Манай гишүүд гудманд гарахыг үгүйсгэхгүй
УИХ-ын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Ж.Эрдэнэбаттай ярилцлаа.
-Ирэх оны төсвийг УИХ хэлэлцэж эхэллээ. Засгийн газраас өргөн барьсан төсөлд Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргын хувьд ямар дүгнэлт өгч байна вэ?
-Энэ удаагийн төсөв хүн рүүгээ чиглэж чадаагүй. Хүүхдийн мөнгө олгож эхэлж байгаа хэдий ч төрийн албан хаагчид болон бусад хүмүүсийн цалинтай холбоотой нэмэгдэл байхгүй. Хувийн хэвшилд үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгжүүд үндсэндээ төрийн цалин тэтгэвэр тэтгэмжийн бодлоготой холбогдуулж өөрсдийн цалинг тодорхойлж байдаг. Төрийн албан хаагчдын цалин нэмэгдвэл хувийн хэвшлийнхэн ч дагаад нэмэгддэг. Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл болон үндсэн чиглэлд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг 8-9 хувьд өсгөнө гэж тусгачихаад цалин, тэтгэвэр, тэтгэмжээ нэмэхгүй байгаа нь хүн рүүгээ хандаагүй байна гэсэн үг.
Хоёрдугаарт нийгмийн эмзэг хэсэг, зорилтот бүлэгт зориулж тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлье гээд зарим гишүүд хуулийн төсөл өргөн барилаа. Өмнө нь хүн бүрт 21 мянган төгрөг өгч байсан ч зарим нь авдаггүй байсан. Тэр 21 мянган төгрөгийн хэрэгцээгүй хүн байсан байж магад. Гэхдээ энэ мөнгөөр амьдралаа залгуулж байсан маш олон хүн байсан. Тэр мөнгийг энэ зорилтот хэсэгт буюу ахмад, хөгжлийн бэрхшээлтэй, амьдралын боломжоос доогуур хүмүүст өгье гэдэг саналыг тавьж, хуулийн төсөл боловсруулсан ч огт хэлэлцсэнгүй. Энэ тэтгэмжийг олгоход жилд 100 орчим тэрбум төгрөг шаардлагатай юм билээ. Тэгсэн мөртлөө төсвийн хөрөнгө оруулалт дээрээ зарим нэг аймгийн сум хөгжүүлэх хөтөлбөр гээд 20 тэрбум төгрөг тавьчихсан байгаа юм. Гэтэл нөгөө аймгийнх нь ганцхан сум дээр 16 тэрбумыг тавьчихсан байх жишээтэй. Дээрээс нь Ерөнхий сайд өөр дээрээ шинэчлэлийн гэх 50 тэрбум төгрөг тавьчихсан. Төсвийг ингэж нэр төрөл заахгүйгээр тэрбум, тэрбумаар нь тавьж байгаад харамсч байна. Саяар яригдаж байгаа бол өөр хэрэг.
-Ерөнхий сайдын хэрэгжүүлэх ажлын хүрээнд тавигдсан 50 тэрбум төгрөг Засгийн газрын нөөцөөс тусдаа юм уу?
-Тусдаа. Монгол Улсын төсөв гэдэг өөрөө хууль. Тэр хуулийг гаргахдаа хууль зөрчиж болохгүй. Барилгын тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай гээд бүх хуулиудаа зөрчсөн ажил үйлчилгээнүүдийг ямар ч зураг төсөлгүйгээр оруулж ирсэн. Үүнээс болоод маш олон ажил үйлчилгээ хойшилж байгааг бид амьдрал дээр харж л байна. Энэ оны төсвийг УИХ-ын сонгууль болохтой уялдуулаад хийсэн, үүнээс шалтгаалж маш их зураг төсөлгүй ажлууд тусгагдсан. Ийм байдлаар хийсэн төсөвт тодотгол хийхэд маш олон ажил үйлчилгээ эргээд хасагдлаа шүү дээ. Энэ чинь зураг төсөлгүй ажлыг эхлүүлж, төсөвт тавьсантай холбоотой. Энэ жил өмнө нь тавигдсан төслүүдийн зураг төслийг нөхөж тавьж байгаа ч дээр нь нэмэгдсэн нь өнөөх л бахь байдгаараа зураг төсөлгүй байгаа нь бас л хууль зөрчиж байгаа хэрэг.
-Ирэх жилийн төсвийн төсөл хүн рүүгээ чиглэж чадаагүй юм байж. Тэгвэл шинэчлэлийн гэх Засгийн газрын өргөн барьсан төсвөөс шинэчлэл харагдаж байна уу?
-Шинэчлэл биш ухралт л байна. Яагаад гэвэл өмнөх төсөв нээлттэй, ил тод байдаг байсан. Харин энэ удаагийнх хаалттай байна. Монгол орон 320 гаруй сумтай. Нэг аймгийн нэг сумыг хөгжүүлэхийн тулд 15 тэрбум төгрөг тавьж байна шүү дээ. Дахиад өөр нэг аймгийн хоёр сумыг хөгжүүлэхийн тулд 21 тэрбум. Энэ чинь нөгөө шударга явдал гэдэг нь мөн үү. Цаашдаа Монгол Улсын 320 сумыг хөгжүүлэхийн тулд хэчнээн тэрбум төгрөг тавих болж байна. Би яагаад хүн рүүгээ хандсан төсөв болоогүй гэж хэлээд байна гэвэл маш олон хуулиар хүнд, ЖДҮ-д чиглэсэн байсан заалтуудыг хүчингүй болгохоор төсвийн төсөлд оруулж ирсэн. Монгол Улс Атрын гуравдугаар аяныг 2008 онд эхлүүлж, үүнтэй холбогдуулан газар тариалангийн салбарынхныг дэмжсэн.
Тэгвэл өнөөдөр Сэлэнгэ аймаг нийт газар тариалангийн үйлдвэрлэлийн 50 хувийг дангаараа хангадаг гэхэд нийт техник, тоног төхөөрөмжийнхөө 40 орчим хувийг сүүлийн гурван жилийн хугацаанд шинэчилсэн байна.
Аль 1980 оноос хойш анх удаа ингэж шинэчилж байгаа.
Тэр шинэчлэлийг хийлгэхийн тулд Засгийн газраас гаалийн болон НӨАТ-аас чөлөөлчихсөн байсныг сая хүчингүй болгож байх жишээтэй. Дээрээс нь оёмол, сүлжмэл үйлдвэрлэлийн зориулалтаар Монголд тоног төхөөрөмж оруулж ирвэл гаалийн албан татвараас чөлөөлнө гэж байсан бас хүчингүй болгох нь. Энэ чинь нөгөө үйлдвэрлэл, иргэнээ дэмжинэ, шинэчлэл хийнэ гэдэгтэй нийцэхгүй байна. Ингэж иргэнийхээ нуруун дээр ачаа үүрүүлж шинэчлэл хийдэггүй юм. Тиймээс үүнийгээ болиоч ээ гэдэг саналыг МАН-ын зүгээс удаа дараа тавьж байна. Дээр нь багш нартай холбоотой нийгмийн баталгааны асуудал байсан. Хөдөө орон нутагт ажилласан жилээсээ хамаарч тэтгэвэрт гарахдаа тодорхой хэмжээний тэтгэмж авах хуулийг бас л хүчингүй болгох гэж байна.
-Багш нарын тухайд тайлбарлахдаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг нэг салбарыг ингэж онцгойлон үзэхгүй гэж байсан?
-Тэгж хэлээд байгаа. Гэхдээ яваандаа бүх салбараа тийм болгох ёстой байхгүй юу. Багш нарын хувьд Монголын ирээдүй болсон үр хүүхдийн сайн сайхны төлөө шохой идээд л байж байна шүү дээ. Зарим газарт юм хөгжөөд багш нарын ажиллах нөхцөл бололцоо сайхан болсон байх. Гэхдээ хөдөөд одоо ч гэсэн багш шохойгоо идээд л хичээл зааж байгаа шүү дээ. Ийм тохиолдолд багш нарыг дэмжсэн хуулийн төслийг битгий хүчингүй болгооч гэж хүсч байгаа юм. Сум, орон нутагт эмч олдохгүй маш хүндрэлтэй байдаг. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа эмч нарт тодорхой хэмжээний тэтгэмж үзүүлж байгаа. Магадгүй энэ байдлаараа тэр тэтгэмжийг ч хүчингүй болгох юм байна л даа. Эмч, багш, цагдаа гэдэг бусад салбарын хүмүүстэй харьцуулахад онцгой авч үзэх хүмүүс юм. Түүнийг нь бодолцон нийгмийн баталгааг нь төр засаг гаргаж өгөх ёстой.
-Ерөнхий сайд чуулганы хуралдаан дээр хийж байгаа мэдээлэлдээ УИХ ер нь л төсвийн эрэг, шураг, боолт руу ороод байх шаардлагагүй гэж хэлсэн. Дээрээс нь би наад төсөв рүү чинь нарийн орохгүй гэдгээ ч мэдэгдсэн байгаа. Төсвийн зарлагын дэд хорооны даргын хувьд энэ үгийг хэрхэн хүлээж авч байна?
-Би өөрөө аймгийн даргаар гурав, дөрвөн жил ажилласан. Монгол Улсын төсвийг Ерөнхий сайд л оруулдаг. Аймгийн төсвийг аймгийн Засаг дарга л оруулна. Өнөөдөр өөрийнхөө хийх ёстой ажлыг надад хамаагүй гэж хэлж байгааг ойлгохгүй байгаа. Би аймгийн засаг дарга байгаад төсвөө оруулбал би өөрөө л хамгаална. Яагаад гэвэл энэ улсын ирэх жилийн хувь заяа Ерөнхий сайдтай холбоотой байдаг бол, аймгийнх нь Засаг даргатай л холбоотой байдаг. Тиймээс би оруулна, гүйцэтгэл, төлөвлөлтийнхөө хариуцлагыг хүлээнэ. Аймаг гэдэг жижисгэсэн л улс шүү дээ. Тэгвэл улсын Ерөнхий сайд бол бүх төрийн байгууллагын удирдагч нь. Нэг ёсондоо аав. Гэтэл тэр хүн төрийн байгууллагуудынхаа явуулах үйл ажиллагааны төсвийн тухай хуулийг би мэдэхгүй гэж байгаа нь үнэхээр хариуцлагагүй үг. Нэг бол Монголын ард түмнийг басамжлан доромжилж, үгүй бол УИХ-ын гишүүдийг үл ойшоож байна.
- Магадгүй энэ нь төсөвт хяналт тавих ёстой сөрөг хүчнээ УИХ-д бүлэггүй байлгаж байгаатай холбоотой байх?
-Угаасаа Ардын намыг бүлэггүй байлгаж, өөрсдөө дураараа авирлах сонирхол АН-д байна. Ардчилсан нам гэдэг сайхан нэрийг уландаа гишгэж байна, тэд. Анхан шатны гишүүний үүрээсээ эхлээд бүх түвшиндээ цэвэр ардчиллыг иж бүрэн хэрэгжүүлж байгаа нь МАН л юм байна. Ардчилсан нам бол энэ сайхан нэрийг үнэхээр гутааж байгаа. Тэд өөрсдийгөө бид Засгийн эрх барьж үзээгүй гээд байдаг. Гэтэл 1996-2000 онд хэн засгийн эрхийг барьж байсан юм бэ. Тэд л байсан биз дээ. Тэгээд өнөөдөр Ерөнхий сайд “та нарыг баасыг арилгах гэж...” гээд ярьж байна. 2000 онтой харьцуулах юм бол Монгол Улс цалин тэтгэврээ хугацаанд нь тавьдаг бүх үйл ажиллагаанууд хэвийн явж байна. Монголд тийм их баас алга. 2000 онд бол ёстой том том баасыг МАН арилгах гэж үйлээ үзэж байсан шүү дээ.
-1996-2000 онд засгийн эрх барьж байхдаа Ардчилсан намын тарьсан баас уу?
-Тэр үед би аймгийнхаа санхүү, хэлтсийн даргаар сонгогдож байсан юм. Тэгэхэд зөвхөн нэг аймаг гэхэд хоёр тэрбум төгрөгийн өртэй байсан. Хоёр тэрбум гэдэг одоо бол бага мөнгө л дөө. Гэхдээ тухайн үед нэг аймаг ердөө 560 сая төгрөгийн төсөвтэй байсан. Тэгтэл тэр төсвөөсөө хоёр дахин их өртэй, долдугаар сараас хойш төрийн албан хаагчдад нэг ч төгрөгийн цалин тавиагүй байсан. Үүнийг л жинхэнэ баас гэж хэлдэг байхгүй юу. Түүнээс биш өнөөдрийн энэ түвшинд хэвийн явагдаж байгаа төрийн үйл ажиллагааг баас гэж хэлдэггүй байх.
-Гэхдээ бүхэл бүтэн улсын төсвийг хэлэлцэхээс өмнө танай нам сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлэх чадамжаа баталгаажуулахыг шаардах ёстой байсан юм биш үү. Ер нь Ардын нам өнгөрсөн борооны хойноос цув нөмрөхөөс хэтрэхгүй, хэтэрхий сул ажиллаад байх шиг?
-Ер нь МАН-д улаан тугаа намируулаад, хэрүүл зарга хийж, мод чулуу шидээд байдаг совестьтой хүмүүс байдаггүй. Аль болох эв эеийг хичээж ажиллах ёстой. Энэ улс орны хөгжлийн төлөө хоорондоо хэрэлдэж биш хэлэлцэж ажиллах ёстой гэдэг зарчмаар өнөөдрийг хүртэл явж байна. Энэ нь ард иргэдэд сул дорой мэт харагдаж магадгүй. Гэхдээ энэ байдал цаашид удаан үргэлжилбэл МАН арай өөр хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулна.
-Арай өөр гэдэг нь яана гэсэн үг үү?
-Тэмцлийн янз бүрийн хэлбэр байж болно. МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд гудамжинд гарахыг үгүйсгэх арга байхгүй. Тэгж бид иргэдээсээ дэмжлэг авч болно.