Н.Энхболд: Шинэчлэл нэрийн дор 50 тэрбум төгрөг хяналтгүй зарцуулах нь
МАН-ын гишүүд өчигдрийн хуралдаанаараа ирэх оны төсвийн төслийн талаар хэлэлцжээ. Шинэчлэлийн Засгийн газраас боловсруулсан төсөвт тэд тун сэтгэл гонсгор байгаа аж. МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд, дэд дарга С.Бямбацогт, гишүүн Д.Оюунхорол нар өчигдөр энэ талаар мэдээлэл хийв.
Гишүүн С.Бямбацогт уг төсвийг “Хүн рүү биш, олонх болох 42 “дарга”-д зориулсан төсөв” хэмээн тодорхойлов. Нийгмийн халамжийг хавтгайруулж олгосноор инфляцыг хөөрөгдөж, улмаар орлого багатай иргэдийн амьдралд тэр нь хүндээр тусаж байна гэж үзсэн учир Засгийн газар төсөв боловсруулахдаа нийгмийн халамжийг цэгцлэхийг оролдсон аж. Нийгмийн халамжийг хасаж, цалин, тэтгэвэр нэмэх талаар ирэх оны төсөвт дурдаагүй байна хэмээн МАНынхан үзсэн учир ийнхүү тодорхойлж буй юм.
МАН-ын бүлгийн ахлагч Н.Энхболд “Шинэчлэл нэрийн дор 50 тэрбум төгрөгийг хяналтгүйгээр зарцуулах гэж байна. Хамгийн гол нь шинэчлэл, өөрчлөлт хийх гэж байхад хууль ямар хамаатай юм бэ гэсэн хандлага Засгийн газар, яам, агентлагийн түвшинд ажиглагдах боллоо. Бид мэ дээж шинэчлэлийг дэмжинэ. Гэхдээ үүнийгээ хуулийн хүрээнд хийх ёстой. Тэгэхгүй бол энэ бүхэн нь Монголд ардчилал байна уу, Үндсэн хуулиа дээдэлж байна уу гэж эргэлзэхэд хүргэж байна” гэлээ. Тиймээс МАН-ынхан Ажлын хэсэг байгуулж, төсвийн төсөлд судалгаа хийхээр болсон байна. Мөн төсөвт тусгах зайлшгүй гэсэн саналаа боловсруулах гэнэ.
Гишүүн Д.Оюунхорол “Төсвийн орлого 70 тэрбум төгрөгөөр дутах нь. Ерөнхий сайдын багцад байгаа 50 тэрбум төгрөгийн 42 тэрбумыг нам, бүлэгтээ, үлдсэнийг нь ажилласан орон нутагтаа өөрийн мэдлээр захиран зарцуулах юм байна. Энэ буруу. Боловсрол, нийгмийн халамж, тариалан эрхлэгчдийг дэмжсэн хөнгөлөлт, урамшууллыг бүгдийг хасаад оруулаад ирсэн. Зарим аймгийн хөрөнгө оруулалтыг хассан атлаа 2-3 суманд нэр зааж 30 тэрбум төгрөг төсөвлөжээ. Төсвийн тэнцвэртэй байдал алдагдсан төсөл байна. Тиймээс энэ бүхнийг сэргээх саналаа Ажлын хэсэг оруулах болно” гэлээ.