Ц.Даваасүрэн: Шатахуун дүүрэн машинаа хямрал гэдэг шаварт шигдүүлээд, зогсоож болохгүй
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.
-Шинэчлэлийн Засгийн газрын өргөн барьсан төсвөөс шинэчлэл харагдаж байгаа юу. Шинэчлэлийн урьтал болгоод 2013 оны төсөв дээр юу орж ирэв ?
-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр өөрөө шинэчлэлийг хэрэгжүүлэх баримт бичиг. Энэ хүрээнд төсөв төлөвлөгдсөн нь ойлгомжтой. Гэхдээ ингэж шинэчлэх нь дээ гэсэн дүр зураг тод харагдаж байна гэж хэлж чадахгүй. Өргөн баригдаад хэлэлцэгдэж байгаа төсвийн хувьд шинэчлэлийн боддогоо нарийвчилж гаргаад, төлөвлөлтөө хийчих цаг хугацаа хязгаарлагдмал байсан нь тодорхой. Тийм учраас зарим нэг арга хэмжээний зардлыг бөөн дүнгээр тавилаа гэдэг шүүмжлэлд өртөж байна.
-Ерөнхий сайд, бас Эдийн засгийн хөгжлийн сайдын амнаас төсвөө дөрвөн жилээр төлөвлөдөг болно гэсэн үг гарсан. Эдийн засгийн хөгжлийн яам байгуулж, хөгжлөө шинээр төлөвлөж байгаа нь шинэчлэл үү?
-Одоогийн төсөв яг энэ зарчмаар төлөвлөгдөөгүй. Ийм ажлыг дөнгөж байгуулагдаад сарын дотор хийчихгүй нь ойлгомжтой. Ер нь бол хөрөнгө оруулалтын дунд хугацааны бодлого, төлөвлөлтөө гаргах ажлыг эхлүүлэх гэж байгаа юм билээ. Ард иргэдийн хэлэлцүүлэг дээр үндэслэх юм байна. Тухайлбал, сумын иргэд манай суманд ийм хөрөнгө оруулалт хэрэгтэй гэдгээ гаргаж ирнэ гэсэн үг. Ийм ажил хийхэд цаг хугацаа мэдээж шаардагдана. Ер нь бол Эдийн засаг, хөгжлийн яамтай боллоо гэдэг маань уул уурхайн баялгаа дагаад бий болж буй өсөлтийг бодлогоор удирдаж, төлөвлөлтөөр зохицуулж ажиллана гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд бид ийм институцгүй байсан учраас энэ өсөлтөөс бий болсон асуудлуудынхаа хойноос хөөж ажиллаж ирсэн гэхэд хилсдэхгүй. Тиймээс зөв авч явбал маш чухал яам.
-Төсвийн анхны хэлэлцүүлгийг чуулганы хуралдаанаар хийсэн. Ингэхэд Ерөнхий сайдын багцад шинэчлэлийн хөтөлбөрт зориулсан гэх 50 тэрбум төгрөг суусан байна лээ. Энэ мөнгөөр чухам юу хийх юм бэ. Сөрөг хүчин болон эрх баригчид өөр өөрийн байр сууринаас тайлбарлаж байна. Та бие даагч гишүүн, мөн Төсвийн байнгын хорооны даргын хувьд зарцуулалт нь тодорхой бус энэ мөнгийг хэрхэн харж байна?
-Зорилго, чиглэлийг нь зааж өгч төсөвт батлахаар ярилцаж байна.
-Төсвийн төслийг харахад, хөрөнгө оруулалтыг нэлээд танажээ. Энэ юутай холбоотой вэ?
-Хөрөнгө оруулалтыг бууруулаагүй. Ер нь төсвийн зардлыг бууруулахыг зориогүй. Ингэснээр эдийн засаг, бизнесийн орчноо хямралаас тогтвортой авч гарна гэж үзэж байна. Төсвийн зарлага нийт хэрэглээний 40 гаруй хувийг эзэлдэг. Энэ хэрэглээ буурвал бизнес эрхлэгчдийн борлуулалт буурч орлого нь багасна. Ажилчдаа цөөлнө, цалингаа өсгөж чадахгүй, улмаар ядуурал нэмэгдэхэд хүрнэ. Жишээ нь, хөрөнгө оруулалтыг бууруулбал барилгын компаниудад ажил олдохгүй болно биз дээ. Тиймээс бизнесээ хямралаас хамгаалахад чиглэсэн төсөв гэж хэлж болно.
-Засгийн газраас таван тэрбум ам.долларын бонд гаргахаар болсон. Энэ бондын зориулалт нь юу байх вэ?,
-Ер нь бол өмнө хэлсэнчлэн эдийн засаг, бизнесийн орчноо хямралаас тогтвортой авч гарахад зориулагдаж байгаа. Энэ бондоор төсвийн алдагдлыг санхүүжүүлэхгүй, дэд бүтцийн бүтээн байгуулалтад зарцуулна. Бүтээн байгуулалтын ажил өрнөхөөр компаниуд ажилтай, орлоготой болно. Ийм замаар хямралын ард гарахыг зорьж байна.
-Таван тэрбум ам.доллар гэдэг Монгол Улсын нэг жилийн төсөвтэй тэнцэх мөнгө. Ийм хэмжээний зээл авах нь зөв үү?
-Өрийн дарамтаа урьдчилж сайн тооцоод ийм зээл авч болно. Тодруулбал, ирээдүйд уул уурхайгаас орох орлогоороо дарж чадах хэмжээний зээл аваад хямралын ард гарахыг зорьж байна.
-“Бондын боол” болох нь гэсэн болгоомжлолыг зарим эдийн засагчид хэлж байсан?
-Өрийн дарамтанд орчихгүй байх хэмжээнд зээл авч болно шүү дээ. Бид шатахуун сайн дүүргэсэн машинаа хямрал гэдэг шаварт шигдүүлж зогсоочихгүй, татдаг тросс түрээсэлж байгаад нөгөө ойрхон харагдаад байгаа эрэг дээр сайхан амьдрал дээр аваачмаар байна шүү дээ. Уул уурхай бидэнд асар том боломжийг олгож байна. Үүнийг л зөв авч явах ёстой
-Оюутолгойгоос өсөн нэмэгдэх нөөцийн татвар авахаар болсон. Энэ татварыг авснаар Монгол Улсын төсөвт хэдий хэрийн мөнгө орж ирэх вэ?
-400 гаруй тэрбум төгрөг орж ирнэ. Ийм мөнгийг харийнханд бэлэглэж болохгүй.
-Таны бодлоор СЕХ улс төрөөс хараат ажиллаж чадаж байна уу?
-Хараат бус ажиллах ёстой.
-МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд чуулганы танхимын хаалгыг хааж суугаад, жагсагчид Төрийн ордны гадна жагслаа. Ардын нам анх удаа гудманд гарсан энэ тохиолдлыг та хэрхэн харж байна?
-Өмнөх УИХ дээр Оюутолгойн асуудлаар бидний хэсэг гишүүд цаас барьж эсэргүүцлээ илэрхийлж байсан. Өнөөдөр дарга нар маань цаас бариад сууж байна. Амьдрал баян л юм Намаа буруу залж, ялагдуулсны шийтгэл ч юм шиг.
-Ардын намын тавьсан шаардлага зүй ёсных уу?
-Шаардлагыг бол буруутгахгүй. Ард түмний сонголтыг хамаагүй өөрчилбөл буруу жишиг тогтоно. Харин эсэргүүцлээ илэрхийлсэн хэлбэрийг нь би сайшаахгүй байгаа. Зарим нэг нөхдийн сууж байгаа нь нэг л үнэмшилгүй зохицохгүй байсан шүү.
-Ардчилсан нам асуудлыг хүч түрэн шийдэж байна гэдэгтэй бие даагч гишүүний хувьд та санал нийлэх үү?
-УИХ-д 31 суудалтай нам хүч түрэмгийлнэ гэвэл тогтворгүй байдлыг л үүсгэнэ. Ард түмэн зохицож, зөвшилцөж дөрвөн жил яв гээд хуваарилаад өгснийг бид дагах л ёстой болж байна.