Ж.Сүхбаатар: Анхныхаа номыг 400 мянган төгрөгөөр хэвлүүлээд 800 мянган төгрөг олж байсан
Шинэ УИХ-ын хамгийн залуу гишүүн болох Ж.Сүхбаатарыг энэ дугаартаа урилаа. Тэрбээр 33 настай. Хууль зүйн ухааны доктор, профессор, УИХ-ын гишүүн агсан С.Төмөрийн туслах болсноор хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. Монголын улстөрчдөөс нэр цэвэр цөөн хүний нэг нь С.Төмөр агсныг гэдэг. Ж.Сүхбаатар СЕХ-ны нарийн бичгийн даргаар долоон жил ажиллажээ. Тэндээсээ дэд сайдын зиндааны алба буюу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга болон дэвшиж улмаар УИХ-ын 2008 оны сонгуулиар парламентын гишүүнээр сонгогдоод буй. Хууль эрхзүй, төрийн захиргааны чиглэлээр таван ном бичсэн. Хэрвээ хуульч болоогүй бол тамирчин байх байсан болов уу. Тэрбээр жүдо, чөлөөт, үндэсний бөхөөр сурагч ахуйдаа хичээллэж, Дархан хотын аварга болж явсан гэнэ.
-Тангаргаа өргөхсөн гэж яарч байна уу?
-Олон түмэн итгэл хүлээлгээд биднийг сонгосон болохоор хуулийн дагуу ажилдаа яаралтай орох ёстой. Төрийн эрх барих дээд байгууллагаа эмхлэн байгуулах ёстой. Бид хуулиар ийм л үүрэг хүлээсэн. Тангаргаа хурдан өргөөч гэж сонгогчид биднээс байнга шаардаж байна. Үл ойлголцлоос болж дутуу төрсөн хүүхэд гэдэг шиг л байх шив дээ. Тангаргаа өргөж бүрэн эрх хэрэгжээгүй учраас ажил хийх боломжгүй байна. Бид яарлаа гээд асуудал шийдэгдэхгүй нь тодорхой. Тэглээ гээд зүгээр суугаагүй. Ажлын хэсгүүдэд багтаж ажиллаж байгаа.
-Монгол хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөсөн тоглолт өнөөдөр Бээжинд болно. Манай хоёр боксчин медалийнхаа өнгийг өөрчлөх тулаан болно. Ингэхэд та спорт сонирхдог уу?
-Тамирчин хүний гэр бүлд өссөн. Манай аавыг аймгийн арслан, жүдо бөхийн спортын мастер Жамъянхорлоо гэдэг. Аавын нөлөө байсан байх. Арван жилийн сургуулийн сурагч байхдаа жүдо, чөлөөт бөхөөр Дархан хотынхоо аварга болж байсан. Наадмын өсвөр үеийн барилдаанд хоёр удаа үзүүрлэсэн. Тийм болохоор спортыг сонирхоно. Барилдахаасаа өмнө хөнгөн атлетикаар хичээллэдэг байлаа. Бас штанг өргөчихнө. Жүдо, чөлөөтөөр таван жил тасралгүй хичээллэсэн. Спорт “хөөх” хүсэл их байсан ч арван жилээ төгсөөд хуулийн сургуульд сурсан. 1988 оноос хойш олимпийн тоглолтыг тасралтгүй үзлээ. Бээжингийн олимпиос аварга төрлөө. Сэтгэл их хөдөлсөн дөө.
-Хоёулаа том бооцоо тавихгүй ч гэсэн өнөөдөр болох боксчдынхоо тоглолтын талаар таны яриаг сонсмоор байна. Ямар тоглолт болох бол. Манай тамирчид ямар шүү харагдаж байгаа вэ?
-Бадар-Ууган бол үнэхээр өнгөлөг байна лээ. Гэхдээ өрсөлдөгчөө дутуу үнэлж болохгүй. Банди дасгалжуулагч сүрхий хүн. Монголын боксын амжилтад том нөлөө үзүүлсэн. Молдавын тамирчныг хожих бүрэн боломж бий. Алтын төлөө л тоглох болов уу. Өрсөлдөгчөөсөө илүү байх шиг байна лээ. Сэрдамба, Кубийн тамирчин хоёрын хувьд боломж 50:50 хувьтай байна байх. Боксоос хос медаль авна гэдэг гайхамшигтай.
-Бизнес эрхэлдэггүй гэсэн. Цалин чинь амьдралд хүрэлцэх юм уу?
-Яаж амьдрах вэ гэсэн асуулттай их тулгарсан. Надад бизнес хийх боломж, бодол ч төрөөгүй. Мэргэжлээрээ ажиллахаас өөр арга байгаагүй юм. Шаргуу ч ажилласан. Хөдөлмөрлөсөн хүнийг бурхан хардаг гэж үнэн юм шиг. Намайг сургуулиа төгсөхөд багш нар маань багшаар үлдээч гэсэн санал тавьсан. Тэгэхэд нь Төмөр багш миний туслахаар ажиллаач гэсэн. Хоёр жил ажилласан. УИХ дахь МАХН-ын бүлэгт давхар ажиллаж байсан. Тэр үед гишүүний туслах 25 мянган төгрөгийн, хажуугаар нь сургуульд багшлаад мөн 20-иод мянган төгрөг авна. Хуулийн хувийн сургуульд ч багшилна. 2-3 сургуульд цагаар ажиллаад хувь хүмүүст хуулийн зөвлөгөө өгөөд боломжийн мөнгө олчихдог байсан. Хагас, бүтэн сайнд амарч үзээгүй.
-Хэд хэдэн ном бичсэн гэсэн. Түүнээсээ мөнгө олох уу?
-Хийсэн бүтээлтэй байя гээд хэдэн ном бичсэн. Харьцуулсан эрх зүй судлалаар анхны хялбаршуулсан гарын авлага гаргасан. Дараа нь “Захиргааны эрх зүй” гэсэн ном бичсэн. Нийтдээ 4-5 ном гаргасан. Тухайн үедээ эрэлттэй сурах бичиг болсон гэж хүмүүс хэлдэг. Номноосоо чамлахааргүй мөнгө олсон.
Анхны номоо 400-гаад мянган төгрөгийн зардлаар гаргасан. Тэгээд 800 мянган төгрөг олсон. 2000 онд шүү дээ. Түүнийхээ 250 мянган төгрөгөөр “Simens” фирмийн гар утас авч байлаа. 4-5 ном маань сайн зарагдсан. Нэлээд хэдэн сая төгрөг олсон шүү. Одоо хоёр ном гаргахаар ажиллаж байна. Сүүлийн үед залхуу болсон шиг...
-Та өөрөө хөрөнгө, орлогоо мэдүүлсэн үү?
-Хамгийн бага зардлаар сонгуулиа хийсэн нь би байх. Надад ч зараад байхаар хөрөнгө байхгүй. Надад олон хүн тусалсан. Нэг хүнээс их хандив аваагүй. Гишүүн болчихоор хүмүүс санхүүгийн тусламж их хүсдэг юм билээ. Ганц, хоёр зуун мянган төгрөгийг бол өгөхөөс өөр аргагүй болдог юм. Надад 3837 өргөдөл ирсний 700 гаруй нь мөнгөн тусламж хүссэн байсан.
Та нараас нэг зүйл хүсмээр санагддаг юм. Энэ их хөрөнгө, мөнгөний урсгалд хэвлэлийнхэн хяналт тавимаар байгаа юм. Сонгогчдыг худалдаж авлаа гэдэг. Тэр мөнгө бохир байж таарна. Албан ёсны санхүүгийн бүртгэлээс гадуурх мөнгө хууль бус байх нь мэдээж. АНУ-ын Холбооны мөрдөх товчоонд ажиллаж байсан хүн Оросын тагнуул байсан нь илчлэгдэж баригджээ. Яаж баригдсан нь маш энгийн. Тэр хүн гэнэт л баяжаад, эдэлж хэрэглэдэг зүйл нь өөр болоод байхыг хөрш нь анх анзаарсан гэдэг.
Тэгэхээр хөрш нь Дотоод орлогын татварын байгууллага руу утасдаж мэдээлэл өгсөн. Тэр мэдээллийн мөрөөр шалгахад цалин, орлогоороо олдог байсан мөнгөнөөсөө хэд дахин илүү байдлаар тансаглаж байсан байгаа юм. Тэгээд хөрөнгө орлогын мэдүүлэгтэй нь тулгахад өөр орлого олоод байгаа нь мэдэгджээ. Хэн болохыг нь шалгахад гадаадад хөлсөөр тагнуул хийж байсан нь тодорхой болсон гэсэн.