Ц.Элбэгдорж: Баяртай, Борис!
Нулимс өөрийн эрхгүй урсах юм. Гадагшаа уйлалгүй удсан байна. Ерөнхийлөгч Борис Ельцинийг оршуулах үйл явцыг CNN-ээр харж суугаад ийм юм болов. Товчхон боловч сэтгэлээ бусадтай хуваалцъя гэж бодлоо.
Өглөө ОХУ-ын Элчин сайдын яамны байранд бидний хэдэн нөхөд очиж Оросын ард түмний нэртэй хүү Ельциний гэгээн дурсгалыг хүндэтгэсэн юм. Энэ хүндэтгэлийг эрх чөлөө. ардчилалд элэгтэй монгол түмэн бас хуваалцаж байгаа. Борис Ельцин бол хүн төрөлхтний түүхийг эерэг урсгалд оруулахад нөлөө үзүүлсэн хүний нэг. Тэр XX зууны хамгийн том аюул-коммунизмыг гардан дарсан, бас оршуулсан хүн. Дэлхий түүнийг 1991 оны наймдугаар сард Москва хотын төвд эрх чөлөөг хамгаалан, гартаа цаас барьсаар танк өөд авиран гарч ирснээр нь сайн мэднэ. Түүний хүчит хөл дор үнэндээ танк биш дарангуйллын хамгийн том машин амьсгаа хурааж байсан нь тэр.
1991 оны зуны тэр өдөр монголчууд ч МоАХ-ны дуудлагаар шинэ сонголтоо өмөөрч эрх чөлөөний талбайд цуглаж байсан. Тэгэхэд коммунист төрийн эргэлт Орост амжилт олсон бол бидний, магадгүй энэ цэнхэр гаригийн амьдрал тун өөр, тун бүрхэг байх байсан байж ч болох. Орост төрийн эргэлт зарлахад Монголд дагаад л коммунизмын сүг амилж байсан юм. Тэр түүх олон хүний тархинаас арчигдаж, түүнийг мэдэхгүй бүх л бүтэн шинэ үе гарч иржээ.
Ельцинийг хорвоо сольсон тухай дэлхийн хүмүүс Америкийн Төрийн Департментийн мэдээллээс эхэлж сонслоо гэж "ВВС" агентлаг мэдээлсэн. Түүний зовлонт зүрх зогссоныг хэнээс ч нууж, хүмүүсийн түүнд үзүүлэх хүндэтгэлийг хэн ч хорьж чадахгүй болжээ. Хүмүүст гэрэлтэй, сүүдэртэй хүний амьдралыг байгаагаар нь бэлэглэсэн тэр хүний тухай дуугардаг бүхэн энэ өдрүүдэд чимээлж байна.
"Ерэн нэгэн онд дэлхийг. Оросыг, ардчиллыг аврах гэж тийм алхам хийхээс өөр сонголт надад байгаагүй" гэж ярих Ельцинийг CNN харууллаа.
Тэр хүчтэй удирдагч, тэр жинхэнэ орос, тэр дарлалыг ялж, хүний ёсоор ажиллаж, амьдрах боломжийг оросуудад өгсөн... гэх мэтээр нэр хүндтэй хүмүүс, түүний хуучны танилууд Ельциний тухай ярьж байна. Тэр хэвлэлд дайсагнадаггүй байсан гэж сэтгүүлчид дурсана. Оросын том биет, хайртай хүүгийнх нь оршуулгад оролцохоор олон хүн газар бүрээс Москвад иржээ. Америкийн экс хоёр Ерөнхийлөгчөөс өгсүүлээд өнгөрөгч болон эхлэн буй энэ зууны олон алдартай удирдагчид тэнд харагдана. Мөн ОХУ-ын сүүлийн 20 жилийн улс төр, нийгэм, соёл урлагийн бүх л алдартнууд цуглажээ. Ельцинийг залгамжилсан Путин, түүнийг залгамжилж магадгүй гэгдэх хэд ч бүгд эгнэн зогсжээ. Ельциний үед сэргэсэн Оросын Дум хүртэл хурлаа завсарлаж гишүүд нь ирцгээжээ. Гэхдээ Оросын коммунист намын Дум дахь бүлгийнхэн л түүний оршуулгад оролцохоос мөн дурсгалыг нь хүндэтгэхээс ил тодоор татгалзсан байна.
Свердловскийн нэгэн бөглүү тосгонд төрсөн эгэл тариачны хүү Борис Орос орны нийгэм, улс төрийн амьдралын бүхэл зууны толь байх. түүнийг илэрхийлэх хувьтай хүн байж. Түүний амьдарсан 76 жилийн 69-ийг нь Оросын өнгөрсөн зууны түүхээс салгах аргагүй юм. Дэлхийн хүмүүс шинэ мянганы анхны онтойгоо золгох гэж баяр баясал, их мөрөөдөл нь оргилж байхад тэр улс төрд дахиад л шуугиан тарьсан юм. ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа сайн дураар татгалзаж байгаагаа Ельцин зарласан. Түүний үеийн зарим коммунистууд сайн дураараа байтугай үхэж байхдаа ч Ерөнхийлөгчийн сандлаасаа са
лж чадахгүй байсантай, байгаатай харьцуулахад үнэхээр иргэнлэг, зоригтой алхам шүү.
Ардчиллыг амар зүйл гэж хэн ч хэлээгүй. Хүний аль ч үеийн түүхтэй харьцуулахад зүйрлэл байхгүй агуу их түүхэн шилжилтийг гардан хий-сэн түүнийг одоо өөд болсны дараах шиг нь оросууд тэр бүр хайрладаггүй байсан. Оросын анхны бүх нийтээр сонгогдсон Ерөнхийлөгчийн нэр хүнд газарт унасан үе бий. Гэхдээ Ельцин шатсан үнснээсээ амилах "феникс" шувуу шиг ард иргэдийнхээ итгэлийг дахин амилуулж ОХУ-ын Ерөнхийлөгчөөр хоёр дахиа сонгогдож чадсан юм. Ельцинг мэндлээд удаагүй байхад ээж нь түүнийг адислах гэж байгаад усанд живүүлчих шахсан гэдэг. Тэр багадаа гранат олж дэлбэлж зүүн гарынхаа хоёр хурууг тасалжээ. Түүнээсээ болж цэргийн албанд тэнцээгүй ч тэр хожим дэлхийг цөмийн аюулаас холдуулахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн билээ. Түүний үед л Зөвлөл-тийн цөмийн пуужингууд чөлөөт ертөнцийг онилохоо больсон юм. Ельцинг хуучныг санагалзагчид "Зөвлөлт" хэмээх их гүрнийг нураасан гэж зүхдэг боловч, их долоог, их найм болгож, Оросыг орчин цагийн дэлхийн амьдралын хэв шинжийг тодорхойлогч чухал орон болоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэж түүнийг өмөөрөх нь бас сонсогдоно.
Ямар ч болов Ельцин цаг үеийнхээ эзэн нь байж, бас байхгүй цаг үедээ үргэлжлэн байж чадах, байр сууриа эзэлсэн удирдагч. Черненког оршуулснаас хойш Оросын төр, ард түмэн ингэж "албан ёсоор" гашуудаагүй, ингэж төрийн оршуулга хийгээгүй юм. "Олон хүн ядуу үлдчихлээ. Түүнд л санаа зовж байна" гэж Ельцин ажлаа өгснийхөө дараа нэгэнтээ дурссан юм. Гэхдээ түүнийг ядуу Орос биш, улам бүр хүчээ мэдрэн өндийж байгаа шинэ Орос үдэж байна. Төрийн зүтгэлтэнийг сүүлчийн замд нь сүмээс үдэх ёслолыг оросууд бүтэн зуу гаруй жил үйлдээгүй. Сталины үед дэлбэлж, өөрийнх нь үед дахин босгосон авралт Христийн сүмд Ельцин сүүлчийн зогсолтоо хийлээ. "Храм Христа Спасителя" хэмээх уг ариун сүмийн эвдэрсэн буурин дээр Зөвлөлт засаг усанд ордог "ванн" барьсан байж билээ. Оросууд анхны Ерөнхийлөгчөө Кремлийн улаан тоосгон хананд эсвэл түүний сүүдэр дор оршуулахгүй гэж шийджээ. Түүнийг Оросын үе үеийн алдартнуудыг оршуулж ирсэн "Новодевичье" хэмээх түүхэн газар хөдөөлүүлэв. Тэр алдарт Чехов, Булгаков, Бернадский, Шаляпины хамт тэнд нойрсох аж.
2000 оны нэгдүгээр сард ажлаа Путинд сайн дураараа хүлээлгэн өгөөд Кремлиэс Ельцин явахад цас орж байсан. Өнөөдөр хүмүүс нулимс унаган түүнийг үдлээ. Тэр хийж чадаагүй зүйл, алдааныхаа төлөө ард түмнээсээ уучлалт гуйсан Оросын анхны бас сүүлчийн төрийн тэргүүн байсан юм. Борисийг.түүний Ерөнхийлөгч, Ерөнхий сайд бараг бүх найзууд нь биечлэн үдлээ. Газрын хол ойр ялгаагүй болсон одоо цагт "Баяртай, Борис" гэж түүнд Монголоосоо хэлье дээ.