Б.Гарамгайбаатар: Эрсдэлийг даван туулахын тулд бодит боломжоо ашиглана
Ирэх оны төсвийн асуудлаар Иргэний танхимд хэлэлцүүлэг боллоо. Энэ хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжлэх юм. Хэлэлцүүлгийн үеэр Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Гарамгайбаатараас зарим зүйлийг тодруулсан юм.
-2011 оны гүйцэтгэл дээр дутуу дулимаг хийгдсэн, алдаатай зүйл гарсан. Үүнд хариуцлага тооцох уу?
-Энэ оны төсвийн гүйцэтгэл хэлэлцэгдээд дууссан. Гүйцэтгэл дээр асуудал гарсан нь үнэн. Шинээр томилогдсон аудитор энэ асуудал дээр анхаарах биз ээ.
-Ирэх онд мөнгөний бодлого хэр тогтвортой байх бол?
-Монгол банкны удирдлагуудын өгч байгаа мэдээллээр мөнгөний уян хатан бодлогыг хангана гэсэн. Гэхдээ үүнийг сайн тооцон судлах хэрэгтэй.
-Эрсдэлээс хамгаалахын тулд ямар бодлого хэрэгжүүлэх вэ?
-Эдийн засгийн хөгжлийн яамыг байгуулаад удаагүй байна. Энэ яам хэрэгжих төслийн үр ашгийг тооцон гаргах байх. Өнөөдөр гадаад эдийн засгийн байдал хүнд байгааг хүмүүс ярьж байна. Энэ хүндрэлийг даван туулахын тулд бодит боломжоо гаргаж ирэх хэрэгтэй юм. Дээр нь энэ цаг үед үйлдвэрлэлүүдээ хөгжүүлэх нь чухал юм. Монгол банк, Засгийн газар ойлголцон ажиллах байх.
-Ямар салбар дээр илүүтэй анхаарч ажиллах бол?
-Төмөр замын салбарыг бид онцгойлон хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан байна. Цахилгаан станцууд дээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхгүй бол хүнд байдалд орохоор байна.