С.Бямбацогт: Ашиг сонирхлын зөрчил надаас гарахгүй гэдэгт итгэж болно
2009.01.04

С.Бямбацогт: Ашиг сонирхлын зөрчил надаас гарахгүй гэдэгт итгэж болно

УИХ-ын гишүүн С.Бямбацогт шинэ парламентын залуу гишүүдийн нэг. Тэрбээр “Yнэн” сонины шинэ оны сайн өдрийн анхны зочноор уригдлаа.

-Манай сонины сайн өдрийн анхны зочин, шинэ оны эхний дугаарын зочинтой ярилцаж байгаадаа баяртай байна. Төрийн түшээд тэр тусмаа УИХ-ын 76 гишүүн сайнаасаа муу хэлэгдэх нь элбэг. Олны анхаарлын төвд байдаг ийм хэцүү ажил руу тэмүүлсний учир юу вэ?

-Сайн, муу хэлэхийн тухайд битүү морь гэдэгтэй л адил. Ялангуяа шинэ гишүүдийн өмнө нь юу хийж байсан, одоо асуудалд хандаж байгаа хандлага, хувийн амьдрал гээд бүхий л зүйл олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд сонирхолтой санагддаг байх. Миний анзаарснаар биднийг тодорхой хэмжээгээр түншиж үздэг.

Тодорхой хугацааны дараа ерөнхийдөө энэ хүн чинь ийм бодолтой, тийм зарчим баримталдаг гэдгийг анзаараад ирэхээр байдал тогтчихдогийг мэдэрсэн.

Намайг ч мөн ийм байдлаар сайн, муугаар янз бүрээр хэлсэн. Өнгөрсөн сонгуулиар манай Ховд аймагт туршлагатай парламентч Д.Дэмбэрэл, Ц.Дамиран, Л.Пүрэвдорж, Нямдаваа гээд өрсөлдөх боломжтой олон хүн байсан. Намайг судалсны үндсэн дээр намын удирдлагууд юуны түрүүнд залуу хүн, хоёрдугаарт, төрсөн нутагтаа төдийгүй эх орныхоо өнцөг булан бүрт эрчим хүч, зам гүүр, иргэний болон үйлдвэрлэлийн барилга угсралтын чиглэлээр нүдэнд харагдаж, гарт баригдхуйц зүйл хийсэн болохоор нэг суудал авчрах боломжтой гэсэн итгэл төрсөн шиг байгаа юм. Нутгийн ахан дүүс, олон түмэн маань ч үнэхээр дэмжлээ.

Нөгөө талаас манай аав, хадам аав хоёр маань нутагтаа нэртэй, хөдөлмөрч, хийж бүтээсэн зүйлтэй хүмүүс байсан. Аав маань сум, нэгдлийн даргаар олон газар ажиллаж, очсон газар бүртээ түмэнд тустай ажлуудыг амжилттай хийсэн хүн. Хадам аав маань ч зах зээлийн үед үйлдвэр, барилга угсралтын трестэд цөөнгүй зүйл хийсэн. Ийм хөдөлмөрч хүмүүсийн сайхан үйл хэргийг энэ залуу залгуулаад явах байх гэсэн олон түмний итгэл, хүлээлт байсан болов уу гэж бодогддог.

-Намаас санал тавихаас өмнө сонгуульд үзээд алдъя гэсэн бодол төрж байв уу?

-Төрж байсан. Би харьцангуй залуу байна, магадгүй 2012 онд надад боломж ирнэ гэсэн бодолтой байсан. Урьд нь ч би байр сууриа илэрхийлж байсан. МАСОХ-ны ерөнхийлөгчөөр хоёр жил гаруй ажиллаж, 2004 оноос хойш намын Бага хурлын гишүүнээр хоёр удаа сонгогдож, улстөрийн амьдралд оролцож эхэлсэн. Гэхдээ энэ удаа туршлагатай, ахмад хүмүүс нэр дэвших гэж байх гэж бодсон. Харин намаас зайлшгүй нэг залуу хүн дэвших шаардлагатай, залуу хүний хүлээлт байна гэж үзсэн болохоор дэвшсэн юм. 2008 онд л биш гэж бодож байснаас бус 2012 он, түүнээс цааш заавал УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, төр түшилцэх бодол өвөрлөж байсан.

-Шинэ гишүүний хувьд УИХ-ын бодит байдал урьдын төсөөлөлтэй хэр нийцэж байна вэ. УИХ-ын гишүүн болмогц дасан зохицоход амаргүй зүйл юу байна?

-Мэдээж УИХ-ын гишүүн нийгмийн амьдралын өргөн хүрээний мэдлэгтэй байх ёстой. Yүний тулд өөрийгөө хөгжүүлэх, дайчлах шаардлага илүү ихээр тулгарч байна. Нэг талаас энэ ажилд өөрийгөө дайчлаад ажиллавал хийж, бүтээх ажил маш их. Хэрэв өөрийгөө дайчлахгүй бол хамгийн их завтай хүн байх бололтой. Энэ утгаараа залуу хүний хувьд хийж бүтээе, мэдье, улс эх орондоо өөрийн хүч хөдөлмөр, хийж чаддаг зүйлээ зориулна. Ажилдаа хурдан дасан зохицохыг хичээж байна. Өөрийгөө илэрхийлэх байдлын хувьд жаахан хүндрэлтэй. Том бодлогын асуудлуудаар олон түмний өмнө төдийлөн нээлттэй дуугарч байгаагүй. Одоо дасаж байгаа болов уу гэж бодож байна. Харин бодлого тодорхойлох, асуудлын мөн чанар агуулга талаас хандахад туршлага ду-тах, шинэдэх зүйл байхгүй.

-Бизнес болон УИХ-ын сонгуульд амжилт гаргахад хүргэсэн хүчин зүйл юу вэ. Өөрөөр хэлбэл, таны давуу талыг сонирхвол?

-Өмнөө зорилго тавьсан бол түүндээ хүрэхийн төлөө тэмцэж, зүтгэж, хөдөлмөрлөж чаддаг нь миний амжилтын үндэс болов уу. Энэ чанар маань багадаа туулсан амьдрал, аав, ээжээс авсан хүмүүжлээс үүдэлтэй. Би зургаан дүүтэй, айлын том хүүхэд. Намайг аравдугаар ангид байхад аав маань бурхан болсон. Аав маань олон жил өвдөж, ээжийн цалингаар гэр бүлээ авч явах хэцүү байсан учраас бид багаасаа хөдөлмөрлөж эхэлсэн.

Зуныхаа амралтаар нэлээн ажил хийдэг байсан. Дүүтэйгээ нэг сарын хугацаанд 29 мянган тоосго цохиж, овоо мөнгө олж байсан маань санаанаас гардаггүй юм. Хамгийн гол нь мөнгө олж байсандаа биш хөдөлмөрлөж, түүнийхээ үр шимийг хүртэж чаддаг юм байна гэдгийг мэдэрсэндээ их урамшдаг. Бид өглөө таван цагт босоод өдөржингөө тоосго цохиж, орой арван цагт харина. Таван цаг унтаад л өглөөнөөс үдэш болтол бүтэн 19 цаг ажилладаг байсан. Уйгагүй хөдөлмөр зүтгэлийнхээ хүчээр өдий зэрэгтэй явж байгаа болохоор миний амьдралын хамгийн том сургамж минь юм даа.

-Та нэгэн ярилцлагадаа “…биеэ зассан, гэрээ зассан…” гэж хэлсэн нь хувь хүний хувьд бүрэн төлөвшсөнөө илэрхийлэх мэт санагдсан. Таны амьдралд хамгийн их үлгэр дуурайл болсон хүн бий юу?

-Амьдралын ухаан суулгаж, үлгэр дуурайл болсон хүн бол аав минь. Yлгэр дуурайл болдог хүн гэвэл ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин. Түүний намтрыг сонирхвол туулсан амьдрал нь төстэй ч юм шиг санагддаг. Түүний биеэ авч яваа байдал, амьдралын зарчмыг нь хүндэлдэг. Биеэ, бас гэрээ зассан гэдгийг 1000 гаруй хүнтэй хамт олныг удирдаж, төсөвт 5.5 тэрбум төгрөгийн татвар төлдөг байсан нь гэр бүл төдийгүй тодорхой хамт олныг авч явна гэдэг утгаар хэлсэн юм. Бизнесмэн хүн улстөрд орж ирэхдээ хөрөнгөө улам арвижуулах зорилготой гэсэн бодол зарим хүнд төрдөг шиг байна лээ. Харин надад тийм бодол байхгүй.

Нэг л амьдрах хорвоод бий болгосон баялгаа аваад авсанд ордоггүй. Гагцхүү хийж бүтээж байгаа зүйлээсээ таашаал авах нь л сайхан шүү дээ. Тэр утгаараа надад баялагт шунаад байх шаардлага үгүй. Урьд нь би гэр бүлийнхээ төлөө ажиллаж байсан бол дараа нь хамт олны төлөө ажиллаж, тодорхой амжилтад хүрсэн. Одоо би төр, ард түмний эрх ашгийн төлөө ажиллаж байна. Хэрэв төр, компани хоёрын эрх ашиг зөрчилдвөл нэгдүгээрт төрийн эрх ашгийг тавьж ажиллана. Энэ үүднээсээ ч компанийн ажилд оролцохгүй, надаас юм хүлээх хэрэггүй гэдгийг сонгуулийн дараа албан ёсоор компанийн хамт олондоо хэлсэн.

-Гэхдээ Та компанийнхаа хувьцаа эзэмшдэг биз дээ.

-Тэгэлгүй яахав, эзэмшиж байгаа. Тодорхой хугацааны дараа би хувьцаа эзэмшихээ больж, бизнестэй холбоогүй болно. Өөрөөр хэлбэл, ашиг сонирхлын ямар нэг зөрчил надаас гарахгүй гэдэгт сонгогч олон маань итгэж болно.

-Байнгын хороодын хурал болон нэгдсэн чуулганы хуралдаанд оролцож байгаа байдал, ер нь Таны биеэ авч яваа байдлыг харахад эмх цэгцтэй, хувийн зохион бай-гуулалт сайтай хүн шиг харагддаг. Миний эл дүгнэлтийн тухайд Та юу хэлэх вэ?

-Би Цэргийн их сургуульд сурч, хоёрдугаар дамжаагаа төгссөний дараа дэслэгч цолтой болсон ч амьдралын шаардлагаар бизнест хөл тавьж, сургуулиа бүрэн төгсөж чадаагүй. Би 1994-2006 оныг хүртэл бизнес хийсэн хүн шүү дээ. Энэ сургууль надад эр хүний тэсвэр, тэвчээр, хатуужил, биеэ авч явах байдал гээд их юм өгсөн. Цэгцтэй, хувийн зохион байгуулалт сайтай нь Цэргийн их сургууль, цэргийн амьдралын л хүмүүжил байх.

Ер нь Цэргийн их сургуульд сурч цэрэг хүмүүжүүлэх гэж байгаа хүн цэргийн амьдралыг биеэрээ бүрэн туулж, тэрнээс илүү зовлон бэрхшээлийг туулж үзэх ёстой гэдэг бичиг-дээгүй хууль бий. Би Цэргийн хүний тэсвэр тэвчээрийг шалгасан марш тактикийн тэмцээнд амжилттай оролцдог байснаа эргэн дурсахад сайхан байна шүү. Нөгөө талаас спортоор хичээллэдэгтэй маань холбоотой байх. Тав, зургадугаар ангид байхаасаа л гар бөмбөг, сагс, теннис зэргээр хичээллэж эхэлсэн. Эрүүл мэндийн хувьд ч спорт маш их нөлөөлсөн.

-Та ямар үед хамгийн аз жаргалтай байдаг вэ?

-Өмнөө тавьсан тодорхой зорилго биелж, би үүнийг чадчихлаа гэж мэдрэх агшинд л хамгийн сайхан. Хүний амьдралын утга учир оргилоос оргилын хооронд тэмүүлэхэд л оршдог шүү дээ. Хүний сэтгэл хэзээ ч ханахаа мэддэггүй, байнга л цаашаа ахидаг. Нөгөө талаас өөрийгөө байнга зовоож байдаг. Хийсэн зүйлээсээ би чадчихлаа, нэг ч гэсэн зорилгодоо хүрчихлээ гэсэн таашаал авах гэж байгаа л хэрэг. Дөч гаруй тэрбум ам.долларын хөрөнгөтэй дэлхийн хамгийн баян хүн Билл Гейтс дөрвөн хүүхдэдээ тус бүр нь 300 сая ам.доллар үлдээгээд, үлдсэнийг нь буяны байгууллагад хандивлахаа зарласан нь мөнгөний төлөө биш, гагцхүү хийсэн зүйлээсээ таашаал авч байгаатай л холбоотой. Мэдээж гэр бүлтэйгээ хамтдаа байхдаа аз жаргалыг мэдрэлгүй яахав.

-Та чөлөөт цагаараа юу хийдэг вэ. Ямар нэг онцгой сонирхол, нууц авьяас бий юү?

-Багаасаа спортоор хичээллэсэн болохоор спортод их элэгтэй. Хамгийн сүүлд гэхэд л 2007 онд компаниасаа баг гаргаж гар бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээнд өөрөө оролцоод хүрэл медаль хүртсэн. Ер нь спорт тоглоомд их дуртай. УИХ-ын гишүүдийг хамт тоглоё гэж хааяа гуйна шүү.

Удахгүй бүх гишүүн тоглодог болох байх гэж найдаж байгаа. Долоо хоногт хоёр удаа зааланд тоглочихно. Чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Триатлоны холбооны ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай. Энэ нь спортод элэгтэйг минь ойлгож, спортын салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулаач хэмээн итгэл үзүүлж байгаа хэрэг л дээ. Сонгуульт ажлаа аль болох сайн хийчих юмсан гэж хичээж ажилладаг. Чөлөөт цагаараа аль болох хөдөлгөөнтэй байж, ууланд авирч, зааланд тоглож, бассейнд орох гэх мэтээр идэвхтэй амрахыг хичээдэг.

-Гишүүн болсон ч гэсэн хааяа ном уншина биз дээ.

-Урьд нь нэлээн ном уншдаг байсан. Гуравдугаар ангидаа жилд уран зохиолын голдуу 165 ном уншиж, “Номын сайн нөхөр” болж байсан /инээв/. Би гайхдаг л юм, одоо 165 байтугай 20 ном уншихгүй байгаагаа. Сүүлийн үед интернэтээр юм сонирхох дуртай болчихжээ. Нууц авьяас гэхээр юмгүй. Харин онцгой сонирхол гэвэл хааяа нэг диско бүжиглэх дуртай. Гэхдээ дискодоход одоо жаахан хэцүү болчхож.

-Та хүний хөгжлийн үзэл баримтлал, чадварлаг хүн-хөгжлийн тулгуурын талаар хөтөлбөр хэрэгжүүлсэн гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Би бүтээн байгуулдаг салбарт ажиллаж байсан хүний хувьд хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх асуудалд санаа тавьдаг юм. Тиймээс МАСОХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа оюутнуудын нийгэмд эзлэх байр суурь, үзэл бодол, үнэт зүйл, тэд цаашид юу хийж, юунд анхаарах ёстой, ямар мэргэжлээр сурах ёстой зэрэг асуудлыг судалж үзээд эмзэглэх сэтгэл төрж байлаа. Баялаг бүтээх салбарт мэргэжилтэй боловсон хүчин дутагдаж, баялаг хуваарилах салбарт дээд мэргэжилтэй, дарга болох гэсэн хүмүүс олноор бэлтгэгдэх болжээ.

Цагаан захтан ажилгүйчүүдийн арми манай нийтлэг дүр төрх болж. Ийм тэнцвэргүй байдлыг халах ёстой гэдэг үүднээс “Чадварлаг хүн-хөгжлийн тулгуур” хөтөлбөр боловсруулж, холбогдох яамтай нь хамтарч ажилласны үр дүнд сүү-лийн үед МСYТ-ийн сургалтын орчныг сайжруулах, суралцагсдад стипенд олгоход нөлөөлсөн гэж боддог. Нөгөө талаар бид малаа яаж өсгөх, эдийн засагтаа хэрхэн анхаарах гэх зэргээр их ерөнхий зүйл ярьдаг. Гэтэл үүний цаана нөгөө л хүний асуудал дагаастай байдаг. Хүнээ хөгжүүлж байж л, эдийн засгийн өсөлтийг хангана. Энэ асуудлыг манай намын XXV их хурлаар хэлэлцэж, “Хүний хөгжлийн үзэл баримтлал” хэмээх тунхаг бичгийг баталсан. Уг тунхгийг боловсруулахад гар бие оролцсондоо бахархдаг.

-Ярилцлага өгсөн Танд баярлалаа.

-Та бүхэнд ч баярлалаа. “Yнэн” сонины хамт олон болон уншигчдад шинэ ондоо ажил хөдөлмөрийн өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.