Баабар “Төрд заяасан хүн”
Хувьсгалыг их төлөв зоримог залуу хүмүүс гал халуун зориг, эрмэлзлээрээ хийдэг. 1911 оны, 1921 оны хувьсгалын гол хүч нь гучаад насныхан байсан. Ганцхан манайд ч ингэдэг юм биш. Францын хувьсгал, Мэйжийн хувьсгал ч залуусын хувьсган шинэтгэх эрч хүчин дээр тулгуурласан. Монголын ардчилсан хувьсгал ч гэсэн энэ л дүрмээр явж, залуус ч манлайд гарч ирсэн.
Энэ залуус дотор илүү залуу хэдэн хүн байсны нэг нь Сангажавын Баярцогт. ХХ зууны монголын төрийн албан хаагчийг бэлтгэдэг тогтоц нь эвлэлийн сонгуультан ажилтнаар гараагаа эхэлдэг байсан. С.Баярцогтын ирээдүйн гараа энэ жамаар эхэлж эвлэлийн ажилтан болжээ. Нэг талаасаа харахад Эвлэл нь олон нийтийн байгууллага мэт боловч үнэн хэрэгтээ төрийн ажилтны “бэлтгэл”-д байгаа л хүн гэдгийг дээр доргүй мэддэг цаг. Өөрөөр хэлбэл, тэрээр төрийн ажилтан болох зам мөрийг хар багаасаа сонгосон хүмүүсийн нэгэн байв.
Ингэж байтал 1990 оны ардчилсан хувьсгал гарлаа. Нам, эвлэл, төрийн ажилтнуудын ихэнх нь ардчилсан хувьсгалыг эсэргүүцдэггүй юмаа гэхэд таагүй хүлээж авч байв. Энэ нь тэд ардчилал эрх чөлөөнд дургүйдээ биш юм. Дургүй ганц нэг байсан л байх. Хамгийн гол нь өөрийнх нь зүтгэж байсан төрийн машиныг устган шинэчилж, хувьсгах гэж байсан учраас наанадаж ажилгүйдэх, үнэгүйдэх жам ёс тосож байгааг зөнгөөрөө харж, мэдэрч байснаас тэр.
Төрийн албан хаагчдын зарим хэсэг нь Ардчилсан хувьсгалыг “Монголын төрийг шинэтгэн төгс төгөлдөр болгох үйл явц” хэмээн халуунаар хүлээн авч, уухайлан дэмжиж, гар бие оролцсон билээ. Тэдний нэг нь С.Баярцогт. 1990 оны анхны ардчилсан сонгуулиар байгуулагдсан Улсын бага хурлын хамгийн залуу гишүүн нь тэр байлаа. Хамгийн залуу парламентач 25 настай байлаа. Ингээд Монгол улсын Үндсэн хуульд парламентын гишүүний насны доод хязгаарыг түүгээр тогтоож билээ. Баярцогтын нас нь үндсэн хуулийн нэгэн үндэслэл болсон хэрэг.
Тэр үед парламентад залуу хүн олноороо орж ирэхийг бодолцон энэ насыг хуульчилсан биз ээ. Үнэн хэрэгтээ Монголын ардчилал хөгжин гүнзгийрэхийн хэрээр залуу хүмүүсийн тоо багасах байх. Нэг талаасаа хувьсгал л залуу хүмүүсийг олноор нь улс төр рүү хөтлөн авчирдаг. Дараа нь хувьсгал нь хөгжил, дэвшил болон батжихийн хэрээр парламент ба түүний гишүүд намбажин, туршлагажиж явдаг уламжлалтай.
Хорин жилийн тэртээ хамгийн залуу парламентч болон монголын төрд орж ирсэн С.Баярцогт өнөөдөр хамгийн ахмад нь биш ч, хамгийн туршлагатай төрийн зүтгэлтний нэг яах аргагүй мөн болжээ. Социал демократ намын анхны зүтгэлтнүүдийн нэг С.Баярцогт монголын төрийг ардчилахаас эхлээд, анхны ардчилсан Үндсэн хуулийг зохиолцож, батлалцаад өдий болтол түүнээ хамгаалан зүтгэж яваа улс төрч. Төрийн байгуулалтын байнгын хороо түүний ажлын гол хэсэг байдаг нь ч үүнийг хэлээд байна. Өөрөөр тэр монголын төрийн ардчиллыг бүтээлцэж, хамгаалж яваа нэгэн. Төрд хэрэгтэй “зайран”.