2010.06.13

Энэ жил шонхор экспортлох явцад ямар ч асуудал гарахгүй

Идлэг шонхрыг экспортлох асуудал Засгийн газрын хуралдаанаар эцэслэв шийдэгджээ. Энэ талаар БОАЖ-ын сайд Л.Гансүх мэдээлэл хийсэн юм. Шонхор экспортлох асуудал жилийн жилд зөрчил дагуулж ихээхэн дуулиан шуугиан болдог. Үүнээс болж Ерөнхий сайд С.Батболд шонхрын экспортод хориг тавих талаар Засгийн газраар санал оруулахыг БОАЖЯ-нд үүрэг болгосон. Гэсэн ч Засгийн газрын хуралдаанаар шонхор гэдэг байгалийн баялгийг ашиглах нь зүйтэй гэж үзжээ. Энэ жилээс шонхрын экспортод тавих хяналт, шалгалтыг чангаруулж, нарийн журам боловсруулсан гэнэ. Ингэхдээ ТЕГ, ЦЕГ, МХЕГ, БОАЖЯ болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын төлөөллийг оролцуулан шонхортой холбоотой зөрчил дутагдлыг шийдэх журам боловсруулжээ. Ингэснээр энэ жил 240 шонхор экспортолж, нэг бүрийг нь 12 мянган ам.доллараар худалдаалах аж. Хамгийн гол нь энэ жил шонхор экспортлох явцад ямар ч зөрчил дутагдал гарахгүй гэдгийг БОАЖЯ баталж байна. Энэ талаар БОАЖ-ын сайд Л.Гансүхээс тодруулсан юм.

-Шонхрын экспорт байнга зөрчил, дутагдал гаргадаг. Гэтэл энэ жил дахиад шонхор гаргахаар болсон байна. Зөрчил дутагдлыг хэрхэн шийдэх гэж байна вэ?

-Олон улсын зэрлэг ан амьтдыг хамгаалах байгууллагаас манай улсаас 300 ширхэг шонхор экспортлохыг зөвшөөрсөн. Засгийн газар үүнийг авч хэлэлцээд энэ жил 240 шонхор гаргах боломжтой гэж үзсэн. Учир нь шонхор нүүдлийн шувуу болохоор манай улсын нутаг дэвсгэр дээр ирж өндгөө гаргачихаад буцдаг. Иймээс энэ шувууг манай улсаас барих   нь хамгийн тохиромжтой гэсэн үг. Харин байнга яригддаг зөрчил, дутагдлыг гаргахгүйн тулд төрөөс нарийн хяналт тавьж ажиллахаар болсон. Энэ асуудалтай холбоотойгоор яамнаас 50 сая гаруй төгрөг гаргаж шонхрын тооллогын судалгаа хийж байна. Мөн гадаадын 5000 үр төслийн үйл ажиллагаа эхлээд хэрэгжих шатандаа явж байгаа. Манай талаас Арабын нөлөө бүхий удирдлагуудад шонхрын квотыг тогтоож өгдөг. Ингэснээр Арабын орнуудын тусламж, хамтын ажиллагаанд хүртэл эергээр нөлөөлж уран зэрэг бусад ордуудад хамтран ажиллах санал гаргаад буй. Иймээс шонхор зөвхөн ашиг бус улс хоорондын хамтын ажиллагаанд маш ихээр нөлөөлж байна.

-Эм шонхор нь хурд хүчтэйн дээр цаанаа гараад өсч үрждэг болохоор гадныхан түлхүү худалдаж авдаг. Иймээс эм шонхрын үнийг эр шонхроос өндөр тогтоох ч юм уу, ямар нэгэн ялгавартайгаар үнэлэх хэрэгтэй байх. Хүйсийн тэнцвэртэй бариулах аргыг яаж шийдэх гэж байна вэ?

-Энэ жил эр, эм шонхрыг тэнцүү тоотой гаргана. Үнэнийг хэлэхэд өмнө нь шонхор гаргах нарийн журам байгаагүй. Зөвхөн яамнаас цагдаа, МХЕГ, БОАЖЯ гэсэн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргадаг байсан. Энэ жилээс цагдаа, МХЕГ, БОАЖЯ дээр нэмэгдээд ТЕГ, Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд идэвхтэй оролцоно гэдгийг боловсруулсан журмандаа хатуу тусгаж өгсөн.

-Шонхор барихын хажуугаар зөвшөөрөлгүй ав агнуур эх захаа алддаг. Өнгөрсөн жил гэхэд л шонхрын хажуугаар зээр, тарвага зэргийг зөвшөөрөлгүй агнасан байсныг хууль хяналтын байгууллагууд илрүүлсэн. Мөн тагтааны тоо толгой их цөөрч байна?

-Тагтааны тоо толгой цөөрч байгаатай холбоотойгоор тагтааны аж ахуй байгуулах төсөл эхлүүлсэн. Шонхрыг наадмын дараагаас буюу долдугаар сарын сүүлээр барина. Үүнээс өмнө аж ахуйг хурдан шийдэж тагтаа арабуудад нийлүүлэх асуудлыг ярина. Ерөнхийдөө шонхрыг тагтаа, ногтруугаар барьдаг учраас өгөөшийг хаанаас, хэрхэн нийлүүлэх журам арабуудыг орон нутагт очих үед мөрдөгдөж эхэлнэ. Харин тарвага болон бусад амьтдыг яг шонхор барихаар ирсэн гадаадын иргэд агнасан тохиолдол байхгүй. Энэ бол хөлсний монгол ажилчдын хийсэн хууль бус үйлдэл. Үүн дээр хатуу арга хэмжээ авна. Зээрийг гадаадынханд өндөр төлбөртэй агнуулдаг тусгай зөвшөөрлөөр агнасан. Гэхдээ зөвшөөрөлтэй ч гэсэн төл амьтан буюу янзага агнасан тохиолдол гарсан. Энэ хэрэг манайтай хамаагүй учраас цагдаагийн байгууллага шалгаж төлбөр тооцсон байх ёстой. Иймээс энэ мэт хууль бус зөрчил дутагдлыг гаргахгүйн тулд хатуу анхаарна. Үүний тулд шонхор барих гэрээлэгчидтэй тохиролцож, машин дээр нь зөвшөөрлийн тэмдэг тавих зэргээр хяналт тавих болсон.

Өмнө нь гарч байсан зөрчлийн тухайд монголчууд хажуугаар нь явж барьж дамлан зарах, мөн хулгайгаар орж ирж барих гэсэн оролдлого гардаг байсан.

Өнгөрсөн жилийн алдааг харахад нарийн журам байгаагүйгээс 13 отгийн хоёрт нь зөрчил гарсан.

Энэ жил зөрчил гарсан зарим отгуудад цаашдаа зөвшөөрөл өгөхгүй байх арга хэмжээ авна. Гэрээний явцад зөвшөөрөлгүй гарсан нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдвол манайхаас эрхийг нь цуцална.

-Шонхрын экспортыг хориглох тухай шийдвэр Ерөнхий сайд С.Батболдын эхний шийдвэрүүдийн нэг байсан. Ямар үндэслэлээр дахин экспортлох болов?

-Ерөнхий сайд шонхрын экспортыг яг зогсоо гэж тулгаагүй. Ямар ч байсан судлаад Засгийн газрын хуралдаанаар оруул гэсэн. Бид ч энэ дагуу Засгийн газарт оруулахад гишүүд байгалийн бололцоотой нөөцийг ашиглах хэрэгтэй гэж шийдсэн. Шонхрын экспорт манай улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа, эдийн засагт эерэгээр нөлөөлж байгаа бас нэг хүчин зүйл. Иймээс шонхор барих үеийн зөрчил дутагдал, гэрээ хэлэлцээрийн хангалтгүй байдлаас болж зогсоох нь утгагүй гэж үзсэн. Харин гэрээ хэлэлцээрийг шинэчилсний дараа нөгөө зөрчил, дутагдал нь гараад болохгүй бол дахин авч хэлэлцэнэ гэж шийдсэн.

-Идлэг шонхрын тоо толгой багассанаар үлийн цагаан оготны тоо өсч газар тариалан, бэлчээрийн газрыг сүйдлэх вий. Танайхаас үүн дээр судалгаа хийсэн үү?

-Үлийн цагаан оготно өсч байгааг нутгийн иргэд болон зарим хүмүүс ярьдаг боловч яг шонхор ховордоод өсчихсөн юм байхгүй.

-Энэ шувууны тоо толгой одоогоор яг хэд хүрээд байна вэ?

-Шонхрын тоо толгой 4000-6000 бүл байгаа. Нүүдлээр ирж таван өндөг гаргахад ойролцоогоор хоёроос дөрөв нь дэгдээхий болдог. Залуу шонхрууд нь бүгд нутаг буцдаг бол энд олон жил болсон, хөгшин шонхор нь үлдэж өвөлждөг. Харин шонхрын экспортод залууг нь гаргадаг.

-Экспортоос олсон орлогыг юунд зарцуулдаг вэ?

-Энэ жил шонхроос гурван сая гаруй долларын орлого олно. Ерөөсөө орлогыг байгаль орчинд нь зарцуулдаг. Одоо шонхрын экспортоос олсон орлогыг ховордсон амьтдыг хамгаалахад зарцуулах хуулийн төсөл боловсруулаад байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.