Бид удирдагч, тиймээс 150 наслах ёстой
2009.09.21

Бид удирдагч, тиймээс 150 наслах ёстой

Кубын сахалт удирдагч хорвоог орхисон тухай мэдээ дэлхийгээр тарж амжаагүй байхад Кастрогийн Венесуэлийн оюутнуудтай хийсэн уулзалтын бичлэг энэхүү цуу яриаг нам дарлаа. Хүн бүрт л Фидель биш байсан, хүнд өвчтэй хөгшний оронд телевизээр «дуураймал» Фиделийг харуулсан гэх хар төрж байв. Тэрээр хөл дээрээ зогсоод инээж хошигнон, гараа идэвхтэй хөдөлгөж байсан нь зөөлрүүлж хэлэхэд гуравхан жилийн өмнө эмч нарын ходоодны хорт хавдартай хэмээн оношилсон удирдагчийн хувьд гайхмаар зүйл байв.

Кастро амьдарч байсан, одоо ч амьд, хойшид ч амьдарсаар байх болно

... Тэгэхэд Фиделийн бие сайнгүй байгаа нь илт мэдэгдэж байсан. Түүний эрүүл мэндийн тухай мэдээллийг улстөрийн нууц хэмээн зарлалаа. Фидель эмнэлэгт хэвтэж, хүнд хагалгаанд орсон юм. Гэхдээ эмчилгээний үр дүн тийм ч сайн байгаагүй тул телевизээр хэвтрээсээ Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавестай ярилцаж байгааг харуулахдаа зөвхөн гэрэл зургийг нь тавьсан юм. Тиймээс Фиделийн бие маш муу байна. Хагалгаа амжилттай болсонгүй. Их л удаж хэдхэн сар амьд явах хугацаа үлдсэн гэсэн яриа тарав.
2008 оны хоёрдугаар сар. Кастро эрх мэдлээ дүүдээ албан ёсоор шилжүүлэн Ерөнхийлөгчийн суудлаа орхилоо. Тэр үед Фидель Кастрог хэзээ оршуулах бол, талийгаачийн сахлыг хусах болов уу гэсэн яриа Кубын иргэд дунд газар аваад байсан гэдэг. Гэтэл түүнийг бараг оршуулчхаад байхад эв эрүүл болсон нь яг л нөгөө ертөнцөөс эргээд ирсэн мэт санагдаж байсан нь мэдээж. «Энэ бол үнэхээр гайхалтай, ер бусын тохиолдол» хэмээн Майамигийн профессор, хавдар судлаач эрдэмтэн Эмиль Флорес дуу алдан ярьжээ.

Тэр тусмаа ийм өндөр настай хүний хувьд бол итгэмээргүй явдал байлаа. Хорт хавдар илэрсэн л бол бараг амьд үлдэх ямар ч найдвар байхгүй. Цэл залуухан 20 настнууд хорт хавдрын өмнө хүчин мөхөстөж байхад 83 настай хөгшний хувьд эрлэгийн элчтэй нүүр тулах магадлал 100 хувь байж таарна. Гэвч Кастро одоо болтол амьд байгаа нь Куба улс анагаах ухааны хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч гэдгийг гэрчилж байгаа хэрэг.

Кубийг баян орон гэхэд үнэхээр хэцүү. Сард 7-10 долларын цалинтай, хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүнээ картаар авдаг, халуун орон гэхэд ядаж гадил жимсээ чөлөөтэй авч идэж чаддаггүй гээд бодоод үз дээ.

Нийслэл Гавана хотын ядуусын хорооллоор явахад хогондоо дарагдсан гудамж, нурах шахсан оромжууд, хуучин ЗХУ-д үйлдвэрлэсэн, салж унах дөхсөн «Жигули» машинууд, гадаадын иргэдийн өмнө хойно гүйн гуйлга гуйсан ядуус гээд нэг үгээр хэлбэл гуравдагч ертөнцийн жишээ болсон орон юм. Гэсэн ч Куба улс анагаах ухааны салбарт Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ найман хувийг зарцуулдаг, (Тэгэхэд ОХУ дөнгөж 3.5 хувь) эмчилгээний хувьд Латин Америкдаа хамгийн шилдэгт тооцогддог бөгөөд дадлага туршлагатай, гайхалтай сайн мэргэжилтнүүдтэй аж. Кубын хүн амын дундаж наслалт 78. Тэгэхээр дарангуйлагч Кастрогийн эрүүл мэнд, амь нас хамгийн шилдэг эмч, мэргэжилтнүүдийн хараа, хяналтад байдаг гэж хэлж болох юм.

Бодоод үз дээ. Туркмений их удирдагч Сапармурат Ниязовыг ямар ч мөнгө, Германаас залж авч ирсэн супер эмч нар ч аварч чадаагүй жишээ бий. Тэрээр 67 насандаа зүрхний шигдээсээр ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн билээ. Тоочоод байвал олон жишээ авч болно. «Хачирхалтай сонсогдож болох ч Фидель үхлээс өөрөө мултарсан. Тэрээр 40 настайгаасаа урт наслах нууцыг тайлахыг хичээж, хүн хөгшрөхдөө ямар өвчнөөр ихэвчлэн хорвоог орхидог тухай маш нарийн судалж байв» хэмээн түүний эмчлэгч эмч нарын нэг ярьсан байна. Зүрх, хорт хавдраар явчих вий гэж маш их айж байсан Фидель эрүүл амьдралын хэв маягийг баримтлах тухай огтхон ч бодож үзсэнгүй. Харин улсынхаа бүхий л шилдэг эмч нарыг дуудан ирүүлээд «Би та нарт шаардлагатай мөнгийг чинь олж өгнө. Харин та нар хорт хавдрыг эмчлэх аргыг ол. Би бол улс орны удирдагч, тиймээс 150 наслах ёстой. Дэлхийн шилдэг эрдэмтдээс туршлага судал» хэмээн үүрэгджээ.

Түүнтэй ойр шадар байса хүмүүсийн яриагаар бол Фидель архи, тамхинаас огтхон ч татгалздаггүй нэгэн байсан аж. Харин 60 насны босго алхаад л тамхи татах, ром дарс уухаа больсон тухайгаа олон нийтэд зарлаж ард иргэдээ ч өөрөөсөө үлгэр дуураил авахыг уриалсан байна. «АНУ-ын эсрэг баттай зогсохын тулд бид эрүүл байх хэрэгтэй» гэжээ. Магадгүй тэр үеэс Фиделийн бие муудаж эхэлсэн байх.

Хэн ч түүнд итгээгүй

«Аав минь үргэлж асар өргөн хүрээтэй сэтгэдэг. Манай улс дэндүү жижигхэн ч байгуулах гавъяа нь тийм хэмжээтэй байх учиргүй. Хамрын ханиад дарах, толгойн өвчин намжаах төдий эм тус болохгүй шүү дээ» гэж тэр ярьж байсан» хэмээн Фиделийн охин Алина Фернандес өгүүлжээ. Фидель эмч нараас нас уртасгах, эдгэшгүй гэгддэг хүнд өвчнүүдийг эмчлэх тал дээр хамаг ур ухаан, авъяас чадлаа дайчлан ажиллахыг шаардаж, улмаар эмнэлгийн салбарт хэдэн тэрбум долларын санхүүжилт хийж байв. Түүний хийж буй ажил амжилт авч ирнэ гэдэгт итгэх хүн бараг байсангүй. Хэдий тийм ч Фидель өнөөдөр санасандаа хүрч, хийсэн зүйлийнхээ үр шимийг хүртэж эхлээд байна. Кубад үйлдвэрлэсэн урьдчилан сэргийлэх тарианууд гадаадад ихээхэн эрэлт хэрэгцээтэй болзя хорт хавдрын эс устгадаг тусгай курс эмчилгээ дэлхийд алдаршив. Тиймээээс ч Чернобылийн атомын цахилгаан станцад гарсан ослын хохирогч хүүхдүүдийг Кубад авч ирж эмчилсэн билээ


Харин энэ удаад тэрхүү хүчин чармайлт өөрт ны тусалж, үхлээс мултарсан бололтой. Амьдрал гэдэг гайхамшгаар дүүрэн байдаи хойно доо. Гэсэн ч хорт хавдар нь сүүлчийн шатандаа орчихсон өндөр настай өвгөн хөл дээрээ босно гэдэг бол үнэхээр гайхамшигтай. Үхэл баян, ядуу, эрх мэдэлтэй, мэдэлгүй, сайн, муу хэнийг ч өрөвдөлгүй авч оддог. Үүнийг Ниязовтой тохиолдсон явдал баталж байна. Харин Кастрогийн жишээ Кубыг навчин тамхи, ром дарснаас гадна анагаах ухаанаараа дэлхийн түвшинд гаргаж, брэнд болгоход чухал үүрэг гүйцэтгэж болох юм. Өмнө нь хүмүүс дөнгөн данган 50 насалж байсан халуун бүсийн энэхүү жижигхэн арал дээр одоо эрүүлийг хамгаалах төгс тогтолцоог нь судлахаар АНУ-аас эрдэмтэн, судлаачид ирж байна. Ядуу ч бай төр, засаг нь эрүүл мэндийн салбартаа тусгайлан анхаарал тавьж чадвал амжилтад хүрч болохыг харуулсан Кубын туршлага бусад улс оронд жишээ болж байна.

Кубын одоогийн Ерөнхийлөгч Рауль Кастро (Фиделийн отгон дүү) 78 настай ч бие тавгүйтлээ гэж ганц удаа дуугарч үзээгүй гэнэ. 1980 онд тэрээр «Ах бид хоёр бүх дайснаасаа сүүлд үхэхийн тулд улсынхаа анагаах ухааны салбарыг хөгжүүлэх ёстой» гэж хэлж байсан юм.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.