2009.01.01

Д.Оюунхорол: Санаж, сэдсэн үйл хэрэг тань Цаст-Очирваань уулын оргил мэт байг

-2008 он таны хувьд ямар жил болж өнгөрөв?

-Улиран одож буй 2008 он бол Монголчуудын хувьд хөдөлмөр, бүтээлийн ололт амжилт, алдаа онооны сургамжийг түүхэнд үлдээсэн он байлаа. Энэ онд шинэ парламент, парламентын гишүүдээ сонгох сонгуулийн жил жил байсан.
Хувь хүнийхээ тухайд ард түмний итгэл дааж төр түшилцэх эрх авч. Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон Завханчуудынхаа дуу хоолойг төрд төлөөлөх болсондоо туйлын их баяртай байна. Нутгийнхаа иргэд сонгогчдын итгэлийг дааж, сэтгэлийг нь сэвтээхгүй та бүхнийхээ төлөө шударгаар ажиллана гэж бодож байгаа.
Улирч буй онд ахуй амьдрал алагтай цоогтой, ажил үйлс алдаатай оноотой, сэтгэлд баяр баясгалан, сэтгэл эмзэглүүлсэн сөрөг үйл явдлууд болж өнгөрсөн ч алдаа онооны сургамжаа үлдээлээ.

-2009 оныг ямар жил болоосой гэж хүсч байна вэ?

-Нийгмийн Бодлого, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Байнгын Хорооны даргынхаа тухайд манай улсын нэгдэн орж, дэмжин сайшааж, бас үр шимийг нь багагүй мэдэрч байгаа "Мянганы Хөгжлийн Зорилтууд", "XXI Зууны Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөр", "Үндэсний хөгжлийн цогц бодлого" зэрэг дэлхий дахинаа нэр хүндтэй бодлогын баримт бичгүүд болон түүнийг хэрэгжүүлэх чиглэлээр хийгдэж байгаа олон чухал төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр хийж бүтээж, даяаршиж буй нийгэмд зохицож амьдрах, өөрийгөө хөгжүүлэх, өрсөлдөх чадавхаа өсгөх боломжийг бий болгох, эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна.


Дэлхийн эдийн засаг хямарч, амьдрал хүндэрч байгаа эгзэгтэй энэ цаг үед улс эх орон, иргэд сонгогчдынхоо язгуур эрх ашиг, үнэт зүйлс, малчин түмнийхээ хэрэгцээ сонирхол, эрх ашгийн үүднээс хандаж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажлын байрыг бий болгон ядуурлыг бууруулж жижиг дунд үйлдвэрийг байгуулахад туслаж дэмжихийг чухалчилж байна. Боловсрол эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарт тулгамдаж буй олон асуудлыг судлан, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, сургалт, эмчилгээ оношилгооны орчин нөхцөлийг сайжруулах, нийгмийн эмзэг бүлэг, иргэдэд туслах, нийгмийн халамжийн багц хуулинд оруулах хэрэгтэй байна.

-Уншигчдад маань хандаж ерөөлийн үг хэлээч?

-Улиран одож буй хуучин он, угтан айсуй шинэ жилийн торгон зааг энэ үед Монголын нийт ард түмэндээ болон Завханчууддаа санаж, сэдсэн үйл хэрэг нь Цаст-Очирваань уулынхаа оргил мэт цалин цагаан өөдрөг байхын ерөөл дэвшүүлье.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.