Д.Оюунхорол: Бид хууль тогтоох байгууллагадаа Арабын алчууртай хүүхнүүдээс долоон дор төлөөлөлтэй
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхоролтой ярилцлаа.
-Өнгөрсөн ч гэсэн танд баярын мэнд хүргэе. Баяраа хэрхэн тэмдэглэж өнгөрөөв?
-Баярлалаа. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр нь манай монголчуудын уламжлалт баяр болжээ. Энэ баярыг угтаж манай байнгын хорооноос олон ажил зохион байгууллаа. Үүний нэг нь УИХ-ын гишүүдийн гэргий нарыг хүлээн авсан уулзалт байлаа. Эрчүүдийн маань ар талыг найдвартай хамгаалж, сэтгэл тайван ажиллах боломжийг нь олгож, урам хайрладаг тэр хүмүүсийг хүлээж авсан нь маш сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Дөрөв дэх удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон гишүүний эхнэр хүртэл өмнө нь Төрийн ордонд орж ирж, ийм арга хэмжээнд оролцож байсангүй гэж ярьж байсан. Тэгэхээр цаг үеэ олсон, тэдний хүлээж байсан арга хэмжээ болжээ гэж ойлгож байна. Энэ арга хэмжээг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн, МАХН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан нар урмын үг хайрлаж, сэтгэлийн дэм өгсөнд бүсгүйчүүд их баярлаж байгаагаа илэрхийлсэн.
Мөн Монголын Ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбооноос эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан нэгэн арга хэмжээ зохион байгуулсан. Түүнд би илтгэл тавьсан. Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал нийгмийн хамгааллын салбарт яаж нөлөөлөх, тэр тусмаа эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлөх, хямралын өмнө хүүхнүүд бэлэн байна уу зэрэг асуудлыг илтгэлдээ дурьдлаа.
-Эндээс харахад Та бусдыг баярлуулаад л өнгөрч. Гэр бүлийнхээ хүрээнд хэрхэн тэмдэглэв ээ. Эрх биш өөртөө зав гаргаж баярын ширээгээ зассан байх?
-Улс төрч эмэгтэй чинь хариуцлагатай болчихдог юм байна. Ер нь л ар гэрийн гэсэн бүхий л зүйлээ орхидог. Гэхдээ «Мартын 8»-наа гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэлгүй яах вэ. Хамгийн гол нь хоёр ээжээ баярлуулсан. Амралтын өдөр ч таарч, зав олдож байгаа болохоор очиж уулзая гэж бодсон. Манай ээж өндөр настай хүн байдаг. Жил бүрийн баяраар үр хүүхдүүд нь очиж баярлуулдаг юм. Ээжтэй хүн энэ ертөнцөд их юмыг дааж, буян хурааж явдаг юм гэнэ лээ. Тэгэхээр ээжийгээ баярлуулахаас өөр том баяр гэж надад байхгүй.
-Ханиасаа ямар бэлэг авдаг вэ?
-Манай өвгөн над бэлэг өгдөг. Өнгөрсөн жилийн «Мартын 8»-наар энэ зүүж яваа цагийг минь бэлэглэсэн. Ер нь хэрэглэдэг зүйлийг маань донжийг нь олж сонгоод бэлэглэдэг. Манай найз нараас ч гэсэн бэлэг өгдөг. Эрэгтэй гишүүдээс ч гэсэн их бэлэг ирсэн.
-Тэгвэл та ээждээ барих хамгийн том бэлгийг юу гэж боддог вэ?
-Нас өндөр гарсан эхчүүд торго дурдан өмсөж, алт мөнгө зүүх сонирхолгүй байдаг. Өөрөөр хэлбэл эд материалын сонирхол угаасаа байдаггүй. Ээж маань цагаан сараа сайхан тэмдэглэж, ирсэн зочид гийчиддээ гарын бэлгээ өгөх дуртай. Ер нь тэгээд эх хүний хувьд хүүхдүүдийнх нь ажил төрөл бүтэмжтэй байвал баярлаж байдаг. Тиймээс хамгийн гол нь ээжийнхээ гэрт очиж, хүндэтгэл үзүүлэх, ажил амьдрал сайн сайхан байгаагаа харуулахад л их баярлана даа.
-Ээжтэйгээ очиж уулзах зав зай хэр байдаг вэ. Бид чинь бараг хаяанд нь шахуу байж очиж амждаггүй гэлцдэг шүү дээ?
-Сүүлийн үед зав бага болоод байна. Заримдаа сард нэг удаа очих гээд байна шүү.
-УИХ-ын гишүүдийн гэргий нарыг хүлээж авсан нь олны анхаарлыг нэлээд татлаа. Гэхдээ нөгөө талаас хямралын үед хийх юмаа мөн олов оо ч гэсэн яриа гарч байна лээ?
-УИХ-ын гишүүдийн гэргий нарыг хүлээж авсан нь ямар нэгэн баяр наадам, хүлээн авалт байгаагүй. Нэг үгээр хэлбэл энэ уулзалтыг зохион байгуулахад ямар ч зардал гаргаагүй. Монголчууд хүний амьдралын энэ богинохон хугацаандаа ямагт бие биедээ урам хайрлаж, ойлголцож, хамтран ажилладаг байх ёстой. Өнөөдөр эдийн засгийн хямрал болж байгааг ярьж байна. Энэ үед эмэгтэйчүүд, тэр дундаа төрийн түшээдийн гэргий нар хямралд хэрхэн хандаж байгаагаа, ямар асуудлыг шийдвэрлэвэл үр дүнд хүрэх вэ, бидний оролцоо юу байна вэ гэдгийг ярилцах нь хэрэггүй зүйл биш. Тиймээс аливаа асуудлыг бараан талаас нь хараад байлгүй, гэгээн талаас нь харж байвал ажил бүтэмжтэй байдаг гэж боддог. Би өөрөө ч тийм үзэл бодолтой хүн.
-Энэ уулзалтын дүнд У ИХ-ын гишүүдийн гэргий нарын клубийг байгууллаа?
-Өмнө нь клуб байгуулъя гэж ярилцаж байсан. Тэр дундаа нийгмийн салбарт хүүхнүүдийн хүч бололцоог ашиглах зорилготой байсан. УИХ-ын гишүүдийн гэргий нарын дунд төр, нийгмийн салбарт амжилт гаргаж яваа олон чадварлаг эмэгтэйчүүд бий. Уулзалтад оролцсон бүсгүйчүүл өөрсдийгөө нэгтгэж өгөх байгууллага бий болсонд баяртай байгаагаа хэлсэн.
-Энэ парламентад гурван бүсгүй байдгийн нэг нь та. Түрүүн ажил гэж яваад ар гэртээ цаг гаргах нь бага байдаг тухайгаа ярьсан. Ингэхэд гоо сайхандаа хэр анхаарч байна вэ. Хамгийн сүүлд үсээ богиносгосон байсан?
-Манай энэ парламент 30 хувь гэж ярьсаар байгаад гуравхан хүүхэнтэй болсон. Бид чинь хууль тогтоох байгууллагадаа Арабын алчууртай хүүхнүүдээс долоон дор төлөөлөлтэй ажилладаг улс орон болж хувирсан юм билээ. Улстөр гэдэг хатуу ширүүн тоглоом дунд эмэгтэй хүн орох нь хүнд хэцүү. Ялангуяа сонгуулийн ийм тогтолцоотой байх үед эрсдэлтэй алхам байсан. Өнгөрсөн УИХ-ын сонгуульд олон хүүхэн өрсөлдсөн ч боломж олдоогүйд харамсалтай санагддаг Гэхдээ дараа дараагийн УИХ-д олон бүсгүй орж ирэх суурийг тавьж өгөхөд бид гурав тодорхой үүргийг гүйцэтгэнэ. Бид УИХ-д суучихсан шүү гээд гараа хумхиад суухыг хүсэхгүй байна.
Би эмэгтэй хүнийхээ хувьд эгэл даруухан байх дуртай. Айхтар гоёж гоодоод байдаггүй ээ. Мэдээж төрийн алба хашиж байгаа учраас аль болох төвшин, аятайхан хувцаслахыг хичээдэг. Монголын төр, ард түмнээ хүндлэх шаардлага байна. Өөртөө анхаарал тавих боломж олдохгүй ч эмэгтэй хүн гэдгээ мартахгүй ээ.
-Харин энэ парламентад орж ирэхдээ жин нэмсэн нь анзаарагдсан?
-Харин тийм ээ. Хөдөлгөөнөө багасгасантай холбоотой болов уу. Өдөрт ядаж 30 минут хөдөлж байхгүй бол цаас шагайгаад л суугаад байвал жин нэмэх хандлагатай юм. Ялангуяа 40 гарч байгаа бүсгүйчүүдэд хөдөлгөөн дутагдвал таргалах шинжтэй. Хоол ундаа ч тохируулах хэрэгтэй байна. Би ч өөрийгөө задгай хаячихсан юм шиг байна лээ. Ер нь жин нэмсэн шүү.
-Та саяхан Завхан аймаг руу яваад ирсэн. Тойргийнхонтойгоо уулзах үедээ «өөрсдийнхөө төлөө ажиллаж чадах хүнийг л багийн Засаг даргаараа сонго, сонголт та нарын мэдлийн хэрэг» гэж ярьж байсан. Мөн Завхан аймаг дахь орон нутгийн сонгуулиар АН ялалт байгуулсантай холбогдуулаад намаар ялгаварлаж, ажлаас халах явдал ихээхэн гарч байна гэсэн. Үнэ хээр газар дээрээ нөхцөл байдал ямар байна вэ?
-Саяхан Завхан аймагтаа очиж ажилласан. Завханы ард түмнийг төрд төлөөлж ажиллаж байгаагийн хувьд тэдний төлөө төрд шударга ажиллаж, зүтгэнэ гэж бодож явдаг. Завханы ард түмэн намайг улстөрд хөтөлж оруулаад байнга дэмжиж ирсэнд би талархалтай ханддаг. Ямар ч өнгө мөнгөнд хууртдаггүй, үзэл бодол доо үнэнч хүмүүс намайг сонгож байсан болохоор тэдний төлөө чөмгөө дундартал ажиллана гэж боддог. Завханы өвөлжилт хүндэрсэн сумдад очиж, өвс тэжээл хүртээн, ахмадууддаа тусламж үзүүлж явлаа. Ойролцоогоор 20 тонн тэжээлийг өвөлжилт хүн-дэрсэн баг болгонд хүргүүлсэн. Нутагтаа очиж, сонгогчдынхоо яриаг сонсож явахад ажлын байр бий болгооч, төрийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийг бидний төлөө ажиллуулах талаар анхаараа ч гэсэн хүсэлт тавьж байсан. Зарим нэг статистик суд ал гаагаа баримжаагаар өгч байна.
Айл өрхөөрөө баг сумын Засаг дарга нар явахгүй байна. Тэгэхээр явахгүй байгаа хүмүүс хуурамч мэдээ мэдээлэл дээшээ өгч байна гэсэн асуудлыг тавьж байсан. Тиймээс би сонголт иргэдийнх байдаг. Удахгүй багийн Засаг даргын сонгууль болно. Энэ сонголтыг та бүхэн зөв хийх хэрэгтэй. Та бүхний төлөө ажиллаж чаддаг, оюунлаг, боловсролтой хүмүүсийг сонгоорой гэдэг саналыг тавьсан. Багийн Засаг дарга бол цалинтай малчин байж болохгүй гэдэг зарчмаар ажиллах ёстой юм. Намаар талцаж, жалга довоор ялгаварлахыг би хэзээ ч зөвшөөрдөггүй. Тиймээс ч нутгийн ард түмэн над саналаа өгдөг. Миний очсон сумдын дарга нар МАХН-ынх ч, АН-ынх ч байна. Тэд хамтран ажиллана гэд-гээ хэлж байсан.
-Завханыхан хүндхэн өвөлжлөө. Цагаан сарын шинийн нэгэнд баахан хүн галзуу чононд уруулсан. Та энэ удаа нутгийнхандаа хандаж, сэтгэлийн дэм өгөх үг хэлж болно шүү дээ?
-Аливаа бэрхшээлийг хөдөлмөрлөж байж л давна даа. Ер нь бид малчид руугаа хандсан төрийн бодлого боловсруулахаар төлөвлөж байна. Тэд маань хэдэн малынхаа төлөө гадаа гандаж, хөдөө хөхөрч, амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна. Тиймээс тэднийг дэмжсэн төрийн бодлого чухал байна. Би малчдаасаа нэг зүйл л гуйдаг. Та бүхэн байгаль цаг уурын бэрхшээлийг даван туулахын тулд газар дэлхийгээ тордож, газартай харьцаж сураач гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл өвс тэжээлээ базааж, төмс ногоогоо тариад авчихдаг болбол
хэдэн малаа хүний гар харахгүйгээр онд оруулаад байж болно шүү дээ. Харин үүнийг нь бодит ажил болгохын тулд төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй. Малын гаралтай түүхий эдийн үнэ их унаж байна. Тиймээс үнийн эрсдэлээс хамгаалахын тулд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, амьжиргааг нь залгуулахад тустай төрийн бодлого боловсруулан ажиллах нь хамгаас чухал байна.
-Хөдөлмөрлөсөн хүн бэрхшээлийг давна гэж хэллээ. Зун нь бэлтгэлээ базаасан малчид гайгүй байна уу?
-Дажгүй байна. Малчид эдийн засгийн хямралыг өөрсдөө л давж гарна. Хэнээсээ юу горьдож, суух вэ дээ гэж байсан. Гэхдээ төрд ажиллагсад шударга ажиллаж, дээдсүүд минь суудлаа олох хэрэгтэй байна шүү гэдгийг манай нутгийн өвөгчүүл хар ухаанаараа хэлсэн. Тэгэхээр хүмүүс хямралыг айхтар цочирдон хүлээж авахгүй байгаа хэрэг юм. Хамгийн гол нь хөдөлмөрлөж байж бэрхшээлийг давна гэдгээ ойлгожээ. Харин залуусыг ажилтай болгох боломжуудыг бүрдүүлэх шаардлагатай байна. Саяхан Мэргэжлийн боловсролын тухай хуулийг УИХ-аар баталсан. Өнөөдөр амьдралаа аваад явчихдаг мэргэжилтэй ажилтан бэлтгэх шаардлагатай байна. Гэтэл хөдөөд идэр насныхан л ажилгүй байна. Тэр хүмүүс мэргэжилгүй, ажлын чадваргүй бай-гаа нь ажилгүй, ядуу байх нэг үндэс болж байна. Тиймээс залууст мэргэжил олгох тал дээр анхаарч ажиллана. Манай залуус хөдөлмөрийн сахилга батгүй байгаа нь харам-салтай. Тухайлбал барилга дээр ажиллаж байгаа залуус цалингаа аваад хоёр гурван өдөр ажлаа орхин архидаад явчихдаг нь ердийн л үзэгдэл болж. Харин зарим нь цалингаа голж байна. Энэ бүхнийг л орхих хэрэгтэй юм.
-Тэгэхээр хуучнаар ТМС-д суралцагчдыг төрөөс илүү анхаарч дэмжих юм байна. Энэ жил гэхэд Мэргэжлийн боловсролын сургалт үйлдвэрийн төвд суралцагчдын тоо нэмэгдэх нь дээ?
-Улсын хэмжээнд өнөөдөр есөн Мэргэжлийн боловсролын сургалт үйлдвэрийн төв ажиллаж байна. Суралцагчдад зориулж сарын45 мянган төгрөгийн тэтгэлэг олгож, сургалтын төлбөрийг нь төр дааж байна. Мянганы сорилын сангаас өгч байгаа тусламжийн мөгийг Мэргэжлийн боловсролын сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаанд тодорхой хэмжээгээр зарцуулна. Тодруулбал сургуулиудын техник тоног төхөөрөмжийг шинэч-лэн, багш нарын мэргэжлийг дээшлүүлэхэд зарцуулах юм.
-Нийгмийн халамжийн мөнгө тойрсон асуудал танай байнгын хороогоор дамждаг. Таны хувьд халамжийн мөнгөнөөс татгалзъя гэж ярьж хэлж байгаа энэ үед ямар байр суурь баримталж байна вэ?
-Мөнгөтэй боломжтой байгаа үед нийгмийн халамжийн мөнгийг нэлээд хавтгайруулж, давхардуулсан байдлаар олгосон гэж яриад байгаа олон улсын байгууллагууд болон иргэдийн саналтай зарим талаар санал нэгдэнэ.Тухайлбал хүүхдийн мөнгийг боломжийн амьдралтай хүмүүс нь авдаггүй. Өгөөд ч хэрэггүй. Харин боломжгүйд нь тэр мөнгийг нэмээд өгчих хэрэгтэй гэж боддог. Тиймээс холбогдох хуулиудад өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзэж байна. Тэгээд ч Монгол "Улсыг хөгжүүлэх сангийн мөнгө хязгаартай болж, «Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх» хэрэгтэй болчихлоо.
-Та Завханы уугуул уу?
-Манай аав, ээж Завханы уугуул. Найман хүүхэд төрүүлж өсгөсөн, хөдөлмөрч хүмүүс. Хүүхдүүдийнх нь дөрөв нь докторын зэрэг хамгаалсан эрдмийн хүмүүс байдаг.
-«Отгонтэнгэр» сургуулиар таныг овоглож, таньдаг. Та ч өөрөө багш мэргэжилтэй биз дээ?
-1991 онд сургуулиа байгуулж байсан. Өнөөдөр энэ сургуулийг сургууль шиг сургууль болгож чадсан гэж бахархаж явдаг. Миний боловсролын салбарт 25 жил жил ажилласны үр дүн юм. Би өөрөө математикийн багш. Алтанбулагийн 10 жилийн сургуулийг онц төгсөөд УБДС-ийн математикийн ангид урилгаар орж суралцаж байсан. «Отгонтэнгэр» сургууль төгссөн төгсөгчдөөрөө бахархдаг.