Өнөөдөр хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхий нийт дуу хоолойгоо нэгтгэж байна
2012.06.12

Өнөөдөр хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхий нийт дуу хоолойгоо нэгтгэж байна

Жил бүрийн зургаадугаар сарын 12-нд Дэлхийн хүүхдийн хөдөлмөрийн эсрэг өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ онд энэхүү өдрийг дэлхий дахин «Хүний эрх ба нийгмийн тэгш байдал», «Хүүхдийн хөдөлмөрийг устгая» уриан дор тэмдэглэж байна. Харин манай улс Дэлхийн хүүхдийн хөдөлмөрийн эсрэг өдрийг 2002 оноос хойш 11 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.


Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжих үеийн сөрөг үр дагаврын нэг нь хүүхдийн хөдөлмөрийн асуудал яах аргагүй мөн. Эдийн засгийн болоод улстөрийн шинэчлэл нь гэнэтийн, таагүй үр дагаврыг авч ирж ядуурал, ажилгүйдэл бий болсон юм. Олон айл амьдрал алдаж, эцэг, эхчүүд гэр бүлээ тэжээж хүчрэхээ байсан учраас мянга мянган хүүхэд гудамжинд гарч, зарим нь насандаа ахадсан ажил хийх болсон.

Дэлхийн хүүхдийн хөдөлмөрийн эсрэг өдрөөр «Нарантуул» худалдааны төвөөс сурвалжлага бэлтгэлээ. Учир нь энд ажил хийдэг хүүхэд алхам бүрт таардаг. Тэдний заримтай уулзаж, ярилцсан юм.

Амралтын өдрөөр орлого сайн олдог

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Б.Амгаланбаяр гэдэг. Одоо есөн настай.

-Зах дээр тэрэг түрээд удаж байна уу?
-Хоёр cap гаруй болж байна.

-Хэдэн төгрөгөөр ачаа зөөдөг вэ?
-Хэр хол зөөхөөс шалтгаалаад янз бүр байдаг. Зах дотроо бол 1500-2000 төгрөг. Харин захаас гаргаж өгөхөд 3000 төгрөг болдог.

-Өдөрт хэдэн төгрөгийн орлого олж байна?
-Янз бүр шүү дээ. Хэд дэх өдөр гэдгээс шалтгаалдаг юм. Өдөрт доод тал нь арав, харин хүн олон байвал заримдаа гуч, дөчин мянгыг ч олно.

-Тэгээд долоо хоногийн хэд дэхэд арай ахиу мөнгө олдог вэ?
-Гурав, дөрөв дэх өдөр харьцангуй гайгүй л дээ. Гэхдээ амралтын хоёр өдөр орлого сайн байдаг.

-Тэгэхээр амралтын өдөр 30, 40 мянган төгрөг олдог гэсэн үг үү?
-Тийм ээ, гэхдээ бас ховор л доо. Ихэнхдээ 20 мянган төгрөг олдог. Зарим өдөр бүр 10 мянгаас доош орлоготой үе ч байдаг юм.

«Ингээд өдөржин зогсоход та нараас түрээс авдаг уу?
-Тийм ээ, авдаг.

-Хэдэн төгрөг авах уу?
-Хоёр мянган төгрөг.

-Өдөрт үү?
-Тийм ээ.

Бидний яриа ийнхүү өндөрлөв. Хүү ч тэргээ түрсээр цааш одлоо. Тэрбээр аав, ээж хоёр дүүгийн хамт амьдардаг. Аав нь ч бас зах дээр тэрэг түрдэг гэнэ. Гэхдээ өөр газар гэсэн. Харин ээж нь толгой шулдаг байсан ч одоохондоо гэртээ хоёр дүүг нь харж байгаа хэмээн хүү ярилаа.

Амьдрал үнэхээр диваажин биш юм аа. Амьдралын эрхэнд зах дээр тэрэг түрж, гурил үүрч яваа бяцхан хүүхдүүдийг хараад сэтгэл өөрийн эрхгүй эмзэглэнэ. Харин өнөөдөр хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхий нийтээрээ дуу хоолойгоо нэгтгэх өдөр.

Манай улс энэ өдрийг «Хүүхдийн хөдөлмөрийг устгая» уриатайгаар тэмдэг­лэн өнгөрүүлээд удаж байна. Гэсэн ч эх орны маань өнцөг булан бүрт өөдөсхөн биетэй Б.Амгаланбаяр шиг олон мянган хүүхдийн эрх бүдүүлгээр зөрчигдөж, хүнд хүчир ажил хийж, өвлийн хүйтэн, зуны халууныг үл ажран эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байгаа нь дэндүү харамсалтай.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.