалал” хөтөлбөрийнх нь тухай болон аймгийн боловсролын салбарт тулгамдсан бэрхшээлийн талаар дараах зүйлийг тодруулсан юм.
-Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэдэг. Өнөөгийн нийгэмд хүн байх гэдэг эрхэм чанарын төлөө санаа зовниж, хөтөлбөр боловсруулсан гэж сонслоо. Та арай жаахан дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Тийм ээ. Өнөөдөр хүүхдийн хүмүүжил маш их доголдож байна. Олон шалтгаантай л даа. Энгийн жишээ дурьдахад л хүүхдийн хэл яриа бүдүүлэг болж, хүнд туслахаа мартаж эхэллээ. Нэгэнт бид хүүхдийн төлөө ажиллах ёстой хүмүүс учраас төлөвшилд нь санаа зовних нь хамгийн том үүрэг болжээ. Үүнийг маань Дэлхийн зөн байгууллагын Хүүхдийн хөгжил хөтөлбөрийнхөн дэмжиж, санхүүгийн туслалцаа үзүүлж байна. Мөн Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсрол соёлын газрынхан бидэнтэй хамтраад гуравдугаар сургууль буюу “Эрдэнэмандал” ахлах сургуулийг сонгон загвар болгохоор хөтөлбөртөө тусгасан. Тус сургуулийн 21 багш, удирдах ажилтан нэгдээд хүүхдийн төлөвшил, гэр бүл, олон нийт рүү чиглэсэн олон ажил хийхээр төлөвлөсөн. Энэ бүхнийг хүүхэд төвтэйгөөр хийнэ. Ингэсний эцэст хүүхэд хүүхдээсээ суралцаж, үлгэр дуурайл авах юм л даа.
-Хүн чанартай, нийгэмд соёлтой, хүнлэг иргэн төлөвшүүлнэ гэсэн үг юм байна. Тэгвэл зөвхөн хүүхэд биш эцэг, эх, гэр бүлээс гадна нийгэмд хандсан олон санал санаачилга өрнүүлэх хэрэгтэй юм байна, тийм үү?
-Тийм ээ. Эцэг эх, багш, сурагч, төрийн байгууллагуудын үүрэг их. Ямар сайндаа л Баянхонгорын бүх байгууллага хүүхдийн төлөө хөдөлгөөн өрнүүлж, ямар нэгэн ажил хийж, улирал бүр түүнийхээ тайланг тавьж байгаа.
-Энэ хөтөлбөрийн хүрээнд олон дорвитой ажил тусгагдсан байх аа. Заримыг нь дурьдаж болох уу?
-Төлөвшил, хүүхдийн эрүүл мэнд гэсэн хоёр чиглэлээр ажиллаж байна. Хүүхдийг эрүүл байлгах, эцэг эхчүүд, гэр бүл рүү чиглэсэн олон ажил төлөвлөсөн. Жилийн дараа гэхэд эхний үр дүн гарна. Тэр цагт дахин тайлангаа тавина.
-“Хүүхэд хамгаалал” хөтөлбөр боловсруулахад их судалгаа хийсэн байх. Тэгэхээр дээр дурдсан хоёр чиглэлд зайлшгүй хамрагдах хүүхдийг тоог гаргасан уу?
-ЕБС-д 19 мянга, цэцэрлэгт 5000 орчим хүүхэд суралцдаг. Боловсрол, эрүүл мэндийн үйлгээнээс хоцорсон 1000 орчим хүүхэд бий. Тиймээс Албан бус боловсролын төвд хүүхдүүдээ хамруулж тоог нь 0.2 хувиар бууруулж байна. Энэ хүүхдүүдийг эрүүл саруул өсгөж, боловсролтой болгочих юмсан гэсэн л хөтөлбөр л дөө. Манай аймаг 21 мянган өрхтэй. Үүнээс 2000 нь ядуу. Тэд хүүхдүүдээ алтанд авч яваад сургуулиас нь гаргачихдаг. Энэ бүхнээс нэг дор шууд ангижирч чадахгүй учраас эхний ээлжинд гуравдугаар сургуулиас ажлаа эхлүүлж байгаа юм.
-Сургуулиас завсардсан хүүхдүүдийн тухай таныг илүү их мэдээлэлтэй байх гэж бодлоо. Хөдөөгүүр явахад соёлоос үнэхээр хоцрогдсон хүүхдүүд таардаг. Энэ хүүхдүүд нийгэмдээ төлөвшүүлэх нэн даруй хэрэгтэй байх. Та ийм хүүхдүүдтэй хэр их таарч байв?
-Судалгаа хийдэг. Гэхдээ судалгаанд найдах нь тийм ч төгс арга биш байх аа. Ер нь бол хот орж үзээгүй, зурагт, радиогийн мэдээллээс хоцрогдсон хүүхэд байхыг үгүйсгэхгүй. Ялангуяа алслагдсан сумдад. Гэхдээ энэ хүүхдүүдэд аль болох хүрч ажиллана.
-Танай аймагт хүнд хөдөлмөр эрхэлж буй, сургуулиас завсардсан хүүхэд хэр олон бэ?
-Гурван жилийн өмнө судалгаа хийхэд 1000 орчим хүүхэд сургууль завсардчихаж гэсэн дүн гаргасан. Энэ хүүхдүүд алт ухаж, мал маллаж, айлд зарцлагдаж байна. Эдгээр хүүхдийг Хүнд хөдөлмөрөөс хөндийрүүлэхийн тулд бас зүгээр суугаагүй. Жилд 100 хүүхдийг хүнд хөдөлмөрөөс ангижруулахаар хөтөлбөр боловсруулж, гурван жил ажиллаад одоо төгсөх шатандаа орж байна. Бас сум бүрээс 10 хүүхэд сонгож сургуульд хамруулсан. байгаа. Дээрээс нь бид зөвхөн дунд сургуульд сургаад орхидоггүй, төгсөхөөр нь МСҮТ-д явуулдаг. Эхнээсээ МСҮТ төгсөөд ажлаа хийж яваа.
-Хүүхэд төлөвшихөд орчин хамгийн чухал. Танайх загвар сургууль болно гэнэ. Тэгвэл одоогийн байдлаар сургуулийн орчин хэр хангалттай гэж үздэг вэ?
-Манай сургууль гурван ээлжээр хичээллэдэг. Харин энэ жил дөрөвдүгээр арван жилийн сургууль шинээр нээгдэж, бусдынхаа ачааллыг хөнгөвчиллөө. Энэ жил дээврээ засуулсан. Одоо бараг дуусч байна. Сурах бичиг бол зургаан настай, 10-11-дүгээр ангийнханд хуваарийнхаа дагуу ирсэн. Харин 2-5-дугаар ангийнхан долоо хоногоор хоцорч ирсэн.
-Тэгвэл багш хэр хангалттай вэ. Сайн багштай байж л хүүхдийг зөв төлөвшүүлэх болов уу?
-Сургуулиудаас багшийн захиалга аваад, төгсөгчдийг бүртгэсэн. Гэтэл 250 гаруй хүн бүртгүүлсэн. Гэвч тэднээс 13-14 нь л ажлын байраар хангагдсан. Мэдээлэл зүй, математик, дуу хөгжим, хөдөлмөрийн багш энэ жил илүү эрэлтэй байжээ. Багшийн хангалт 100 хувь. Гагцхүү сайн багш л болгох хэрэгтэй. Ингэхийн тулд олон төрлийн сургалтанд хамруулж, хүүхдээс гадна багшид бас төлөвшлийн өндөр шаардлага тавьдаг.
Хичээлээс гадуурах сургалт хариуцсан мэргэжилтэн Д.Цэцэнхүү:
-Ер нь өнөөдөр хүүхдийн төлөвшилд илүү анхаарах цаг болсныг хэрхэн мэдрэв. Энэ санааг хэн дэвшүүлсэн бэ?
-Хүүхэд хөгжил хамгааллын систем өнөөдөр нийгэмд байна уу, яагаад хүүхэд бие хүн болж төлөвшихгүй байна, яагаад гэмт хэрэгт холбогдочхов, хүүхэд яагаад хохироод байна вэ гэж эцэг эх, багш хүмүүс үргэлж боддог байх аа. Үүнийг ер нь, хөндөх цаг болсон. Хүүхдийг зөв хүн болгоход хамгийн түрүүнд юу анхаарах вэ гэдгийг ганц бид ч биш хүн бүр бодох хэрэгтэй. Энэ бол нийгмийн захиалга. Бид одоо хүүхдийг яаж хайрладаг юм, хайр гэж ер нь юу юм, тэр их хайраас хүүхэд хэрхэн хүмүүждэгийг энэ хөтөлбөрөөрөө батална.
-Энэ их үйлсэд тань төрийн дээд албан тушаалтнууд хэр санаа тавьж байна. Хаана, хэнд хандаж үзэв?
-Ер нь бол баярлах хүн олон шүү. Хөтөлбөрийн гишүүд юуны түрүүнд Баянхонгор аймгаа төлөөлөн УИХ-д суугаа хүмүүстээ хандлаа. Харин Х.Баттулга гишүүн бидний үйл ажиллагааг дэмжиж, бүх талаараа туслахаа илэрхийлсэн. Бас бие төлөөлөгчөө илгээж биднийг Цонжинболдог дахь Чингисийн хөшөөт цогцолборт урилаа. Тэгээд бид ярьсан юм. Хэдийгээр Төв аймагт төдийгүй дэлхийд гайхуулах энэ бүтээн байгуулалтыг хийсэн хүн нь манайх юм. Тэгэхээр түүний хийж бүтээх их үйлсэд амжилт хүсье. Энэ хүн шиг бид ч бас их юм хийж бүтээх хэрэгтэй юм байна гэж ойлгосон.