2009.12.02

С.Эрдэнэ: Аз жаргалтай мөч надад олон байсан. Цаашид ч тохиолдоно гэдэгт итгэдэг

Сар гаруйхан хугацааны өмнө УИХ-ын гишүүний бүрэн эрхээ эдэлж эхэлсэн Содномзундуйн Эрдэнийг энэ удаагийн зочноороо сонголоо. Түүнтэй ярилцсанаа уншигч танд хүргэж байна.

-Та нийслэлийн унаган иргэн. Бага насаа аль дүүрэгт өнгөрөөв?

-Миний бага нас 120 мянгат, үйлдвэр комбинатад өнгөрсөн дөө. Хуучнаар Ажилчны район гэж нэрлэгдэх тэр л дүүрэгт сурч, хүмүүжсэн. Олон үйлдвэр төвлөрсөн дүүрэг. Өмнө нь намайн жилийн сургалттай байсан 15 дугаар сургуулийг төгсөөд 52 дугаар сургуульд сурч байлаа. Харин аравдугаар ангиа 75 дугаар сургуульд төгссөн. Учир нь тус сургууль шинээр нээгдээд ангиараа 75 руу шилжсэн юм. Ингээд 75 дугаар сургуулийн анхны төгсөлт нь болсон.
Ингэхээр бага нас маань ажилчин ангийнхны дунд өнгөрсөн. Үйлдвэрийн ажилчдын амьдралыг маш нарийн мэдэрч, дунд нь хутгалдаж өссөн. Би тэр үеийн сэхээтэн айлын хүүхдүүдийн адил “цагаан гартан” байсангүй. Бүр тав, зургадугаар ангиасаа эхлэн зуны амралтаараа үйлдвэрт түр орон тоон дээр ажиллан хичээлийн хэрэгсэл, формоо авчих хэмжээний мөнгөө олчихдог байлаа. Аль болох л аав, ээждээ туслахыг хичээдэг байсан. Ноосны үйлдвэрийн нэгдэлд бохир ноос ялгаж цэвэрлэх, Эсгий, эсгий гутлын үйлдвэрт лаваазны ноосыг зулах машин руу зөөх, нойтон нэхий ялгах гээд янзын янзын л ажил хийж байсан даа. Түүнчлэн Шевретийн үйлдвэр дээр нойтон номансан дээр ажиллах гээд тухайн үед хүүхдэд ахадсан хүнд ажлуудыг бэрхшээж шантралгүй хийж байсан даа. Цалин багатай ч, нэлээд “арын хаалга” хэрэглэж байж ийм ажлуудыг олдог байсан юм шүү.

-Та хэр “дэггүй” хүү байв?

-Бусад хүүхдийн л адил хичээлдээ явна. Чөлөөт цагаараа бусдын л адил тоглоно, наадна. Гэхдээ бидэнд одооных шиг ийм РС-ний газар, тоглоомын төвүүд, баар гэж байсангүй. Манай дүүрэгт Ажилчны соёлын ордон, “Хөдөлмөр” кинотеатр гэсэн хоёрхон үзвэрийн газар ажилладаг байсан. Голдуу тэндээ л үзвэр үздэг. Харин заримдаа л тав, зургуулаа нийлж байгаад “Ард”, “Элдэв-Очир” зэрэг хотын төвд байдаг кинотеатрууд руу явна. Ингэж явахдаа бид заримдаа зодуулна, дээрэмдүүлнэ. Дошны ялгаа гэж нэг үзэгдэл байдаг байв. “Нутаг”-таа ирсэн “гадны” хүнийг анддаггүй. Тэгээд багцлаад хэлбэл, 70-80-аад онд хүүхэд залуус ямар орчинд өсөж байв, тэр жишгээр л өссөн дөө.

-Хүүхэд насны чинь хобби юу байв?

-Миний үеийнхэн “АВВА”, “Воney M”, “Pink Floyd” хамтлагуудын дууг сонсох дуртай байлаа. Би плакат, пянзнуудыг нь сонирхож цуглуулдаг байсан. Мөн марк, тэмдэг цуглуулдаг байсан. Түүнчлэн ном их уншдаг байсан даа.

-Цуглуулгаас тань одоо бий юу?

-Бараг юм үлдээгүй дээ. Миний “дараагийн” үеийнхэн хувааж авахыг нь авч, алга болгохыг нь алга болгоод дуусах шив дээ. Харин ээжийнд миний маркны жижиг цуглуулга одоо ч байгаа. Бас нэг дарцагт хатгасан тэмдэгний жижиг цуглуулга байдаг байх аа.

-Арван жилээ төгсөөд дээд сургуульд орсон байх аа?

-1981 онд арван жилээ төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Ерөнхий цэрэг, командын ангид элсэж суралцсан. 1985 онд сургуулиа төгсөөд Залуучуудын эвлэлийн чиглэлээр дөрвөн жил ажиллаад 1989 онд Багануур хотын Зөвлөлтийн барилгын байгууллагын Монгол ажилчдын захиргаанд шилжиж ажилласан. Бригадын дарга хийж байсан. Мөн уг захиргааны Эвлэлийн хорооны дарга гэсэн сонгуульт ажил хашиж байв.

-Улс төрийн гараагаа хэрхэн эхэлж байв?

-Багануурт ажиллаж байтал ардчилсан хөдөлгөөн, хувьсгал анх гарч ирсэн үетэй золгосон. Би анхны жагсаал, цуглаан, нууц хэлэлцүүлэг гээд бүх юманд нь оролцож байсан. 1989 оны арван хоёрдугаар сарын 10-нд Хүүхэд, залуучуудын төвийн өмнө зохион байгуулсан анхны цуглаанд плакат, тугийг нь барьж хөгжим, техник хэрэгсэл зөөж явлаа. Анх 200 орчим хүн оролцсон тэр цуглаанаас хойш болсон бүх цуглааныг би нэг ч алгасаагүй, бүгдэд нь оролцож явлаа. Нэг нийгмээс нөгөө нийгэмд шилжиж байсан хүнд үе байв. Буун дуу гараагүй, цус урсаагүй хувьсгал явагдсан гэж хэлж болно. Ингэж л миний улс төрийн гараа эхэлсэн гэх үү дээ.

-Танай аав тань спортын салбарт олон жил ажилласан хүн байсан юм билээ.

-Тийм ээ. Харамсалтай нь, аав маань 2007 онд өөд болсон. Биеийн тамир, спортын улсын хорооны даргаар 23 жил тасралтгүй ажилласан хүн байсан юм. Насаараа спортын төлөө зүтгэсэн. Монголд сагсан бөмбөгийн спортыг үүсгэн хөгжүүлэхэд бүхий л амьдралаа зориулсан. Тиймээс ч энэ спортод аав маань маш том хувь нэмэр оруулсан гэж би боддог. Их цэвэрч, аливаад нямбай ханддаг, шулуун шударга, архи тамхи хэрэглэдэггүй сайхан хүн байсан. Нийслэлд болдог бүхий л спортын тэмцээн, спартакиадуудыг гардан зохион байгуулдаг байв.
Харин ээж маань ажилчин ангиас гаралтай, Арьс ширний үйлдвэрт насаараа ажилласан сайхан эмэгтэй бий. Нас дээр гарсан ч зүгээр суудаггүй хүн дээ. Одоо “Молор трэйд” ХХК-ийн захирлаар ажиллаж байна.

-Тэгвэл та ямар спорт сонирхдог вэ. Аав шигээ сагсан бөмбөг сонирхдог уу?

-Хүүхэд байхад спортын олон төрөл сонирхдог байсан. Бөхийн секцэнд ороод долоо хоночихоод хүндийн өргөлтийн секцэнд бүртгүүлээд л... Тэгснээ тэндээсээ гараад боксын секцэнд орно. Ингэсээр яваагүй секц, хичээллээгүй спорт гэж байхгүй гэхэд болно. Аргагүй хүүхэд юм болохоороо өөрийн дуртай төрлөө олж чадахгүй, төлөвшөөгүй үе байсан. Гэхдээ сүүлд тогтож хичээллэсэн спорт бол дугуйн спорт юм. Одоо ч зурагтаар томоохон тэмцээнүүдийг аль болох цаг, зав гарган үзэхийг хичээдэг.

-Ямар амжилт үзүүлж байв?

-Цэргийн дээд сургуульд сурч байсан болохоор цаг зав муутай байсан. Тиймээс энэ спортоор амжилт гаргатлаа хичээллэж чадаагүй. Гэхдээ манай ах дүү нарын хүүхдүүдээс энэ төрөлд өндөр амжилт гаргасан залуу олон бий. Анх намайг дагаад энэ спортоор хичээллэж эхэлсэн юм. Тэдний дунд есөн удаагийн улсын аварга болсон олон улсын хэмжээний мастер залуу бий.

-Олон дугуй элээсэн байх даа?

-Өө олон, олон. Тэр үед “Украин” гэдэг хар дугуй унадаг байсан. Нэлээд үнэтэй. Хүн бүр авч чаддагүй. Харин оросын “Старт шоссе”, германы “Ямд”, францын “Бежо” гэсэн гурван төрлийн мэргэжлийн дугуй байсан. “Бежо” нь тухайн үед хоёрхон хүнд байдаг. Одоогийн машинаар зүйрлэвэл бандгар “Бенц” гэх үү дээ. Ийм дугуйны нэг нь миний нэг ахын найз Пүүжээ гэдэг хүнд байдаг байсан юм. Мордож үзэхийн заяа байх биш, түүнийг нь харж, барьж үзэх гэж их очно оо. Гэхдээ түүндээ ёстой ойртуулдаггүй байж билээ.

-Та эхээсээ олуулаа юу?

-Уг нь эхээсээ хоёулахнаа. Гэвч ганц дүүгээ таван жилийн өмнө алдсан даа. Тиймээс амьд байгаагаас би л ганцаараа үлдэх шив дээ. Монголчууд “Хоёрыг нэгд, нэгийг байхгүйд тооц” гэж ярьдаг даа. Тийм болохоор биеэрээ үүнийг амссан хүний хувьд үр хүүхэддээ “Дор хаяж гурван хүүхэдтэй болцгоогоорой. Та нар өтлөөд, үхээд өгөхөөр үр хүүхдүүд чинь бие биедээ ханьтай байх ёстой. Эцэг, өвгөдийн сургаал гэдэг чинь утга, учиртай зүйл байдаг юм байна шүү” гэж их захидаг даа.

-Гэр бүлээ танилцуулж болох уу?

-Болно оо. Хүний амьдралын тавилан янз бүр байх юм даа. Би чинь зургаан хүүхэдтэй. Өмнөх гэргийтэйгээ суухдаа хоёр, хоёр хүүхэдтэй нийлж байлаа. Гэрлээд бидний дундаас хүүхэд гарсан. Ингээд таван хүүхэд өсгөөд бусдын л адил амьдарч байлаа.Тэгтэл 2000 онд хань минь зуурдаар нас барсан учир би таван хүүхдээ ганцаараа өсгөх гэж мөн ч зүтгэсэн байдаг. Одоо бодоход ийм хүнд ачааг яаж ганцаараа үүрч, тэднийгээ өсгөж, хүмүүжүүлж чадсан юм бол оо гэж өөрийгөө их гайхдаг. Гэхдээ туулаад иржээ. Бүгдийг нь юмны захад хүргэсэн байна. Найм, есөн жил ганцаараа явсан. Энэ хооронд хүүхдүүд маань ч том болон зарим нь гадагшаа сургуульд явж, зарим нь гэр бүлтэй болж тусдаа гарцгаасан. Бага маань л надтай үлдсэн. Тэгж байтал хоёр жилийн өмнө одоогийнхоо ханьтайгаа учирсан. Тэр маань эдийн засагч мэргэжилтэй, нэг охинтой. Ингээд зургаан хүүхэдтэй болсон хүн дээ би. “Муу хүний заяа завагт” гэдэг. Ийм сайхан ханьтай учруулсанд бурханд талархахаас аргагүй. Хань ижлийн хайр халамж, дулаан илч хүнд хичнээн хэрэгтэй байдаг юм бэ гэдгийг ханиасаа мэдэрсэн л дээ. Гэхдээ би өмнөх ханиа үгүйсгээгүй юм шүү. Зүгээр залуу байсан болохоор ийм юманд нэг их ач холбогдол өгч мэддэггүй байсан байх аа. Өнөөдөр элэг бүтэн, сайхан л амьдарч байна даа.

-Таны хамгийн том бахархал юу вэ?

-Хүмүүс “Миний бахархал бол ийм, тийм юм байдаг” гэж их ярьдаг. Харин миний хувьд бахархах үе амьдралд олон байсан. Аав ээжээрээ, өөрөөрөө бахархах гээд олон л тохиолдож байсан учраас онцолж хэлэх хэцүү байна. Тухайлбал, амьдралын хатуу, хэцүү сорил бүхнийг даваад өнөөдөр УИХ-ын гишүүн болтлоо зүтгэж чадсан маань миний нэг бахархал мөн. Гишүүн болчихоод би нөхдөөрөө, өөрөөрөө бахархсан. Үүнд хүрэх зам маань амар байгаагүйг олон түмэн мэднэ. Бас нэг онцгой зүйл бол би Монголын ардчилсан холбооны дарга гэсэн албан тушаалыг хашиж байснаараа бас маш их бахархдаг. Ер нь зорьсондоо хүрэх алхам тутамд хүн нэг бол гутарч, нэг бол бахархаж явдаг гэж би боддог. Харин надад бахархал олон тохиолдож байсан.

-Наймаа хийж байв уу?

-Би 1990-ээд оноос улс төрийн үйл ажиллагаанд тасралтгүй явсан. Гэхдээ хажуугаар нь бизнес хийж байсан. Эхлээд бусдын л адил “гахай” зөөж, Бээжин-Москвагийн хооронд карго ачуулж явлаа. Сардаа хоёр ч удаа наймаанд явдаг байсан. Ингэж олсон мөнгөөрөө анх өөртөө машин авахдаа өөрөөрөө бахархаж л байсан. Тэгээд найз нартайгаа нийлээд цайны газар, дэлгүүр, баар ажиллуулахаас өгсүүлээд юм юм л хийсэн дээ. Төмрийн цех хүртэл ажиллуулж байлаа. Хийсэн галын хайч, шилээвэр, хутга хийж хөдөө малаар сольдог байлаа шүү дээ. Жилдээ 100 орчим үхэр, 300 орчим хоньтой болчихдог байсан. Ингээд 1992 оны сүүлээс эхлэн тасралтгүй гурван жил машин “зөөсөн” дөө. Миний хамгийн гол эх үүсвэр болж бизнесийг баталгаатай болгож өгсөн наймаа бол энэ байсан. Тэгтэл 1995 онд гарцаагүй жлс төрийн албан тушаал хаших шаардлагатай болсон тул бизнесээ дүүдээ шилжүүлсэн. Ээж, дүү маань цааш нь үргэлжлүүлэн авч явсан даа.

-Машины наймаа хийх үедээ оросын мафийнханд баригдалгүй явж чадаж байв уу?

-Өө тэдэнд шоглуулж байсаан. Тэрийг нь мэддэг болчихсон болохоор бүр “авлига”-аа урьдчилаад бэлдчихдэг байсан. Бас оросын цагдаа нарт хахууль өгнө. 100 граммын виски, эротик сэтгүүлүүд Германаас худалдаж аваад хоёр доллартай хамт оросын цагдаа нарт тарааж өгнө дөө.

-Та амьдралын хамгийн дурсгалтай, аз жаргал мэдрүүлсэн үеэ дурсахгүй юу?

-Олон үе бий. Тухайлбал, зорьсондоо хүрээд ээждээ үнсүүлж байх үе хамгийн сайхан үе байлаа. Аав болчихоод хүүхдээ тэврээд үнсэх үе бас л хамгийн аз жаргалтай үе юм даа. Ийм сайхан мөч олон байсан. Цаашдаа ч ийм мөч зөндөө тохиолдоно гэдэгт итгэж амьдардаг.

-Таны утас дуугархаар ардчиллын сүлд дуу болох “Хонхны дуу” эгшиглэх юм аа...

-Монголын ардчилсан холбооны даргаар ажиллаж байсан үе маань их дурсгалтай, миний бахархалтай үе л дээ. Учир нь нийгмийг өөрчлөх асар хариуцлагатай үүрэг ноогдсон гэсэн үг. Энэ бол ховор боломж. Тиймээс анхнаас нь зүтгэж, гар бие оролцож явсан үйлс маань зөв зүйтэй байсан юм байна гэдэг нь нотлогдож байгаад бүр их баяртай байдаг. Социализмын үед сонсогдож байгаагүй бүх л шинэчлэл рүү Монгол Улс маань эргэлт, буцалтгүй орсон байна. Холбооны анхны даргаар талийгаач С.Зориг, дараа нь өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар удирдаж байсан шүү дээ. Би харин долоо дахь даргаар нь сонгогдон ажилласан. Тэгээд Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллах болсон тул Х.Баттулгад хүлээлгэж өгсөн юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 20 жилийн хугацаанд найман хүн даргалсан байдаг



0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.