С.Баярын үзэг, зангиа шүншигт багтжээ
Хөвсгөл аймгийн төвийн Гандандаржаалин хийдийн өмнө Монголын хамгийн том бурхан багшийн сэрэг дүрийг чулуугаар бүтээжээ. Хөшөөг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, аймгийн Засаг даргын Тамгын газрын санаачлагаар “Үүдэн чулуу” компанийн 16 барималч, чулуун сийлбэрч дөрвөн сарын хугацаанд урлан бүтээсэн байна. Бурхан багшийн сэрэг дүрийг саарал боржин чулуугаар бүтээсэн бөгөөд суурьтайгаа 7.65 см өндөр, 45 тонн орчим жинтэй аж. Бурхан багшийг найман тахилаар чимэглэсэн цэвэр ариуны бэлгэдэл дөрвөн хэсэг бадам цэцгийн дээр суурилуулж, монгол зургийн аргаар бүтээснээрээ онцлог аж. Мөн бурхан багшийн өмнө гурван тонн гаруй жинтэй, 1.62 см өндөр, 94 см өргөн бойпор байрлуулсан байна. Бурхан багшийн сэрэг дүрийн шүншигт тонн орчим эд өлгийн зүйл орсон ба сүсэгтэн олны шүтэж биширч явдаг зүйлсийн дотор Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярын үзэг, зангиа оржээ.