2009.08.28

Г.Баярсайхан: ЭНЭШТ-д нярайн асрагч хийдэг байлаа

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан энгүүн ярилцлаа. Өрөөгөөр нь ороход элдэв цэцэгс ногоорч, голын урсгалын чимээ сонсогдоод эх байгальд ирсэн мэт сэтгэгдэл төрөв. Экологийн онцлогоо өөрийнхөө тохижилтод шингээсэн бололтой. Хулс, цахирмаа гэх мэт цэцэг эрээлжилж харагдана.

-Та өрөөгөө хэзээ ийм гоё болгочхов оо. Ямар ямар цэцэг байна вэ?

-Сонгуулиас хойш л өрөөгөө тохижуулъя гээд бодоод явсан, сая л санасандаа хүргэлээ. Хулс мод, бас эд баялаг дууддаг мод байна. Хулсыг цэцгийн бизнес хийдэг найз маань бэлэглэсэн юм. Мөн эрдмийн ундраа, цахирмаа гээд цэцэг бий. Цахирмаа бол цэцгийн хаан. Би Тайвань явахдаа түүнийг авчирсан. Гурван сар цэцэглээд л гурван сар "унтдаг" цэцэг юм билээ. Манайхан морио дээдэлдэг шиг тайвань чууд цахирмаагаа хүндэтгэдэг.
Төрийн ордны агааржуулалт муу. Тэгээд ч улстөрчийн ажилд бухимдах үе чамгүй гардаг. Өрөөний агаар чийгшүүлж, тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг болохоор энэ цэцэгнүүд, бас жижиг усан оргилуурыг байрлуулсан л даа. Ер нь ажлын өрөө тухтай байх хэрэгтэй.

-Эхээс хэдүүлээ вэ. Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ??

-Дээрээ гурван эгчтэй, айлын бага, бас ганц хүү л дээ. Аав маань хөрс судлаач, эрдэмтэн хүн. Ээж монгол хэл, уран зохиолын багш. Бага байхын л гэрт маань янз бүрийн чулуу байдаг байлаа. Тэр утгаараа би бас чулуу сонирхдог болсон. Гэхдээ олон биш, цөөхөн ховор чулуу надад бий. ОХУ-ын Сибирийн Чара голын эрэгт байдаг үнэт чулуу хүртэл байгаа. Энд тэнд явахдаа чулуу зардаг газруудаар нь амжуулаад орчихдог юм. Би багын л хөдөлгөөнтэй хүн л дээ. Тэр зан маань одоо ч хэвээрээ шахуу.
Манай аавынх Дамбадаржаад хашаатай юм. Зав гарвал тэнд суулгасан бут, сөөг, жимсний модоо очиж арчилдаг. Мөн интернэтээр аялж, сүүлийн үеийн мэдээлэл цуглуулдаг даа.

-Уг нь та АУИС-ийг төгссөн юм билээ. Аавдаа "уруу татагдаад" экологийн чиглэлээр ажилладаг болсон юм уу?

-АУИС-ийн ерөнхий эмчилгээний ангийг төгссөн. Манай төгсөлтөөс мэргэжлээрээ ажиллаж буй мундаг эмч олон байна. Экологи бол гэр ахуй, орчин гэсэн утгатай үг. Тиймээс хүний амьдрах орчин, эрүүл мэнд хоёр салшгүй холбоотой ойлголт шүү дээ.

-Бизнесийн гараагаа хэрхэн эхэлж байсан бэ? Ихэнх бизнес мэн ажлын гараагаа жижиглэнгийн худалдаанаас эхэлснээ дурсдаг.

-Сурагч байхдаа л наймаачин байлаа шүү дээ./инээв/ Би Орос III сургуульд есдүгээр анги хүртлээ сураад, аравдугаар ангиа Дорнод аймгийн Халх голд төгссөн. 3-4 дүгээр ангид байхаасаа л цуглуулсан маркаа орос хүүхдүүдтэй солилцож, үзэг бал, офицер цүнх гэх мэтийг наймаалцдаг байлаа. 10 дугаар ангиа төгсчихөөд зах дээр торго ч зарж явлаа. Тухайн үед хүмүүс урагшаа наймаанд их явдаг,байсныг ч хэлэх үү танил ах маань баахан. торго авчраад намайг зар, илүү гаргаад дундаас нь мөнгө олоорой гэлээ. Тэгээд л өнөөх торгыг дор нь зараад мундаг ашиг олсон. АУИС-ийн оюутан болоод ч наймаагаа үргэлжлүүлэв. Бүр сургуулиасаа жилийн чөлөө аваад Москва руу гахай зөөж ч байсан. Харин хожим нь "Экологи" нэртэй компани байгуулж, байгаль экологийн үнэлгээ хийдэг болсон доо . Бас нэг хэсэг барилга ч барьсан.

-Эмчийн мэргэжлээр суралцаж байсан оюутан цагийнхаа дурсамжаас хуваалцаач.

-Тэр үед анагаахад элсэхийн өмнө эмнэлэгт тодорхой хугацаагаар асрагч хийх ёстой гэсэн шаардлага тавьдаг байсан юм. Тэгээд 1988 онд аравдугаар ангиа төгсчихөөд ЭНЭШТ-ийн Нярайн тасагт асрагч хийсэн. Тэр үед төрөлт ч их байж. Нярай хүүхэд өлгийднө, хэдэн зуун даавууг нь цэвэрлэх гээд ажил их байсан. Дадлага хийж байсан оюутнуудаас нярай хүүхдэд тариа хийдэг нь ховор. Сувилагч нар маань ачааллаа дийлэхгүй болохоор надаар тариа хүртэл хийлгэдэг байлаа шүү дээ. Тэгээд нэгдүгээр дамжааны оюутан болмогц өмнө нь эмнэлэгт ажиллаж цочроо гарсан болохоор ангийнхаа охидод тусалж, сургуулийн хонгилд байдаг музей руу орох гэхээр нь "хамгаалагчаар" явдаг байлаа. Ер нь унаган орос хэлтэй, өмнө нь эмнэлэгт ажиллаж байсан учир сурахад надад хөнгөн байсан. 1996 онд их сургуулиа төгссөн.

-Эхнэртэйгээ хэзээ танилцсан бэ?

-Эхнэртэйгээ хоёрдугаар дамжаанд оюутан байхдаа танилцсан .Бид хоёр нэг сургууль төгссөн л дөө. Манай эхнэр нүдний эмч мэргэжилтэй. Одоо хувиараа гоо сайхны салон ажиллуулдаг юм. Хоёр жил гаруй үерхээд төгсөх дамжаандаа гэр бүл болсон. Хүний охин авч сууж байгаа хүн "бяртай" байх хэрэгтэй. Бизнес хийдэг болохоор нэлээд бийлэгжүү оюутан байлаа. Оюутан байхдаа л өөрийнхөө хөдөлмөрөөр нэг өрөө байр, машинтай болчихсон байсан.

-Тэр үед машинтай оюутан их ховор байсан байх даа. Ямар маркийн машин байсан вэ?

-Эхлээд УАЗ-469 машин авсан. Энэ чинь тухайн үедээ л супер жийп нь байлаа шүү дээ. Дараа нь бенз авсан. Яг одоо бол "lexus-570" унаж байгаа. Ажлаар орон нутаг руу их явдаг болохоор ийм машинтай болсон.

-Та хоёр хэдэн хүүхэдтэй вэ?

-15 настай нэг хүүтэй. Хүүг маань Хубилай гэдэг. Саяхан нэг найз маань гадаадаас ирчхээд "Хүүхэд чинь 15 хүрчхэж. Дахиад хүүхэдтэй болохгүй яасан юм бэ" гэж байна лээ. Үнэндээ завгүй л явлаа. Мэдээж ойрын хугацаанд хүүхэдтэй болох бодол бий. Гурван хүүхэдтэй болъё л гэж бодоод байна. Хүүхэд хань бол хүний амьдралын хамгийн чухал баялаг шүү дээ.

-Улс төрч хүн хүссэн, хүсээгүй олон нийтийн өмнө ил байдаг. Тэгэхээр гоо сайхан, гадаад үзэмждээ илүү анхаарах шаардлагатай болдог байх л даа. Та энэ талаар хэр анхаардаг вэ. Эхнэрийнхээ салоны байнгын үйлчлүүлэгч үү?

-Нэг их анхаараад байдаггүй шүү дээ зав ч гардаггүй. Эхнэр маань л янз бүрийн юм хэлдэгт би харихаар хүчээр суулгаж байгаад л нүүрэнд маань маск тавьж өгдөг шүү /инээв/. Улстөрч хүн ер нь үлгэр жишээ байх хэрэгтэй л дээ. Тиймээс аль болох чанартай, цэвэрхэн хувцас өмсөхийг эрмэлздэг.

-Гэрийн ажилд хэр вэ. Олон эгчтэй хүн эрх өссөн болов уу?

-Хоёр дахь эгч маань биднийг ажилд сургасан л даа. Одоо хааяа гэртээ "залхуу бууз", цуйван гээд гарын хоолоо хийнэ ээ. Гэхдээ нэг их айхтар өөх, тостой хоолноос зайлсхийдэг. Эхнэр маань цагаан хоолтон болохоор би ч бас хөнгөн хооллохыг хичээдэг.

-Та УИХ-ын залуу гишүүдийн нэг. Залуу гишүүдтэйгээ нийлээд хааяа наргина биз?

-Ж.Энхбаяр, Д.Батбаяр гээд найз гишүүд бий. Гишүүн болсноосоо хойш хааяа тамхи сороод байсан. Хүү, эхнэр хоёр маань "Танаас тамхи үнэртээд байна" гээд шүүмжлээд байхаар нь больсон доо. Найз нөхөдтэйгөө хааяа уулзаж, ганц хоёр аяга шар айраг уулгүй яах вэ. Эрийн хугархай юм чинь бас цэмцэгнээд байж болохгүй биз дээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.