Монгол үндэстнээс төрсөн сод бизнесмэн
2009.02.09

Монгол үндэстнээс төрсөн сод бизнесмэн

Кирсан Илюмжинов 1962 онд төрсөн нь хожим түүнийг халимагууд Чингис хааны хойд дүр гэж бишрэн шүтэхэд хүргэжээ. Тэр эгэл жирийн сэхээтний гэр бүлд мэндэлсэн. Багаасаа халимагийн ард түмний зовлон шаналангийн тухай сонссоор хорсон бухимджээ.

Мөн Халимагийн ард түмний гарамгай хөвгүүдээр бахархаж, тэдэн шиг болохсон гэж мөрөөднө. Би халимаг учраас өөр байх ёстой, илүү байх учиртай, тэгж байж оросуудын дунд олигтой явна гэж багаасаа яс махандаа тултал ойлгож авжээ. “Бага ястны” гүргэр зан чөмгөнд нь тултал шингэжээ…

Кирсан хүү өсвөр үеийнхний шатрын тэмцээнд АССР-ээ төлөөлөн оролцож, ЗХУ-ын аварга болов. Түүнийг шатар хөөвөл ирээдүйтэй гэлцэн спортын томчууд сонирхож эхлэхэд Кирсан харин ч тэднээс зугтаж, ” Би зөвхөн шатар тоглодог хүн болмооргүй байна. Шатраас өөр олон зүйлийг мөрөөдөж байна” гэж гэрийнхэндээ хэлж байжээ.
Сургуулиа онц сайн төгсөөд нэгэн үйлдвэрт ажиллав. Ажиллаж байгаад конкурс өгөгсдийг харж үздэг болохоор тэр. Гэтэл насанд хүрээгүй байхад нь мань хүнийг арми аваад явчхав. Тэнд ч онц сайн албаа хааж, армидаа үлд гэсэн ятгалгыг арайхийн няцаагаад, Зөвлөлтийн хамгийн элит сургууль болох МГИМО буюу “дипломатын дээдийн” шалгалтыг өгч, босгыг нь давлаа. Дандаа дарга сайдуудын хүүхэд суралцдаг МГИМО-д Кирсан олон чухал танилтай болж авав. Овсгоо самбааг бусдаас зээлдэггүй тэрбээр наймаа хийж, дорхноо хамгийн баян оюутан болж хувирав.
Японы Радуга хэмээх фирм ажилтан шалгаруулж авна гэх сургаар очиж өөрийгөө сорьсон чинь босс нь түүнийг бүр гүйцэтгэх захирлын туслах болгочхов. Уг фирм перестройкийн эхэн үеийн тааламжтай нөхцөлд дулдуйдан, маш олон талын үйл ажиллагаа явуулдаг байв. Илюмжинов асар их мөнгө, нүд ирмэхийн зуур олддог хөрөнгөтэй харьцах болов.
Аажимдаа оросын өсөж өндийж буй бизнесийн ертөнцөд багагүй үүрэг гүйцэтгэж эхэллээ. Өдөр шөнөгүй халаас руу нь мөнгө урсана. Худалдаа, санхүүгийн фирмүүд байгуулж, олсон мөнгөө улам арвижуулан өсгөнө. Ахар богино хугацаанд Илюмжинов тэрбумтан болсон юм. “Сан” гэдэг корпораци байгуулж, санхүү эдийн засгийн арга ажиллагаанд улам амташсаар. Гэвч тэр үүнээс ч илүү сонирхолтой, адал явдалтай амьдрахыг хүсэж байв.

Зөвлөлт Оросын ардын депутатад бишрэн шүтэгчдийнхээ хүсэлтээр Халимагийн тойргоос нэрээ дэвшүүлэхдээ 27-той байлаа. Хамгийн залуухан депутат болоод томчуудтай танилцаж, байр сууриа бэхжүүлэв. Гэвч Оросын их улс төрд товойн шалгарах боломжгүйгээ ухаарлаа. Оросын улс төр яггүй шовинист, расист, фашист аж. Нөгөөтэйгүүр, их хүү болох улс төрийг бас орхисонгүй.

Бизнес, улс төрийн хамаг үйл ажиллагаагаа Халимагт төвлөрүүлэхээр шийдэв. 1993 онд Илюмжинов Халимагийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр боллоо. 12 м урт америк лимузинээрээ тойрог бүрд очив. Илюмжинов уриагүй бол алс Халимагт хэзээ ч ирэхгүй байсан. Оросын № 1 поп одод сурталчилгаанд нь оролцов. Ялсан тохиолдолд сонгогч бүрд 100 доллар бэлэглэнэ гэж амлав. Мэдээж тэр өрсөлдөгчдөө бут цохилоо. Оросын сонинууд “Учир битүүлэг тэрбумтан БНУ худалдаж авлаа” гэж шуугив.

Илюмжинов Дээд Зөвлөлийг тарааснаар Халимаг Холбоот улсын анхны зөвлөлгүй нутаг болов. Оронд нь 40 депутаттай Оросын анхны парламентыг байгуулав. Түүний алхам бүр анхдагч байлаа. 20 гаруй яам, яамтай дүйцэх газар байсныг бүгдийг татан буулгаж, гагцхүү ерөнхийлөгч 5 зөвлөхтэйгөө бүх эрх үүргийг нь дааж авлаа.

Тэр өөрийн улсыг “Халимаг” хэмээх нэг том корпораци гэж үзэн ажиллана хэмээв. Ихэнх нь гуч хүрээгүй залуусыг бүх чухал албан тушаалд томиллоо. Халимаг улс тэр аяараа Илюмжиновын өөрчлөлтөд хамрагдсан гэхэд хилсдэхгүй. Улсын бүх үйлдвэр, аж ахуйн газар, үл хөдлөх хөрөнгө, газар болон бусад өмчийг тэрбээр үр бүтээлч, бизнес ч голдрилд оруулжээ.

Өнөөдөр Халимаг хамгийн бага татвар авдаг эдийн засгийн чөлөөт бүсүүдийн нэг юм. Халимагт Орос, ТУХН-ийн болон даян дэлхийн олон орны үй түмэн компани албан ёсоор бүртгүүлсэн агаад, тус бүрээс нь авдаг багахан татвар бүгд нийлээд яггүй их мөнгө болдог гэнэ. Тэдгээр компани ажлын байрууд бий болгож, хөрөнгө оруулж Халимагийн эдийн засгийг сэргээж байна. Халимаг төвөөс татаас авдаггүй, харин төвдөө хандивладаг ОХУ-ын цорын ганц донор субъект билээ.

Нефтиэр баялаг тул 2 дугаар Ойрхи Дорнод болох төлөвтэй байгаа Каспийн эргээс эзэмшдэгээрээ Халимаг асар их ирээдүйтэй орон юм. Илюмжинов ч Халимагийг Каспийн нефть олборлолтын төв болгох зорилготой ажиллаж байна. Нефть олборлолтод үйлчлэх аварга том байгууламж Лагайн боомтыг бариуллаа. Гэтэл Каспийн эргийг мөн эзэмшдэг Оросын бусад субъект, Азербайжан, Иран, Казахстан Илюмжинов шиг эрчимтэй ажиллахгүй байна. Каспийн олборлолтод гол үүрэг гүйцэтгэгч болох мөрөөдөл Илюмжиновыг эзэмджээ.

Кирсан Шатарт хорхойтой тул дэлхийд гайхагдсан сайхан шатрын ордонг Халимагтаа бариуллаа. Оюуны хүчээ дайчилсаар дэлхийн шатрын холбоо ФИДЕ-гийн босс болж чадлаа. Каспаровын аваргын титмийг сая доллараар худалдаж авлаа.

Далай ламыг Халимагт орогнуулж, Элстийг буддын Ватикан болгоно гэж байтал нь Москва болиуллаа. Сүүлийн үед дэлхийн бүх монгол туургатны удирдагч болох төлөвтэй буй. Ер нь Илюмжинов холбооны засгийн газартай их зөрчилддөг. Халимагт үндсэн хууль мөрдөгдөхгүй байна гээд цэрэг оруулах асуудал яригдаж байв. Янз бүрийн шалтгаанаар байсхийгээд л холбооны сүр сүндэртэй шалгалтынхан Элстэд ирдэг. Мафийн гишүүн энэ тэр гэж харддаг. Гэвч Илюмжиновыг яаж ч чаддаггүй. Тэр ахиж дэвшсээр л явна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.