Д.Очирбат: Төрөө хүндлэн биширч, тэр сайхан танхимын сүрэнд дарагдах шиг санагдсан
2008.08.25

Д.Очирбат: Төрөө хүндлэн биширч, тэр сайхан танхимын сүрэнд дарагдах шиг санагдсан

Чингэлтэй дүүргээс УИХ-д сонгогдсон шинэхэн гишүүн Д.Очирбаттай улстөрийн хүрээнд үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцлаа.
 
-Нийслэлийн дүүргүүдээс Засаг даргагүй байгаа ганцхан дүүрэг бол Чингэлтэй дүүрэг. Дүүргийн ИТХ хэзээ хуралдаж, Засаг даргаа албан ёсоор тодруулах вэ?
-Дүүргийн ИТХ-ын чуулган хуралдаж, Засаг даргаа шинээр томилох ёстой. Өнгөрсөн долоо хоногт энэхүү чуулганы товыг зарласан боловч ирц бүрдээгүй. Тийм учраас тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байна.
-Ирц яагаад бүрдээгүй юм бол?
-ИТХ-ын зарим төлөөлөгч маань олимпийн наадам үзэхээр урд хөршийг зорьсон, мөн ээлжийн амралттай байгаа хүмүүс бий. Гэхдээ ямар ч байсан ойрын хугацаанд чуулган хуралдаж, дүүргийн Засаг даргыг томилно.
-Иргэний бүрттэл, мэдээллийн төвийн дарга Батбилэг, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Баярмагнай нар уг албан тушаалд дэвшихээр өрсөлдөж байгаа юм билээ. Таны хувьд, халаагаа өгөх хүндээ ямар шалгуур тавьж байгаа вэ?
-Би тус дүүрэгт зохион байгуулагчаас эхлээд Засаг дарга хүртэлх төр, захиргааны бүхий л албан тушаалыг 10 жил хашсан. Аж ахуйн ажлаас авахуулаад ард иргэдийн амьдрал дунд орж ажилласан тэр он жилүүд миний амьдралын хамгийн дурсгалтай үе юм. Ерөөс өдий зэрэгтэй яваа минь магтах үедээ магтаж, зэмлэх үедээ зэмлэж, надад үргэлж дэм болж явдаг чингэлтэйчүүдийн маань ач буян гэж би боддог. Бид хамтдаа зүтгэсний хүчинд дүүргийнхээ өнгө төрхийг өөрчилж чадсан. Манай дүүрэг бол цэвэрхэн, хот тохижилт сайтай, хамгийн сайхан дүүрэг. Хүмүүсийн ярьж заншсанаар, дөч,тавин мянгатад Монголын урлаг соёлын cop болсон уран бүтээлчид, улстөрийн ахмад зүтгэлтнүүд аж төрдөг. Харин гэр хорооллын оршин суугчид дүүргийн иргэдийн 60 хувийг эзэлдэг. Чингэлтэй дүүрэгт ёстой л хүний хэрэгцээтэй бүхэн цогцолсон байдгийг нийслэлчүүд маань, ер хөдөө орон нутгийнхан ч юу эс андах билээ. Тиймээс би ийм сайхан, гэрэл гэгээтэй ирээдүйг тосон уттаж буй дүүргийг төрийн ноён нуруутай, үүрэг, хариуцлагаа ухамсарладаг, хотын хөгжил цэцэглэлтийн төлөөх үйл хэрэгт шалгарсан хүн байх ёстой гэж бодож байна. Аж ахуйн ажлыг төр захиргааны ажилтай хослуулан удирдаж, ард иргэдийн амьдрал дунд орж ажиллах хүн тэвчээр, хатуужилтай, хүлээцтэй, цаг үеийн мэдрэмж сайтай, мэдлэг, боловсрол өндөртэй байх ёстой. Тэгж байж албан ажлаа хөтлөн явуулж чадна шүү дээ. Үүнээс гадна дүүргийн болон нийслэлийн ИТХ, орон нутгийн өөрөө удирдах байгууллагад ажиллаж байсан, хот, дүүрэг, хамгийн гол нь иргэдийнхээ ажил, амьдралыг сайн мэддэг, мэдэрдэг байх нь чухал. Миний хувьд, нэг ч гэсэн иргэн, хорооны ажил, амьдралын төлөө санаа тавьдаг хүн байгаасай. Төрийн ажлын төлөө өөрийгөө золиосолж чадах хүн л Чингэлтэйг авч яваасай гэж бодож байна. Иргэд маань надад “Сайн дарга олж өгөөрэй” гэж захисан. Бүр “Элэгсэг дотно болчихсон даргаасаа холдчихоор яах вэ. УИХ-ын гишүүн, Засаг даргын албыг хамтад нь хашиж болохгүй юм уу” гэх хүн ч байна.
-УИХ-ын 2008 оны сонгуулиас хойш 50 гаруй хоног өнгөрчээ. Түр гишүүний үнэмлэхээ гардаж, анхдугаар чуулганд оролцохоор хуралдааны танхимд анх ороход ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
-Эмээ, ээж хоёр минь юуны учир өглөө бүр “Төрийн минь сүлд өршөө” хэмээн сүүнийхээ дээжийг өргөдгийн утга учрыг мэдэрсэн. Та бүхэн ч анзаарсан байх. УИХ-ын анхдугаар чуулганы нээлт дээр Л .Гансүх гишүүн бид хоёр л дээлтэй хүрэлцэн ирсэн шүү дээ. Төрөө хүндлэн биширч, тэр сайхан танхимын сүрэнд дарагдах шиг санагдсан даа. Тэгэхэд би сонгогчдынхоо итгэлийг нэр төртэйгөөр хүлээж, Монтол Улсынхаа төлөө өөрийгөө зориулна л гэж бодож суусан. УИХ-д шинээр сонгогдсон хамт олноо хараад сэтгэл хөдөлж байлаа.
-Гэвч тэр үед Ардчилсан яамынхан чуулганы танхимыг орхин гарснаар парламентын үйл ажиллагаа гацаацд орчихоод байна шүү дээ. Асуудал одоо болтол цэгцрээгүй, ажин түжин л байна. Үүнээс хэн хожих юм бэ?
-Яг үнэнийг хэлэхэд, бид УИХ-ын гишүүний тангаргаа өргөх гээд бүгдээрээ их сайхан дэврүүн сэтгэлтэй орж ирсэн. Гэвч улстөрийн нөхцөл байдал гацаанд орчихлоо. Та бод доо. Би ажлаа хийж байснаа аав, ээждээ эрхэлдэг хүүхэд шиг гэв гэнэт ” Би энэ ажлыг чинь хийхгүй” гээд хаяад явчихвал ямар байх вэ. Улс орон даяар, иргэд, сонгогчид маань телевизийнхээ дэлгэцийг ширтээд “Манай гишүүн тэр сууж байна. Төрийн минь сүлд өршөө” хэмээн сүсэлж суухад Ардчилсан нам чуулганы ‘ танхимыг орхисон нь харамсалтай санагдсан. Үүссэн нөхцөл байдлын улмаас улс орны ажил цалгардаж, улсын болон хот, дүүргийн төсвийн тодотгол хийгдээгүй, шат шатандаа хүлээгдээд байж байна. Төр, захиргааны байгууллагын ажилд хүлээлт үүссэн гэдэг бол ард иргэдийн маань ажил, амьдралд хүлээлт үүслээ гэсэн үг. Өмнө нь бид өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэлийг жил бүрийн есдүгээр сард шалгаж хүлээж авдаг байсан. Энэ ажил ч цалгардаж байна. “Нэг өдрийн сонин уншихгүй бол гурван өдрийн ажил, амьдралаас хоцорно” гэдэг. Өнөөдөр бензин, шатахууны үнэ нэмэгдчихээд байгаагийн бурууг хэнд тохох ёстой юм бэ. Үнийн өсөлтөөс хэн хожих юм. УИХ-ын гишүүнээр сонгогдчихоод ард түмнийхээ дуу хоолой болж чадахгүй байгаа хүмүүс үү. Аль эсвэл иргэд үү. Дотоод дахь инфляцийн учир шалтгааныг тогтоож, үнийн хөөрөгдлийг намжаах арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй байна. Төрийн машин гацаж, асуудал шийдэх аргагүй болсноор ард иргэд л хохирч байна шүү. Энгийн иргэдийн нуруун дээрх ачаа өнөөдөр, өчигдөр, уржигдрынхаас хэд дахин нэмэгдсэн. Би хувьдаа үүнд маш их эмзэглэж байна.
-Гацаанаас гарах нэг эрэлхийлэл юм болов уу даа. Зарим улстөрч “УИХ-ын өмнөх бүрэлдэхүүнийг хуралдуулъя” гэж байсан ч дэмжлэг аваагүй. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-”Хуучин” УИХ-ыг хуралдуулах ёстой гэж буй ч өмнөх парламентын бүрэн эрхээ хэрэгжүүлэх дөрвөн жилийн хугацаа нь аль хэдийнэ дуусчихсан шүү дээ. Шинээр бүрэлдсэн УИХ-ын анхдугаар чуулганы үйл ажиллагаа завсарлаагүй, үргэлжилж байгаа. Хуралдаандаа оролцохгүй, иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, сахилгагүй дэггүй хүүхэд шиг аашилж буй тэр хүмүүсээс болж ирц бүрдэхгүй байна. Сургууль, цэцэрлэгийн хичээл удахгүй эхэлнэ. Малчид ноолуурын үнийн асуудлыг төрөөс шийдтэл хүлээнэ гээд самнасан ноолуураа дарчихсан байгаа. Мөн дээр өгүүлсэнчлэн шатахууны үнийн өсөлтийг зохицуулах асуудал гэх мэтчилэн шил шилээ дарсан цаг үеийн олон асуудал хүлээгдэж байна.
-Сонгуулийн үеэр сонгогчдод өгсөн мөнөөх сайхан амлалтууд ч бас хүлээгдэж байгаа?
-Тэгэлгүй яах вэ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг боловсруулах, “Эх орны хишиг” сан, төсвийн тодотгол гээд зөндөө ажлууд хүлээгдэж байна. Ажлын байрыг нэмэгдүүлэх, үнийн өсөлтийг зохицуулах, иргэдийг дунд, болон урт хугацааны зээлд хамруулах ажлыг шуурхай зохион байгуулмаар байна. Бид сонгуулийн үеэр иргэдэд ямар сайхан амлалт өгч байлаа. Тэр амлалтуудаа биелүүлэх цаг болсон. Эс бөгөөс сонгогчид “Миний сонгосон хүн үүргээ биелүүлэхгүй байна” гээд гишүүндээ хариуцлага тооцдог, эгүүлэн татдаг механизмыг бүрүүлэхэд болохгүй нь юу байх вэ. Улс орны ажил, амьдралыг хойш татан дураараа дургиж буй нөхдөд хариуцлага тооцож болно шүү дээ. Иргэд сонгодог л бол гишүүнээ эгүүлэн татдаг байх эрхтэй байж болно.
-Ардчилсан намын гишүүн Э.Бат-Үүл, Батж.Батбаяр хоёр анхдугаар чуулганыг үргэлжлүүлэхэд байлцсан. “УИХ-ын гишүүний тангаргаа өргөх нь зүйтэй” хэмээн байр сууриа илэрхийлсэн тэднийг намаас хөөх тухай яриа сонсогдож байгаа. Гэхдээ нэг онцлог нь “Ерөнхийлөгчөөс болж, УИХ гацаанд орсон” гэх юм. Энэ бүхнийг юу гэж ойлгох вэ?
-Ардчилсан намын гишүүн Э.Бат-Үүл, Батж.Батбаяр нар чуулганы танхимд орж ирээд “Намд нь биш, хувь гишүүдэд нь хандаарай” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярт хэлсэн. Төрийн тэргүүн хуульд заасны дагуу анхдугаар чуулганы үйл ажиллагааг удирдаж байгаа. Гэхдээ ямар орж ирэхгүй байгаа хүмүүсийг хөөж оруулж ирэлтэй нь биш. “Чуулгандаа оролцоно уу” гэж урилаа. Хуулиар хүлээсэн эрх, үүргээ тэр нөхдөд ойлгуулах гэж хичээлээ. Мэдэхгүй юм даа, . хуралдаандаа орж ирэхгүй байгаа нөхөд ер нь яах гээд байгаа юм бол. Нэг бол Ерөнхийлөгчид, аль эсвэл МAXH, СЕХ-нд бурууг тохож байна. Улстөрийн гол хоёр хүчний хоорондын зөвшилцлөөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ч хөндөх боллоо. Уг нь бол ард түмэн үндсэн хуулиа өөрчлөх эсэхээ шийднэ шүү дээ. Үндсэн хуулиар зогсохгүй Сонгуулийн ерөнхий хорооны дарга болон ЦЕГ-ын даргыг огцруулах, цаашилбал, Улстөрийн намуудын хуульд өөрчлөлт оруулах эсэхийг хоёрхон нам шийддэг юм уу. Улстөрийн бусад намууд нь яах болж байна. Хоёр намын хоорондох зөвшилцлөөс болж Улстөрийн намуудын тухай хуулийг өөрчлөх эсэхийг шийдэхэд оролцохгүй байх юм уу. Ингэж ч болохгүй байх аа.
-МАХН-ын бүлгийнхэн өнгөрсөн хугацаанд хэчнээн удаа хуралдав аа?
-УИХ-ын даргыг томилсны дараа манай нам бүлгээ байгуулах ёстой. Гэхдээ МАХН-ын төлөөлөл болох гишүүд маань хоорондоо уулзаж, нөхцөл байдлыг эергээр шийдэх тухайд ярилцаж байгаа. Ардчилсан намынхан ч ялгаагүй.
-Хоёр намын зөвшилцлийн ажлын хэсэгт орсон Ардчилсан намын гишүүдийг ахалсан З.Энхболд гишүүн саяхан телевизэд өгсөн ярилцлагадаа “Долдугаар сарын 1-ний үймээн самуунаас үүдэлтэй асуудлуудыг нэг мөр цэгцлэх тухайд зөвшилцлийн баримт бичигт тусгаагүй” гэж дурьдана лээ. Тэр “хар өдөр”-ийн түүх хуучраагүй байгаа шүү дээ. Төр үнэн, худлыг хэр оновчтой дэнслэхийг ард түмэн харж сууна?
-Иргэдийн амь нас хохирсон, урлаг соёлын үнэт бүтээл сүйдсэн, мөн МАХН-ын байрыг шатаасан тэр балмад явдлыг зохион байгуулалттай үйлдсэн үү, аль эсвэл хэн нэгэн хатгаж, турхирсан уу гэдгийг хуулийн байгууллага шалгаж, тогтоох ёстой. Хүчний байгууллагууд хэргийг шалгаж дууссаны дараа УИХ-д танилцуулах ёстой. Түүнээс биш цагдаа, прокурорын дүгнэлт гараагүй байхад намууд тэр асуудлыг хэлэлцэх нь эрт байна. Энэ ташрамд хэлэхэд, монголчууд маань эв эеийг хичээж, бахдам сайхан үйлийг бүтээхийн төлөө хамтдаа зүтгэх юм бол оюун ухаан, бие бялдар, авьяас чадварын хувьд хэчнээн хүчирхэгулс болохоо “Бээжин-2008″ зуны олимпийн наадмын үеэр нотлон харуулж чадлаа. Манай боксчин Э.Бадар-Ууган алтан медалиа ихэрлүүлж, П.Сэрдамба мөнгөн медалиар энгэрээ мялаалаа. Монголчууд бид Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн алтан медальт Н.Түвшинбаяр, олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа нарын гаргасан амжилтыг хэчнээн баяр хөөртэйгөөр хүлээн авч, тэр өдрийг эв нэгдлийн, инээд баяслын өдөр болгож чадсан билээ. Бүхэл бүтэн 44 жилийн дараа тохиосон тэрхүү үйл явдал олон хүнд ухаарал, бодол, эргэцүүллийг төрүүлсэн байх аа. Тэр том гүрний дэвжээн дээр манай тамирчид ид хаваа гайхуулж байхыг хараад аньсага чийгтэж л сууна.
-Хүний их эмч хүний хувьд та цээжиндээ хэд хэдэн хуулийн төсөлтэй яваа байх. УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа эрх зүйн ямар бичгүүдийг санаачлан боловсруулахаар төлөвлөж байна вэ?
-Одоохондоо бид УИХ-ын гишүүний албан өрөө, тамга тэмдэг ч үгүй байна. Нэгэнт иргэдийнхээ зүрх сэтгэл, итгэл найдварыг тээж төрийн энэ том институцэд орж ирсэн учраас туршлагатай гишүүдтэй уулзаж, үгийг нь сонсч өөрийгөө хэрдээ л бэлтгэж байна. Хууль санаачлах, өргөн барихаас авахуулаад төрийн үйл хэргийн бүхий л үе шатыг судалж байгаа. Үндсэн хууль болон бусад хуулиа ч гэсэн судалж, уншиж байдаг. Өмнө нь төр захиргаа, аж ахуй, иргэдийн дунд ажил амьдралаа хөтлөн явуулдаг байсан одоо хууль тогтоох үйлст хувь нэмрээ оруулах болохоор өөрөө өөртөө маш өндөр шаардлага тавьж байна даа. Мөн иргэд, нийгэмд тулгамдаж буй асуудлыг хуульд тусгах, иргэн, төр хоёрын харилцааг ойртуулах тал дээр нэлээд зүйл бодож, төлөвлөж байгаа.
-УИХ-ын гишүүнээр сонгогдсоноосоо хойш чингэлтэйчүүдтэйгээ уулзав уу?
-Би Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороонд амьдардаг. Байрныхаа хөгшид, иргэдтэй өдөр болгон л уулздаг. Тангаргаа өргөж, УИХ-ын гишүүний энгэрийн тэмдгээ зүүчихээд чингэлтэйчүүдтэйгээ уулзмаар байна шүү (инээв).
Т.БАЯРМАА