М.Сономпил: Шинэчлэлийн Засгийн газар сэргээгдэх эрчим хүчний чиглэлд түлхүү анхаарна
Эрчим хүчний сайд М.Сономпил
2012.09.03

М.Сономпил: Шинэчлэлийн Засгийн газар сэргээгдэх эрчим хүчний чиглэлд түлхүү анхаарна

"Ярилцах цаг" булангийн энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил уригдлаа.

-Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал ямар байна. Салбарын сайдаар томилогдсоноос хойш ямар ажлыг анхаарч ажиллаж байгаа вэ?

-Эрчим хүчний салбарыг Монгол Улсын гал голомт гэж болно. Олон мянган хүн ажилладаг маш том салбар. Сайдаар томилогдоод эхний ээлжинд салбарынхаа тухайлбал, II, IV ДЦС болон шахмал түлш үйлдвэрлэх төслийн ажилтай танилцаж, харьяа байгууллага, ажилтнуудтайгаа уулзсан. Шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлттэй холбоотой Эрдэс баялаг, эрчим хүчний яамыг салгаж, тус, тусад нь зохион байгуулсан. Энэ хүрээнд Эрчим хүчний газар татан буугдаж, ажил нэлээд ундарч байна. Түүнээс гадна намар болж, хүйтний улирал хаяанд ирчихлээ. Өвлийн бэлтгэлийг хангах талаар салбар дотроо ч, Засгийн газраар ч хэлэлцэгдсэн олон асуудал бий.Түүний хэрэгжилтийг хангахаас эхлээд нөр их ажил хүлээж байна.

-Та өмнө нь Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан туршлагатай хүн. Энэ удаа эрчим хүчний салбарыг удирдах боллоо. Энэ хоёр салбарыг харьцуулахад ялгаатай болоод ойр тал нь юу вэ?

-Би цэргийн сургууль төгссөн. Цэргийн сургууль төгссөн гэхээр хүмүүс цэрэг командлаад явдаг шиг ойлгоод байдаг. Миний мэргэжил цэргийн хуягт машины ашиглалтын инженер. Сургуулиа төгсөөд Батлан хамгаалах салбарт гурван жил, сайдаар хоёр жил орчим ажиласан. Миний мэргэжилтэй эрчим хүчний салбар ойрхон. Өөрөөр хэлбэл, цэргийн салбар, эрчим хүчний салбарын хооронд нэг их өвөрмөц ял гаа байхгүй. Удирдлага, зохион байгуулалт, шуурхай ажиллагааны хувьд төстэй.Онцгой байдал, төмөр зам,эрчим хүчнийхэн ялгаагүй хагас цэргийн зохион байгуулалттай ажилладаг.Аль аль нь шуурхай ажиллагаа, удирдах, удирдуулах дэг жаяг шаарддаг. Мөн тусгай зохион байгуулалттай. Нөгөө талаас би өмнө нь УИХ, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан хүний хувьд эрчим хүчний салбарыг удирдаж ажиллахад дөхөм гэж хэлж болно. Ер нь эрчим хүчний салбарынхан мэргэжлээ сайн эзэмшсэн, сахилга дэг журам сайтай байгууллага.

-2006-2008 онд таныг Батлан хамгаалахын сайдаар ажиллахад Их эвслийн Засгийн газар байснаараа онцлог. Одоо Шинэчлэлийн гэж тодотгож байгаа Н.Алтанхуягийн танхим, тэр дотроо Эрчим хүчний салбарын зорилтыг та хэрхэн дүгнэж байна?

-Шинэчлэх, хийх юм маш их байна. Манай улсын эдийн засаг жилд 17 хувиар өсч, түүнээс ч дээш үзүүлэлттэй яваа. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ мөн 10 хувиар өсч байгаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улс эрчим хүчнийхээ зургаан хувийг ОХУ, 1,5 хувийг Хятад улсаас авдаг импортлогч орон. Тэгэхээр эрчим хүчний хэрэглээ ихээхэн дутагдалтай гэсэн үг. Цаашид ч эрэлт, хэрэгцээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Ирэх жилээс цахилгааны гачаалд ороод эхэлнэ. Өөрөөр хэлбэл, импорт нэмэгдээд явна гэсэн үг. Тиймээс шинэчлэлийн бодлогын хүрээнд хэд хэдэн томоохон зорилт тавьж байна. Сүүлийн арваад жил эрчим хүчний шинэ эх үүсвэр V цахилгаан станцын тухай их ярьсан. Техник, эдийн засгийн үндэслэл ч нэлээд хийгдсэн. Олон газар тухайлбал, Налайх, Говьсүмбэр, Багануур, Хонхорт барих тухай ярьж ирсэн. Ингээд III цахилгаан станцыг өргөтгөсөн. 450 мегаватын хүчин чадалтай V цахилгаан станцыг барихаар хавар тендер нь зарлагдсан ч техникийн болон экологийн хүндрэлтэй асуудал олон байна.

Хотын дотор өргөтгөх нь зөв, буруу гэдгээс эхлээд олон асуудал урган гарч байгаа. Гэхдээ тав дахь эх үүсвэрийг барихаас аргагүй. Ажил болгохыг зорьж байна. Мөн Сэлэнгэ мөрний сав газар Эгийн голын цахилгаан станцын асуудал ярьдаг. 1995 оноос хойш ТЭЗҮ нь батлагдсан ч хэрэгжээгүй. Сэргээгдэх эрчим хүчний тухайд яам тусгай газар бий болгож, усан цахилгаан станц барих чиглэлд нэлээд ажиллана. Ойрын хугацаанд эрчим хүчний дутагдалд орохгүйн тулд яах вэ, ямар гарц байна гэдэг асуудал Засгийн газар, Эрчим хүчний яамны өмнө тулгамдаж байна. Асуудлаа хурдан шийдээд явбал 18 сарын дараа IV цахилгаан станцыг 100 мегаваттаар нэмэгдүүлэх боломж бий. Үүнийг ажил хэрэг болгох нь чухал.

-Шинэчлэлийн Засгийн газар эрчим хүчний салбарт ихээхэн өөрчлөлт хийх юм байна. Гэхдээ шинэчлэлт, өөрчлөлт гэхээр манайхан ихэнхдээ буруугаар ойлгодог шүү дээ. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Таны асуусантай санал нэг байна. Бид шинэчлэлийг эхлүүлэхээр ажиллаж байна. Бүтэц, зохион байгуулалтаа хийж байна. Мэдээж хүн халж, солихыг шинэчлэл гэхгүй. манай  салбарт 100 гаруй ажилтантай агентлаг татан буугдчихлаа. Яам маань 65 хүнтэй, мөн бүтцийн өөрчлөлтөд орсон. Энэ хоёрыг нийлүүлэхээр боловсон хүчний тоо ихээхэн илүүдэлтэй болчихсон. Яаж зохион байгуулах вэ, чадалтай боловсон хүчнээ яамавдаа хэрхэн зөв байршуулах вэ гээд шинэчлэлт хийх зүйл их байна. Бид хуучин сэтгэлгээнээсээ салах цаг болсон. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд, би нэг ч хүнийг гудамжинд гаргаж, ажил, амьдралгүй болгоё гэж бодохгүй байгаа. Шинэчлэлт хийнэ гэхээр ширээ сандал, албан тушаал, халах солих гэж зарим хүн ойлгоод байдаг.

Тэр яамнаас яагаад тэдэн хүн халагдчихав, солигдчихов гээд л. Миний хувьд түүнийг зорилгоо болгоогүй. Гол нь эрчим хүчний үүсвэрүүдийг маш хурдан хугацаанд бий болгож, Монгол Улсын эдийн за-car өргөжиж тэлэхэд зохион өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй. Яриад байвал маш олон ажил байна. Хяналтын тоног төхөөрөмжүүд, системийг шинэчлэх гээд. Хуучин байдлаа өөрчлөх ёстой.

-Манай улс нүүрсний нөөцөөр дэлхийд дээгүүр ордог ч урд хөрш рүү үнэгүй шахам урсгаж байна гэж ярьж, бичдэг. Гэтэл дотооддоо эрчим хүчний салбар цаашид нүүрс ашиглах уу, нүүрснээс татгалзаж уран боловсруулах, цөмийн энергийн чиглэлд аз сорих уу гээд маргаан өрнөдөг. Энэ талаар салбарын сайдын хувьд ямар бодолтой байна?

-Цөмийн энерги, уран ашиглахыг би дэмждэггүй. Гэхдээ энэ миний хувийн бодол болохоос яам-ны бодлого биш гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Maнай улс хүрэн нүүрс гэж ярьдаг эрчим хүчний нүүрсний асар их баялагтай. Нүүрс урд хилээр өдөр болгон хямд үнээр гарч байна гэж хэвлэлүүд ярьж, бичиж байгаа. Гэтэл эрчим хүчний станц бариад нэмүү өртөг бий болгож, гадагшаа экспортловол хэчнээн ашигтай нь ойлгомжтой. Энэ чиглэлд анхаарах ёстой. Мөн ялгаагүй Багануур, Шивээ-Овоод том бүтээн байгуулалтууд хийж эрчим хүчний нөөцөө нэмэгдүүлэх учиртай.Тиймээс бид V цахилгаан станцаас гадна томоохон уурхайнуудаа түшиглэж, хүчин чадал сайтай станц барих хэрэгтэй. Бид энэ чиглэлд ажиллах болно. Би түрүүн хэлсэн, Сэлэнгэ мөрний сав газар асар их бололцоо бий. Олон жилийн өмнө ТЭЗҮ нь батлагдсан төсөл хэрэгжсэнгүй. Бид усаа ашиглах ёстой. Манай улс салхины асар их нөөцтэй. Салхины болон нарны сэргээгдэх эрчим хүчний нөөц ялангуяа говь руу ихээхэн бий. Үүгээрээ манайх Сахарын дараа ордог.  Тэгэхээр энэ чиглэлд ажиллах хэрэгтэй. Нүүрсийг шатаахаар ямар их утаа гардаг билээ. тиймээс сэргээгдэх эрчим хүчийг орхиж болохгүй. Өнөөдөр дэлхийн чиг хандлага тэр чиглэлд анхаарч байна. Атомын цахилгаан станц, цөмийн энерги ашиглах тухай сүүлийн арваад жил ярьсан. Японы Фүкүшимагийн ослоос хойш улс орнууд энэ чиглэлээс ухарч байна. Манай улс, Засгийн газрын бодлогод ч гэсэн цөмийн энерги ашиглах талаар орохгүй байх гэж би бодож байна. Шинэчлэлийн Засгийн газрын хувьд эрчим хүчний асуудлууд ялангуяа сэргээгдэх эрчим хүчний чиглэлд илүү анхаарна. Нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг ч түлхүү ажиллуулах болно.

-Манай улсад сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хууль эрхзүйн орчин бүрдсэн үү. Өмнөх парламентын үед Н.Батбаяр гишүүн хуулийн төсөл өргөн барьж, энэ асуудлаар санаачилга гаргаж байсан ч дэмжигдээгүй санагдана?

-Одоо 2001 онд батлагдсан сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиар явж байгаа. Хуулийг өөрчлөх, өнөөгийн нөхцөлд тааруулж ажиллах шаардлага бий. Ер нь салбарын хууль эрхзүйн орчныг сайжруулах, өөрчлөх, шинэчлэх зайлшгүй шаардлагууд байгаа.
-Сэргээгдэх эрчим хүчний чиглэлд анхаарахын зэрэгцээ нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг ажиллуулна гэж та түрүүнд хэллээ. Манай улс утаатай тэмцэж байгаа ч эрчим хүчний салбар утаа нийлүүлж, энэ чиглэлд хувь нэмрээ оруулдаг гэсэн шүүмжлэл дагуулдаг. Тиймээс утаа, агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэгт танай яамнаас заавал төлөөлөл оруулж ирсэн туршлага үе үеийн Засгийн газарт бий. Энэ талаар Шинэчлэлийн Засгийн газар ямар алхам хийх бол?

-IV ДЦС-ийн ажилтай танилцахад техник, технологийн шинэчлэлт сайн хийгдсэн, яндангийн өндөр 250 метр, шүүлтүүр орчин үеийн стандартад нийцэж байгаа тул хотын агаарын бохирдолд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Харин байгуулагдаад 50 гаруй жил болж байгаа II ДЦС-ын хувьд арай өөр байгаа. Мөн аж ахуй нэгж, байгууллагуудын олон тооны уурын зуухнуудад анхаарах хэрэгтэй. Энэ чиглэлд дорвитой алхам хийх шаардлага бий. Утааг багасгахын тулд шүүлтүүрүүд тавих ёстой. Ажил хийгдэж байгаа. Нөгөө талаар утаагүй түлш гэж бид ярьдаг. Энэ талаар төсөл хэрэгжүүлэхэд манайхан 20 орчим тэрбум төгрөг зарцуулчихсан байтлаа үйлдвэрлэл хэрхэн явагдах тодорхой бус байдалд ороод байгаа нь санаа зовоож байна. Иймэрхүү хариуцлагагүйн зуд манай яаманд байна. Д.Зоригт сайдыг огцруулах тухай өнгөрсөн жил нэр бүхий гишүүд асуудал хөндөхдөө агаарын бохирдол, утаагүй түлш болоод V цахилгаан станцыг барих ажлын удаашралыг онцолж байсан. Тэгэхээр тав дахь эх үүсвэрийг барих ажил эргээд утааг нэмэгдүүлнэ. Гэхдээ би асуудлыг эергээр харж байгаа. Орчин үеийн цахилгаан станц тоног төхөөрөмжөөсөө авахуулаад маш авсаархан болсон. Утааны хувьд ч тав дахь эх үүсвэр одоо байгаа цахилгаан станцуудынхаас хэд дахин бага байна.

-Эрчим хүчний салбарт эртнээс хэл ам дагуулж ирсэн нэг асуудал бол тендерийн тухай. Энэ талаар цаашид ямар бодлого баримтлах вэ?

-Тендерүүд хуулийн хугацаанд явагдсан байх гэж найдаж байна. Үлдчихээд байгаа гурван тендерийг надад танилцуулсан. Монгол Улсын эдийн засаг, төсөв тасалдаж яваа, нөгөө талаас нэгэнт есдүгээр сарын 1 болж ажил хийх хугацаа дуусч байгаа учраас тэр тендерүүдийг буцааж Сангийн яаманд хураалгах нь зөв гэж үзсэн. Түүнээс гадна тендер шалгаруулж, гүйцэтгэл эхлээд 80 гаруй хувь нь мөнгөө авчихсан байхад ажил хэвийн явж байгаа мэтээр надад танилцуулж байгаа. Гэтэл газар дээрээ ажил явахгүй байгааг шударга иргэд, эрчим хүчний салбарын мэргэжилтнүүд надад мэдээлж байна. Улс төрийн сонгууль явагдаж, дараа нь баяр наадам гээд гүйцэтгэл хангалтгүй явж байгаа газар олон бий. Ажил нь урагштай байгаа, шударга сайн ажиллаж байгаа төрийн албан хаагч, ажилтнууд ч байна. Зарим тендерийг аваад үзэхэд улс төрийн сонгуульд явчихсан мөнгөнүүд ч байгаа бололтой.

-Тухайлбал?

-Үүнийг одоогоор нэр зааж хэлэх боломжгүй. Тодруулах ёстой, шалгах учиртай. Энэ салбарыг ямар байдалтай хүлээж авсан бэ гэдгээ би ард иргэддээ мэдээлэх ёстой. Гэхдээ түүнийг долоо юм уу, арав хоногийн дотор хийчих ажил биш, хугацаа шаардлагатай. Мониторнги хийж байдал ямар байгаа талаар бодит мэдээллийг хэвлэл, мэдээллийнхэнд удахгүй өгнө.

-Улс орны гал голомт болсон эрчим хүчний салбар өвөлжилтийн бэлтгэлд анхаарч ажил ихтэй байгаа гэж та ярилцлагынхаа эхэнд хэлж байсан. Өнөөдөр нийслэл хот, 21 аймаг өвөлд бэлэн үү? Гал алдахгүй өвөлжих нөхцөл боломж хэр хангагдсан бол?

-Өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбар дахь их засварын ажил 80 хувь, хөрөнгө оруулалтын ажил 60 хувь, нийт төлөвлөсөн ажлын биелэлт мөн 60 гаруй хувьтай байна. Дулааны цахилгаан станцуудын засварын ажил 72 хувь, цахилгаан түгээх болон дамжуулах сүлжээний их засварын ажил 52 хувийн биелэлттэй байгаа. Харин нүүрс нөөцлөлтийн ажил 69 хувьтай явж байна. Энэ үзүүлэлтүүдээс харахад манай станцуудын ажил хэвийн явж байна. Өвөлжилтөд хүндрэл гарахгүй. Цахилгааны дутагдал мэдээж бий. Гэхдээ өндөр ачааллын үед эдгээр дутагдлыг ОХУ-аас авч байгаа. Гэхдээ тайвширч сууж болохгүй. Салбарын сайдын хувьд анхныхаа албан даалгаврыг гаргах гэж байгаа. Аймаг, хотын бүх станц, цахилгаан түгээх, дамжуулах газруудад ойрын үед албан даалгавар гардуулна.

-Бидний урилгыг хүлээж авч ярилцсанд баярлалаа.. Таньд амжилт хүсье.

 

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.