2012.09.03

Экс түшээд хаана юу хийж байна вэ

Өмнөх парламентын гишүүд маань сонгуульд ялагдаж тахимаа өгснөөс хойш төдийлэн олны нүдэнд харагдахаа больж. Тэгвэл хэн, хаана ямар амжуулж байгааг тандахаар УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан зарим эрхмүүдтэй холбогдлоо.
Ц.Шинэбаяр: Би хоолойгоо эмчлүүлж байна
 
УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяртай холбогдож дараах зүйлийг тодрууллаа.

-Сайн байна уу. Сонгуулиас хойш та ямар ажил алба эрхэлж байна вэ?
-Би хоолойгоо эмчлүүлж байна. Миний хоолой хордлогоос болж ийм болсон юм. Тиймээс би хоолойгоо гадаадад эмчлүүлж байгаад ирлээ.
-Хаана эмчилгээ хийлгэв?
-Германд эмчлүүлж байгаад ирлээ. Нэг удаа эмчлүүлээд зүгээр болдог юм биш. Дахиад ч эмчлүүлэх хэрэгтэй.
-Одоохондоо Монголд байна уу?
-Тийм ээ. Эмчилгээ хийлгээд л байж байна.


Д.Энхбат: Интернэтийг их сургууль болгох том төсөл дээр ажиллаж байгаа

УИХ-ын гишүүн асан, ИЗНН-ын дарга Д.Энхбатаас цөөн асуултад хариу авлаа.

-Сонгуулиас хойш ямар ажил эрхэлж байна вэ?
-Нэг том төсөл дээр ажиллаж байна.
-Ямар төсөл юм бол. Нууц биш бол ямар төсөл болохыг нь танилцуулаач?
-Юу ч гэж хэлмээр юм бэ дээ. Интернэтээр том их сургууль байгуулах төсөл байгаа юм. Үүнийг дэлхийн олон орон хийж байна л даа. Үүнийг Монгол талыг нь би хариуцаж байна.
-Улс төрийн ажилд төдийлэн оролцохгүй байна. Энэ ажилдаа анхаарлаа хандуулаад байгаа хэрэг үү?
-Нээх оролцсон зүйлгүй ээ. Намын ажил сонгуулиас хойш удааширдаг шүү дээ. Одоо гол нь төсөл дээрээ л ажиллаж байна.
-Энэ парламентын хугацаанд ямар ажил хийхээр төлөвлөв. Төлөвлөгөөгөө гаргасан байх?
-Монгол Улс бол залуучуудаа боловсролтой болгохгүй бол цаашаа явахгүй. Тиймээс мэдлэгийн эдийн засаг, эдийн засагт нэгж бүтээгдэхүүнд оногдох мэдлэгийн хэмжээгээрээ улс орнууд өрсөлдөж байна. Үүнийг нэмэгдүүлэх нь Монголын уул уурхайгаас илүү том зорилт. Тэгэхээр хүнийг насан туршид нь сургадаг соёлын тогтолцоо юм. Үүнийг дэлхийн маш олон орон нийлж хийж байгаа. Монголын талаас би оролцож байна. Ер нь, зүйрлээд хэлбэл Фээсбүүк хуудас их сургууль болно. Ийм том сүлжээнүүдийг ашиглаж суралцах, интернэтийн их сургуулиуд байгуулах юм. Тэр лүү л явж байгаа гэж ойлгож болно.
Ц.Сэдванчиг: Амралтын байдалтай л байна
УИХ-ын гишүүн асан Ц.Сэдванчиг ийн ярилаа.


-Сайн байна уу. Сайхан намаржиж байна уу?
-Сайн сайн байна уу. Сайхан намаржиж байна аа.
-Экс гишүүд маань сонгуулиас хойш төдийлэн чимээ аниргүй байх боллоо. Таны хувьд ямар ажил амжуулав?
-Хувийн чанартай л юм хийж байна. Хувийнхаа ажилд оролцоод, амралтын байдалтай л байлаа.
-Намын ажилд оролцохгүй байна уу. Ер нь, улс төрийн ажилд хэр оролцож байгаа бол?
-Сүйдтэй оролцоод байсан юм алга.
-Таныг дэд сайд болно гэсэн мэдээлэл яригдах боллоо?
-Эцсийн шийд гараагүй болохоор тэгнэ ингэнэ гэж хэлэхэд эрт байна. Ерөнхий сайдын зөвлөх ч гэж ярих юм, дэд сайд болно ч гэж бичиж л байна. Яг үнэндээ эцсийн шийд гараагүй байна шүү дээ.
-Хуучин тойрогтоо хэр анхаарал хандуулж байна вэ?
-Хуучин тойрогтоо одоохондоо ажиллаагүй байна. Сонгуульд ялагдсан болохоор амралтын байдалтай л байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.