2012.08.20
В.Путин олимпийн медальтнууддаа “Audi” машин бэлэглэв
Оросын Үндэсний шигшээ баг Лондонгийн олимпод багийн дүнгээр дөрөвдүгээрт жагссан юм. Тус улсын баг нийт 82 медаль хүртсэний 24 нь алт, 25 нь мөнгө, 33 нь хүрэл аж. ОХУ-ын Ерөнхийлөгчийн Засаг захиргааны дарга Сергей Иванов мөнгө, хүрэл медалийн эздийг Малахитын танхимд хүлээн авчээ.
Тэрээр "Хэрэв бид эдийн засгийн салбартаа ийм амжилт гаргасан бол бүр ч сайхан байх байлаа" хэмээн онцолсон байна. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Александровын танхимд алтан медалийн эздэд өөрийн биеэр шагналыг нь гардуулжээ. Тэрээр тамирчдын амжилтыг өндрөөр үнэлж, тэднээр эх орон нь бахархаж буйг уламжилсан байна. Кремлийн ордонд уригдсан бүх тамирчдад одон гардуулжээ.
Төрийн дээд шагнал болох "Эх орны төлөө" дөрөвдүгээр зэргийн одон, "Хүндэт одон", "Найрамдлын одон" зэргээр энгэрийг мялаасан байна. ОХУ-ын төрийн тэргүүн олимпод амжилт гаргасан тамирчид болон дасгалжуулагчдад сайн ажилласных нь төлөө талархал илэрхийлээд есдүгээр сарын 1-нд төрөлх сургуульдаа очин хүүхдүүдтэй уулзахыг хүсчээ. Учир нь алдартнуудтайгаа уулзах нь хүүхдүүдэд сонирхолтой байх болно хэмээсэн байна. ОХУ-ын төрийн тэргүүн Кремльд тамирчдыг хүлээн авсны дараа "Василевский спуск" хэмээх газарт олимпийн медальтнуудад машин гардуулсан байна. Нийт 129 ширхэг хар өнгийн "Аudi" маркийн машиныг тэдэнд бэлэглэжээ.
Тодруулбал, олимпоос алт авсан тамирчид "Audi8" маркийн, мөнгөн медалийн эзэд "Аudi A7 Sportback", харин хүрэл медальтнууд "Аudi A6" машинтай болцгоожээ. Оросын хэвлэлд мэдээлснээр машин авсан тамирчдын дунд жолооны эрх аваагүй тамирчид байсан гэнэ. Үүний зэрэгцээ Оросын тамирчдад төрөөс мөнгөн шагнал олгож байгаа юм. Алтын эзэд дөрвөн сая рубль, мөнгө 2.5 сая, харин олимпийн хүрэл медальтнуудад 1.7 сая рубль олгожээ. Үүний зэрэгцээ спортын холбоо, бүс нутгийн болоод ивээн тэтгэгчдээс нь тамирчдаа шагнах юм байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.