Олон улсын шүүхээс баривчлах шийдвэр сонссон анхны ерөнхийлөгч
Олон улсын эрүүгийн шүүх түүхэндээ анх удаа төрийн тэргүүнийг баривчлах тухай тогтоолыг 2008 оны долдугаар сард гаргасан юм.
Тэрхүү төрийн тэргүүн бол Суданы Ерөнхийлөгч Омар аль-Башир юм. Олон улсын шүүхээс гаргасан шийдвэрийн хариуд Суданы Ерөнхийлөгч олон улсын шүүгчдийг "Тогтоол бичсэн цаасаа өөрсдөө ид" гэжээ. Тэр баримт бичиг нь түүнийг бичсэн бэхний үнэд хүрэхгүй гээд дуртай цагтаа гадагшаагаа явахаа мэдэгдсэн. Харин Суданы тагнуулын алба Олон улсын эрүүгийн шүүхтэй хамтран ажилласан хэнийг ч цээрлүүлнэ гээд "Шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр хуруугаа жаахан хөдөлгөсөн хэн бугайн ч гарыг тайрна" хэмээн анхааруулжээ.
Омар аль-Башир гэж хэн бэ?
Ерөнхийлөгчийн албыг хашиж байхдаа ял сонсоод буй Омар аль-Башир нь өдгөө 65 настай. Тариачны хүү, дунд сургуулийн сурагч байхдаа машин засварын газар ажиллаж амьдралаа залгуулж байсан. 16 настайдаа Цэргийн академид элсэн орж, явган цэрэгт алба хаасан. Кайрийн цэргийн коллежийг дүүргээд Египетэд цэргийн алба хаажээ. 1973 онд болсон Египет Израйлийн дайнд оролцож байхдаа ямар цэрэг болохоо харуулсан байна.
Дайл дууссаны дараа Арабын Нэгдсэн Эмиратад цэргийн атташегаар ажиллаж байгаад нутагтаа ирж Суданы Ардын чөлөөлөх армийн эерэг хэд хэдэн ажиллагааг амжилттай удирдан явуулжээ. Улс төрд орох үндсэн суурь нь ингэж тавигдсан. 1989 онд түүний удирдлага дор цэргийн хүчээр засгийн эрхийг булаан авах ажиллагаа тун амжилттай болсон. Яагаад засгийн эрхийг булааснаа "Ард түмнээ хооллож чаддаггүй ардчилал оршин тогтнох ёсгүй" хэмээн тайлбарласан байна. Засгийн эрхийг авангуутаа генерал цол хүртсэн Омар аль-Башир нь Үндэстнийг аврах хувьсгалт зөвлөлийг байгуулж өөрөө тэргүүн нь болжээ. Мөн БХЯ, зэвсэгт хүчний ерөнхий' командлагчийн албыг давхар хаших шийдвэрийг гаргасан байна. Бүх улс төрийн хүчний үйл ажиллаагааг зогсоож, чөлөөт хэвлэлүүдийг хориглож, Суданд лалын шашныг дэлгэрүүлэх зорилт тавьсанаа тухайн үедээ тунхагласан.
1993 онд Ерөнхийлөгч болоод өөрийнхөө байгуулсан Үндэстнийг аврах хувьсгалт зөвлөлийг тараах шийдвэр гаргасан нь эрх мэдлийг гартаа авах гэсэн алхам байжээ. Омар аль-Башир эхэндээ Үндэсний лалын фронтын тэргүүн Хасан аль-Турабитай хамтран эвсэл байгуулсан боловч тэдний нөхөрлөл удаан үргэлжилсэнгүй. Хасан аль-Тураби Ерөнхийлөгчийг огцруулах эрхийг парламентад олгож, Ерөнхий сайдын албыг сэргээх арга хэмжээ авч эхэлсэн байна. Үүнд хоёр дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсон Омар аль-Башир ихэд дургүйцэн хууль батлах дээд байллагыг тарааж, хамтрагчаа шоронд хийж онц байдал зарласан байна. Ийнхүү Омар аль-Башир бүрэн эрхээ тогтоожээ.
Дарфуртын зөрчилдөөн
Тэрбээр Ерөнхийлөгч болсноосоо хойш улсынхаа өмнөд нутаг амьдардаг христос шашинтай хар арьстнуудыг буруу номтон гэж тэдний эсрэг хатуу бодлого явуулсан.
Арабуудаас бүрдсэн "Жанжавид" гэгч бүлгийг байгуулж тариа тарих газрыг чөлөөлөх нэрээр нутгийн уугуул иргэд болох Фур, Масалит, Загхва үндэстнүүдийг хөөж эсэргүүцсэнийг хороосон байна. Дарфуртын зөрчилдөөний эхлэл нь энэ.
Гэтэл хоёр жилийн дараа Дарфуртын өмнөд нутгаас газрын тосны орд илэрсэн. Энэ нь нутгийнхны эсрэг тэмцлийг улам өдөөж иргэний дайн гарахад хүргэсэн юм. "Жанжавид" бүлгийнхэн нут гийн ардуудыг дийлэхгүй болсон тул Засгийн газрын цэргүүдийг үүнд татан оролцуулсан. Энэ нь Суданыг хөрш зэргэлдээ орших Чад зэрэг орнуудтай зөрчилдөхөд хүргэсэн юм.
Дарфуртын хямралын талаар олон жил яригдсан. Байдлыг зохицуулах зорилгоор 2007 онд НҮБ энхийн сахиулагчдаа тийш нь илгээсэн. Түүнээс хойш байдал харьцангуй тайван болсон ч хэвийн болж чадалгүй өнөөдрийг хүргэлээ. Албан ёсны баримтаар энэ зөрчилдөөний улмаас ойролцоогоор 4000 хүн амиа алдаж, 2.7 сая хүн нутгаасаа дүрвэжээ.
Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчдийн үзэж байгаагаар энэ хэргийн хамгийн гол буруутан нь Суданы Ерөнхийлөгч Омар аль-Башир. Тэр нутгийн уугуул иргэдийг устгах тушаал өгсөн. Түүнийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн нийт долоон заалтаар буруутгаад байгаа. Гэтэл Суданы Сайд нарын танхимын албан ёсны төлөөлөгч энэ бүхнийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн. Хэрвээ Олон улсын эрүүгийн шүүх хэргийг НҮБ-д шилжүүлэх юм бол Судан өөрийн байр сууриа хатуу илэрхийлнэ гэдгээ ч хэлжээ.
Олон улсын эрүүгийн шүүхийн энэ тогтоол нь Дарфуртыг хямралаас гарах арга замыг хайж буй улс орнуудыг нэлээд хүнд байдалд оруулаад байна. НҮБ-ын дипломатууд, Африкийн Холбоо, Арабын Лигийн орнуудад энэ шийдвэрийг буруутгаж байгаа. Энэ тогтоол нь Судан төдийгүй тус бүс нутгийн байдлыг улам хурцатгахад хүргэж болзошгүй. Дарфуртад дахин дайн зэрвсэгт мөргөлдөөн гарахад Омар аль-Баширт алдах юм байхгүй. Тэр цэргийн хүчээр нутгийн иргэдийг хүйс тэмтэрчихнэ.
Олон улсын шүүхийн шийдвэрийг хэн гүйцэтгэх вэ?
Суданы Ерөнхийлөгчийг баривчлах тогтоол гаргасан нь бас нэгэн асуудлыг хөндөхөд хүргэж байна. Шүүхийн тогтоолыг хэн биелүүлэх вэ гэдэг нь маш сонин юм. Суданы Засгийн газар үүнийг гүйцэтгэж болно. Ингэх үүрэгтэй гэж Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчид үзэж байгаа. Гэвч Суданы өнөөгийн улс төрийн байдлаас үзэхэд ингэх нь юу л бол. Олон улсын эрүүгийн шүүх нь өөрийн гэсэн цэрэггүй, Дарфуртад буй НҮБ-ын 24 мянган энхийг сахиулагчид нь цэргийн гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгагдаж буй хүнийг баривчлах эрхгүй юм. Харин» Суданы Ерөнхийлөгч тус олон улсын байгууллагыг хүлээн зөвшөөрсөн 108 орны аль нэгэнд нь очвол түүнийг саатуулж болох талтай. Гэтэл Олон улсын эрүүгийн шүүхийг 80 улс орон хүлээн зөвшөөрөөгүй . Энэ нь ОХУ, БНХАУ, АНУ зэрэг орнууд юм. Харин Суданы Ерөнхийлөгч энэ тог тоолоос огтхон ч айхгүй байгаагаа хэлсэн. Түүгээр ч зогсохгүй Катарт болох Арабын орнуудын дээд хэмжээний уулзалтанд оролцоно гэсэн.
Ямар ч байсан Суданы Ерөнхийлөгч Омар аль-Баширийн нэр хүнд олон улсын тавцан дээр өснө гэдэг юу л бол. Дашрамд дурдахад тэрбээр хоёр эхнэртэй. Тэднийг Фатима Халдид, Видад гэдэг. Хоёр дахь эхнэр нь өмнө гэрлэж байсан хүүхэдтэй аж. Харин Омар аль-Башир хүүхэдгүй гэнэ.