Ж.Сүхбаатар: Хувийн санхүүгийн асуудлаа хүнээс нуугаад байх шаардлага надад ерөөсөө байхгүй
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатартай уулзаж ярилцлаа. Тэрбээр 34 настай бөгөөд УИХ-ын хамгийн залуу гишүүн.
-Та өмнө нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан. Ер нь ажлын гараагаа хэзээ, ямар ажлаар эхэлж байв?
-1997 онд МУИС-ийг төгсөх үед УИХ-ын гишүүн агсан, нэртэй хуульч С.Төмөр багш маань хуулийн сургуулийн захиргааны эрх зүйн тэнхмийн эрхлэгчээр давхар ажиллаж байсан юм. Намайг тус сургуульд багшаар ажиллуулах тухай асуудал яригдаж үндсэндээ шийдэгдсэн үед С.Төмөр багш өөрийн туслахаар ажиллах саналыг тавиад мөн хуулийн хувийн сургуульд хагас орон тоогоор багшлах гэсэн ажлын хоёр санал тавьсан. Мөн багшлах сургууль маань миний магистрантурт суралцах төлбөрийг бүрэн хариуцах нөхцөлтэй байлаа. Тухайн үедээ ажил, амьдралын талаасаа сэтгэлд нийцсэн тул саналыг шууд хүлээн авсан. Ингээд л МУИС-даа багшаар ажиллах сайхан боломжоос татгалзсанаас гадна зарим багш нарынхаа урмыг бага зэрэг хугалж, гишүүний туслахаар ажиллаж эхэлсэн.
Ажлынхаа хажуугаар мэргэжлийнхээ дагуу 1997-2005 оны хугацаанд хуулийн сургуулиудад давхар багшилж, хэд хэдэн ном хэвлүүлж, олон зуун шавьтай болсон. УИХ-ын гишүүний туслахаар хоёр жил ажилласан маань надад багшаасаа бүх талаараа суралцсан том сургууль болсон гэж боддог. 1999 онд С.Төмөр багш маань тэр үеийн УИХ дахь МАХН-ын бүлгийн удирдлага болох одоогийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нартай уулзсан юм билээ. Өөрөөр хэлбэл, бүлгийн ажлын албанд намайг мэргэжлээрээ сайн ажиллаж чадах залуу хэмээн батлан даасан хэрэг л дээ. Дээр нь, УИХ-ын цөөнхийн бүлгийн ажлын албаны дарга байсан Х.Баатар дарга маань албандаа авах саналыг анх багшид гаргасан учраас бүгд санал нэгдээд удалгүй ажлын албанд хуулийн бодлогын зөвлөхөөр томилогдоод, улс төрийн халуухан "гал тогоо"-нд ажилласан. Ер нь, хүний жинхэнэ амьдрал гэр бүл, найз нөхдөөс гадна сайн сайхан, агуу чадалтай хүмүүстэй уулзаж учирснаас эхэлдэг гэдэгт би итгэдэг.
-Та дараа нь СЕХ-ны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Тухайн үед ажлынхаа талаар ямар бодолтой байсан бэ, хийж байсан ажлынхаа тухай тодруулж ярихгүй юу?
-2001 оны нэгдүгээр сарын сүүлчээр тухайн үеийн УИХ-ын дарга агсан Л.Энэбиш дарга намайг гэнэт дуудаж уулзсан л даа. Л.Энэбиш дарга шууд л сонгууль, төрийн ажлын тухай 15 минут хэртэй "лекц" уншиж байсныг санаж байна. Тэгээд намайг "СЕХ-ны нарийн бичгийн даргаар ажиллахад бэлэн үү" гэж шууд асуусан.
Би хариуд нь "Би сонгуулийн талаар тодорхой ойлголтгүй" гэдгээ хэлж байсан юм. Тэгэхэд СЕХ-ны даргаар Ж.Ядамсүрэн даргыг томилохоор шийдчихсэн, нарийн бичгийн даргаар нь хуульч, төрийн ажлыг гадарладаг, залуувтар хүнийг тавихаар хайж байсан юм билээ. Өөр ажил хийх бодолтой явдгаа хэлмээр байсан ч, нэгэнт УИХ-ын дарга, намын удирдлагын зүгээс надад итгэл хүлээлгэж байгаа бол, төрөөс даалгаж байгаа ажлыг чадлаараа сайн хийхийн төлөө ажиллана гэж хэлээд гарсан. СЕХ-ны нарийн бичгийн даргаар 2001 оны хоёрдугаар сарын 1-нд УИХ-аас томилогдоод нэг сарын дараа Ерөнхийлөгчийн сонгууль эхэлж байсан даа.
Анх миний томилогдсон албан тушаалын цалин хөлс, ажиллах нөхцөл гээд бүх юм тодорхойгүй. Ерөөсөө орон тооны өөр ажилтан байхгүй, өөрөө л бичээч, зөөгч гээд гүйцэтгэх ажлуудыг хийж байсан. Хэдий сонгуулийн ярвигтай асуудлууд ихээхэн тулгарч байсан ч гэлээ Ж.Ядамсүрэн дарга бид хоёр СЕХ-г ажлын албатай болгохоос эхлээд хуулийг нь шинэчлэх, сонгуулийн ажлын онцлогийг олон түмэнд ойлгуулах гээд маш олон ажлыг гар, сэтгэл нийлэн хийж амжуулсан.
Одоо хэрэглэж байгаа сонгуулийн хуванцар хайрцгийг сонгогчид мэднэ дээ. Гурван зуугаад сая төгрөгийн өртөгтэй шиг санаж байна. Тэр үед манай УИХ, Ерөнхийлөгчийн нэг удаагийн сонгуулийн нийт зардал дөрөв, таван зуун саяд л багтдаг байлаа шүү дээ. Би Солонгосын сонгуулийн комиссын зарим нөхөдтэй нийлж, хөөцөлдсөний дүнд тэд маань чин сэтгэлээсээ хандаж тэндхийн нэгэн компаниар буцалтгүй тусламж хэлбэрээр манай сонгуулийн саналын бүх хайрцгийг хийлгүүлж, улс даяар солих ажлыг улсын төсвөөс хөрөнгө гаргалгүй амжилттай шийдсэндээ одоо ч сэтгэл хангалуун явдаг.
Яг гардаж хийсэн бас нэг ажил бол Монголдоо анх удаа Сонгуулийн төв байгууллагын тухай" хуулийг боловсруулж, төслөө УИХ-аар хорооны гишүүдийг томилох журамд өөрчлөлт орсныг эс тооцвол хэвээр нь батлуулж чадсан явдал. Ингээд 2001-2006 оны гуравдугаар сар хүртэл СЕХ-ны нарийн бичгийн даргаар ажилласан. Тэр үед таван жилийн хугацаатай томилдог байсан. Үндсэндээ ажиллах хугацаа дуусаад байтал Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболдын санал болгосноор намайг өмнөх дарга нь ОХУ-д Элчин сайдаар томилогдоод эзгүй байсан албан тушаалд буюу Засгийн газрын ХЭГ-ын тэргүүн дэд дарга, ерөнхий менежерээр Засгийн газраас томилсон. Өмнөх жишгээр ХЭГ-ын тэргүүн дэд дарга СЕХ-ны орон тооны бус гишүүнээр давхар ажилладаг тул УИХ-аас СЕХ-ны орон тооны бус гишүүнээр эргэн томилогдсон. Түүнээс хойш 2008 оны зургадугаар сар хүртэлх хугацаанд Засгийн газрын ХЭГ-ын тэргүүн дэд даргын албыг хашсан. Үүнээс хойш УИХ-ын гишүүнээр сонгогдоод ажиллаж байна.
-МАХН-д хэзээ элссэн бэ. Яагаад энэ намыг сонгосон юм бэ?
-1998 онд МАХН-ын гишүүнээр элссэн. Энд бяцхан түүх ярья. Нуух юм алга, 1990 онд МСДН-ын анхны дарга асан Баабарын "Бүү март, мартвал сөнөнө" гэсэн товхимлыг уншаад үзэл бодлын "тэсрэлт"-д орж байлаа л даа. Оюутан байхдаа Социал демократ намд элсдэг юм уу гэж бодож байгаад больсон. Ардчилсан, сэхээлэг, үзэл баримтлал нь тодорхой, хүчирхийллийн эсрэг ханддаг байсан нь тухайн үед сонин содон санагддаг байсан. Яагаад энэ намд элсэхээ больсон гэхээр, нэгэн суут хүний хэлсэн "Хүн мэдэхгүйгээсээ болж намд элсээд, ичсэнээсээ болоод гарч чаддаггүй" гэсэн үг оюутан ахуйд толгойд сайн суусан байв. Тэгээд сургуулиа төгсөөд улс төрийн намын гишүүн болох эсэхээ шийдэх нь зөө юм байна.
Үнэхээр 1997 онд гишүүний туслахаар ажиллах болсноор МАХН-ын гишүүд нөгөө намынхнаас ялгарахааргүй адилхан үзэлтэй, боловсрол, чадвартай төлөв хүмүүс байдаг, намын удирдлага нь эрч хүчтэй багаас бүрдсэн, дээр нь жирийн айлын хүүхэд бидэнд илүү их боломжийг олгодог зэргийг олж хараад МАХН-д элссэн дээ. Үүнээс хойш гурван жил орчмын дараа ажлын шаардлагаар хуулийн дагуу намын гишүүнээс түдгэлзсэн. Ингээд долоон жилийн дараа буюу өнгөрсөн оны сонгуулийн дараа л намын гишүүнчлэлээ сэргээсэн. Энэ хугацаанд нийгэм улс төрийн хүрээнд ажиллаж байсан хэдий ч үнэндээ намын дотоод амьдралаас хөндий'байсан гэж хэлж болно. Саяхан л намын бага хурлын гишүүнээр сонгогдож, намын дотоод ажилд идэвхтэй оролцох эрх нээгдлээ шүү дээ.
-УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид багагүй хөрөнгийг зарцуулдаг. Та төрийн ажлыг хашиж байхынхаа хажуугаар ямар нэг бизнес эрхэлдэг байв уу. Сонгуулийн зардлын мөнгөө яаж олсон бэ?
-Хувийн бизнес дагнасан ямар нэгэн үйл ажиллагааг эрхэлж байгаагүй ээ. Үүнийгээ би сонгогчдодоо, хэвлэлийнхэнтэй уулзахдаа шууд хэлдэг. Хувийн санхүүгийн асуудлаа хүнээс нуугаад байх шаардлага надад ерөөс байхгүй. Энэ нь миний багын хүмүүжилтэй холбоотой байх. Би эд хөрөнгө, хувцас материалд өнөөг хүртэл хэзээ ч ач холбогдол өгч байгаагүй. Одоо харин олон түмнийг төлөөлдөг, тэдний анхааралд ороод ирэхээр өмссөн зүүсэндээ анхаарах хэрэг гардаг л юм. Төрийн ажлаа л хийж явсан. Миний амьдралд жирийн нэгнээс илүү гарах юу ч байхгүй.
Нэр цэвэр байж, зуун төгрөгтэй явснаас зуун найзтай яв гэдэг угийг илүүд үзсэн. Найз нөхдөдөө, эргэн тойрондоо байгаа хүмүүстээ ажил, амьдралын хувьд ач холбогдол өгдөг. Надад олон найз бий. Тэд маань намайг төрийн албанд зүтгэж байгаагаар минь бахархаж, нэр цэвэр яваасай гэсэн үүднээс дэмждэг гэж ойлгодог. Найз нарын маань найз нар гэж бас байна. Гэхдээ би бие даасан, өөрийн бодолтой байх ёстой гэсэн зарчмыг тууштай баримтлахыг хичээдэг юм. Хэн нэгний эрхшээл дор явахыг хүсдэггүй, тэр тусмаа хөрөнгө мөнгөний нөлөөнд автахаас зайлсхийдэг.
Тодорхой зорилгын төлөө хамтарч ажиллах нь үүнээс өөр асуудал л даа. УИХ-ын сонгуулийн үеэр сурталчилгааны ажлын мөнгө хүрэхгүй байх вий дээ гэж нэлээд санаа зовж байлаа. Олон нөхөд маань таван мянгаас авахуулаад нэг сая төгрөг хүртэл өгсөн. Мөн дээр нь өөрсдөө зардлаа гаргаад Дарханд очиж ажиллаад сэтгэл санааны дэмжлэгийг маш олон хүн өгч байв. Тэднийхээ ачаар Дарханыхаа иргэдэд өөрийн үгээ хүргэж, олонхын дэмжлэгийг богино хугацаанд, хүчтэй авч чадсан. Миний баримталсан зарчим том зүйл амлан зохиомол дэмжлэгээр юм уу, ямар нэг арга заль
хэрэглэж хүмүүсээр дэмжүүлэх бус, цаг нь болсон бол намайг жам ёсоороо хүлээн авцгаана гэсэн арга барилаар ажилласан. Цаашид хүлээн зөвшөөрөгдөхийн тулд би итгэл үнэмшлээрээ дарханчуудтай нэгдэж сонгуульд ялах ёстой гэж өрсөлдсөн.
Хэрэв энэ сонгуульд ялагдал хүлээвэл тэднийхээ сонголтыг хүндэтгэж улс төрийн амьдралд оролцох бодлоо орхиж, зөвхөн эрдэм номын мөр хөөнө гээд дотроо нэг их улайрахгүйгээр сонгуульд шаргуу оръё гэж төлөвлөсөн. Гэхдээ сонгуульд ялна гэдэгтээ огт эргэлзээгүй учраас би хашиж байсан төрийн өндөр албаа өгчхөөд Дархандаа ирсэн. Сонгуульд өөрөөсөө гэхээс илүү, өрөөлөөс тус дэм авсан.
Бусад шиг хандив авна гэж зарлаагүй ээ. Хүндрэлтэй нь, сонгуулийн дараа хэдэн хүнд мөнгөн урамшуулал өгөхөд маань яахын аргагүй хөрөнгө мөнгөний талаас дутах асуудал гарсан. Өнөөг хүртэл хуульч мэргэжлийнхээ чадварыг төрийн ч түвшинд, хувийн салбарт ч "мөлжиж" амьдарч байсан. Хэд хэдэн хуулийн маргаантай асуудалд хувиараа зөвлөж, баримт бичгийг нь үйлдэж өгч тэр хэмжээгээрээ зохих хэмжээний мөнгө олж байсан. Анх 2000 онд гаргасан номондоо дөрвөн зуун мянган төгрөгийн зардал гаргаад найман зуун мянгыг олж байсан. Энэ бол наддаа л тэр үедээ урам онгод хайрласан "бизнес" байлаа. Сонгуулийн зардлын тухайд нэг зуун сая төгрөгөөс доош ороогүй гэдгийг хэлэх байна.
-Дээд хязгаарыг бол хэлэхгүй юу?
-Дээд хязгаар бол мэдээж их биш. Боломж маань хязгаарлагдмал. За даа, 160 гаруй саяд л хүрсэн. 150-180 хүн хөрөнгө мөнгөний дэмжлэг үзүүлсэн. Ер нь, хамгийн бага зардалтай сонгуульд ялсан нэр дэв-шигчдийн тоонд орох байх аа.
-Хэдэн ном бүтээсэн бэ. Одоо ажлынхаа хажуугаар ном бичиж байна уу?
-Үгүй дээ. Одоогоор бичдэг ажлаа хойш тавиад, хууль тогтоох ажилдаа оролцох, хүмүүстэй уулзах, эргэн. тойрноо ажиглах, судлахад хугацаа зарж сууна. Өмнө нь, таван ном бичсэн. Номуудаасаа овоо ашиг олсон шүү. Тухайн үед хэрэгтэй номууд байсан. Зарим ном маань одоо ач холбогдлоо алдаж байх шиг. Энэ зунаас эрдэм номын ажилдаа орно доо.
-Дархан-Уул аймагт Ж.Сүхбаатарыг нэр дэвшүүлэхийг хэн хэзээ шийдсэн бэ?
-УИХ-ын сонгуульд нэр дэвших асуудал бол мэдээж миний хувийн шийдэл байсан. 2007 оны аравдугаар сараас л нэр дэвших боломжийн талаар бодож эхэлсэн юм байна. Зөвлөсөн улсууд ч бий. Тухайлбал, Дархан-Уул аймгийн Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны зарим гишүүн болон нутгийн таньж мэдэх ахмадууд байсан.
-Таны саналыг намын дарга тань шууд хүлээж авсан хэрэг үү?
-Би чинь Засгийн газрын ХЭГ-ын тэргүүн дэд даргаар намын дарга, Ерөнхий сайд С.Баярын яг удирдлага дор ажиллаж байлаа шүү дээ. Хэдийгээр би Дарханд төрсөн ч гэсэн 2008 оны гуравдугаар сар гэхэд ангийн хүүхдүүд болон аймгийн намын удирд-лага, зарим гишүүд, аав, ээжийн найз нөхдөөс өөр хэн ч намайг мэдэхгүй байлаа шүү дээ. Тэгэхээр миний шийдвэр бол өндөр эрсдэлтэй байсан. 2007 оны сүүлчээр болсон намын анхан шатны байгууллагын хурал дээр анх албан ёсоор яригдаад. Дарханы ийм хүн Засгийн газрын ХЭГ-т алба хашдаг гэдгийг намын анхны шатныханд хэлдэг юм байна л даа. Тэгээд нэр дэвшигчдийн сунгаад оролцоход хөдөөгийн сумдаар яригдаагүй ч Дарханд хоёроор, бүлгийн хэмжээнд гурваар гарч ирсэн.
Энэ тухайгаа болон УИХ-ын сонгуульд нэр дэвших талаар Ерөнхий сайдад хэлэхгүй, ярилцаагүй явсаар байсан. Битүүхэндээ даргаасаа эмээгээд байсан хэрэг. Намын анхан шатны хэлэлцүүлгээр гараад ирсний дараа Дарханы намын хороо намайг сайхан хүлээж авсан. Үүний дараа С.Баяр даргад хэлэхэд надад "Чи ингэж шийдэж байгаа бол юу нь буруу гэж. Зөв. Намынхаа сонгон шалгаруулалтын дагуу л дэвш" гэсэн товчхон мөртөө дэмжсэн хариу л хэлсэн. Намын Бага хурлаар нэр ороход бүгд дэмжсэн.
-Сонгуульд ялж, УИХ-ын гишүүн болж, хууль тогтоох ажлыг гүйцэтгэж байна. Энэ ажилд орсноор таны хувийн амьдралд өөрчлөлт гарч байна уу?
-Хувийн амьдралд багагүй өөрчлөлт гарах юм байна. Яагаад гэвэл, би урьд нь өнөөдрийнхөө өдөр тутмын амьдралаар амьдардаг байлаа. Тэр үед ирээдүйн тухай бодохоос илүүтэй өнөөдрийн ажлаа сайн хийж гүйцэтгэхийн төлөө ажилладаг байж. Засгийн газрын ажлын аппаратын ерөнхий менежерийн ажил шахуу, нэн ачаалалтай ажил л даа. Одоо бол нийгмийн олон хүрээнд олон янзын хүмүүстэй нүүр тулан ажиллах шаардлага гарч байна. Бүр олон улсын гадаад бодлогыг хүртэл сүрхий сонирхох болж байна. Учир нь, УИХ-аар шийдвэрлэж буй асуудлууд нь дотоод төдийгүй гадаад бодлоготой холбоотой байдаг.
Өөрөөр хэлбэл, бодлогын хэмжээнд хариуцлага үүрээд ирэхээр тархи толгойгоо байнга цэнэглэх шаардлага гарах юм. УИХ, Засгийн газрын гал тогоонд олон жил ажилласны хувьд мэргэжил, чадварын хувьд дутаад, сандраад байх юм алга боловч 90 гаруй мянган дарханчууд төдийгүй нийт монголчуудын эрх аш-гийг тусгасан шийдвэр гаргахаас гадна тодорхой хувь хүмүүсийн зовлон жаргалыг мэдэрч хуаалцах болж байна. Миний ажилд оролцдоггүй байсан гэр бүлийн хүн маань хүртэл сонгогчдын төлөө надтай хамт санаа зовдог болж эхэлж байна. Мөн олон түмэнд өөрийнхөө санаа бодол дэвшүүлж байгаа асуудлаа ойлгуулахын тулд хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран ажилладаг болж байна. Өмнөх ажил маань "команд"-ын системээр явдаг байсан учир албаны товч үгээр яриад сурсан байсан бол одоо олон түмний төлөөлөгчийн хувиар монгол хэлний баялаг үгсийн санг ашиглан бодол санаагаа чөлөөтэй, зөв илэрхийлж сурах гээд л наад зах нь асуултаа, үгээ таван минутад багтааж хэлж байх ёстой боллоо. Бодол санаагаа цэгцлэх, улс төрийн бодлоготон болж төлөвших, үүнд нийцүүлж ажлын төдийгүй сэтгэлгээнийхээ хандлагыг дасгаж тогтоодог юм байна. Ерөнхийд нь хэлбэл, ажил, амьдралын дэглэм өөрчлөгдөж байна гэж хэлэх байна.
-Тантай харьцах хүмүүсийн харилцаа ялгаатай, өөр байна уу. Харилцааны талаар мэдрэгдсэн зүйлээсээ хэлэхгүй юу?
-УИХ-ын гишүүн болчхоор таньж мэддэг хүмүүст маань Сүхбаатар маань надтай уулзсангүй гэдэг гоморхол, уулзах байх гэсэн хүлээлт их гардаг бололтой. Гэтэл өдөр тутмын ажил, төлөвлөгөөнд захирагдаад байхаар хувийн асуудалд бага цаг гардаг. Цаг гарвал аль болохоор гэр бүлдээ анхаармаар байдаг. Найз нөхөдтэйгөө уулзах, санаа бодлоо хуваалцах боломж тэр бүр олдохгүй байгааг хэлэх хэрэгтэй байх. Үүндээ санаа зовдог. УИХ-ын гишүүн, эрхэм гишүүнээ гэж харилцах нь нэр төр, нийтийн өмнө хүлээсэн хариуцлагыг мэдрүүлдэг, бас сануулдаг.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх үеэр болон гурван гишүүнийг тангараг өргөх үеэр та СЕХ-н ы удирдлагыг нэлээд өмөөрсөн аястай үг хэлж байсан. Энэ бүхэн СЕХ-нд ажиллаж байсантай тань холбоотой юу?
-Би СЕХ-ны удирдлагын алдаатай үйлдлийг өмөөрөөгүй. Алдааг нь хараад тэдний өмнөөс санаа зовж явсан. 25 дугаар тойргийн хувьд цаг хугацаанд нь шийдвэр гаргахгүй, алхам хийхгүй байсныг нь хувьдаа буруутгаж байсан. Гэхдээ СЕХ-ны ажил бол хүнд хүчир ажил. СЕХ-ны дарга, нарийн бичгийн дарга сая огцрох өргөдлөө гэнэт өглөө шүү дээ. Өөрсдийнх нь хүсэл зориг биш ш дээ.
Албан шахалтаар өргөдөл өгүүлсэнд таагүй хандаж байгаа болон тэдэнд ажил алба олгох нь зөв гэж үзэж байгаагаа УИХ-ын чуулганы үеэр зориуд илэрхийлсэн юм. Би энэ байгууллагад ямар хэмжээний боломжийг төр олгож байсан юм бэ, ямар хэмжээний хүлээлт нийгэм, улстөрчдийн зүгээс байсан юм бэ гэдгийг мэднэ. СЕХ бол сонгуулийг шууд явуулдаггүй. Харин улс төрийн намууд ялангуяа эрх барьж буй МАХН, АН хоёр үндсэндээ хамтарч сонгуулиа зохион байгуулж ирсэн гэж хэлж болно. Яагаад вэ гэхээр сонгуулийн тойрог, хэсгийн хороодод МАХН, АН-ын гишүүдийг тухайн намын саналаар ажиллуулдаг.
СЕХ-ны санал санаачилгаар нэг ч хүнийг авч ажиллуулдаггүй. Хэрэв алдаатай үйл ажиллагаа гарсан бол улс төрийн хүчнүүд тодорхой хариуцлагыг үүрэх ёстой. Яагаад гэвэл улс төрийн намууд тоглолтын дүрмээ зөв хийгээгүй, "шүүх" явцад "шүүгч"-тэйгээ маргалдах, хөндлөнгөөс оролцох явдал аль аль намаас гарч байсан. Энэ бүхний золиос болж хувь хүн хохирох ёсгүй. Хариуцлага тооцох гэж байгаа бол төрийн хариуцлагыг "хуулийн хэл"-ээр номын дагуу ярих ёстой.
-Улс төрийн талаарх яриагаа үүгээр өндөрлөе. Манай уншигчдад гэр бүлийнхнийгээ танилцуулахгүй юу?
-Гэр бүлийн хүнийг маань Н.Ууганбаяр гэдэг. Увс аймгийн уугуул. Би хоёр хүүтэй, том нь 13, бага нь дөрөвтэй. Эхнэр маань дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст ахлах мэргэжилтнээр ажилладаг. Аав маань Өвөрхангай, ээж маань Архангайн хүн. Би Дархан хотод төрсөн. Эцэг, эхээсээ тавуулаа, дороо дөрвөн эрэгтэй дүүтэй. Айлын ууган хүүхэд. Аав маань спортын мастер, аймгийн арслан цолтой хүн байсан. Ээж маань тэтгэвэртээ гарсан. Дарханы энгийн гэр бүлээс гаралтай хүн дээ.
-Та өөрийнхөө алхаа гишгээний талаарх яриаг сонсож байсан уу. Бөх шиг явдаг, сумо алхаатай гэдэг юм билээ. Алхаа гишгээгээ өөрөө анзаардаг уу?
-Анзааралгүй яахав. Зарим нь Сүхбаатарын алхаа гишгээ бөх хүн шиг, зарим нь сумоч шиг гэж янз янзаар хэлдэг юм. Арван жилд байхдаа хөнгөн атлектик, үндэсний бөх, чөлөөт бөхөөр хичээллэдэг байлаа. Нэлээн бэлтгэл хийдэг байсан. Дархан хотын чөлөөт бөхийн аварга, аравдугаар ангид байхдаа жүдо бөхийн хотын аварга болж байсан л даа. Бөх ч болно гээд шийдчихсэн байсан гээч. Дасгал хийж, бөх барилдаж байх үед л алхаа гишгээнд өөрчлөлт орж эвдэрсэн шиг байгаа юм. Тэрийгээ засах гэж үзээд заавал ч засах шаардлага байна уу гэж бодоод больсон. Бичлэгээ харсан л даа,нээрээ л сонин явдаг юм билээ.
-УИХ-ын гишүүний цалин амьдралд тань хүрэлцээтэй байна уу. Нууц биш бол сард хэдийг авдаг вэ?
-УИХ-ын гишүүний цалин миний хувьд боломжийн. Би өмнө нь үүнээс нэг их доогуур цалин авч байгаагүй л дээ. Сард 800 мянга орчим төгрөг авч байна.