Генералиссимус цолтой Тан Шве
2009.04.07

Генералиссимус цолтой Тан Шве


Генералиссимус цолтой хүн манай дэлхий дээр цөөхөн. Тэдний дийлэнх нь Х\/-Х\/II зуунд амьдарч байжээ. Харин өнгөрсөн зуунд Чан Кайши, Шведийн хаан Фредрик I, БНАСАУ-ын их удирдагч агсан Ким Ир Сен гээд хэдхэн хүн генералиссимус цол хүртсэн байна.

Тэдний нэг нь Мьянмарын удирдагч буюу Төрийн зөвлөлийн даргын албыг хашдаг Тан Шве юм. Тэрбээр 15 жилийн турш Мьянмарын засгийн эрхийг барьж байна. Америкийн "The Washington Post” сонины хавсралт "Рагаdе" сэтгүүлд нийтлэгдсэн дэлхийн хамгийн харгис дарангуйлагчдын жагсаалтад Тан Шве гуравдугаарт бичигдсэн билээ.
Мьянмарын нь өмнө нь Бирм хэмээх нэртэй байсан бөгөөд 1989 оноос Мьянмар гэгдэх болсон юм. 41.995 –хан хүн хүн амтай, зүүн өмнөд Азид орших Хятад, Тайланд, Лоас, Энэтхэгтэй хиллэдэг, хүн амынх нь 85 хувь нь буддын шашинтай юм.

1962 онд генерал Не Вин цэргийн хүчээр төрийн эргэлт хийж засгийн эрхийг авчээ. Энэ явдлаас хойшит хамтран зүтгэгч Тан Шве нь маш хурдан албан тушаал дэвшсэн байна. 1985 онд түүнд бригадын генерал цол олгож, нэг жилийн дараа хошууч-генерал болгов. Бас дахин жилийн дараа засгийн эрхийг барьж байсан генерал Не Виний зохион байгуулсан Бирмийн социалист хөтөлбөрийн гүйцэтгэх хорооны гишүүн болгожээ. 1988 онд генерал Со Маунгийн удирдлага дор төрд хариуцлагатай алба хашиж байсан 21 хүн Хууль дүрмийг сэргээх улсын зөвлөл гэгчийг байгуулж Мьянмарт дахин төрийн эргэлт хийн, засгийн эрхийг булаан авсан юм. Үүнд хамгийн идэвхтэй оролцсон хүмүүсийн нэг нь Тен Шве байлаа.Тэрбээр генерал Со Маунгийн нэгдүгээр туслахаар томилогдсон юм. Гэвч удалгүй Со Маунгийн бие муудсан нь Тен Швегийн хувьд эрх мэдлийг гартаа авах сайхан боломж болсон гэдэг. Тэрбээр Засгийн газрын тэргүүн, БХЯ-ны сайд, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч гэсэн гурван албыг давхар хаших болжээ. Эхэндээ харьцангуй либерал бодлого явуулж улс төрийн гэмт хэрэгтнүүдийг суллаж, сөрөг хүчний удирдагч Аун Сан Сутай хэлэлцээ хийж эхэлсэн. Гэвч 1990 онд болсон парламентын сонгуулиар түү-ний тэргүүлдэг улс төрийн хүчин ялагдал хүлээсэн юм. Үүний хариуд Тан Шве шинэ Үндсэн хуультай болохоор Үндэсний хурлын ээлжит бус чуулганыг зарлаж байв.

Генералиссимус Мьянмарыг АСЕАН-ны гишүүн болгохын тулд төрийн зүгээс эдийн засагт тавьдаг хяналтыг багасгаж, хээл хахуулийн хэргээр олон сайдыг албан тушаалаас нь огцруулсан. Мөн анх удаагаа Улаан загалмайн нийгэмлэг, Олон улсын аминист зэрэг байгууллагуудын төлөөлөгчдөд Мьянмарт ирэхийг зөвшөөрчээ. Гэвч энэ нь ердөө л гадныхныг хуурах гэсэн заль байв. Тэр зорьсноо биелүүлж Мьянмарыг АСЕАН-ы гишүүн болгосон. Үүний зэрэгцээ карен, шан, рохинжа ээрэг үндэстний цөөнхүүдийн эсрэг бодлого явуулсаар байв. Тиймээс ч лалын шашинтай 250 мянган рохинжа үндэстэн аргагүйн эрхэнд Бангладеш руу дүрвэхэд хүрчээ.

Тан Шве өөрийнх нь хүссэн шинэ Үндсэн хуулийг батлаагүй тул парламентаа тараасан. Тэрбээр сөрөг хүчнийхэнтэйгээ ч хэл амаа 1 ололцож чадаагүй. Түүгээр ч зогсохгүй өөрийнх нь явуулсан бодлогыг шүүмжилсэн сэтгүүлчдийг бүгдийг нь шоронд хорьж, Нобелийн энхтайвны шагналтан, сөрөг хүчний удирдагч Аун Сан Суг 2003 оны тавдугаар сард дахин гэрийн хорионд оруулсан юм. Энэ эмэгтэй сүүлийн 13 жил шорон болон гэрийн хорионд байгаа. АНУ болон Европын Холбоо тус улсын эрх баригчидтай ямар нэгэн хэлэлцээ хийхгүй гээд одоогоос 10 жилийн өмнө Мьянарын эсрэг хориг тавьсан нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээрээ байгаа.

Ийнхүү Мьянмарын байдал урьдынхаасаа улам бүр дордсоор байв. Генералис-симус Тан Шве бүх л эрх мэдлийг гартаа төвлөрүүлсэн тул олон улсын байгууллагууд тус улсад үйл ажиллагаагаа явуулж чаддаггүй аж. Сөрөг хүчний удирдагч Аун Сан Су үүний эсрэг олон жил тэмцсэн боловч үнэндээ дийлэхгүй байна. Тэрбээр өнөөдөр хүртэл гэрийн хорионд байгаа бөгөөд түүнийг гадагш нь ч явуулдаггүй. Олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагууд Аун Сан Суг суллуулах талаар удаа дараа шаардлага тавьсан боловч нэмэр болоогүй юм.

Туан Швег хаалттай, боловсрол нимгэн, туйлын гомдомтгой хүн гэдэг. Маш огцом ууртай генералиссимус ихэнх цагаа гольф, компьютер тоглож өнгөрүүлдэг аж. Төрийн албаа умартсан тэрбээр 2003 онд Ерөнхий сайдын албаа өгсөн. Гэсэн ч маш олон алба түүнд үлдсэн. Сүүлийн үед түүнийг эзэн хаан шиг авирладаг болсон гэдэг. Ач хүүхдүүд нь хүртэл өөрсдийгөө хааны удам угсаа хэмээн бахархан ярьдаг гэнэ. Тан Швений гэр бүлийнхэн 2004 оны шинэ жилийн баяраар долоон сая евротой тэнцхүйц өртөгтэй бэлэг авсан байна. Түүний эхнэр До Чьянг нь Мьянмарын улс төрд хамгийн нөлөө бүхий хүн. Хэнийг төрийн хариуцлагатай албанд томилохыг энэ эмэгтэй л шийддэг гэнэ.

Шинэ цагийн хэмжээгүй эрхт эзэн хаан Тан Шве ядуу гэр бүлд төрсөн. Шуудангийн салбарт ажиллаж байсан тэрбээр 1953 онд офицер бэлдэх нэг жилийн сургуульд суралцаж төгссөн. Цэрэг дайны үеэр хэрхэн сэтгэл зүйн дайн хийх чиглэлээр олон жил ажилласан аж. Гадныхныг хавьтуулдаггүй Тан Шве 2007 онд анх удаа гадаадын сэтгүүлчдэд тус улсын шинэ нийслэлийг үзэж сонирхохыг зөвшөөрсөн юм. Гадаадын 50 сэтгүүлч Бирмийн армийн баярын өдөр тус улсын Найпидо хэмээх шинэ нийслэлтэй танилцсан байна.

Найпидо гэдэг нь Хааны шинэ ордны нийслэл гэсэн утгатай юм. Уг баярын арга хэмжээнд 10 мянган хүн оролцсон бөгөөд 74 настай генералиссимус үг хэлсэн тухай СМЫ мэдээлж байсан билээ. Гэтэл гадны сэтгүүлчдэд зориулсан хөтөлбөрт ердөө хоёрхон арга хэмжээг бичсэн байжээ. Нэгдүгээрт баярын цуглаанд оролцох, хоёрдугаарт Янгон хотоос 385 километрийн зайтай орших шинэ нийслэлтэй танилцах явдал байлаа. 2005 онд Тан Швегийн тушаалаар төрийн бүх яам, байгууллагуудыг Найлидо руу шилжүүлжээ. Харин яагаад шинэ нийслэлтэй болох болсон жинхэнэ шалтгаан нууц хэвээрээ байна. Сөрөг хүчнийхний ярьж байгаагаар Америкийн цэргүүд Иракийг эзлэн авснаас сургамж авч аюулгүй байдлаа ийн хангасан байна. Өөрөөр хэлэх юм бол нийслэл нь Мьянмарын яг төвд байх юм бол далайгаас дайралтад өртөхөд шуурхай арга хэмжээ авах боломжтой гэнэ. Харин зарим нь Мьянмарын хаадуудын уламжлалыг баримтлан шинэ нийслэлээ байгуулсан гэдэг. Мөн Тан Шве зурхайчдын зөвлөснөөр ингэсэн гэсэн яриа ч гарсан байдаг.

Барууны нэгэн судлаач "Хятад бол Бирмийн хувьд ах гэхээсээ илүү эцэг нь. Хятадууд Бирмд хамгийн нөлөөтэйгөөс гадна усан цахилгаан станц барьж, хий дамжуулах хоолой тавьж өгдөг. Хятад өөрийн ашиг сонирхлоос татгалзана гэдэг юу л бол. Бирмийн ард түмэн олон жил зовж байгаа" хэмээн бичсэн байдаг. Мьянмарын сөрөг хүчний нэгэн гишүүний ярьснаар Тан Шве сөрөг хүчний тэмцлийг хэрцгийгээр дардаг. Эсэргүүцлийн цуглаан гарсны дараахан эрх баригчид шөнө лам нарыг машинд хүчээр суулган авч явдаг аж. Нэг шөнө гэхэд л 1000 лам сураггүй болсон удаатай. Тэдний амийг хороож цогцсыг нь ширэнгэн ойд нуудаг гэнэ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.