УИХ-ын гишүүн С.Эрдэнэ шагнал гардууллаа
Эмнэлгийн эмч, ажилчдын баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны долдугаар сарын 09-ний өдрийн 131-р зарлигаар Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн захирал Сэдэдийн Хишгээг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг өнөөдөр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ гардуулан өглөө.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ баяр хүргэж хэлсэн үгэндээ, Монгол улсын стратегийн гол асуудлын нэг бол хүн амын тогтвортой өсөлт байдаг. Олон жилийн турш эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө үр бүтээлтэй ажиллаж, Монголын мянга мянган үрсийг эрүүл саруул эх барьсан таны хөдөлмөрийг төр засаг ийнхүү үнэлж байна. Таны цаашдын ажил үйлсэд тань амжилт хүсье хэмээсэн юм.
ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн захирал, зөвлөх эмч С.Хишгээ нь эрүүл мэндийн салбарт тасралтгүй 33 жил ажилласны арван нэгэн жилийг Хэнтий аймгийн аймаг, сумдын нэгдсэн эмнэлэгт ажиллажээ. Тэрээр 33 жилийн хугацаанд арав гаруй мянган хүүхдийн хүйн ээж болсон байна.
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ дуучин О.Баянмөнхөд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгийг гардуулан өгсөн юм.
Vip76.mn