Ч.Улаан: ”Даргын бие муудаад томилгоотой манатай байлаа”
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан
2012.08.23

Ч.Улаан: ”Даргын бие муудаад томилгоотой манатай байлаа”

МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн гишүүн, Сангийн сайд Ч.Улаантай ярилцлаа.

-Таныг УИХ-ын дэд дарга байснаа гэнэт ажлаа өгөөд Сангийн сайд болсонд олон хүн гайхаж байсан. Эхлээд “Шударга ёс” эвслийн гишүүн, МҮАН-ын дарга М.Энхсайхан Сангийн сайд болно гэж Ерөнхий сайдтай хэлцэл хийсэн байсан. Гэтэл хэлэл­­цээр өөрчлөгдсөн гэх юм. Яа­гаад ийм өөрчлөлт орсон юм бэ?
-Хамтарсан Засгийн газар байгуулагдаж, хамтын ажиллагааны гэрээ гэж байгуулсан. Энэ гэрээнд Шадар сайдыг оролцуулаад дөрвөн сайдын орон тоог эвсэл авахаар тохиролцсон юм. Эвсэлд оногдож байгаа тухайн сайдын орон тоонд хэнийг томилох нь намын дотоод асуудал байсан. Үүний дагуу намын дотоод хурлаараа шийдвэрлэж, сайдуудаа томилсон.
-УИХ-ын сонгуульд МАХН, МҮАН хоёр ямар гэрээтэй оролцсон юм бэ? Тухайлбал, эрх мэдлийг ямар харьцаатай хуваах асуудлаар?
-“Шударга ёс” эвслийг бүрдүүлж байгаа МАХН, МҮАН гэсэн хоёр намаас УИХ-ын сонгуульд оролцохдоо 70, 30 буюу МАХН-аас 70 хувь, МҮАН-аас 30 хувь гэж тэнцүүлэн УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулсан. Энэ хоёр намын хооронд есөн жилийн гэрээ бий. Эвсэл байгуулагдсан учраас сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хуулийн дагуу зохицуулах зохицуулалт бий. Энэ харьцаагаар сонгуульд оролцож байгаа нэр дэвшигчдийн зардал мөнгийг тооцож, зарцуулсан. Улс төрийн албан тушаалтан томилохдоо эвслийн Удирдах зөвлөлөөр хуралдаж шийдвэрлэснээр сайдууд томилогдсон.
-Эвслийн удирдлага МҮАН-ын дарга М.Энхсайханыг тойрогт нэр дэвшүүлээд УИХ-д суудалгүй хоцроосон, хоорондоо тохиролцоонд хүрч чадаагүйгээс Сангийн сайдын суудлыг нь өгсөнгүй гэх шүүмжлэл бас байна. Энэ хүн одоо ямар нэг албан тушаалд суух уу, юунаас болоод Сангийн сайд болохоос татгалзсан юм бэ?
-Бид бол хүнд тааруулж, ямар нэг албан тушаалын тохироо хийгээгүй. Нийтлэг зорилго, үйл ажиллагааны төлөө ажиллаж байгаа. Боловсон хүчнээ хаана ажиллуулах вэ гэдэг намуудын гол зангилаа асуудал нь юм. М.Энхсайхан даргын хувьд чадавхи, туршлагыг нь Монголын төр засагт ашиглах ёстой. Цаашид төр засгийн тодорхой үүрэг хүлээлгэх бодол байгаа.
-“Шударга ёс” эвслээс томилогдох дөрвөн сайдын нэр өнгөрсөн баасан гаригт тодрох байсан. Гэвч намын дарга Н.Энхбаярын асуудлаас болоод хойшлогдсон. Ер нь бол Н.Энхбаярын асуудлаас болж сайдуудын нэр өөрчлөгдөж, гацаанд орлоо, эвсэл нэг хүний л нам болоод хувирчлаа гэсэн шүүмжлэл байна л даа?
-Өнгөрсөн баасан гаригт томилгоо хийх өдөр МАХН, “Шударга ёс” эвслийн дарга болох Н.Энхбаярын биеийн байдал муудсан. Ний нуугуй хэлэхэд тэр өдөр юун томилгоотой манатай байсан. Даргын биеийн байдал, эрүүл мэндийн асуудалд илүүтэй анхаарч, аль болох эмнэлгийн тусламж үзүүлэх, арга хэмжээ авах гээд явж байсан. Мөн бид ирэх даваа гаригт нь сайн өдөр байсан учраас шинэ зүйлийн эхлэл сайн өдөр байлгах үүднээс хойшлогдсон зүйл байгаа.
-Н.Энхбаярын асуудлаас болж эвсэл хамтарч ажиллах дөрвөн жилийн хугацаанд урвалт шарвалт хийх болов уу. “Шударга ёс” эвсэл ирэх дөрвөн жилд хамтарсан Засгийн газраас гарахгүй гэх баталгаа байна уу?
-УИХ-ын сонгуульд оролцсон субект бол тэр дөрвөн жилийн хугацаанд үүрэгт ажлын дагуу явах ёстой. Хамтарсан Засгийн газар байгуулагдахдаа хамтын ажиллагааны гэрээнд маш тодорхой зүйлүүдийг тусгасан байгаа. Нийгэмд шударга ёс тогтоох, ардчиллын үнэт зүйл болох хүний эрх чөлөөг дээдлэх зарчмыг хатуу баримтална гэж тусгасан. Аливаа хэлмэгдүүлэлт гаргахгүйн төлөө зүтгэж ажиллана гэсэн байгаа. Тийм учраас бид энэ үүргийн дагуу л ажиллана.
-Засгийн газрын бүрэлдэхүүн багагүй хугацаанд хүлээлт үүсгэсний эцэст сайдууд томи­логд­­лоо. Шинэ Сангийн сайд ажлаа юунаас эхэлж байна вэ?
-УИХ-аас томилолт авсаны дагуу өчигдөр (даваа гариг) Сангийн яамны ажлаа хүлээж авлаа. Нөхцөл байдалтай танилцаж байна. Сангийн яаманд тулгамдаж буй олон асуудал байна. Ер нь бол Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдал ямар байна гэдгийг дүгнэж ажлаа эхэлж байна. Эдийн засаг, санхүүгийн байдал тун амаргүй байна. Дэлхийн дахинд эдийн засгийн ээлжит давалгаа явагдаж байна, үүнийгээ дагаад гадаад эдийн засаг ч гэсэн хүндрэлтэй байгааг мэдэж байгаа байх. Тэр дундаа өмнөд, хойд хоёр хөрш маань эдийн засгийн хувьд хүндрэлтэй байгаа учраас бидний өдөр тутмын амьдралд мэдрэгдэж эхэллээ. Тиймээс энэ оны сүүлийн хагас жил, ирэх оны эхний хагас жил эдийн засаг, санхүүгийн хувьд тун амаргүй байх нь тодорхой харагдлаа. Гадаад нөхцөл байдлаас илүү дотоод нөхцөл байдал хүнд байна. Энэ жил сонгуулийн жил тохиож, төсвийн орлогын бүрдүүлэлт муу байна. Энэ нь мэдээж олон шалтгаантай.
Хамгийн гол зүйл нь сонгуулийн жил гээд хэтэрхий хийсвэрээр орлогыг баталсан нь нөлөөлж байна. Мөн орлого маш их саатаж, одоогоор төсвийн орлого 80 гаруй хувьтай байна. Нэг их наяд орчим төгрөгөөр төсвийн орлого тасалдсан. Өөрөөр хэлбэл, жилийн төсвийн орлогын дөрөвний нэг нь ороогүй байна гэсэн үг. 70 гаруй хувийн зарлагаа нөхөж байгаа ч цаана нь олон зардал хүлээгдэж байна. Энэ дунд Эх орны хишиг хувь иргэдэд хүрч чадахгүй, өмнөхийг нь төлөх гэж олон өр зээл тавьсан байгаа. Тухайлбал, Монгол банкнаас 220 тэрбум төгрөг богино хугацаатай зээлсэнийг энэ ондоо багтааж төлөх ёстой. Энэ мөнгийг цаг хугацаанд нь төлж, төлбөрийн дарамтаас гарах ажлын хэсэг гарч ажиллаж байна. Үүнээс гадна төсвийн зээл 750 тэрбум орчим төгрөгт хүрээд байна.
Энэ бүхнээс үзэхэд төсвийн бүрдүүлэлт, зардлын байдал их хүнд байна. Мөн гадаад өрийн асуудал их том асуудал. Тухайлбал, Хөгжлийн банкинд өдөр бүр 90 мянган доллар буюу 100 гаруй сая төгрөгийн хүү төлж байна. Үүнийгээ цаг хугацаанд нь төлж байх үүрэгтэй. Энэ бүхнээс дүгнээд төсөв бүрдүүлэлтийг хурдавчилж, төсвийн тодотгол хийх ажилдаа орлоо. Үүнийг УИХ, Засгийн газраар яаралтай батлуулж хүндрэлтэй байдлаас гарах арга замуудыг хайх хэрэгтэй байгаа юм. Шинэ Засгийн газар байгуулагдсаар Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж байна. Яамдуудын тоог нэмэх, зарим яамдыг чиглэл, үүргийн дагуу нэгтгэж 16 яамтай болгосон.
-Төсвийн бүрдүүлэлт зарлагаа нөхөж чадахгүй хүнд байна гэлээ. Цаашид төсвийн бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх дээр ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
-Төсвийг бүрдүүлэх эх үүсвэрүүд байгаа. Жишээлбэл, Тавантолгойгоос орж ирэх урьчдилгаа төлбөр бол туйлын хангалтгүй байна. Ер нь бол жилийн дүнгээр 230 гаруй тэрбум төгрөгийн урьчдилгаа төлбөр авна гэж төсөвт суусан байсан. Өнөөдрийн байдлаар 80 гаруй тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөр орж ирсэн байна. Тийм учраас Тавантолгойгоос орж ирэх урьдчилгаа төлбөрийг яаж  оруулж ирэх, ямар арга хэмжээ авбал бодитой хэрэгжих зэргийг тооцож үзэх шаардлагатай байгаа. Энэ чиглэлээр холбогдох албаныханд үүрэг чиглэл өгсөн. Мөн төрийн өмчийн ноогдол ашгаас улсын төсөвт 100 гаруй тэрбум төгрөгийн орлого оруулах ёстой. Зөвхөн “Эрдэнэт” үйлдвэрээс 110 тэрбум төгрөгийн орлого орох ёстой. Энэ бүхнийг судалж, төсөвт орж ирэх ёстой мөнгийн яаж төвлөрүүлэх, төсвийг бүрдүүлэх чиглэлээр “Эрдэнэт” үйлдвэртэй тулж ажиллах шаардлага гарч ирж байна. Ер нь бол Сангийн яам бүх салбартай тулж ажилладаг байгууллага. Тийм учраас эхний ээлжинд маш нарийвчилсан үнэлэлт дүгнэлт өгч байж төсвийн орлого, бүрдүүлэлтийг сайжруулна. Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрын ажилтай танилцаж, дүгнэж, ажлын график гаргаж ажиллана.
-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний хууль батлагд­сантай холбогдуулан халаа сэлгээ, бүтцийн өөрчлөлт Сангийн яаманд хэр хийгдэх вэ?
-Энэ хууль батлагдсантай холбогдуулан бүтцийн өөрчлөлтүүд хийгдэнэ. Ялангуяа Эдийн засгийн хөгжлийн яам байгуулагдсан. Энэ хоёр яамны хоорондох ажлын уялдааг яаж холбох гэх мэтчилэн. Газар, хэлтсээр нь өөрчлөх биш, ажил үүргийн хуваарь, чиг үүргийг нарийвчлан зааглана гэсэн үг. Хөрөнгө оруулалтын бодлогын асуудлыг Эдийн засгийн хөгжлийн яам хариуцна. Тэгэхээр энэ нь хөрөнгө оруулалтын бүх эх үүсвэр, гадаадын зээл тусламж, энэ бүгдийг уялдуулаад улсын хэмжээний хөрөнгө оруулалтын бодлогыг гаргана гэсэн үг. Улсын төсөвтэй холбоотой зарцуулалт, санхүүжилтийг хийх, явцад нь хяналт тавих, санхүүгийн бүртгэл тооцоог нь Сангийн яам хариуцаж ажиллана. Өөрөөр хэлбэл, бодлого гаргах, эрэмбэ дараалал тогтоохыг нь Эдийн засгийн яам, бодлогоо хэрэгжүүлэх нь Сангийн яам. Ажил үүрэг, чиг үүргийн дагуу солилцож, бүтцийн өөрчлөлт хийнэ. Төрийн албан хаагчийг ажилд авдаг, халдаг хууль байгаа. Энэ хуулийн дагуу ажиллана.
-Иргэдэд хамгийн их хүлээлт­тэй байгаа ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох 340 мянган төгрөгийг хэзээ өгөх вэ?
-Би тийм хугацаа заасан амлалт өгч чадахгүй. Өгөхийн хувьд бол иргэдэд өгнө. Аль болох түргэн хугацаанд ор­логыг бүрдүүлж өгнө. Үүний тулд бүр­­дүүлэлт дээр анхаарч ажиллаж байна.
-Дөрвөн жилийн дараа та Сангийн яаманд ирж байна. Дөрвөн жилийн дараах Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн удирдлага ямар байна вэ?
-Миний хувьд гэртээ ирсэн юм шиг санагдаж байна. Би энэ байгуулагада хүмүүжиж, улс төрд орсон. Сангийн яамны боловсон хүчин чадвартай байна. Чадавхи нь улам сайжирсан байна. Тиймээс санхүүгийн хүнд байдлаас бид бага хугацаанд гарах итгэл харагдаж байна. Энэ жилийн төсвийг шинэ зарчмаар боловсруулна. Ер нь бол ирэх дөрвөн жил шинэчлэлийн жил болно. Бид Монгол Улсын төсвийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Энэ бол шинэчлэлийн зорилтыг өөртөө агуулсан хууль байгаа. Сангийн сайдын ажлыг хүлээж аваад, шинэ хуулийг хэрэгжүүлж эхэллээ. Өнгөрсөн дөрвөн жил би УИХ-д суусан. Энэ хугацаанд эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлийн хуулиудыг гардаж боловсруулсан. Тухайлбал, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль. Дэлхийн зах зээлд эргэлдэж буй түүхий эдийн үнийн өсөлтөөс улс орны эдийн засаг хамааарч, савалж байдаг. Энэ нөлөөллийг багасгах зорилготой ач холбогдолтой хууль болсон. Энэ хуулиудыг гардан хийж, ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байснаа энэ хуулиудыг хэрэгжүүлж, биелүүлэх албан тушаалд дээр ирсэн учраас ирэх дөрвөн жил эдийн засаг, санхүүгийн шинэчлэлийн жил байх болно.