2009.06.17

Фракц бүлэглэлд харшилтай түшээ

Энэ удаагийн парламентад будаг нь ханхалсан шинэхэн түшээд цөөнгүй байгаагийн нэг нь Хөвсгөл нутгийнхны итгэлээр сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн. Ихэнх тохиолдолд шинэхэн түшээд амаа ангайн бусдыгаа харсаар дор хаяж эхний хоёр гурван жилээ урсгаж орхидог бол тэр, хууль тогтоох танхимд анх удаа сууж буй ч үзэл бодлоо чангахан илэрхийлдэг ширүүхэн нөхдийн нэгээр тодорчихоод буй.

Магадгүй энэ нь түүний олон жил төрийн алба хашсан туршлагатай нь холбоотой биз. Тэрбээр арван жилийн сургуулиа Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо төгсөөд хуучин ЗХУ-ын Украйны Харьковын Политехникийн дээд сургуулийг дүүргэсэн юм билээ. Бизнесийн удирдлага болон эдийн засгийн магистр цолтой тэрбээр Төвийн эрчим хүчний системд автоматикийн инженер, Сангийн яамны Валютын харилцааны газарт мэргэжилтэн, Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга, Эдийн засгийн бодлогын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга, Монгол Улсын Шадар сайдын Эдийн засгийн зөвлөх, БСШУЯ-ны Санхүү эдийн засгийн газрын даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн. Түүнээс гадна түүнийг төрийн сангийн Ц.Даваасүрэн гэх нь бий. Учир нь мань эр төрийн сангийн тогтолцоог сайжруулахаар санаачилж, хөл дээр нь босгосон гэх юм билээ. 200 онд Санхүү эдийн засгийн яамны төрийн сангийн газрын даргаар очиход нь төсвийн данс улайчихсан, тэтгэвэр, цалингийн өр хэдэн сараар хуримтлагдсан хэцүүхэн байсан гэдэг. Тэгээд л мань эр овоорсон их ажил руу ханцуй шамлан орж төсвийн хөрөнгийг нэг дансанд төвлөрүүлж, хөрөнгө дутсан үед авч хэрэглээд татвар орж ирэхээр нөхдөг мөнгөн хөрөнгийн удирдлагыг нэвтрүүлсэн юм билээ. Нэг зүйл тодруулахад тэрбээр өнгөрсөн намрын чуулганы үеэр Төрийн сангийн тухай хуулийн төсөл санаачилна гээд явж байсан. Удахгүй өргөн барих биз.

Ташрамд дуулгахад Ц.Даваасүрэн гишүүн өнгөрсөн УИХ-ын сонгуулиар амласан 1.5 сая төгрөгөө өгч чадахгүй бол хамтарч засаг барьж буй нөхөд хамтдаа хариуцлага хүлээнэ гэдгийн эсрэг байр суурьтай байдаг юм билээ. Түүний үзэж буйгаар хамтарч засаг барьж байгаа гээд хариуцлагаа хуваалцана гэдэг дэндүү гэнэн төсөөлөл гэх. Тэр ч утгаараа 1.5 саяыг өгөхөөр зүтгэх л хэрэгтэй гэж хатуухан мэдэгддэг. Ерөнхийдөө мань эрийн талаар элдэв хов жив одоогоор сонсогдоогүй л байна. Тийм цэвэр эр үү, эсвэл нууцлагдмал нөхөр үү гэдгийг одоогоор мэдэх юм алга. Хувь хүний хувьд бол тэр тун шударга хүн гэхийг олонтаа сонссон. Хэлье гэснээ хэнээс ч айлгүй хэлчихдэг, хийе гэснийхээ төлөө нойр хоолоо мартаад зүтгэдэг гэж дотны нөхөд нь амаа олохгүй магтахыг сонссон. За ямартаа ч тэрбээр УИХ дахь уяач гишүүдийн тоог нэгээр нэмсэн. Энэ жил ч нутгийнхаа уяачидтай нэг гал болж улсын наадамд шандаст хүлгийнхээ тоосыг өргөхөөр бэлтгэлээ базааж яваа гэнэ лээ. 50 гаруй адуутай уяач гишүүн маань зүгээр ч үгүй аймгийн алдарт уяач цолтой юм гэсэн. Мэдээж хөдөө нутгийн хүүхэд болохоор ан авд тун ч хорхойтой. Өвөө нь нутагтаа алдартай мэргэн анчин байсан гээд бодохоор эрхэм гишүүний анд хорсойсох нь арга ч үгүй биз. Хамгийн хачирхалтай нь Хөвсгөл далайн эрэг дээр төрж өссөн атлаа усанд сэлж чаддаггүй гэж байгаа. Харин загасчлахдаа бол баргийн хүнийг дагуулдаггүй гэх. За тэр ч яахав.

Төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгээс үзэхэд тэрбээр боломжийн орлоготой юм билээ. Насаараа төрийн албанд зүтгэсэн хүн хаанаас… гэж хардсан ч үнэндээ мань хүн бусад шиг наймаа хийж манаргаж явсан удаатай юм билээ. Булга, тарваган малгай оёж зардаг байснаа тэрбээр хожим тамхины цаасны бизнес хийгээд үзсэн гэдэг. Тухайн үед улаан тамхинаас өөр тамхи ч байсан биш. Тэр утгаараа тамхины цаас гэдэг өргөн хэрэглээний бараа шиг л эрэлт хэрэгцээ ихтэй байсан нь мэдээж. Мань хүнийг хар захынхан бүр анддаггүй байсан гэсэн. Наймаа хийлээ гэж байцаагдаж хүртэл үзсэн түүнийг анх ажилд ороход нь Нийгмийн аюулаас хамгаалах яамны ажилтан хамт олонд нь хүлээлгэж өгч байсан гэдэг. Наймаа хийдэг байсан нөхрийг хараа хяналтдаа байлгаж засч ав гэж тэр шүү дээ. Гэхдээ алдарт 20 дугаар тогтоол гарч түүний хадгаламждаа хийсэн хэдэн төгрөгийг хог болгочихоогүй бол тэр төрийн алба руу зүтгэхгүй байсан ч байж магадгүй хэмээн дурсдаг. Тодруулбал хамаг хөрөнгөө устгаад алга болчихоор эдийн засгийн боловсрол эзэмшихээр шийдэж л дээ. Хичээнгүй сайн оюутан байсан учраас Удирдлагын академиас шууд л Сангийн яаманд очсон хэрэг. Харин гэр бүлийн хүн нь эмч мэргэжилтэй агаад өдгөө мэргэжлийнхээ дагуу гадны төслийн удирдагчаар ажилладаг юм гэсэн. За нэг ийм түшээ УИХ-д уугуул нутгийнхнаа төлөөлөн сууж байна. Ямартаа ч хэлгүй гишүүн гэж гоочлуулсангүй.

Хэлье гэснээ хэлж, хийе гэснээ бүтээхээр зорьж явна. Өнгөрсөн хугацаанд малчдын орлогыг нэмэгдүүлэх, ашигт малтмалын орд газруудын гэрээг ашигтай хувилбараар шийдвэрлэхэд голлон анхаарлаа хандуулсан тэрбээр сонгогчдодоо амласан зүйлээ эхнээс нь хэрэгжүүлж эхэлсэн хэмээн өөрөө айлдсан. Тэгэхээр Хөвсгөл нутгийнхан чих зөөлөнтэй сайн хүү гэж амаа олохгүй магтах нь зүйн хэрэг биз дээ. Нэгэнтээ түүнээс сэтгүүлч “Танай намын гишүүд тэрний энэний хүн гэж ялгардаг. Та хэний хүн бэ, ямар нэг бүлэгт харьяалагддаг уу” гэж асуухад “Би хувь заяагаа хэн нэгнээс хамаарна гэж дагаж гүйдэггүй. Өөрийнхөөрөө байсан.

Цаашдаа ч тийм байна. Бор зүрхээрээ өдий хүрч, нутгийнхныхаа дэмжлэгээр төр түшилцэж, улс төрд орлоо. Тэр утгаараа бүлэг фракц гээд далбагнаад байх шаардлага алга. Хэн нэгний дэмжлэгийг хүртэж тэжээвэр мал шиг амьдрах сонирхол ч алга” хэмээн эрсхэн хариулснаас нь үзвэл үзэл бодолдоо үнэнч нэгэн байх магадлал өндөртэй санагдаад байгаа. Өөрөөр хэлбэл итгэж болох нөхөр гэх гээд байна л даа. За нэг ийм нөхөр хөвчийн сайхан хангайнхнаа төрд төлөөлөн сууж байна, үлдсэн бүрэн эрхийнхээ хугацаанд юу хийж, юу амжуулахаас мань эрийн улс төрийн карьерийн ирээдүй шалтгаалахыг тэрбээр сайн мэдэж байгаа учраас итгэл үзүүлсэн сонгогчдынхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэдэгт итгэж байна. Тодруулбал цаг хугацааг хүлээзнэн эл эрхмийн үйл ажлыг тандаж л сууя даа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.