2008.11.24

Ж.Энхбаяр: Залуучуудын хувьд бүхий л талаар хамгийн боломжтой цаг үе ирсэн

УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг “Сайн өдөр”-ийн зочноор урилаа.

-Та төрийн залуу түшээдийн нэг. Төрийн байгууллагад ажиллаж байсан болохоор ажлын ачаалалд ажрахгүй байгаа биз дээ?

- Би төрийн байгууллагад найман жил ажилласан. Нэг талаар тэр үеийн ажлын тасралтгүй ачааллаас УИХ-ын ажлын ачаалал харьцангуй бага юм. Нөгөө талаар УИХ-аас гарч байгаа шийдвэрийн хариуцлага өндөр. Тиймээс унших, бодох, боловсруулах, мэдээлэл авах, асуудлыг олон талаас нь харах талдаа ачаалалтай шүү.

-Мэдээж амралт, чөлөөт цаг бага гардаг байх. Ийм цаг зав гарвал хэрхэн өнгөрөөдөг вэ?

- Цаг гарвал хамгийн түрүүнд гэр бүлдээ зориулахыг хичээдэг. Мөн уул, ус харж хөдөө нутгаар явж загасчлах дуртай.

-УИХ-ын чуулганы хуралдаан дээрх байр суурь тань цэргийн амьдралын туршлага арвинтай нэгэн гэдгийг харуулдаг?

-Тийм ээ, өнөөгийн УИХ-ын бүрэлдэхүүнд цэргийн амьдралыг мэдэх, цэргийнхнийг өмөөрөх хүн цөөн байгаа. Би цэргийн гэр бүлд өссөн. Бага насаа цэргийн анги, салбар, казармд өнгөрөөсөн. Өөрөө ч цэргийн хүн. Энэ утгаараа цэргийн салбарын асуудлыг зөв талаас нь харж, ойлгож, дэмжье гэж боддог. Сүүлийн хэдэн жил энэ хэдэн цэргийнхээ нүүрээр, олон улсын салбарт явуулсан амжилттай ажиллагааных нь нэрээр Монгол Улсын нэр хүнд өсч, үнэлэгдэж эхэлсэн. Энэ бол асар том ажлын үр дүн.

-Гурван жил алба хаадаг байсан цэргийн дэргэд одоогийн нэг жилийн цэрэг “цэрэг биш” гэж ярих хүмүүс байдаг. Yүнийг Та юу гэж боддог вэ?

-Yнэн. Цэргийн алба гэдэг цэрэг гэхээсээ илүүтэй тухайн хүнийг бие бялдар, ухамсар, сэтгэл зүй, мэргэжлийн хувьд хүмүүжүүлж, төлөвшүүлж, амьдралд бэлтгэдэг. Цэрэгт ирсэн залуу төлөвшөөд эр хүн болоод гардаг байсан. Тэр бүхэн нэг жилийн хугацаанд амжихгүй байна. Энэ нэг жилийн хугацаа бол цэргийн алба гэж ийм зүйл байдаг гэсэн ерөнхий ойлголтыг л өгөх хугацаа.

-Та ямар мэргэжилтэй билээ?

-Би хуульч хүн. Сүүлд бизнес, эдийн засгийн чиглэлээр мастер хамгаалсан. Анхны суурь мэргэжил маань ерөнхий цэргийн командын офицер.

-Цэргийн гэр бүлийн хүмүүжил мэдээж их нөлөөлсөн байх?

-Аав минь байлдагчаас генерал, жагсаалын цэргээс салбарын сайд хүртэл насаараа цэргийн албанд зүтгэсэн. Өнөөдрийг хүртэл манай аавын замналыг эвдсэн хүн байхгүй. Цэргийн гурван том сургуулийг алтан медальтай төгссөн. Тэр цаг үед, аавынхаа дэргэд дотор нь байснаараа цэргийн амьдралын жаргал, зовлонг нь мэднэ.Тийм болохоор өөрийн эрхгүй энэ салбарыг ойлгон мэдрэх сэтгэл байнга явдаг.

-Танд өөр мэргэжилтэй болдог байж гэсэн бодол төрж байсан уу?

-Миний мөрөөдөл цэргийн хүн л болох. Ер нь багаасаа л биеэ бэлтгэждунд өссөн дөө. 10 жилийн сургууль төгсөхдөө ч ийм л бодолтой байлаа.

-Улстөрд орох болсон шалтгаан бий байх?

-Цаг үе, хүний хувь тавилан сонин шүү дээ. Тэр их хүсэл мөрөөдөл, эрмэлзэл маань 1990-ээд оны үед өөрчлөгдсөн. Тухайн үеийн байдал өнөөдрийнхөөс ч хүнд байлаа. Тэр үед өөрийн эрхгүй бизнесийн салбарт хөл тавьж, ганзагын наймаанд явсан. Удалгүй компани байгуулж хувийн хэвшилд хүчин зүтгэсэн ч төрдөө зүтгэх ёстой гэсэн бодол үргэлж байсан. 2000 оноос төрийн албанд орж дандаа хууль, хяналтын байгууллагад ажилласан. Тэгээд улс орныхоо хөгжлийн төлөө хуримтлуулсан мэдлэг туршлагаа зориулъя гэж бодсон юм.

-Та өнгөрсөн сонгуульд намаас нэр дэвшүүлэхгүй бол бие дааж нэр дэвшинэгэж байсан. Яагаад?

-Би тэнд нэр дэвшээгүй бол манай нам нэг суудал алдах нь бодитой харагдаж байсан. Алдах магадлал өндөр байв. Тэрийг намын бага хурал ойлгож, дэмжсэн. Алтай нутгийн ард түмэн маань ч сонголтоороо баталгаажууллаа. Хамгийн өндөр саналаар гарч ирсэн хүн би шүү дээ.

-Аавынхаа талаар дурсахгүй юу?

-Эцэг хүний үүрэг гэдэг үр хүүхэддээ эд хөрөнгө үлдээх биш юм. Сайн эцгийн дуурсах нэр алдар гэдэг ямар ч хөрөнгөнөөс илүү үнэтэй өв хөрөнгө болжүр хүүхдэд нь нөлөөлдөг юм байна. Сайн эцгийн нэрийг сэвтээхгүй, өндөрт өргөж явахын тулд үр хүүхэд нь хичээдэг юм байна. Өөрийгөө дайчилдаг, хянадаг. Сайн эцгийн тэр их өв нь хүүхдээ хүмүүжүүлж, олон түмэн дэмжиж явдаг юм байна. Сонгуулийн үеэр хаана ч явсан аавын минь тухай сэтгэгдэл сайнаар үлдсэн нь харагдаж байлаа.

-Таны хувьд хүнийг дүгнэхэд анхны сэтгэгдэл хэр хүчтэй нөлөөлдөг бол?

-Тухайн нөхцөл байдал янз бүр. Харагдах байдал, цаад учир агуулга ч өөр, өөр. Анхны сэтгэгдэл нөлөөлдөг ч үнэнээс худал байх нь дийлэнх шиг санагддаг. Сонин жишээ хэлье л дээ. Би Нямдорж гуайг айхтар хатуу, ширүүн хүн болов уу гэж боддог байлаа. Тэгжч харагддаг. Гэтэл тэр хүний цаад мөн чанар их зөөлөн хүн болохыг мэдсэн дээ.

-Ингэхэд Таны үс арай л эрт бууралтаад байх шиг?

-Их бууралтсан байна уу /инээв/. Сүүлийн гурван жилд илүү бууралтсан. Ажлын ачаалал нөлөөлсөн байх. Ялангуяа сүүлийн гурван жил хяналтын байгууллагад ажиллахад их ачаалалтай байлаа. Удмын ч юм байгаа байх.

-Та ямар номонд дуртай вэ?

-Миний хувьд багаасаа нөхөрлөсөн ганц зүйл ном юм даа. Түүх, эрх зүй, судалгааны чиглэлийн ном түлхүү уншдаг. Хамгийн сүүлд Тагнуулын газрын дарга Болдын “Монгол Улсын тусгаар тогтнол ба АНУ”, түүхч Батсайханы “Их гүрнүүд ба Монгол Улсын тусгаар тогтнол” номнуудыг уншлаа. Сүүлийн үед уран зохиолын ном уншсангүй дээ.

-Хүн өөрт хэрэг болох зүйлийг өдөр тутмын амьдралынхаа дадал зуршил болгосон байдаг. Танд тийм зүйл бий юу?

-Байлгүй яахав. Би өглөө орноос босуут шууд суниадаг. Унтахын өмнө мөн суниана. Орой унтахын өмнө заавал 30 минутаасцаг хэртэйуншдаг. Орны дэргэд байнга ном байдаг шүү.

-Таны хобби?

-Загасчлах дуртай. Валерий Иванович гэж сайхан орос багштай байсан.Багш маань загасны сатурк уяхаас авахуулаад л заасан даа. Ер нь “нэг өдөр загасчлахад нэг жилийн нас нэмнэ” гэсэн орос ардын үг бий. Стресс тайлна. Байгаль дэлхийтэйгээ харьцана. Загасчин хүн байгалийг маш сайн анзаардаг учраас байгаль хамгаалах сэтгэлтэй болдог.

-”Хантайшир” бөхийн дэвжээг үүсгэн байгуулсан хүний нэг. Наадамд гурван даваа, найранд гурван дугараатай л байх даа?

-Багадаа чөлөөт бөхөөр хичээллэдэг байлаа.Дамдиншарав дасгалжуулагчийн хүүтэй нэг ангид сурч хамт секц, дугуйланд нь явдаг байсан. Дуунд муу. Уг нь хүүхэд байхдаа цээл хоолойтой 50 хүнтэй хоорын гоцлол дуучин байлаа шүү дээ. Буруу дуулахаар хоолой эвдэрдэг бололтой. Одоо дуулж чадахаа больсон байна лээ.

-Та шашин шүтдэг үү, шашны тухай юу гэж боддог вэ?

-Шашныг ойлгох гэж хичээж байна. Библи болон бурхан багшийн сургаалыг хэд хэдэн удаа уншлаа. Хүн, түүний мөн чанар, түүхэн хувьсал, амьдралын зорилго гэж юу болох, шашин гэж юу юм гэдгийг ойлгох хэрэгтэй юм шиг. Шашны мөн чанарыг одоохондоо өөрт тогтоогоогүй болохоор шашингүй үзэлтэй гэх үү дээ. Аль аль шашинд нь ариун зүйл бий.

-Монгол залуучуудын амьдралын хэв маягийг харахад тэр нь л нэг болохгүй байна уу даа гэх зүйл Танд ажиглагддаг уу?

-Залуучууд цаг их алдаж байна. Зорилгогүй амьдарч байна. Зорилгоо том тавьж, түүндээ тэмүүлдэг байх хэрэгтэй. Жаахан зорилго тавиад өчүүхэн бэрхшээл учрахад л шантрах юм. Ямар ч бэрхшээлийн араас зорилго нь харагдахуйц том байх хэрэгтэй. Залуучуудын хувьд бүхий л талаар хамгийн их боломжтой цаг үе ирж байна. Ийм байгаагүй шүү дээ. Бидний үед мэдээллээр өлсдөг байлаа.

-Зорилгодоо хүрэхэд тэвчээр хэрэгтэй. Тэр тэвчээр залууст дутаад байгаа болохоор л шантрах нь элбэг байдаг байх. Та энэ тал дээр юу хэлэх вэ?

-Залуучуудад хэлэхэд амьдралын багштай байх хэрэгтэй. Би олон багштай. Одоо тав дахь багштайгаа явна. Багш гэх тэр хүнд чи сэтгэлээ ярьж, нээлттэй байдаг байх хэрэгтэй. Хэдэн ч багштай байж болно. Жишээ нь сэтгүүлзүйн салбарт гэхэд л амжилттай байж, чамд үлгэр дууриал болохоор тэр хүнийг багшаа болгож, тэр хүнээс үг сонсож, зөвлөгөө авч, амьдралаа асуудаг байх хэрэгтэй. Бүгдийг биеэрээ туулаад гарсан тэр хүн чамайг чиглүүлж, олон алдаа гаргахаас сэргийлж чадна. Ер нь ахмадаасаа үг сонсоход дурлаж баймаар. Зовлон тоочих хэрэггүй. Зүгээр л тэднийхээ үгийг сонсоход хэзээд хэрэг болно. Тэд маань алдаа, оноогоо ярихад дуртай байдаг.

-Таны үнэт зүйлс юу вэ?

-Хүн төвшин, шударга л байх ёстой. Тэр бол цэнгэл. Шударга байснаараа хүн сэтгэлийн хувьд амар амгалан байдаг. Хүн зөв байвал асуудал зөв л байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.