Аргаа барахдаа л хаалга таглаж сууна
Монгол Улсын Их Хурлын Гишүүн Ж.Эрдэнэбат
2012.10.23

 Аргаа барахдаа л хаалга таглаж сууна

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбаттай 2013 оны төсвийн төслийн талаар болон улстөрд үүссэн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Төрийн  гурван өндөр­лөгт хүргүүлсэн шаард­лагын ха­риуг ирэх баасан гарагт авна гэсэн. Энэ хугацаанд МАН ямар арга хэмжээ авах гэж байгаа бол. Эсвэл хүлээхээр төлөвлөсөн үү?

-Хууль бус үйл ажил­лагаа хэрээс хэтэрлээ гэд­гийг зөвхөн МАН-ын гишүүд ч бус ард түмэн бүгд хэлж байна. Тий­мээс энэ тэмцэл үргэлжлээд л явах болов уу. МАН-ынхан төрийн ажлыг саатууллаа гэж яриад байгаа. Гэтэл бид сонгуулийн асуудлаас бусад ажилд оролцоход чөлөөтэй, нээлттэй, дэмжлэг үзүүлж оролцоно гэдгээ илэрхийлсэн.  

Харамсалтай нь УИХ-ын дарга энэ маргаантай асуудлыг хамгийн түрүүнд хэлэлцэнэ гээд оруулаад ирж байгаа юм. Бидний зүгээс үүнийгээ түр хойш нь татчих гэхээр “Үгүй. Танайх төрийн ажил гацаалаа” гэсэн байр суурь илэрхийлээд байна. Манай намын  зүгээс Монголд шударга ёсыг тог­тоохын төлөө л чуулганы хаалга дарж суусан.

Олонхыг  бүрдүүлж   байгаа хүмүүсийн дунд ч “иргэдийн сонголт л хам­гийн чухал нь” гэж ярьж байгаа нь бий. Пар­ламентын гишүүд дунд өмнө нь ярьж байснаа, маргааш нь өөрчилж  эсрэгээр ажиллах  нь хэвийн үзэгдэл болсон. Үүнийг би огт ойлгохгүй байгаа.

-Тухайлбал, хэн ямар асуудлыг тэгж буурь суурьгүй  ярьж байна?  

-Жишээлбэл, “Та нар АН-ынхныг  мэднэ  биз дээ.   Асуу­далд ингэж л ханд­даг” гэж ярьснаа, маргааш нь “МАН-ынхан бо­лиоч ээ, ажил хийлгэхгүй юм” гээд ярьж байна. Яг нэр заах шаард­ла­гагүй. Тэд ч өөрсдийгөө мэдэж байгаа биз. Гэхдээ УИХ-ын гишүүн хүнийг төр түшилц гэж ард түмэн итгэл үзүүлсэн байхад  хэлж, ярьж буйгаа бодох хэ­рэгтэй шүү дээ.   

-Танай намыхан шударга ёсыг тогтоох гэж байгаа юм бол чуулганы танхимын хаалгыг дарж суугааг чинь юу гэж ойлгох вэ. Хууль зөрчиж байгаа юм биш үү?

-МАН-ын бүлгийг Үндсэн хуулийн дагуу байгуулсан бол бид АН-ын жишгээр завсарлага аваад, үйл ажил­лагаанд нь  оролцоод явах байсан.

Урьд нь АН-ынхан байнга завсарлага авч, тө­рийн ажлыг гацаалаа гэдэг байсан. Үүнийг нь таслан зогсоож, гацааг арилгахын тулд МАН-ынхан то­дорхой хэмжээнд, тэдний тавьсан шаардлагад буулт хийн, бодлогодоо тусгасан то­хиол­дол зөндөө бий. Гэтэл энэ парламентад ийм асуудал огт алга. Бид аргаа барахдаа л хаалга хааж, сандал тавин сууж байна. Өөр ямар ч гарц байхгүй. Хууль зөрчсөн эсэх асуу­дал ярих юм бол энэ Засгийн газраас эхлээд л маш их зүйл бий. Төсвийн тодотгол батлуулахдаа Төсвийн тогт­вор­той байдлын тухай хууль, Төсвийн хүрээний мэ­дэгдлийн тухай хууль зэргийг зөрчсөн.

-Тухайн үед нь хэлж байсан бол эхнээсээ л хуулиа зөрчихгүй байж дээ?

-Манай намыг  “Байнга хууль зөрчлөө гэж гон­гинолоо” гээд байсан бо­лохоор нь дуугүй болсон. Мэдээж тэднийг нэгэнт ха­риуцлага үүрээд явж бай­гаа юм чинь хүлээцтэй хандахаар шийдсэн. Гэтэл дараа нь 2013 оны төсвийн төсөл гэж хачин юм оруулсан.  Зураг төсөл, төлөв­лөгөөгүй. Хөрөнгө оруу­лалтын мастерын ажлууд байсан. Төлөвлөсөн ажил нь тодор­хойгүй, хэдэн арван тэр­бум төгрөг хуваарилахаар бай­на. Монгол Улсын ганц, хоёр­хон сумыг хөгжүүлэх юм гэнэ.

Түүндээ нэгэнд нь л 15 тэр­бумыг төсөвлөчихсөн. Өнөөг хүр­тэл аль ч аймгийн ИТХ-аар 15 тэрбум төгрөг хэлэлцэж үзээгүй л байхгүй юу.

Энэ нь одоо шинэчлэл үү. Их хэм­жээ­ний мөнгө тусгуулахаар болсон сумын Засаг дарга нар бөөн баяр болчихсон л байгаа биз. Бусад нь гомдолтой л суугаа.

Энэ хэмжээний хөрөнгө оруу­лалтыг тухайн сум дааж авах боломж байна уу, үгүй юу. Мөн иргэдийн халааснаас бүрдүүлсэн тат­варын мөнгийг ганцхан суманд байршуулна гэдэг утгагүй асуудал гэдгийг бодож, тунгаах хэрэгтэй.

-Таныг өмнө  нь Сэлэнгэ айм­гийн Засаг дарга байх хуга­цаанд 15 тэрбум төг­рөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байсан уу?

-Манай  аймгийн хэм­жээнд жилд 7-9 тэрбумын хөрөнгө оруулалт хийдэг. Улс, орон нутаг нийлээд шүү дээ. Орон нутаг бол арайхийж хоёр тэр­бум орчим төгрөгийн хө­рөнгө оруулалт хийдэг.

-МАН-ын гишүүд төс­вийн төслийг задаргаа хий­гээгүйд шүүмжлэлтэй хандаж байсан. Гэхдээ Ерөнхий сайд “хугацаа ал­дана” гэх утгатай зүйл ярьсан. Хугацаа хэмнэх, задаргаа хийх хоёрын аль нь чухал вэ?

-Би Ерөнхий сайдыг ойл­гохгүй байна. Монгол Улсын Ерөнхий сайд Монгол Улсын төсвийн ерөнхийлөн захирагч байдаг. Гэтэл УИХ-ын чуул­ганы үеэр “Энэ төсөв надад хамаагүй. Би хамгаалахгүй” гээд  сууж байх юм. Засгийн газар санаачилж, оруулж ирж байхад тэргүүн нь тийм бол­чимгүй үг хэлж болохгүй. Төсвийн задаргаа гэдэг чинь үндсэндээ нэр төрлөөр нь, зардлын зүйл ангиар нь батлахыг хэлдэг. Гэтэл Ерөнхий сайд дээр тавигдаад байгаа 100 гаруй тэрбум төгрөгийг задлахад ямар л хугацаа оров гэж дээ. Тэр байтугай хэ­дэн их наядаар нь задаргаа хийж болоод л байна. Тэгж байхад хугацаа шаардагдана гэж байгаа бол ард түмнийг доромжилсон хэрэг.

-Төсвийн зарлагын хя­налтын хорооны дэд даргын хувьд олон эсэргүүцэлтэй тул­гарч байна уу?

-Тэгэлгүй яах вэ. Энэ хо­роонд л гэхэд манай намаас нэг ч хүн байхгүй. Төсвийн зар­лагын хяналтын дэд хороо олонхоор шийдвэрээ гаргана гэсэн тохиолдолд байнга л дэмжсэн шийдвэр гарна шүү дээ. Гэхдээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороо гэдгээ маш сайн ойлгох ёстой.
Тухайлбал, Аудитын га­зар нь “Энэ төсөв маш сайн болсон байна” гэсэн дүгнэлт хийж өгч байгаа юм. Гэтэл түүнд нь нэг аж­лыг жагсаалтдаа хоёр тавьчихсан байх жишээтэй. Эсвэл өөр сайд дээр тавиад дав­хардуулчихсан. Аудитын газар чухам юугаа хянаж сайн гэж байгаа юм бэ.

-Чухам юуг тэгж давхар­дуулсан байв?       

-Хүүхдийн “Шонхор” зус­­ланд тавьсан мөнгийг сай­­дынх нь багц дээр хоёр биччихсэн байна лээ. Батлан хамгаалахын сайд дээр барилга байгууламжтай холбоотой нэр нь давхардаж орсон зургаан тэрбум төгрөг бий. Энэ мэтчилэн нийтдээ 54 тэрбум төгрөгийн ажлыг давхардуулчихсан бай­сан. Ямар ч хариуцлагагүй төсөв оруулж ирчихээд, буцаая гэхээр үгүй, боломжгүй, ху­гацаа алга гэх зэргээр тайл­барлаж байна. Боломж, хугацаа гэдэг асуудлаар Монгол Улсын хуулийг зөр­чөөд байвал хэцүү биз дээ.

Багш нарын тэтгэвэр, тэт­­­гэмж, жижиг, дунд үйлд­вэр­­­лэлийг дэмжих зэргийг хугацаанаас өмнө хүчингүй болгож оруулж ирсэн. Бид энэ талаар иргэдэд тодорхой хэмжээний мэдээлэл өгсөн. Тэгсэн Засгийн газар хуу­лийн төслөө буцаагаад татчихаж байгаа юм. Дахиад өөр хуулийн тө­сөл оруулж ирэхдээ дээрх хуу­лийн төслүүдтэй хол­боотой 19-20 тэрбум төгрөг төсвийн орлого талдаа “сох” дутаж бай­гаа. Үүнийгээ хэрхэн, ямар нөхцлөөр бүр­дүүлэх, орлого, зардал нь мэдэгдэхгүй байх жишээтэй.

-Төсвийн давхардсан зүй­лүүдийг хасах зэргээр за­даргаа хийвэл боловсролын салбарынханд олгох тэтгэмж гараад ирэх юм биш биз дээ?

-Хангалттай гарч ирнэ. Боловсролын салбарын бүх багш тэтгэвэртээ гарах гэж байгаа юм биш шүү дээ. Ерөнхий сайд 150 тэр­бум, Сангийн сайд нь 50 орчим тэрбум, БШУ-ы сайд нь 30 орчим тэрбум төгрөг шаард­лагатай гэж яриад байгаа. Мон­голын бүх багш тэтгэвэртээ гарахгүй учраас 30 тэрбум хан­галттай хүрнэ. Хамаг л залуу на­саа бусдын хүүхдийн боловс­ролын төлөө зориулсан хүн тэтгэвэртээ га­рахдаа ядаж 36 сарын цалин­тайгаа тэнцэх хэмжээний тэт­гэмж аваад хувьдаа зориулаг л дээ. Энэ хуулийг хэрэгжүүлвэл багш нар ч үйл ажиллагаагаа урам зоригтойгоор явуулна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.