2008.12.25
Ж.Батсуурь: Тухайн цаг үе, асуудлаас хамаараад хэнийг нь дагахаа шийднэ
УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай ярилцлаа. Тэрбээр УИХ-д сонгогдохоосоо өмнө Дорноговь аймгийн Засаг даргаар найман жил ажиллажээ.
-Найман жил Засаг даргаар ажилласныхаа дараа та өөрийгөө УИХ-д өрсөлдөх хэмжээний туршлагатай боллоо гэж үзсэн хэрэг үү?
-Иргэдийн дунд тодорхой хугацаанд ажилласан учир тэдэнд юу хэрэгтэй, ямар асуудал байгааг мэддэг болсон. Тиймээс нэг талаар тэр бүхнийг хэрэгжүүлэхийг зорьсон. Олон түмэн, намын нөхөд маань ч дэмжсэн.
-Зорилгоо хэрхэн хэрэгжүүлж байна даа?
-Намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг тусгасан байгаа. Үүнийг хэрэгжүүлэхэд цаг хугацаа, санхүүгийн нөхцөл нөлөөлнө. Ер нь УИХ-аас баталж буй хууль, тогтоол бүрийг ард түмний эрх ашигт нийцүүлэхийн төлөө ажиллаж байна.
-Та эрх мэдэлд дуртай юу?
-Улс орон, бүс нутгийнхаа төлөө юм хийж бүтээхэд эрх мэдэлт хэрэгтэй шүү дээ.
-Засаг дарга төсөв захиран зарцуулах эрхтэй. Тэгэхээр нэг жижигхэн “вант улс”-ын эзэн байх нь УИХ-ын гишүүн байхаас илүү эрх мэдэлтэй юм биш үү?
-УИХ бол хууль тогтоох байгууллага. Аймгийн Засаг дарга бол УИХ-аас баталсан хуулийг биелүүлэх үүрэгтэй гүйцэтгэх албан тушаалтан. Ийм ялгаатай, үүнийг анх сонгогдохдоо л би мэдэж байсан. Засаг дарга байхдаа ард түмнийхээ амьдралыг сайжруулах, хийж бүтээхийн төлөө цаг наргүй ажилладаг байлаа. УИХ-д хийх юмгүй байна гэсэн үг биш л дээ. Судлах, мэдэх зүйл их байна.
-Хүрээ нь бага ч аймагтаа хамгийн их эрх мэдэлтэй нь Засаг дарга мөн биз дээ?
-Гэхдээ л төвөгтэй. Монгол Улс жижиг, цөөн хүн амтай. Тиймээс орон нутаг зарим орных шиг бие даасан байж чаддаггүй. Засаг дарга нар төсөв захиран зарцуулдаг юм шиг ч Сангийн яам, бусад газарт эрх мэдэл нь төвлөрдөг. Ийм шаардлага ч бас бий л дээ. Хүн бүр нэг аймаг-вант улс байгуулаад орлого, зарлагаа орон нутагтаа шингээж, хэмжээлшгүй эрхт хаан шиг байж болохгүй. Нөгөө талаар ямар эрх мэдлийг орон нутагт нь өгөх вэ гэдгийг ялгаж авч үзмээр байгаа юм.
-УИХ-ын гишүүн болж хууль тогтоох түвшинд ажилладаг боллоо. Энэ давуу эрх, боломжоо ашиглаж байна уу?
-Саналаа өгөөд сууж байна гэдэг чинь тэр боломжоо ашиглаж байна гэсэн үг. Бас зарим гишүүнтэй нийлээд нефть бүтээгдэхүүн, газрын баялаг ашиглахад тухайн орон нутагт давуу эрх олгох тухай хуулийн төсөл боловсруулж байна.
-УИХ-ын гишүүдийг захиалгаар хууль үйлдвэрлэдэг гэж шүүмжилдэг. Та хувиараа бизнес эрхэлж байсан. Тэгэхээр хууль тогтоох давуу эрхээ хувийн хэрэгт ашиглаж байна уу гэдэг утгаар саяны асуултаа тавьсан юм л даа.
-Явцуу бүлэглэлийн хүрээнд ажиллаж байна уу гэсэн агуулгатай юм гэж ойлголоо. Тийм шаардлага байхгүй.
-Таныг “10 хувийн Батсуурь” гэж нэрлэдэг юм билээ. Аймгийн Засаг дарга байхдаа тендер бүрээс 10 хувийг нь авдаг учраас ингэж нэрлэсэн гэж үнэн үү?
-Анх Засаг даргын албыг аваад огт мэдэхгүй, төвөгтэй нөхцөлд орсноо мэдэрсэн л дээ. Найман жилийн турш хардлага, доромжлол, дээрээс ирэх дарамтад ажилласан. “Энэ хүн албан тушаал дэвшчих вий, үүнээс нь салгах сан, нэр хүндтэй болчих вий” гэх хандлага их байлаа. Ард түмэнд миний талаар буруу ойлголт төрүүлэх гэсэн хэсэг хүн байсан. Үүнээс нь болоод “Яах ч гэж ингэж явна даа” гэж бодож байсан үе надад бий. Гэвч хийсэн ажлаасаа тайтгарал авч явсан. Сонгуулийн өмнө ийм дайралт бүр ч идэвхжсэн. Манай аймагт олон ч удаа шалгалт хийсэн.
2007-2008 онд л Дорноговь аймагт хөрөнгө оруулалт жаахан нэмэгдсэн. Аймгийн дарга ганцаараа мэдэж тендер зарлаж, шалгаруулдаггүй. Нэг аймгийг удирдаж буй гээд бүх шийдвэрийг ганцаараа гаргахгүй. Аймагт барьсан сургууль, Замын-Үүдийн эрчим хүчний шугам зэрэг томоохон ажил хийсэн. Энэ бүхэнтэй намайг холбож байлаа. Гэтэл тендерийг нь Сангийн яам, БСШУЯ-наас шалгаруулаад шийдсэн. Миний оролцоо байгаагүй. Дэргэдээ ч, дороо ч би хяналтад байгаа учир хувийн сонирхлоор ашиг олох боломжгүй. Тэгэхээр тэр яриа худал. Орон нутагт мэдээлэл хурдан тархдаг шүү дээ. Үнэн байсан бол намайг дорноговьчууд сонгохгүй байсан.
2007-2008 онд л Дорноговь аймагт хөрөнгө оруулалт жаахан нэмэгдсэн. Аймгийн дарга ганцаараа мэдэж тендер зарлаж, шалгаруулдаггүй. Нэг аймгийг удирдаж буй гээд бүх шийдвэрийг ганцаараа гаргахгүй. Аймагт барьсан сургууль, Замын-Үүдийн эрчим хүчний шугам зэрэг томоохон ажил хийсэн. Энэ бүхэнтэй намайг холбож байлаа. Гэтэл тендерийг нь Сангийн яам, БСШУЯ-наас шалгаруулаад шийдсэн. Миний оролцоо байгаагүй. Дэргэдээ ч, дороо ч би хяналтад байгаа учир хувийн сонирхлоор ашиг олох боломжгүй. Тэгэхээр тэр яриа худал. Орон нутагт мэдээлэл хурдан тархдаг шүү дээ. Үнэн байсан бол намайг дорноговьчууд сонгохгүй байсан.
-Гэвч олны үг ортой гэдэг шүү дээ.
-Энэ бол намайг Засаг даргын албан тушаалаас зайлуулах гэсэн бүлэглэлээс гаргасан яриа. Хүн болгон хардах эрхтэй. Гэвч монголчуудын хар хэтрээд байна. “Бүтээхийн жаргалыг амсаагүй хүн хардахын зовлонд хатдаг” гэдэг үгийг би хэлэх дуртай.
-Тэр хүмүүс өрсөлдөгч намынх уу, эсвэл нам нэгт нөхөд чинь байв уу?
-Олонх нь манай намынх гэж хэлнэ.
-МАХН-ын аль фракцад та хамаарч байна вэ. Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхий сайд С.Баяр, Шадар сайд М.Энхболд гээд л…
-Би өөрийгөө аль фракцад хамаардгийг мэддэггүй шүү дээ. Н.Энхбаяр анх намайг Дорноговь аймагт Засаг даргаар очиход батламжилж байсан учраас би тэр хүний талынх байж магадгүй. М.Энхболдтой аймгийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын хувьд нэг ангийнхан болж хамтарч ажиллаж байсны хувьд ойр дотно. Дараа нь тэрбээр МАХН-ын дарга, Ерөнхий сайд байсан. С.Баяр бол одоо манай намын дарга. Энэ үед нь би намын хамт олны шийдвэрээр УИХ-д нэр дэвшиж, сонгогдсон. Тэгэхээр би бас С.Баярын хүн юм шиг байгаа юм.
-Үзэл бодлоороо л хуваагддаг юм биш үү. Та хэнтэй нь санаа нийлдэг юм бэ?
-Би эднийг үзэл бодлын хувьд зөрчилтэй гэж боддоггүй. Гагцхүү гүйцэтгэх засаглал, эрх баригч, албан тушаалтны хувьд ажлаа хэрэгжүүлэх арга зам, бодлогын хувьд ялгаа гардаг байх. Тэгэхээр шаардлага гарвал, бас тухайн цаг үе, асуудлаас хамаараад хэнийг нь дагахаа шийднэ. Түүнээс юу ч болж байсан Доржийг, Цэцэгээг дагах ёстой гэхгүй.
-Тэгвэл та долигонуур хүн болж хувирахгүй гэж үү?
-Үгүй. Би хэрэгжүүлэх асуудлын тухайд ярьж байгаа юм.
-Дэд сайд нарыг томиллоо. Төсвөө хэмнэе, төрийн албыг цомхон, чадварлаг болгоё гэж ярьсаар байгаад л 11 яамыг 14 дэд сайдтай болголоо. Та үүнийг юу гэж үздэг вэ?
-Бүтцийг цомхотгоно гэдэг бол зөвхөн орон тоо хасахын нэр биш. Зарим газарт орон тоо нэмэх шаардлага бий. Тухайлбал, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын гээд олон салбар нийлсэн том яам байна. Ийм том салбаруудыг ганцхан дэд сайд авч явахад хэцүү. Харин тухайн салбараа мэддэг хүнийг томилох учиртай. Сая мэр сэр өөр салбарын хүн томилсон харагдана лээ. Дэд сайд нь улс төрийн албан тушаал ч гэсэн үүнийг улстөржүүлэх хэрэггүй.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.